Амьсгалах ч аргагүй бүгчим халуун өдрүүд үргэлжилж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн цаг уурчид тайлбарлаж байна. Тэгвэл энэ халуунтай зэрэгцэн дэлхийн дулаарал Евроази, ялангуяа Монгол орны ой модонд, цаашлаад бидний амьдралд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон судалгааг профессор Н.Баатарбилэгийн удирддаг МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн судлаачдийн баг хийжээ. Уг судалгаа нь Ази, Америк, Европт 10 орчим салбартай, сард гурван сая орчим хүн уншдаг шалгуур өндөртэй сэтгүүлд тооцогддог “Nature” сэтгүүлд саяхан хэвлэгдсэн байна. Судалгааны үр дүнгийн талаар судалгааны багийн гишүүн, МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш С.Бямбагэрэлтэй ярилцлаа.
-Та бүхний хийсэн судалгааны үр дүн “Nature” сэтгүүлд хэвлэгджээ. Судалгааныхаа талаар товчхон танилцуулж болох уу?
-Дэлхийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх эрин үе буюу 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.5 цельсээр нэмэгдэж байгаа бол Төв Ази, тэр дундаа Монголын орны хувьд 3.5-4.0 цельсийн градусаар нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, манай орны ой бүхий хойд хэсэг нь дэлхийн дундаж температур болон Арктикийн бүс нутгаас 2-3 дахин хурдтайгаар дулааралд өртөж, тэр хэмжээгээр зуны дундаж температур буюу 6, 7, 8 дугаар сарын халуун нэмэгдэж байна гэсэн үг. Зун илүү халуун бас илүү удаан үргэлжинэ гэсэн судалгааны үр дүнгүүд гарсаар л байна.
Тухайлбал, 2018 онд NATURE сэтгүүлийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэвлэгдсэн нэгэн бүтээлд 19 дүгээр зуунтай харьцуулахад зуны халуун өдрүүдийн тоо 2.4 өдрөөр, 2019 онд Science сэтгүүлд мөн 20 дугаар зуунтай харьцуулахад 1.7 өдрөөр тус тус уртассан гэх судалгаа нийтэгдэж байсан. Энэ байдлаар дулаарал үргэлжилбэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагас улам халуун, ган гачиг хуурайшил ихтэй зунтай болно гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тэгэхээр ирээдүйд хэт халуун зуны өдрүүдийн тоо улам бүр нэмэгдэх нь тодорхой болоод байна.
Хүн халууцахаараа өөрийгөө сэрүүцүүлэн, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг үргэлжүүлэхийн тулд хөлөрдөг. Ургамал яг үүнтэй адил навчаараа усаа ууршуулж, өөрийгөө сэрүүцүүлдэг. Халуун өдөр модтой газар сэрүүхэн байдгийн учир энэ. Гэтэл хэт халуун өдрийн тоо нэмэгдээд байвал ой мод хэр удаан тэсвэрлэж чадах вэ, тэдний ургах чадвар нь хэвээрээ байх уу гэдгийг бид энэ судалгааны ажлаараа тодорхойлохыг зорьсон. Судалгаандаа бид Монгол орны ойн зонхилогч төрөл зүйл болох шинэс, навчит модноос хус, хуурай хээрт ургадаг хайлаас, голын эрэг орчмын ойд голлон ургадаг улиас, бургас зэрэг таван зүйлийн модыг сонгосон. Эдгээр моднуудын физиологийн хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадах температурын дээд хязгаарыг хэмжиж тогтоосон. Ингээд бид дэлхийн дулааралын нөлөөгөөр 2050-2100 он хүртэлх зуны дундаж температур 2.6, 4.5, 7 болон 8.5 цельсийн градусаар нэмэгдэнэ гэсэн дөрвөн загварчлалын үр дүнг сонгоод бидний хэмжсэн дээрх таван зүйлийн модны тэсвэрлэж чадах зуны температурын хязгаар нь дээрх байдлаар нэмэгдвэл модод тэсвэрлэн ургаж чадах уу гэдгийг хэмжсэн юм.
-Үр дүн нь ямархуу гарсан бэ?
-Хоёр өдрийн турш 37-48 градус буюу дунджаар 43 градус хүртэл халлаа гэж үзэхэд шинэс модны тэсвэрлэх чадвар муу байсан. Навчит моднууд энэ хэмжээг тэсэж байсан ч хоёроос дээш хоног хэт халалт үргэлжилсэн тохиолдолд бусад мод ч ялгаагүй тэсвэрлэх чадвар багасч, эдгээр модлог ургамлын бүтээмж буурч байсан. Энэ мэтээр хэт халалт олон хоног үргэлжилбэл модлог ургамал ургаж чадахгүйгээс гадна одоо байгаа модод аажмаар бүгд хатаж үхэх аюул нүүрлэнэ.
Байнга услаад байвал зүгээр юм биш үү гэж бодож байж магадгүй. Гэвч тэр боломжгүй юм. Хэт халуун температурт ургамлын фотосинтез явуулдаг аппарат буюу навчны ногоон өнгийг үүсгэдэг хлорофилл нь гэмтдэг. Хлорофилл гэмтсэн тохиолдолд навч фотосинтез явуулж бидэнд хүчилтөрөгч бэлэглэхээ болино, фотосинтез явагдахгүй бол үндэс усаа татахаа больж мод хатаж үхдэг.
Дэлхийн дулаарал хамгийн багадаа 2.6 цельсээр нэмэгдлээ гэж үзье. Тэгвэл манай улсын ойт хээрийн бүсэд энэ дулаарал 2-3 дахин их буюу 5.2-8 цельсээр нэмэгдэнэ. Энэ тохиолдолд одоо байгаа шинэсэн ой мод 2100 он гэхэд бүгд хатах үхэх аюул бидэнд тулгараад байна. Шинэс мод манай улсын ойн 80 хувийг эзэлдэг шүү дээ. Энэ бол манай судалгааны гол үр дүн.
-Шинэс модны онцлог нь юу юм бэ?
-Түүхэн хөгжлийн явцад эрс тэс уур амьсгалд маш сайн дасан зохицож ургаж чадсан, үндэс нь тухайн ургаж газрын хөрсөндөө маш сайн дасан зохицож чийгээ авч чаддаг, олон жилийн турш ургаж амьдарч чаддаг зүйл юм. Навчит модны амьдралын эргэлт нь 60-80 жил байдаг. Харин шинэс мод 1000 хүртэлх жил амьдрах чадвартай. Дэлхийн хамгийн өндөр настай, амьд моддын жагсаалтад манай оронд ургасан шинэс, хуш моднууд орсон байдаг, дунджаар 800 орчим жилийн настай. Энэ олон жил амьдрахад хичнээн хэмжээний нүүрсхүчлийн хийг өөртөө шингээх бэ гэх мэтээр тоочвол барагдахгүй.
-Судалгааны үр дүнг юутай ч гаргалаа. Ой модоо алдахгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
-Дулаарлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хамгийн шалгарсан арга бол мод тарьж, түүнийгээ ургуулах гэдийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Тийм ч болохоор дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй улс орнуудаас эхлээд манай улс хүртэл бүх нийтээрээ мод тарих уриалга гарган эхнээсээ хийж эхлээд байна. Бид яагаад мод тарих ёстой вэ гэдгийг бүх хүний мэддэгээс арай өөрөөр нэг тайлбарлая.
Модны үндэс хөрсний гүнээс ус чийгийг татах явцдаа хөрсний дээд хэсэгт бусад ургамалд хэрэгтэй чийг, амьдрах орчинг бүрдүүлдэг. Тэрхүү чийгээр бусад ургамал ургана. Тэр ургамлуудыг дагаад ан амьтад, хүмүүс амьдарч байна. Бас модны үндэс хүчтэй аадар бороо, үерийн усыг навч, ишээрээ хурд хүчийг багасган, зөөлөн урсгаж өөрийн ургаж буй хөрсний гүнд нэвчүүлэхдээ үндсээрээ тэр усыг угааж цэвэршүүлэн хөрсний гүний усыг давхар тэтгэж байдаг. Тиймээс бид мод ургасан газраа хамгаалж, байгалийн сэргэн ургалтыг дэмжиж, шатсан, өвдсөн ойгоо нөхөн сэргээж, модгүй газар мод тарьж ургуулах шаардлагатай.
-Ерөнхийлөгч “Тэрбум мод” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ тухайд юу гэж бодож байна вэ?
-Мэдээж мод тарьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ямар модыг хаана тарих вэ гэдгийг мэддэг байх ёстой. Буруу газар буруу модыг таривал услаад услаад ургахгүй. Эсвэл ургасан ч бид үүсч болох буруу үр дагаварыг нь арилгах гэж илүү хүн хөдөлмөр хүч зарна. Буруу мод тарьсан энгийн жишээ нь Улаанбаатар, Чойболсон, Дархан зэрэг томоохон хотуудад тарьсан эм улиас зун болгон үрлэх үед хөвөн үр нь бидний амьдралд төвөг учруулсаар л байна. Гэсэн хэрнээ бид одоо ч гэсэн эр эм модыг ялгахгүйгээр улиасаа тарьсаар л байна. Ийм байдлаар хандвал ирээдүйд муу нөлөө нь арилгахгүй болно.
Модыг зөв газар, хөрсөнд нь тариад усалгаа, арчилгааг зөв хийгээд явахад 2-3 жил л зарцуулна. Тэрнээс цааш модны үндэс хөрсөндөө дасан зохицоод, хөрснөөс чийгээ авах чадвартай болоод хүний шаардлагагүйгээр ургачихдаг. Мөн бидний энэ судалгааны үр дүнгээр шинэс мод навчит модноос илүү нарны гэрлийг буюу дулааныг өөртөө шингээн ургадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэт халуун нарны туяанаас шинэс мод л биднийг халхална гэсэн үг. Иймээс Тэрбум модоо тарихдаа айл болгон гэрийнхээ гадаа шинэс модоо тарьж, арчлан ургуулж, халуунд сүүдэрт нь тухлан суугаарай. Мод л биднийг энэ хэт халуунаас аварна гэж хэлмээр байна.