Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс хүнд аж үйлдвэрийн төв Дархан-Сэлэнгийн бүсэд ажлаад ирлээ. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дархан-Уул, Орхон аймаг бусдыгаа тэргүүлдэг. Үүний “нууц” нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой аж холбогдолтой дээрх үйлдвэрүүдтэй шууд холбогддог.
Орон нутаг болон улсын төсөвт нэн чухал үүрэгтэй, тэр хэрээр ачааны хүндийг үүрдэг XX зууны бүтээн байгуулалтууд XXI зуунд хэрхэн ажиллаж байгааг, тэр тусмаа төрд шилжсэн цагаас хойш үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт гарсныг энэ удаагийн албан томилолт “шалгах”, тодорхой үүрэг даалгавар өгөх байлаа. “Шинэ сэргэлтийн бодлого” зургаан чиглэлд хэрэгжиж буй. Үүний нэг нь аж үйлдвэржилтийн сэргэлт.
Дархан-Сэлэнгийн бүс нутаг зэсээ баяжуулах, төмрийн хүдрээ боловсруулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох эхлэл цэг. Энэ утгаараа төр, хувийн хэвшлийн анхааралд, ашиг сонирхлын зөрчил дунд байнга оршиж ирсэн. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд эдгээр үйлдвэрийг тойрсон шүүхийн маргаан өндрөө авч, хэрүүл, талцлын “бай” болоод байгаа. Хэдий тийм боловч тэнд үйлдвэрлэл өрнөж, тасралтгүй уулын ажил урагшилж, уурхайчид цаг наргүй ажиллаж байна.
Хоёр дахь зогсоол: Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн ажил, амьдралын баталгаа, орлогын гол эх үүсвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажиллалаа. Уулзалтын эхэнд уурхайчдад талархал илэрхийлэхийн сацуу Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм. “Засгийн газар гаргасан шийдвэртээ бат зогсоно” гэдгээ юуны өмнө илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.
“Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явсан томоохон үйлдвэрүүдийг улс төр, бизнесийн нөлөө бүхий бүлэглэлүүд хувьчлах, концессын гэрээгээр авах, цаашлаад хамаг л ашиг, орлогыг нь авч ирсэний тод жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөл цемент шохой, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр дээр харагдаж байна” хэмээн Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дурдаад, “Хэдийгээр хувийн өмчид шууд халдаж, хувьчилсан үйлдвэрийг төрийн өмчид авах нь зүй ёсны үйлдэл биш ч хувьчлан авагсад үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулахгүй, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахгүй байсан тулд төр төмөр нүүрээ үзүүлж, хурааж авахаас өөр арга байсангүй. Гэхдээ үйлдвэр төрийн өмчид шилжсэн цаг үеэс хойш “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар тэргүүтэй удирдлагууд 10 жилийн дараа үйлдвэрлэлийг хүчин чадалд нь хүргэжээ. Тиймээс та бүхэнд Ерөнхий сайд, Засгийн газрын нэрийн өмнөөс дахин талархал дэвшүүлж байна. Тэрчлэн төрд байгаа бүхэн алдагдалтай ажилладаг гэсэн ойлголтыг эвдсэн том жишээг та бүхэн үзүүллээ, харууллаа” хэмээн уурхайчдад урам зориг өглөө.
Уурхайчдын төлөөллөөс “Манай үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Гэтэл үе, үе үйл ажиллагаа нь зогссон мэтээр ярьж хэлэх, бусдад ойлгуулах ажиллагаа их явагдах юм. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд энэ мэт яриа бидэнд огтоос хамаагүй л дээ. Гэхдээ хэлэхгүй байж болохгүй юм. Өмнөх ажлаа л бид хийж, цаг хугацаатай уралдаж байдаг. Сэтгүүлч нар ирсэн байна. Та бүхэн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ирээд нүдээр үзэж, бодит байдлыг харж байгаад баяртай байна. Үнэн бодит мэдээллийг хүргэнэ гэж итгэж байна. Нөхцөл байдал хамаагүй сайжирсан. Цалин, хангамж нэмэгдсэн. Уулын ажил хэвийн үргэлжилж, урсгал завсарын ажил явагдаж, үйлдвэрлэл тасралтгүй өрнөж байна” гэв.
Үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн ТЭЗҮ-г боловсруулжээ
Хөтөл хотоор овоглосон “Цемент, шохой” үйлдвэрийг төрд эргүүлэн авснаар олон зүйл ил болжээ. “Цемент шохой” үйлдвэрийг одоогоос 15 сарын төрд буцаан авах шийдвэр Засгийн газар гаргаж, 2015 оны хувьчилсан тогтоолыг цуцалсан. Улмаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилж байлаа. Түүний хувьд 154 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай үйлдвэр хүлээн авч байсан бол өнөөдөр 14 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангажээ. Тэрчлэн ажилчдын дундаж цалин 1.25 сая төгрөг байсныг 2.7 сая төгрөг болгож, нэмэгдүүлсэн байна. Улсад 34 тэрбум төгрөгийн татвар, Нийгмийнн даатгалын шимтгэл төлжээ. Үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шат дараатай шинэчлэх ажил өрнүүлж байна.
Учир нь “Цемент шохой” ТӨХК-ийн шохойн үйлдвэрийн гурван босоо зуухны ашиглалтын хугацаа дууссан, агаар мандалд хаяж байгаа утааны хэмжээ ч ихэссэн байна. Энэ нь уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай шохойн шинэ үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж, хэвтээ зуух бүхий хагас үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлжээ.
Уг төслийг хэрэгжүүлэхэд 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Төслийн эдийн засгийн үнэлгээг 10 жилээр тооцоолжээ. Энэ хугацаанд 376.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 222.7 тэрбум төгрөгийн зардал гаргаж, цэвэр ашиг 153.5 тэрбум төгрөгөөр яригдах нь. Эргэх зуухаар шохой үйлдвэрлэх нь хэд хэдэн давуу талтайг Л.Наранбаатар хэлж байна. Төрөл бүрийн түлшээр ажиллах боломжтой, үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, үйлдвэрлэсэн шохойн чанар жигд, өндөр кальцийн агууламжтай, нарийн фракцын шохойн чулууг шатаах боломжтой байдгаараа давуу талтай аж. Урьдчилсан халаагчтай эргэх зуух бүхий шохойн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд 1-1.5 жил зарцуулна гэж “Цемент шохой” ТӨХК-ийн зүгээс мэдээлж байсан юм.
Шохойн үйлдвэрийн урьдчилсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын тооцоог гаргаж, судалгааны тайланг боловсруулж дууссан байна. Тус тайланг “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-т танилцуулж, хоёр талаас төслийг хэрэгжүүлэх, ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Үүгээр зогсохгүй хөрөнгө оруулалтын урьдчилсан хэлцэл хийжээ. 40 жилийн түүхт Хөтөлийн цемент, шохой үйлдвэр өдгөө хүнд нөхцөлөөс гарч, хөрөнгө оруулалт, үр ашгийн хойноос хөөцөлдөж эхэлсэн нь энэ. Эдгээрээс гадна үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах эх үүсвэр буюу шохойн ордын нөөцөө 18 жилээр нэмэгдүүлжээ.
Аж үйлдвэрийн кластер хөгжих түшиц нутаг
1994 онд УИХ-ын 58 дугаар тогтоолоор хотын статустай болсон Хөтөл нь 10 мянга гаруй хүн амтай, үүний 800 шахам нь “Цемент шохой” аж үйлдвэрийн цогцолборт ажиллаж байна. Үйлдвэрийн түүх сөхвөл, 1983 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг технологийн шохойгоор хангах үндсэн үүрэгтэйгээр байгуулжээ. Тус үйлдвэр Дархан-Уул, Эрдэнэт, Улаанбаатарыг холбосон авто зам болон төмөр зам дагуу байршилтай, барилга, аж үйлдвэрийн гол зангилаа болж байна. Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ хэмжээндээ хүрч байгаагүй. Харин өнгөрсөн онд 400 мянгыг давсан. Засгийн газраас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгээ Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан томилолтын үеэр хэлсэн юм. Мөн цаашид Эрдэнэт, Дархан, Хөтөлийн үйлдвэрийг аж үйлдвэрийн кластераар хөгжүүлэх боломжтойг онцолсон. “Цемент шохой” ТӨХК энэ онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хувьчлал тойрсон маргаан шүүхийн шатанд үргэлжилсээр...
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 24 цагийн дотор хувьчилсан гэдэг. 11 компанид тус үйлдвэрийг хувьчилж авах саналыг тухайн үеийн Төрийн өмчийн хороо тавиад, төд удалгүй “Бейзмент” ХХК шалгарч. Төр, хувийн хэвшлийн сайн түншлэл хэмээн нэрийдэн цоллож, компанийн засаглал, үйлдвэрийн үйл ажиллагаа сайжирна, өөрчлөлт гарна хэмээн төсөөлж байсан боловч алдагдлаас ангижирч чадсангүй. “Хөгжлийн банк, арилжааны банкны мөнгө угаах, луйврын ажиллагаагаа энэ үйлдвэрт эхлүүлсэн бөгөөд үйлдвэрт эргээд нэг үйлдвэрээс бусдаар хөрөнгө оруулалт хийгдээгүй.
Иймд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ булхай луйвруудыг илчилж, хийгдсэн луйвруудыг засаж, залруулах, өмнө нь төрөөс гарсан шийдвэр, тогтоолуудыг цуцлах, хүчингүй болгох алхмуудыг хийсэн. Мөн нэг том алхам хийсэн нь өнгөрөгч оны зургадугаар сард төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох УИХ-ын тогтоолыг баталсан. Хэн нэг хөрөнгөтэй хүн ганцаараа ТӨХК-ийг хувьчилж авах, ганцаараа нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг хаасан. Цаашдаа Монголын төр ахиж ийм луйвар бий болохгүй байх үүд хаалгыг хаасан” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
“Цемент шохой” ТӨХК-тай холбоотой 392 тэрбум төгрөгийн хэрэг маргаан үүсээд байна. Үүний 375 тэрбум нь дээр нэр дурдсан “Бейзмент” ХХК болон түүний охин компани “Хөтөл” ХХК-тай холбогдох аж. Зөвхөн энэ хувьчлал тойрсон асуудлаар нийт 33 хэрэг, маргаан хууль хяналтын байгууллагад хянан шийдвэрлэгдэж байгааг “Цемент шохой” ТӨХК-ийн зүгээс өглөө. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн хэлснээр, шүүхийн хэрэг, маргаан эцэслэгдсэн хойно Хөтөлийн цемент шохой үйлдвэр “Монгол шуудан” лугаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийт хувьцаагаа арилжаалах, нээлттэй хувьцаат компани болох тэмүүлэлтэй байна. Үүний тулд үйл ажиллагаагаа өргөтгөх, техник, технологийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний чанар стандартаа сайжруулах зүй ёсны зах зээлийн шаардлагатай тулжээ. Тиймээс үйлдвэрлэлийн үндсэн ажиллагаанаас гадна дагалдах төслүүдээ эрчимжүүлж эхэлсэн байна.