-Тэтгэврийн итгэлцүүрийг 2014 онд шинэчилсэн гээд байгаа боловч үндсэндээ 2012 оноос хойш бүтэн 12 жил шинэчлэн тогтоогоогүй-
Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Тэтгэврийн итгэлцүүр гэж яг юуг хэлээд байна вэ. Та манай уншигчдад аль болох энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Тэтгэвэр тогтоолгохооор даатгуулагчийн сонгосон хугацааны цалин нь одоогийн цаг хугацаанаас өмнөх цаг хугацааны цалин байж таарна аа даа. Магадгүй зарим хүний 10 эсвэл 20 жилийн өмнөх цалин ч байж болно. Тэр цалингийн дүнг өнөөдрийн цалинд ойртуулахын тулд жил бүрийн дундаж цалингийн өсөлтийн тодорхой хугацааны дундаж үзүүлэлтийг харгалзан тогтоосон коэфицентоор үржүүлж өсгөх хэмжээг цалингийн итгэлцүүр гээд байгаа юм.
-Энэ итгэлцүүрийг жил болгон шинэчлэн батлах ёстой байдаг уу. Манайх одоо хүртэл 2014 оныхоор явж байгааг салбар хариуцсан сайд нь хэллээ.
-Зарчмын хувьд жил бүр биш юмаа гэхэд тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчлэн тогтоож байж л иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэл төлсний үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангана. Манайх шиг мөнгөний ханш их сулардаг түүнийг дагаад нэрлэсэн цалинг жил бүр өсгөж байдаг улс оронд энэ асуудал бүр ч илүү чухал. Яг жил бүр гэвэл сангийн зарлагаа орлого нь гүйцэж чадахгүй байх хүндрэлтэй. Ийм асуудал дагуулах байх. Гэхдээ манай улс 2014 онд шинэчилсэн гээд байгаа боловч үндсэндээ 2012 оноос хойш бүтэн 12 жил шинэчлэн тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, 2011 оны цалинд суурилсан итгэлцүүрийг өнөөдөр мөрдөж байгаа гэсэн үг. Цалингийн өсөлтийн хэмжээ тодорхой интервалаас бодитоор хэтэрсэн үед ч юм уу эсвэл эдийн засгийн тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан 3 орчим жилийн давтамжтай гэх мэтээр шинэчилж байх тухай тодорхой бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлээд явдаг механизмтай л байх хэрэгтэй байна.
-Итгэлцүүрийг шинэчлэн батлах нь тэтгэвэр бодитой тогтох нэг үндэслэл үү?
-Тэгэлгүй яах вэ. Одоогийн хэрэгжүүлж буй хууль, эрхзүйн хүрээнд даатгуулагчийн авах тэтгэвэрт түүний авч байсан тодорхой хугацааны, тухайлбал өөрийн сонгосон дараалсан 7 жилийн цалингийн сарын дундаж хэмжээ мөн даатгуулсан хугацаа гэсэн хоёр гол хүчин зүйлээс тэтгэврийн хэмжээг хамааруулж байна. Тэгэхлээр тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл болох цалингийн дундаж дүн бага байвал тэтгэвэр бага, арай ахиу байвал тэтгэвэр тэрийг дагаад арай ахиу хэмжээтэй тогтооно л гэсэн үг шүү дээ. Цалинг цаг хугацааны явц дахь үнэгүйдлээс хамгаалсан коэфициентоор тохируулсан дүнгээс тэтгэврийг тогтооно гэдэг маань тэтгэврийг тухайн даатгуулагчийн хувьд бодитой тогтооно гэсэн үг. Хэрвээ энэ итгэлцүүрийг тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчлэн тогтоож түүнтэй уялдуулан тэтгэвэрт тохируулга хийдэг бол тэтгэврийн зөрүү гэдэг зүйл арай өөр байна. Тухайлбал, 7 жилийн цалингийн дунджийг эргээд 5 жил болгох гэх мэт асуудлууд үүсэхгүй, тэр бүү хэл 7 жилээс урт бүр тухайн хүний 10, 20 жилийн цалинг бүхэлд нь авч үзэж тэтгэвэр тогтооход ч тухайн хүний тэтгэврийг бууруулах асуудал үүсэхгүй байж болох юм.
-Тэтгэврийн итгэлцүүрийг жил тутам шинэчлэх бус 2014 оныхоор үлдээсэн нь тэтгэвэр авагчдад тэр хэрээр хохирол учруулсан гэж ойлгож болох уу, эсвэл сөрөг нөлөөлөл нь бага байсан уу?
-2014 оноос хойш тэтгэврийг нэмэхдээ тэтгэврийг үнэгүйдүүлээд байгаа гол хүчин зүйлийг харгалзаж биш хамгийн бага буюу доод хэмжээний тэтгэврийг арай ахиу нэмээд түүнээс дээшхи хэмжээний тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг 20-30 мянга, 50 мянга, 10 хувь гэх мэт янз бүрийн хэмжээгээр нэмэх арга хэмжээ авч байсан. Энэ нь ижил буюу ойролцоо албан тушаалд ижил үнэлгээтэй ажил хөдөлмөр эрхэлж, ижил нөхцөлөөр даатгуулж байсан иргэдийн тэтгэврийн зөрүү их болж нэмэгдэх, харин хамгийн бага тэтгэвэр болон дундаж, түүнээс арай ахиу тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийн хэмжээ хоорондоо ойртох ялангуяа тэтгэвэр тогтоолгоод удаж байгаа хүмүүсийн тэтгэврийн хэмжээ доод хэмжээний тэтгэвэртэй ойртох зэрэг сөрөг нөлөө зөндөө бий болсон.
-Манай улсын тэтгэврийн тогтолцоонд ямар гажуудал үүссэн бэ?
-Нийгмийн даатгалын тогтолцооны бие даасан, хараат бус, санхүүгийн өндөр сахилга баттай, олон нийтийн хараа хяналттай, шалгарсан хяналтын тогтолцоотой, бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй байх, хэн их төлнө тэр арай ахиу хэмжээний тэтгэвэр тэтгэмж тогтоолгох ёстой гэсэн үндсэн зарчмуудыг бүхэлд нь зөрчсөн үйлдлүүдийг хийсэн нь хамгийн том гажуудал, завхралыг авчраад байна.
Нийгмийн даатгалын бус нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээнүүдийг нийгмийн даатгалын асуудалтай маш ихээр хольж, хутгасан. Тухайлбал ажил мэргэжлийн нөхцөл, төрүүлсэн хүүхдийн тооноос хамааруулж тэтгэвэрт эрт гаргах гэх мэт нийгмийн даатгалаар биш төр нийгмийн халамжийн бодлогоороо зохицуулах асуудлуудыг нийгмийн даатгалаар шийдэж байна. Мөн ажил хөдөлмөр эрхлээгүй байсан ч даатгуулах эрх, боломж нь байсаар байтал даатгуулахгүй байж байж тэтгэврийн нас дөхсөн үедээ эсвэл тэтгэвэр тогтоолгосон хойноо нөхөн даатгуулж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоог олноор нэмснээс ялангуяа тэтгэврийн даатгалын сангийн зардлыг үндэслэлгүйгээр нэмж хүндрүүлснээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлж, урт удаан хугацаанд ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүсийн тэтгэврийг нэмж чадахгүй байх, бидний яриад байгаа цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох боломж хомс болох гэх мэт гажуудлыг зөндөө гаргалаа. Хамгийн гол нь нийгмийн даатгалын сангийн хараат бус бие даасан байх, ялангуяа улстөрийн элдэв аргацаасан шийдвэрийн нөлөөнөөс хол байлгаж чадаагүй нь хамгийн том гажуудал болоод байна.
-Энэ гажуудлыг яаж, хэрхэн засах вэ?
-Ер нь бол хэн их төлнө тэр их өгөөж хүртэнэ гэдэг зарчмыг баримталж, сайн дурын даатгуулагч албан журмын даатгуулагчаас бага хэмжээний шимтгэл төлж тэднээс илүү хэмжээний тэтгэвэр, тэтгэмж авч болоод байгаа гажуудлыг хамгийн түрүүнд засах шаардлагатай байх. Нөхөн даатгалын хууль, ил тодын хуулиар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоонд орж ирсэн хүмүүсийн тэтгэврийг нийгмийн даатгалын сан /НДС/-гаас тусгаарлаж “суурь тэтгэвэр” тогтоож, төрөөс олгох замаар тэтгэврийн даатгалын санг хүндрүүлээд байгаа нэг том асуудлаас ангижруулмаар байна.
НДСангаас тэтгэвэр тэтгэмж авахын тулд даатгуулсан л байх ёстой гэсэн зарчмыг тууштай мөрдөх хэрэгтэй байна.
Мөн 1995 оноос өмнө НДШ төлж байгаагүй иргэдийн НДШ төлөөгүй хугацаанд ногдох тэтгэврийг мөн улсын төсвөөс төр хариуцах замаар тэтгэврийн даатгалын зардлын ачааллыг бууруулж, хуримтлалын сан бий болгох боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг л хамгийн түрүүнд хийх хэрэгтэй байна.
Төр засаг урт хугацааны бодлого боловсруулж, түүндээ хүрэх төлөвлөгөөгөө бодитой тодорхойлоод түүндээ хүрэх ажлыг тууштай хийдэг байсан бол өнөөдөр 1960 он ба түүнээс хойш төрсөн хүмүүс тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данснаасаа тэтгэвэр тогтоолгоод “тэр миний доод тушаалын ажилтан байсан юм гэтэл хэдхэн жил ажилласан болоод одоо өнөөдөр надаас хамаагүй илүү хэмжээний тэтгэвэр аваад сууж байна” гэх мэт гомдол үүсэх асуудал багасах байсан байх. Гэтэл манайх нэрийн дансны хуулиа батлаад л хаячихсан. Яаж хэрэгжүүлэх, энэ жил тэтгэврээ тогтоолгоод дараа жил, 5-10 жилийн дараа хэрхэх тухай зохицуулалтыг огт хийлгүй хаячихсан. Үүнийгээ засаж залруулж тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг ч гэсэн онолын үндэслэлтэй зөв тооцоолохгүй бол өнөөдөр нэрийн дансны мэдээллээрээ буюу шударгаар тэтгэвэр тогтоолгох хүн гарахгүй байх.
-Тэтгэвэр тогтоох одоогийн мөрдөж буй аргачлал хэр оновчтой, бодитой вэ. Иргэдийн эрх ашгийг хангах тал дээр нийцэж байгаа юу?
-Ер нь хэдий чинээ удаан хугацаанд хэдий чинээ ахиу шимтгэл төлнө тэр хүн арай ахиу хэмжээний тэтгэвэр тогтоолгон авах боломжийг л хангасан зохицуулалт хийх ёстой л доо. Хармсалтай нь өнөөгийн тогтолцоо, тэтгэвэр тооцоолох арга аргачлал энэ зарчмыг төдийлөн хангаж чадахгүй байна. Одоогийн аргачлал бол тодорхой 5 эсвэл 7 жилийн л цалингийн дунджийн хэмжээнд суурилж байгаа учир тэгш шударга байх гэдэг зарчмыг хангахад учир дутагдалтай байгаа юм.
Мөн цэргийн албан хаагчид цалингийн дунджийнхаа 80 хувиар тогтоож байхад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүийн тэтгэврийг 45 хувиар бодож тогтоож байгаа нь хэт их ялгаатай л хувь хэмжээ л дээ. Хэрвээ эдгээр хүмүүс үнэхээр онцгой ажил хөдөлмөр эрхэлдэг улс оронд жирийн хөдөлмөрчин хүмүүсээс илүү хувь хэмэртэй байгаа бол үнэхээр тухайн нөхцөлд дэх жинхэнэ албан хаагчдыг л ажиллаж байх хугацаанд нь цалин хөлс нэмэгдлээр нь харж үзэх, шаардлагагүй хүмүүст цэргийн цолыг хавтгайруулан олгож нийгэмд тэгш шударга байх зарчмыг алдагдуулахыг болимоор байна.
Мөн үндсэн хуулийн цэцийн гишүүд зөвхөн цэцийн гишүүнээр ажиллаж байх хугацааны цалингийн дунджийнхаа 60 хувиар тэтгэвэр тогтоолгоод уг тэтгэврийг НДС-гаас олгоно гэж байгаа нь НДШ төлж даатгуулсан жирийн даатгуулагчдын эрх ашгийг зөрчсөн буруу жишиг тогтоосон асуудал болж байгаа юм.
-Энэ удаагийн тэтгэвэр нэмэх Засгийн газрын шийдвэр тэтгэврийн санд хэр зэрэг ачаалал болох вэ?
-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд энэ жилийн тухайд буюу 2023 оны сүүлийн хагас жилд төсвийн зардлагыг 1,3 их наяд төгрөгөөр нэмэх шаардлага гарч байгаа гэж Сангийн сайд мэдээлсэн байсан. Тэтгэврийг нэмэгдүүлэхэд энэ онд 396 орчим тэрбум дараа жилд 792 тэрбум төгрөгийн эх үүсвэр тэтгэврийн даатгалын санд шаардлагатай болох байх. НДШ-ийн орлого хүрэлцэхгүй бол төсвөөс алдагдлыг нөхөх зарчмаар асуудлыг шийдвэрлээд явах байх. Мэдээж сангийн зарлагыг нэмэгдүүлж байгаа учир санд ачаалал бололгүй яах вэ.
-Төсөвт тодотгол оруулах замаар цалин нэмэхэд 996 тэрбум, тэтгэвэрт 396 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Тэтгэврийн зөрүү үүгээр багасах болов уу?
-Тэтгэвэр тогтоосон үндсэн параметр болох цалингийн дунджийн дүнг өсгөх зохицуулалт хийж байгаа юм чинь мэдээж тодорхой хэмжээгээр зөрүү багасна. Итгэлцүүрийг яг хэд болгож, хэрхэн шинэчилсэн, хэдэн оны цалингийн үзүүлэлтэд үндэслэлсэн гэдэг мэдээлэл одоогоор албан ёсоор гаргаагүй байгаа учир яг ингэж зөрүү арилах нь, тэр нь боломжийн үзүүлэлт мөн эсэх дээр тодорхой зүйл хэлж чадахгүй нь
-Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэхүү шинэчлэлд тэтгэврийн тогтолцооны өнөөдрийн байдлыг сайжруулах чиглэлд хэр ахиц гарсан бэ, эсвэл ухралт гарсан уу. Та хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Тэтгэврийн тогтолцоог 3 тулгуурт тэтгэврийн тогтолцооны суурийг тавих оролдлого хийж байна гэж харсан. Огт хийхгүй байснаас ядаж эхлүүлэх нь зөв байх. Тэтгэвэр тогтоох аргачлалын хувьд бол өнөөдрийн арга аргачлалаас нэг их хол зөрүүгүй байх шиг санагдсан. Гэхдээ тодорхой хугацааны дараа цалингаас тэтгэвэр тогтоох аргачлалыг бус шимтгэлд суурилж тэтгэвэр тогтоох аргачлалыг бүх даатгуулагчдын тэтгэврийг тогтоохдоо хэрэгжүүлэх нь тодорхой. Тэр үед тулгамдаж болох асуудлыг нарийн сайн төсөөлж, тодорхойлж өгч чадаагүй байна уу гэж харж байгаа. Ямар ч байсан нэг их хойш ухраагаад байхаар шинэчлэл болохгүй байх гэж найдаж байна.
-Тэтгэвэрийн тогтолцоонд ажиглагдсан ямар шударга бус зүйл байна вэ, жишээ...?
-Элдэв хөнгөлөлт, нөхөн даатгал, эрт тэтгэвэр тогтоолгох гэх мэт даатгалын зарчимд үл нийцэх бусад даатгуулагчдын эрх ашгийг зөрчсөн зохицуулалт маш их байна. Нөхөн даатгал гэх мэт зүйлсээр аргацаасан нөхдүүд ямар ч чирэгдэлгүй тэтгэвэр тогтоолгочихоод байхад шударгаар ажиллаж байсан иргэд тэтгэвэр тогтоолгохын тулд хөдөлмөрийн дэвтэр гэх мэт баримт материал байсаар байтал энд тэндэхийн архивын материал хайх, шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох, нэгэнт цалингаасаа НДШ суутгуулаад дэвтэртээ бичилт хийлгээд баталгаажуулчихсан байхад ажил олгогч нь шимтгэлийн өрөө барагдуулаагүй, НД-ын байгууллагын архивын материалд тухайн байгууллагын зарим сарын шимтгэлийн тайланг оруулаагүй байна гээд даатгуулсан хугацаанаас хасах гэх мэт даатгуулагчаас шалтгаалахгүй асуудлаар тэднийг маш их чирэгдүүлж байна. Мөн тэтгэмжийн даатгалын сангаас олгож байгаа жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг нэг удаа хүүхэд төрүүлж тэтгэмж авсан эх дараагийн удаа хэдэн ч удаа хамаагүй тэтгэмж авах зохицуулалттай, сайн дурын даатгуулагч албан журмын даатгуулагчаас бага дүнгээр шимтгэл төлдөг байхад ижил хувь хэмжээгээр тэтгэмж олгодог гэх мэтээр даатгалын үндсэн зарчмыг зөрчсөн завхруулсан зүйлс маш олон байна. Даатгуулагч эхэд дараа дараагийн олон удаа тэтгэмж өгөх шаардлагатай нийгмийн баталгааг нь хангана гэж үзэж байгаа бол шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэмжийг тооцоолж НДСангаас олгоод, төр үнэхээр хүнээ бодож байгаа бол зөрүү тэтгэмжийг нь халамжийн сангаас олгох гэх мэт зохицуулалт хийхгүй бол бусад даатгуулагчийн эрх ашигт үл нийцэх зохицуулалтууд зөндөө байна.
Эрүүл мэндийн даатгалын менежементийг тусад нь агентлаг байгуулах замаар зохицуулж буй өнөөгийн байдалд шүүмжлэлтэй ханддаг. Даатгалын сангаас бас л баахан зардал гарна. Зохих шийдвэрийг НДҮзөвлөл, НХХЯ, ЭМЯ хамтраад л зөвшилцөөд л гаргаад явчихдаг түүнийг нь хэрэгжүүлэх ажлыг НД-ын байгууллага хийж гүйцэтгээд болоод л байсан. Болох ч ёстой зүйл. Заавал баахан алба нэгж байгуулж үрэлгэн хандах ямар хэрэг байна.
Ажил олгогчдын зардлыг нэмэгдүүлсэн, ажилтанд төдийлөн үр ашиггүй зохицуулалтуудыг засах зайлшгүй шаардлага байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн цалин буюу НДШ төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тэтгэврийн даатгалаас бусад 4 даатгалын төрөл дээр ажил олгогчид ч мөн адил баримтлах хэрэгтэй.
-Нийгмийн даатгалын сангийн алдагдал маш их болсон. Энэ санг яаж хэрхэн ашигтай, зөв менежмент рүү чиглүүлэх вэ?
-Ямар ч байсан 1995 оноос өмнө шимтгэл төлж байгаагүй хүмүүсийн тэр хугацаанд ногдох тэтгэврийг төр хариуцах замаар тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж аажмаар хуримтлал үүсгэх эхлэлийг тавих нь зөв байх. Мэдээж төсвийн зарлагад нөлөө үзүүлнэ. Гэхдээ л уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийн үед энэ арга хэмжээг авч явуулах нь зөв байх гэж хардаг. Дахин хэлэхэд НД-ын асуудлыг улстөржүүлж, сонгуулийн онооны шийдвэр гаргах замаар сангуудыг хүндрүүлэх асуудал дахин бүү гаргаач ээ гэж уриалмаар байна.