Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

Одтой чулууны эрэлд гарсан Д.Туяа

Одтой чулууны эрэлд гарсан Д.Туяа
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 13
Шинэчилсэн найруулга бичил уурхайчдыг нинжаа болох зам руу нь түлхэх үү... 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил уурхайчин, “Шижир Хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын ээлжит уулзалтын зочноор оролцлоо. Түүний түүх өнөө цагийн бичил уурхайн бодит түүх байсан юм. Зах зээлийн эдийн засагт шилжсэн, олон хүн ажилгүй болсон цаг үе тохиож, хот, хөдөөгүй алт руу шуурсан. Тэр үе зах замбараагүй, зохион байгуулалтгүй, хууль, журамгүй ороо бусгаа байлаа. Төрөөс ямар нэгэн зохицуулалт байхгүй, хаана алт илэрнэ тэнд л хүмүүс хүрч очиж байв. Тэднийг “нинжаа” хэмээн нийгмээрээ цоллосон. Нийгмийн хэсэг бүлэг хүмүүс хээрээр гэр хийж, ад шоо болж, зарим нь шороонд дарагдаж, цагдаад хөөгдөж, гадуурхагдсан нь их. Дээрх замыг туулсан алтны нинжаа нар 2008 оноос хариуцлагатай, хариуцлагагүй хоёр бүлэгт хуваагдсан юм.
Хариуцлагатай нь бичил уурхайчид болж, “нинжаа” нэрнээсээ салсан. Нэгдсэн зохион байгуулалт дор нөхөрлөл болж, зөвшөөрөл бүхий талбайд хууль ёсны дагуу алтны олборлолт эрхэлсэн. Ийм нөхөрлөлийн нэг нь “Шижир Хишиг”. Тус нөхөрлөл өнөөдөр 20 хүнтэй, том компаниуд ашиглаад орхисон алтны үндсэн ордыг түшиглэн ажил, амьдралаа эндээс залгуулж иржээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд таван сум нь бичил уурхайтай. Үүнээс алтны үндсэн орд дээр гэрээ байгуулаад ажиллаж байгаа нь гарын таван хуруунд багтах. Монгол Улсын хэмжээнд шороон ордын нөөц шавхагдах тийшээ хандаж, үндсэн орд руу компаниуд шилжиж эхэлсэн. “Шижир Хишиг”-ийн хувьд 2015 оноос алтны үндсэн ордыг ашиглах хэвтээ ам байгуулж, өнөөдрийг хүртэл үүнийгээ ашиглан ажиллаж байна. Цаашид ч хэсэг хугацаанд ажиллана гэж нөхөрлөлийн ахлагч Д.Туяа хэллээ. 
undefined
Бичил уурхайд жишиг нөхөн сэргээлтийг “Шижир Хишиг” нөхөрлөл хийж, ихээхэн туршлага хуримтлуулжээ. Тодруулбал, 2015 онд Монгол Улсад анх удаа бичил уурхайн үндсэн ордыг Азийн сангийн дэмжлэгээр нөхөн сэргээж, эндээс аргачлал боловсруулагдсан байна. Аргачлалыг БОАЖЯ, УУХҮЯ баталгаажуулжээ.
Д.Туяа “Олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлт хийх ёстой юм байна гэдгийг бид ойлгосон. Өөрөөр хэлбэл, хамт авч явна гэсэн үг. Дараа гэж хойшлуулахгүй. Нөхөн сэргээлт хийх явцад шимт хөрс маань байхгүй болчихсон байсан. Яагаад гэвэл шимт хөрсөө бид дараад явчихсан учраас ийм хүндрэлтэй асуудал тулгарсан. Биологийн нөхөн сэргээлт хийх учраас шимт хөрсөө тусад нь хадгалах, хамгаалах шаардлагатайг өөрсдийн биеэр мэдэрсэн. Бид одоо хаана ч нөхөн сэргээлт хийх чадвартай болсон” гэв.
Тэрээр “Том уурхайтай нэгэн адил бид хөдөлмөр, аюулгүй ажиллагааг сахин хангаж ажиллах ёстой. Тиймээс нөхөрлөлийнхөө хүрээнд авран туслах багийг байгуулсан. Таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад бүгд хамрагдсан. Аваар, осол гарснаас хойш бус түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тогтоох боломжтой болсон. Бичил уурхайчдын хувьд анхны авран туслах баг гэж хэлж болно. Бид нөхөн сэргээлт хийхээс гадна модны үрсэлгээ хийж байна” гэлээ. “Шижир Хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа нь 1990 оноос өмнө аймгийнхаа худалдааны байгууллагад ажиллаж байжээ. Нийгмийн шилжилтийн дараа бичил уурхай руу хөл тавьсан. Түүний гэр бүлийн хүн одтой чулууны араас явж, улмаар гэр бүлээрээ энэ салбартай тэд холбогджээ. 
“Хүмүүс нинжа байх үеэс л явлаа. Хууль, журам ч тэр үед байхгүй байлаа. Одоо зохицуулалттай, зохион байгуулалттай болсон байна. Энэ замыг сонгосондоо харамсдаггүй. Бахархдаг. Үр хүүхдээ сургууль соёлд оруулсан, мэдлэг боловсролтой болгосон, ахуй амьдралаа сайжруулаад, орлоготой, ажилтай байна. Бичил уурхай бол хүнийг нийгмийн гарал угсаа, өндөр нам, өргөн бүдүүн, мэдлэг, боловсрол, танил талаар нь ялгадаггүй. Олон хүмүүс энд ажиллаж, ар амьдралаа авч явж байна” гэв. Улсын хэмжээнд 19 аймагт бичил уурхайг 711 нөхөрлөлийн 5100 гаруй хүн гэрээгээр эрхэлж байна.
Д.Туяа “Бид дандаа ингэж явахгүй, яаж өөр салбарт шилжих үү, орлогоо хэрхэн төрөлжүүлэх үү, хувийн аж ахуй эрхлэх үү гээд дараа дараагийн нүүдлээ харж, төлөвлөж, тооцоолж эхэлсэн. Бичил уурхай бол амар хөдөлмөр биш. Нөөц, боломжоо судалж, тийшээ хандсан алхмуудыг манайхан дор бүрнээ хийж, хийхийг зорьж байгаа” хэмээн өгүүлсэн юм. Бичил уурхай нь орон нутагт бэлэн мөнгөний урсгалыг шууд авчирдаг. Сум, орон нутгийн бизнес, эдийн засагт ч тэр хэрээр эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг манай зочин хэлнэ лээ. “Бичил уурхайчид шинээр газар орон сүйтгээд байгаа юм байхгүй. Ашиглаад хаячихсан, эвдэгдсэн эсвэл том уурхайн хаягдал дээр ажилладаг. Бичил уурхайчид  байгаль орчныг сүйтгээд байна гэж нийгмээрээ ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр тийм биш л дээ. Нинжаа гэж их андуурдаг” гэв.
Алтны салбарт мөнгөн усны зүй бус хэрэглээ дэлхий нийтийн анхаарал хандуулах асуудал болсон. Манай улс ч ялгаагүй энэ замыг тойроогүй, дайрч гарсан. Эргэн сануулахад, 2008 оноос өмнө мөнгөн усны хэрэглээ ахуйн нөхцөлд хэвийн үзэгдэл мэт байлаа. Алт олборлох аймаг, сумын дэлгүүр, худалдааны газар ил, далдаар зарах нь түгээмэл байв. Мөнгөний усны хор хөнөөл, сөрөг үр дагаврын талаар ч олон нийт төдийлөн сайн ойлголтгүй байлаа. Энэ талаар Д.Туяа “2008 онтой харьцуулахад өнөөдөр их зүйл өөрчлөгдсөн. Мөнгөн усны талаарх бичил уурхайчдын мэдлэг, ойлголт ч өнөө эрс сайжирсан. Мэдээлэлтэй болсон. Хор уршиг, гарах үр дүнг ч мэддэг болсон. Өмнө нь муу гэхээс илүү түүнээс давсан мэдлэг байсангүй. Мөнгөн усны хэрэглээ ч их байсан. Нөхөрлөлийн зохион байгуулалт дээр мөнгөн усны хэрэглээ байхгүй” хэмээн ам бардам ярилаа.
Манай улсын хувьд мөнгөн ус, цианид нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтах тул бичил уурхайд хэрэглэхийг хориглодог. Тэгвэл бичил уурхайд мөнгөн усгүй технологи нэвтрүүлэх Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй planetGOLD хөтөлбөрийн хүрээнд “Шижир Хишиг” нөхөрлөл шинээр хүдэр боловсруулах цехтэй тун удахгүй болох аж. Цехийн барилгын ажил дууссан бөгөөд тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн байна. Ирэх намар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Шижир Хишиг” нөхөрлөл нь 2018 онд өөрсдийн гар ажиллагаатай хүдэр боловсруулах цех байгуулсан бол одоо шинэ технологийг бичил уурхайд нэвтрүүлэхээр болсныг Д.Туяа дуулгасан юм.
Бичил уурхайг Ашигт малтмалын тухай хуульд журмаар зохицуулна гэж заасан. Энэ дагуу Засгийн газрын 296 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бүхий л харилцааг шийдэж ирсэн. Тэгвэл намрын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайг журмаар зохицуулах заалт хасагдсан нь тус салбарт тодорхой бус байдал үүсгэжээ.
Энэ талаар тэрээр ярихдаа “296 дугаар тогтоолоор бичил уурхайн үйл ажиллагаа жигдрээд, тодорхой болоод ирсэн. Бидний хүсэн хүлээж байсан харилцааны зохицуулалт энд бүрдсэн. Гэтэл шинэчилсэн хуулийн төсөлд журмаар зохицуулна гэсэн заалтыг байхгүй болгочихлоо. Хэрэв ингээд энэ хэвээр цаашаа хуулийн төсөл батлагдаад явчихвал бид эргээд л 2008 оны өмнөх үе шигээ нинжаа байдалдаа орно. Зохион байгуулалт байхгүй, хариуцлага байхгүй, далд хэлбэрт, хууль бус ашигт малтмал олборлох эсэх асуудал хөндөгдөж таарна. Журмаа цуцаллаа гээд тэнд амьдарч байгаа хүмүүс хамт байхгүй болчихгүй” гэлээ.
Түүнээс журмын талаар гүнзгийрүүлэн лавлахад, “Яамдууд хөрсөн дээрээ буухгүй байна л даа. Амьдралын үнэнд хүрэхгүй, гүнд нь орохгүй байна. Орон нутагт ажлын байр хэр олдоцтой билээ, үүнийг хүн болгон мэднэ дээ. Төсвийн хэдэн байгууллага л байна, залгаад дэлгүүр хоршоо хүмүүс ажиллуулж байна. Бичил уурхай маш олон хүний ажлын байр, амьдралын баталгаа нь болж байгаа. Гэтэл үүнийг олж харахгүй байна уу, харахыг эсвэл хүсэхгүй байна уу. Өнөөдөр сошиалаар л ажлаа хийдэг болсон байна. Хандлагаар л, үзэмжээр л асуудлыг, хүний амьдралыг шийддэг болж байна. Бичил уурхайг нинжаа гэж хардаг. Зохион байгуулалтад орсон нөхөрлөлүүд хэзээ ч  хууль бусаар газар ухахгүй. Энэ ялгаа заагийг олж хараасай” хэмээн Д.Туяа ярьсан юм.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн