Open iToim app
Нийтлэл | 6 мин уншина

Дараагийн том хулгай буюу ковидын үеийн зарцуулалтаа дэлгэ

Дараагийн том хулгай буюу ковидын үеийн зарцуулалтаа дэлгэ
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 31
ТОВЧ АГУУЛГА
МАН ардчилсан парламентын 31 жилийн түүхийн 19-д нь дангаараа, 8-д нь хамтарсан Засаг байгуулж төр барьжээ. Тиймээс эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 30 жилийн авлига, хулгайн эздийг нам дотроосоо хайх нь цаг, хүн хүч, төсөв санхүүд ч хэмнэлттэй биз. Тэр ч утгаараа Ерөнхий сайд ах нараасаа айхгүй. Авлигатай хийх тэмцлээ зосоохгүй. Шаардлагатай бол ард түмнээсээ дэмжлэг авахаа удаа дараа илэрхийлсэн.
Гэвч "Шилэн ажиллагаа"-ны хүрээнд Засгийн газраас ил болгосон тусгай хамгаалалтын газар болон газар олголтын мэдээлэл М.Энхболд, Н.Номтойбаяр тэргүүтэй МАН доторх сөрөг хүчнийг муухай харагдуулах өнцөг болж байх шиг. Араас нь ил болсон Боловсролын зээлийн сангийн асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд эсрэг байр суурьтай байгаа бүлгийн гишүүддээ МАН-ын удирдлагаас өгч буй анхааруулга, сөрөг хүчин АН-ын дарга Л.Гантөмөрийн эсрэг акц болон цааш өрнөсөн. Сүүлд ил болсон ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцсан иргэдийн мэдээлэл ирэх сонгуулиар УИХ-д суудалтай болж мэдэх боломжит сөрөг хүчний лидер болох Ц.Оюунгэрэлийг онилов. Улс төрийн хувьд сөрөг хүчнийхээ булхайг илчлэх нь өөрөө улс төрийн тоглоомын тогтсон дүрэм.
Гэтэл МАН-ын томчууд бараг бүгд нэр холбогдчихсон нүүрсний хулгайн асуудал хэдхэн хүнээр "туг тахиад" дуусах бололтой. Парламент нь хүртэл нэг агентлагийн үгээр "жижгэрч", нүүрсний сонсгол замхран одов. Өөрийн хулгай, хуудуутай асуудлыг ярихгүй далдлах нь авлигын эсрэг дайн бус гайхаад хартал танихгүй хүн зогсож байдаг хоосон шүгэл шиг л сонсогдож байна.
Жишээ нь, цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, ковидын үед гадаадын зээл тусламж, төсвийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн ажлуудын зарцуулалт, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилт ил тод бус, хаалттай хэвээр өнөөдрийг хүрэв.
Тухайлбал, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд хөдөө аж ахуй, банк санхүү, барилгын салбарын үйл ажиллагааг хэвийн түвшинд хадгалах зорилгоор ААНБ-уудад олгосон 5.2 их наяд төгрөгийн зээл яг зорилтод бүлэгтээ очсон уу. Эсвэл Хөгжлийн банк шиг хөнгөлөлттэй зээл улстөрчдийн хамаарал бүхий компаниудаар дамжиж, хэдэн дарга нарын халаасанд очсон уу. Арилжааны банкуудаар дамжуулан ХАА-н компаниудад олгосон зээлд улстөрчид гар дүрсэн болох нь Хөгжлийн банкны сонсголоор ил болсон.   
Цаана нь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал ямар үндэслэлээр анх хэт өндөр байснаа сүүлд огцом буурсан бэ. Ямар шалгуураар хэний амралтын газар, зочид буудлуудыг тусгаарлан ажиглах байр болгон ашигласан бэ. Түр тусгаарлах байрны зардлыг бодитой тооцсон уу. Вакцины чанар, худалдан авалттай холбоотой маш олон асуулт хариултгүй хэвээр байгаа.
Тэгвэл ҮАГ-аас 2022 онд хийсэн "КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, үр нөлөө" сэдэвт аудитын гүйцэтгэлийн тайланд:
1. Засгийн газар болон УОК-ын гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийн талаар холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрүүд үр нөлөөтэй эсэх;
2. КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд шаардагдах санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор төлөвлөж, бүрдүүлж, үр ашигтай удирдан зарцуулсан эсэх;
3. КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад улсын төсөв болон хандив тусламжийг зохих ёсоор бүрдүүлж, зарцуулсан эсэхэд хяналт хийж дүгнэлт танилцуулсан.
Аудитын тайлангаас анхаарал татсан зарим асуудлыг эмхтгэвэл:
-БНХАУ-ын Ухань хотоос 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын 31 иргэнийг татан авсан. Үүнээс хойш 2020-2021 онд гадаадын 50 гаруй улсаас 45.3 мянган эх орондоо буцах хүсэлт гаргасан.  Улмаар 201 удаагийн тусгай үүргийн нислэгээр 32.1 мянга иргэнийг, ОХУ болон БНХАУ-ын хилийн боомтоор 6.6 мянган иргэн, нийт 38.7 мянган иргэнийг татан авсан.
УОК-ын шийдвэрээр гадаад улсаас иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн тийз, тусгаарлан ажиглах байранд тээвэрлэн хүргэх, тусгаарлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байрны төлбөрт иргэд 32.2 тэрбум төгрөгийг ОБЕГ-ын арилжааны банкны дансанд төвлөрүүлсэн.
Шадар сайд болон УОК-ын тушаал, шийдвэрийн дагуу дээрх үйл ажиллагаанд 592.3 сая төгрөг зарцуулсан. Харин төлбөрөө төлсөн ч ирж чадаагүй иргэдийн төлбөр болох 1.9 тэрбум төгрөгийг буцаан олгосон.
Тусгаарлан ажиглах байрны төлбөр 2020 онд 6-17 насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг, 18-аас дээш насны иргэн 50 мянган төгрөг байсан. Харин 2021 онд 1-12 насны хүүхэд хоногийн 50 мянга, 13-аас дээш насны иргэн 100 мянган төгрөг болж нэмэгдсэн.
Тусгаарлан ажилаглах байруудын стандарт, сонгон шалгаруулсан байдалд Үндэсний аудитын газраас үнэлгээ, дүгнэлт хийгээгүй.  
Зөвхөн 2021 оны гуравдугаар сарын 10-наас 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд ковидын халдвар авсан 280.9 мянган иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт нийт 417.2 тэрбум төгрөгийг ЭМДС-гаас шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, нэг өвчтөнийг эмчлэх дундаж зардал ойролцоогоор 1.5 сая төгрөг байжээ.
Мэргэжлийн байгууллагын тооцоо, судалгаа, зохион байгуулалт хангалтгүйгээс хэрэгцээнээс хэтэрсэн татан авалт хийж, их хэмжээний вакцины нөөц бий болсон. Улсын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2.76 сая хүн тун вакцины үлдэгдэлтэй байсан. Вакцинжуулалтын явцад зохион байгуулалтаас шалтгаалан 198.2 мянган хүн тун вакциныг устгаж, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан.
Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 2 сая гаруй тун вакцин устгалд орсон эсэх нь тодорхойгүй. Хугацаа нь дуусаж устгасан бол тооцоо судалгаагүй татан авалт хийж, хөрөнгийг үр ашиггүй үхүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал эзэнгүй хэвээр байна.
Засгийн газраас 2020, 2021 онуудад ажлын байрыг хадгалах, иргэдийн орлого болон эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг идэвхижүүлэх (иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дулаан, хог хаягдлын төлбөр зэрэг ашиглалтын зардлыг төрөөс хариуцах, татвар, НДШ-ээс чөлөөлөх) зэрэгт нийт 9.56 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүний 44 хувь эдийн засгийг идэвхжүүлэх, 29 хувь иргэдийн орлогыг хамгаалах, 15 хувь ажлын байрыг хадгалах, 12 хувь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулагдсан.
Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-д тусгасан 56 төсөл, арга хэмжээний явцад үнэлгээ хийж, мэдээлэхийг ЗГХЭГ-т даалгасан боловч хэрэгжүүлж ажиллаагүй.
Засгийн газрын нөөц сангаас 2020-2021 онд ЭМЯ-д нийт 78.6 тэрбум төгрөгийг олгож, зарцуулсан. Гэвч гэрээний иж бүрдэл, биелэлт хангалтгүй 5.3 тэрбум төгрөг, Гэрээ дүгнэсэн болон бараа хүлээлцсэн актгүй 2.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
КОВИД-19 цар тахлын үед 58.4 тэрбум төгрөгийн хандив тусламж цугларсан. Гэвч олон улсын байгууллага, иргэд, ААН-ээс цугласан мөнгөн болон мөнгөн бус хандивыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, ОБЕГ-ын даргын тушаалаар харьяа болон шаардлагатай байгууллагуудад хуваарилж, зарцуулсан талаарх анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй. Зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнаагүй нь КОВИД-19-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасантай нийцэхгүй байна гэх дүгнэлтүүдийг өгчээ.
Харамсалтай нь, Засгийн газар өнөөдрийг хүртэл цар тахлын үеийн зарцуулалтыг ил тод тайлагнах Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, бусад асуудлаар өөртөө шүгэл үлээж, муу муухайг нь сөрөг хүчиндээ нялах гээд завгүй явна. Гэтэл ковидын үед гадаадын зээл, тусламжаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд дунд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр бүхий сайд нар, МАН-ын улстөрчдийн хамаарал бүхий компаниуд яваа.
Манай редакц ковидын зарцуулалтыг цувралаар хүргэж, эргэн сурвалжлах бөгөөд "Шүгэл үлээх" буландаа иргэд, аж ахуй нэгжүүдээс баримт хүлээн авч эхлээд байна.  
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн