Open iToim app
Агентлаг | 4 мин уншина

БЗС-гийн журам зөрчиж ХОЁР удаа гадаадад зээлээр суралцсан хүмүүс

БЗС-гийн журам зөрчиж ХОЁР удаа гадаадад зээлээр суралцсан хүмүүс
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 24
Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  
Бид өмнө нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин Нямцэрэн БЗС-гийн зээлээр АНУ болон ОХУ-д хоёр удаа суралцсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Боловсролын зээлийн сангийн журам зөрчиж нэгээс олон удаа гадаадад зээлээр суралцсан оюутнуудын мэдээллийг танилцуулж байна.
"Playtime" наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж
"Хай-Фай Медиа Групп" ХХК болон хөгжмийн "Playtime" наадмын үүсгэн байгуулагч Цэрэндоржийн Нацагдорж 1999 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд эрүүл мэндийн санхүүгийн чиглэлээр магистрт суралцахаар 32 мянган ам.долларын зээл авсан. Засгийн газрын 2009 оны наймдугаар сарын 6-ны өдрийн 242 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн зээлээс чөлөөлөгдсөн.
Мөн 2004 онд АНУ-ын Брандайсын их сургуульд эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр докторт суралцахаар 16 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд "Гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ" гэж заасан. Зээлээ төлсөн эсэхийг нягтлах боломжгүй.
undefined
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Бямбаагийн Цогтбаатар
Б.Цогтбаатар нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайд болохоор яригдаж байв.
Тэрээр 2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд анагаахын чиглэлээр магистерт суралцахаар 32 мянган ам.долларын зээл авсан. Гэрээний нөхцөлд "Гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна" гэж заасан. Зээлээ төлсөн эсэхийг нягтлах боломжгүй. 2019 оны байдлаар 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан.
Гэтэл 2012 онд буюу өмнөх зээлээ төлөөгүй байхдаа Канадын Симон Фрейсерийн их сургуульд докторт суралцахаар мөн Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын зээл авсан. БСШУ-ны сайдын 2017 оны долдугаар сарын 27-ны А/88 тоот тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн. Засгийн газрын "shilen.gov.mn" вебсайтад 2012 онд авсан түүний зээлийн мэдээллийг байршуулаагүй.
undefined
Арабын бүгд найрамдар Египет улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган
Элчин сайд Э.Булган 1999 онд ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр суралцахаар 4.5 мянган ам.долларын зээл авсан бол 2003 онд Английн Дипломатын академид олон улсын харилцааны чиглэлээр магистрт суралцахаар 31 мянган ам.долларын зээл авсан. Зээлээ төлсөн, эсвэл журмын дагуу чөлөөлөгдсөн эсэхийг нягтлах боломжгүй.
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн охин Тунгалаг
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржийн охин Тунгалаг Боловсролын зээлийн сангаас нийт 65 мянган ам.долларын зээл авч, хоёр удаа гадаадад суралцжээ.
Тэрээр 2003 онд АНУ-ын Линкольний их сургуульд мэдээлэл системийн удирдлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцахаар 14 мянган ам.долларын зээл авсан. БШУ-ны сайдын 2015 оны долдугаар сарын 1-ний өдрийн дугаар А/264 тоот тушаалаар зээлээс чөлөөлсөн.
Үүний дараа 2006 онд мөн АНУ-ын Канзасын их сургуульд суралцахаар 51 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд "Гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна" гэж заасан. Зээлээ төлсөн эсэхийг нягтлах боломжгүй.
МУИС-ын захирал асан Ц.Ганцогийн Ононцацрал
Тэрээр 1997 онд Туркийн Анкарагийн ТИС-д компьютерийн инженерийн чиглэлээр бакалаврт 5 жил суралцахаар 1665 ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд "Суралцах хугацаандаа авсан зээлийг төгссөнөөс хойш 3 жилийн дотор төлж барагдуулна" гэж заасан. Өөрөөр хэлбэл 2002-2005 оны хооронд Боловсролын зээлийн сангийн зээлээ эргүүлэн төлөх хуваарьтай байв. Гэвч БСШУС-ын сайдын 2018 оны наймдугаар сарын 31 өдрийн дугаар А/555 тоот тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн.
Гэтэл 2014 онд буюу өмнөх зээлээс чөлөөлөгдөөгүй байхдаа АНУ-ын Лоёола их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцахаар 55 мянган ам.долларын зээл авсан. 2019 оны байдлаар зээлээ төлөөгүй байсан бөгөөд Засгийн газрын "shilen.gov.mn" вебсайтад Ганцогийн Ононцацралын 2014 онд авсан зээлийн мэдээлэл байршаагүй.
Мөн МУИС-ын захирал асан Ц.Ганцогийн охин Уянга 2018 онд Австралийн Сиднейн их сургуульд 32 мянган ам.долларын зээл авч суралцсан.
Иргэн Баттулгын Алтаншагай
2006 онд ОХУ-ын Дипломатын академид эдийн засгийн чиглэлээр магистрт суралцахаар 10 мянган ам.долларын зээл авсан.
2016 онд АНУ-ын ДЖ.Вашингтоны их сургуульд нийгмийн бодлогын чиглэлээр мөн магистрт суралцахаар 32 мянган ам.долларын зээл авсан. Баттулгын Алтаншагай нь хоёр зээлээ эргүүлэн төлсөн эсэхийг нягтлах боломжгүй.

О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн