Нийтлэл | 4 мин уншина

Засгийн газар ураны салбарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу

Засгийн газар ураны салбарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 26
 Уран цаг үргэлж анхаарлын төвд байж ирсэн стратегийн түүхий эд. Монгол Улсын хэмжээнд дөрвөн аймгийн 10 сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгж эзэмшиж байна. Манай улсын ураны батлагдсан нөөцийн хэмжээ 200 мянган тонн бөгөөд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь дэлхийн ураны нөөцийн хоёр хувь юм. Улс орнууд идэвхтэй хайгуулын үр дүнд ураны шинэ нөөц илрүүлэх хэрээр энэ байр суурь цаашид өөрчлөгдөнө гэсэн үг.
 Ашиглахад ойртож буй төслийн эхэнд Дорноговь аймагт хэрэгжиж буй “Зөөвч Овоо” нэрлэгдэнэ. Удаах нь “Гурвансайхан” компанийн “Хайрхан” орд. Тус орд дээр нөөц өсгөх нэмэлт нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд 38 мянган метрийн өрөмдлөг хийгджээ. “Гурвансайхан” нь Чехийн хөрөнгө оруулалттай. “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй “Зөөвч-Овоо” төслийн үйлдвэрлэлийн туршилт дуусаж, төслийн ТЭЗҮ-нд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц үргэлжилж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны эхний хагаст багтаан шинэчилсэн ТЭЗҮ-г нарийвчлан хэлэлцэх сурагтай. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд энэ бүхэн бүрэн хийгдэж дуусахаар байна.
Монголын уул уурхайн салбарт хамгийн тууштай үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” тунаж үлдсэн барууны хөрөнгө оруулагчдын нэг. Тус компани 2018 оноос одоогийн нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өмнө нь “Арева Майнс” нэртэй байсан билээ. Бидний олонх нь “Арева” нэрээр нь илүүтэй мэддэг. “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын  “Орано” групп, үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар “Мон Атом” компаниар дамжуулан эзэмшдэг. “Мон Атом” нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани. Харин “Орано” группийн 85 хувь нь  Францын Засгийн газрын мэдлийнх. Төслийн хувьцаа эзэмшигчид хамтран Монгол Улсын Засгийн газарт өргөн барих Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж эхлээд буй аж.
Гуравдагч орны хөрөнгө оруулалтаар “Зөөвч Овоо” төсөл өнөөдрийн түвшинд хүрсэн. Төсөл ес дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. 2015 онд баталсан ТЭЗҮ-ээр “Зөөвч Овоо” төсөл нь 35 жил үргэлжлэх “нас”-тай, улс болон орон нутгийн төсөвт тэрбум гаруй ам.доллар энэ хугацаанд төвлөрүүлэхээр байгаа. Ураны салбарт хайгуул болон туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Бадрах Энержи” компани нь Монгол Улсад 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Тэд “Зөөвч Овоо” төслөөс гадна Дулаан-Уул, Өмнөт гэсэн гурван талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр талбай нь хоорондоо хаяа залган оршино.
Компанийн зүгээс хамгийн их ач холбогдол өгч буй төсөл нь “Зөөвч Овоо”. Газар дор уусган олборлох замаар уран гарган авах технологийг “Бадрах Энержи” компани Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг технологийг 50 гаруй жилийн өмнөөс улс орнууд уран, зэс зэрэг металлыг олборлоход өргөн ашиглаж ирсэн байна. Энэхүү аргыг дэлхий дээр олборлож байгаа ураны 50 хувьд ашигладаг байна.
Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх яриа хэлцлийн өмнө тулж ирсэн “Бадрах Энержи” компанийн хувьд энэ он хамгийн хариуцлагатай жил. Учир нь, 25 жилийг Монголд зарцуулсан үр шимээ үзэх, үгүй нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газартай энэ онд амжиж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадах, эсэхээс “Зөөвч Овоо” тэргүүтэй төслийнх нь дараа дараагийн “хувь заяа” шийдэгдэнэ гэсэн үг.
Монгол Улсын хувьд ч ялгаагүй гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татах, хүлээн зөвшөөрөх, нөөц нь тогтоогдсон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ төрлийн ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал үүгээр улам тодорхой болж ирнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд ч долоо хэмжиж, нэг огтлох цаг үе тохионо гэсэн үг.
Уран тойрсон нийгмийн болон орон нутгийн эсэргүүцэл хаварт хамгийн их сэдэрдэг. Тэрчлэн нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарлах, эсвэл төслийг зогсоох ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлж, Засгийн газарт хаягласан иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан арав гаруй жил цуцалтгүй бас тасралтгүй өрнөж ирсэн. Ямартай ч тал талын дуу хоолойгоо хүндэтгэн үзэх, харилцан зөвшилцөх, нөхцөл байдлыг судлан тогтоох, шинжлэн баталгаажуулах, ялгаж цэгнэх, олон нийт, нийгэмд үнэн бодит, зөв ойлголт өгөх, оролцогч талууд ойлголтын зөрүүгээ арилгахаас асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж таарна.  Шинжлэх ухаанд итгэх, найдах шаардлага ч үүснэ.
Аливаа төсөл хэрэгжүүлэхэд гардаг хамгийн түгээмэл сорилт бол харилцаа. Эцсийн мөчид үл ойлголцол, мэдээллийн зөрүүтэй байдал, өндөр хүлээлт төслийн ирээдүйг тодорхойлдог. Манай улс “Зөөвч Овоо” төслийг эхлүүлэх, эсэхээс ураны салбарт цаашид ямар байр суурь баримтлах нь хөрөнгө оруулагчдад тов тод харагдах юм. Зөвхөн “Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулсан төслөөр энэ бүхэн хэмжигдэхгүй. Уран ашиглах уу, айгаад суух уу гэдгийг дээрх төслүүд харуулах нь дамжиггүй. Мэдэхгүйн зовлон бидэнд их. Тэр тусмаа ураны хувьд сүржигнэхээс аргагүй шинэ сэдэв. Тийм учраас Монгол Улс Ашигт малтмал болон Цөмийн энергийн тухай хуулиар ураныг зохицуулдаг.  Туршилтын үйлдвэрлэлийн үр дүнд тулгуурласан “Зөөвч Овоо” төслийн ТЭЗҮ-ийн тодотголтой зэрэгцээд 2013 онд байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт тодотгол мөн хийх аж. 
 Зэс, алтны “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны хөрөнгө оруулагч талтай 2009 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Үүнээс хойш уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргаан, хардлага, үгүйсгэл ер хуучирсангүй. Өнөөдөр ч топ сэдэв хэвээр. Тэгвэл дараагийн гуравдагч орны компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ ураны салбарт тун ойрын хугацаанд хийгдэхээр бэлтгэлээ базааж байгааг дуулгая.  
 
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн