“Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-ээр сүүл мушгидаг аймаг бол Говь-Алтай. 2022 оны тайлангаар 21 аймгаас Говь-Алтай 18 дугаарт эрэмбэлэгдсэн. 18 сумтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ улсад эхний хоёрт ордог. Монгол Улсын газар нутгийн 10 хувийг эзлэх Говь-Алтайд “Алтайн хүдэр” болон “Хан Алтай ресурс” зэрэг уул уурхайн том компани үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэд Говь-Алтайг хөгжүүлэх бус ухах л ажлыг хамгийн сайн хийж байна.
“Алтайн хүдэр”-ийн хувьд Цээл сумын нутгаас төмрийн хүдэр олборлож, түүхийгээр нь Бургастайн боомтоор худалдаалж ирсэн. Таяннуурын ордод ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэмээн компани өөрийн цахим хуудастаа бичжээ. 2012 онд хил хүртэл буюу 168 киломер засмал зам тавина, үүгээр төмрийн хүдрээ бид зөөнө гэж мэдэгдэж байсан тус компани өнөөдрийг хүртэл энэхүү амлалтаа бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй байна. “Алтайн хүдэр” нь 10 гаруй жилийн турш тасралтгүй төмрийн хүдэр баруун хилээр БНХАУ-д экспортолж буй.
“Хан Алтай ресурс” компанийн тухайд Есөнбулаг сумын нутагт Хан Алтай алтны үндсэн ордыг 2022 оноос ашиглаж эхэлсэн. Ордын урьдчилсан байдлаар нөөцийн хэмжээ нь 85.4 тонн гэж тогтоогдоод байгаа. Энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц хэмжээ. Цаашид нэмэлт хайгуул судалгааны үр дүнд нөөцийн хэмжээг өсгөх боломжтой аж. Уурхайн нийт санхүүжилт нь 226.5 тэрбум бөгөөд одоогоор 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Хан Алтай алтны үндсэн ордыг “МаксМайнинг” компани 2018 онд нээн илрүүлсэн. Эдийн засгийн үр ашиг, нэг тонн хүдэрт агуулагдах алтны хэмжээгээрээ Монгол Улсын хамгийн томд тооцогдоод буй. “Хан Алтай ресурс” компани нь “Макс групп”-ийн эзэмшлийн. Тус группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга нь Д.Ганбаатар бол төрсөн ах Д.Цэрэнжигмэд нь Ерөнхий захирлаар ажилладаг. Тэд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат. “Макс групп”-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар нь Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар 2015 оноос сонгогдон ажиллаж байна.
Хан Алтай нь “Макс групп”-ийн хоёр дахь төсөл. Тус групп Говь-Алтай аймгийн Бигэрт хэл ам дагуулан алтны орд эзэмшиж, “Марко Поло” компани байгуулж, улмаар үйл ажиллагаа явуулж байсан. Алтны нинжаа нар анх ухаж эхэлсэн Алтан уулд “Марко Поло” компанийн эзэн суусан нь энэ. Гол нь, Бигэр сум болон Говь-Алтай аймагт компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Марко Поло” юу ч хийж, бүтээгээгүй гэсэн гомдол өнөө хүртэл нутаг усанд тасраагүй. Биологийн нөхөн сэргээлт ч дорвитой хийгээгүй гэх муу нэртэн болсон. Тэгвэл “Макс групп”-ийн хувьд муу нэрээ баллуурдах, алдаагаа засах боломж нь Хан Алтай орд болж байна. Нефтийн хайгуул руу хөл тавьсан тус групп алт руу эргэлт буцалтгүй оржээ. Алтны салбарт шинээр мэндэлж буй хамгийн том уурхай Хан Алтай болж байна.
Говь-Алтай аймгийн ард олонд Бигэр шиг дахиад л алтыг нь аваад, авдрыг нь хоосон үлдээх вий гэсэн болгоомжлол буй. Уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд нутаг орны хөгжилд ч хаялга нь том байгаасай гэсэн горьдлого, итгэл үл тасарна. Урьдчилсан байдлаар тогтоогдсон 85.4 тонн нь ойролцоогоор 5.1 тэрбум ам.доллар. Анхны хөрөнгө оруулалтаа 2.5-хан жилийн дотор нөхөх, цэвэр ашиг нь жилд хамгийн багадаа л хагас их наядаар хэмжигдэх “Хан Алтай Ресурс” нь лицензээ 30 жилээр авсан. Нөөц нэмж илрүүлсэн тохиолдолд хугацаагаа сунгах боломжтой. Энэ онд гэхэд л 1.9 тонн алт “Хан Алтай ресурс” авахаар байна.
Өмнөговь аймаг шиг хөгжих, хөлжих хүсэл Алтайчуудад бий. Ийм боломж олгох байгалийн баялаг ч харамгүй заяасан нь алтны арвин нөөцтэй Хан Алтай. Бигэрт өрнөсөн үйл явдлаас хойш уул Алтайн бахархал болсон ах дүүг төдийлөн хүндэлж, хайрлах нь Говь-Алтайд багассан. Нутгаас төрсөн гавьяат нь хүртэл “Нутгаа ухлаа” хэмээн Нутгийн зөвлөлийн даргадаа хуурай агсам тавьсан байдаг. Нутгийн хүү ус нутгаа хөгжүүлэх, байгалийн баялгийн өгөөжийг орон нутагт амсуулах бус хүртээх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд том хөдөлнө гэж харах л үлдлээ. Хэдэн хүүхдүүдэд жилийн сургалтын төлбөр өгөөд нүд хуурна гэвэл энэ нь алдас болох биз ээ.