Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Судалгаа: Монголын экспортлогчдын 2.6 хувь нь ЗГ-ын хөнгөлөлттэй зээлд хамрагддаг

Судалгаа: Монголын экспортлогчдын 2.6 хувь нь ЗГ-ын хөнгөлөлттэй зээлд хамрагддаг
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 18
ТОВЧ АГУУЛГА
МҮХАҮТ-аас “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. Судалгааг аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын үр дүнд үндэслэн анх удаа боловсруулжээ. Цаашид хоёр жил тутамд нэг удаа танилцуулж байхаар тогтсон байна.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Манай улс аль болон нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүн, тэр тусмаа уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийн хоёр том зах зээл бэлэн байна. Экспортын тогтвортой санхүүжилтийн механизм дутагдаж байгааг энэ судалгаа харуулсан. Экспорт хийх үйл ажиллагаа зардал өндөртэй, шаардлагатай санхүүжилт олох боломж нөөц боломж хомс учир экспортлогч аж ахуйн нэгжүүд хангалттай өргөжиж чадахгүй, харин тэдний дутагдаж буй орон зайд сул мөнгөтэй ченжүүд ноёрхож байна” гэлээ.
Монгол Улсын экспортын салбар сүүлийн 26 жилийн хугацаанд жилд дунджаар 14.5 хувиар өсөж, 2021 онд 9.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үнийн дүнгээрээ ДНБ-ий 60.5 хувьтай тэнцжээ. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2 хувь нь экспортлогч бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарч байна.
undefined
Дэлхийн экспортын 0.043 хувийг Монгол Улс эзэлжээ
Экспортлогч 1923 аж ахуйн нэгжээс 1219 нь заримдаа, 704 нь тогтмол экспорт хийж байна. Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бол Өмнөговь аймагт 60, Дархан-Уул аймагт 50 экспортлогч аж ахуйн нэгж байна. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн салбараар нь ангилан авч үзвэл боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон буюу 409 аж ахуйн нэгж заримдаа болон тогтмол давтамжтай экспорт хийж иржээ.
Манай улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлжээ. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн байна. Тухайлбал, уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өсжээ.
Аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна
Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байна.  Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх Эдийн засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар дурдлаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн 55.5 хувь нь 300 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил аж ахуйн нэгж байна. Харин 18.9 хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой томоохон аж ахуйн нэгжүүд аж.
Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байгаа аж. Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн тэргүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулжээ.
Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 15.7 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай
undefined
Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 4 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай бол экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 15.7 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байна. 15.7 хувийг эзэлж буй аж ахуйн нэгжүүд тээвэр, агуулах, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, бөөний худалдааны салбарт түлхүү үйл ажиллагаа явуулж байна.
Экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 41.3 хувь нь зээлтэй байна. Энэ нь экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаггүй аж ахуйн нэгжүүдээс дунджаар 4-6 хувиар өндөр үзүүлэлт бөгөөд экспорт хийх зардал тэр хэрээр өндөр байгааг илтгэх аж. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн зээлийн эх үүсвэрийн 70-77 хувийг банкнаас, 17-21 хувийг хувь хүнээс авсан зээл бүрдүүлж байна.
Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд экспортлогчдын дөнгөж 2.6 хувь нь хамрагджээ
undefined

Экспортлогч аж ахуй нэгжүүдийн 90 орчим хувь нь өөрийн хөрөнгөөр, 13 хувь нь дотоодын банк, санхүүгийн байгууллагын зээлээр, дөнгөж 2.6 хувь нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж байна. Тогтмол экспорт хийдэг компаниуд өөрийн хөрөнгөөр болон дотоодын банк санхүүгийн зээлээр шийдэх нь дийлэнх байгаа бол заримдаа экспорт хийж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөр шийдэх нь давамгайлж байна.
29.5 хувь нь бизнесийн үйл явцдаа инновац нэвтрүүлжээ
McKinsey компанийн зөвлөсөн дижитал чадамжийн хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдал ямар байгааг харьцуулж үзжээ. Үүгээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5 хувь нь хийсэн бол 29.5 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүндрэл бэрхшээл багатай хэрэглэгчдэд хүргэх зорилгоор бизнесийн үйл явцдаа инновац нэвтрүүлсэн байна. Харин 5.5 хувь нь судалгаа хөгжүүлэлтийн ажил хийжээ.  Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 5.7 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн байна.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн