Open iToim app
Зочин | 12 мин уншина

Д.Энхбат: Монгол лидергүй, ихэнх нь хоёр амьдралтай болчихлоо

Д.Энхбат: Монгол лидергүй, ихэнх нь хоёр амьдралтай болчихлоо
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 5
ТОВЧ АГУУЛГА
“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын “Хөгжлийн яриа” уулзалтын зочноор уригдан оролцож, "Монголын эдийн засаг, бизнесийн сэтгэлгээ, систем" сэдвээр яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ингээд зочны ярилцлагыг хүргэж байна.
 -Нийгмийн итгэлцэл, ёс зүй, ёс суртахуун алдагдсан энэ байдал алсдаа хэнд ч итгэхгүй, хэн ч тоохгүй, хэн ч хайхрахгүй байдал руу хөтлөх сонин нийгэм болчих гээд байгаа мэт. Таны харж байгаагаар маш ихээр суларчихсан байгаа энэ мэдрэмжүүд цаашдаа ямар сценарт хүргэж болох вэ? 
-Бид нэг зүйлийг илэн далангүй ярих хэрэгтэй. Ардчилал, даяарчлал бол сайхан зүйл. Гэхдээ нэгэнт хаалгаа дэлгэчихсэн тохиолдолд сайн, муу зүйлс бүгд л орж ирнэ.  
Манай улсын хувьд тулгарч байгаа хамгийн том аюул бол Монголд ардчилсан нийгмээс гадна “Хэрэглээний” гэж нэрлэдэг бас нэг өөр нийгэм үүсээд байна.  
Африкт олон жил судалгаа хийсэн Шведийн нэг эрдэмтнийг Монголд судалгаа хийхээр ирсэн байхад нь уулзсан юм. Би яриандаа Монголыг Африкаас дээр гэж үздэгээ хэлтэл тэр эрдэмтэн Африкийн доройтлын шалтгааны талаар тайлбарлаад “Монгол залуустай уулзахад анзаарагдсан нэг зүйл нь тэд брэндээр өрсөлдөж байна. Унадаг машин, өмсдөг брэнд гээд хэрэглээний нийгмийн категориудаар нийгмийн ялгарал нь явагдаж байна. Уламжлалт нийгэмд бол шударга ёс, ажилсаг байдал, эх оронч зэрэг ойлголтууд байдаг. Монгол, Африк шиг орнуудад энэ систем нь устчихсан” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн, боловсролын, хүмүүжлийн тогтолцоонууд нь энэний дагуу ажилладаггүй. Хүүхдүүд хүртэл үнэтэй хувийн сургуульд сурснаа хямд сургуульд сурснаас нийгмийн түвшин өндөр гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний түвшнээрээ нийгмийн харилцааг бүрдүүлдэг болсон.  
Нигер бол Африкийн хамгийн их нефттэй, хамгийн их асуудалтай улс. Нефть байхгүй бол хүмүүс нь бие биенээ алахад бэлэн, ганц нефть л тэднийг нэгтгэдэг гэж байгаа юм. Хэрэв хүмүүсийг мөнгө нэгтгэж байвал үндсэндээ тэднийг юу ч нэгтгээгүй гэсэн үг. Тэдэнд хэл соёл, үндэсний уламжлал гэдэг ямар ч ойлголт, ямар ч нэгдэл байхгүй. Зөвхөн нефтиэс яаж хувь хүртэх вэ гэдгээрээ л нэгддэг. Засгийн газар нь тэндээс хувь хүртээх үүрэгтэй. Байгалийн баялагтай орнуудад тулгардаг хамгийн том асуудал бол байгалийн баялгаа үндэсний ижилсэл, онцлог болгочихдог. 
Өнөөдөр Монгол яг тийм. Монгол бол хамгийн их баялагтай орон. Гаднынхан эндээс булаалдах гэж байна, би монгол хүн учраас хувиа авах ёстой гэдэг. Монгол хүн гэдэг хувьцаа, хувь авах биш, арай өөр юмаар яригдах ёстой. 
Ингээд хэрэглээний нийгмийн систем орж ирэхээрээ ерөнхийдөө улс орон устдаг, задардаг. Тэгэхээр даяарчлалын цаана үндэстэн дамнасан компаниуд явж байна. Тэр байгууллагууд үндсэндээ Засгийн газраас, үндэстнээс дээгүүр, тэдэнд үндэстэн хамаа байхгүй. Монголын хэрэглэгч үү, Швейцарын хэрэглэгч үү ялгаагүй, гагцхүү хэн, хаана худалдаж авч байгаад нь л илүү хайртай. Дэлхийн худалдааны энэ бүтцүүд үндэсний бодлогоос дээшээ гараад ирэхээр хүчтэй явж эхэлж байгаа. 
Нэг жишээ татъя. Өнөөдөр монгол хүүхдэд үндэсний баяр чухал уу, Халловины баяр чухал уу. Сайн харвал Валентин, Халловин бүгд дэлгүүрүүд зохион байгуулдаг баяр. Гэтэл манайд бараг үндэсний баяр болчихсон. Энэ бол уламжлалт нийгэм болон хэрэглээний нийгэм хоёрын гол ялгаа. Хэрэв бид хэрэглээний нийгэм рүү орвол яваандаа гурван сая хүнтэй Монгол Улс биш, гурван сая худалдан авагч л үүснэ. Хоорондын харьцаа нь мөнгө, брэнд зэрэг бусад зүйлсээр тодорхойлогдоно. Ийм болох юм бол нийгэм үндсэндээ мөхөж байгаа юм. 
-"КОВИД 19"-той холбоотойгоор ардчиллаас жаахан ухарчихав уу гэсэн мэдрэмж бас байгаад байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? 
-Ардчиллаас ухарсан гол жишээ гэвэл Америк өөрөө үнэт зүйлээ гээж эхэлсэн. АНУ-ыг 200 жилийн өмнө байгуулж ирсэн тулгуур зарчмуудаа америкууд өөрсдөө мартаж эхэлсэн. Америк дабл стандарт дэлхийд хэрэгжүүлж эхэлсэн. Ирак, Украины дайн байна. Дайныг болиод дүрвэгсдийг ярья. Сири, Ирак хүмүүсийг европууд хүлээж авахгүй, украинуудыг бол хүлээж авна гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, асуудал ардчилалдаа биш, улстөрчид ардчиллыг зөвхөн үнэт зүйл төдийгүй зэвсэг гээд харчихсанд байгаа юм. Хүмүүс өөрийг нь ардчилалд оруулах гэж байгаа биш, зэвсэг болгон ашиглаж байна гэдгийг мэдмэгц ардчилал унаж байгаа юм. 
Энгийнээр бол Монголын ардчилалтай адилхан. 1990 онд бид ардчилалд, ардчиллыг авч явж байгаа хүмүүст итгэж байсан. Гэтэл тэр хүмүүс биднээс түрүүлээд зарчмаасаа ухарсан тул өнөөдөр итгэхээ больсон. КОВИД бол дэлхийн хүмүүсийн стресс бухимдлыг нэмсэн. Тэр нь олон зүйлийг шинэ өнгөөр харахад тусалсан. КОВИД юмсыг хурдасгасан. 
Тиймээс ардчилал ухарч байгаа хамгийн гол шалтгаан бол хоёр стандарттай улс төрийн бодлого. Хоёрт, хэдийгээр корпорацууд нь даяарчлалд орсон ч улс үндэстнүүд, соёл гээд дараа дараагийн зүйлс нь бэлэн биш байсныг ойлгоогүйнх. Товчоор бол бид бүх юмыг даяарчилж болно гэж бодсон. Миний бодлоор болохгүй. Энэ бүх ялгаа нийлээд одоогийн хямралыг үүсгэж байна. 
-Хэрэв та Ерөнхийлөгч болсон бол яаж ажиллах байсан бол. Одоогийн байдлыг яаж дүгнэж харах байсан бол?
-Улс төр яримааргүй байгаа ч үнэнийг хэлэхэд би сонгууль болохоос 21 хоногийн өмнө өөрийгөө оролцохоо мэдэхгүй явсан. Сонгуульд өрсөлдсөнөөрөө би хоёр сайхан зүйлийг олж харсан. Нэгд, залуусыг улс төрд дургүй, идэвхгүй гэж бодож байсан тэр бодол өөрчлөгдсөн. Залуучуудад таарах улс төр нь Монголд байхгүй тул оролцдоггүй юм байна. Хоёрт, 20-оод жил улс төрөөр явсан надад нэг зүйл сюрприз болсон. Нийт 1,500 орчим хүн миний сонгуульд ажилласан байсан. Түүнээс хоёрхон хүн л цалин авсан. Ажилласан хүмүүс бүх зүйлийг өөрсдөө хийсэн. Энэ нь надад маш сонин мэдрэмж өгсөн.  
Монгол Улс өөрчлөгдөх боломж нь байна. Гагцхүү тэр нь өнөөдөр харагдахгүй байна.
Хэвлэл мэдээлэл дэндүү хуучин улстөрчдөөр дүүрсэн. Шинэ залуус нь гарч ирж чаддаггүй, эсвэл боломж нь бүрдэхгүй, магадгүй өөрсдөө ч тэрийгээ мэдэхгүй байна. Надад 200 орчим мянган хүн санал өгсөн. Залуучуудад өөрийн лидерүүд, үзэл санаа, өнгө төрх хэрэгтэй байгааг олж харсан. Залууст мөрөөдөл байна. Тэр мөрөөдлийг нь ярьдаг лидер хэрэгтэй байна.
 Би компанийн захирлуудтай уулзахдаа “10 жилийн дараа компани тань ямар байхыг төсөөлөөд яриач” гэдэг юм. Ихэнх нь ярьдаггүй. Тэд зовлон дундуур туучсаар мөрөөдлөө мартсан байдаг. Хэрэв мөрөөдлөө харж байвал зорилгоо хардаг. Зорилгоо харж байвал энэ олон асуудлууд ажил болж хувирдаг. Өнөөдөр монголчуудад мөрөөдлийг нь авчрах,  тэрний төлөө ажиллах лидер дутаад байна. Үргэлж зовлонгоо яриад байвал байнга стресстэнэ. Бид Хятад, Япон, Сингапур илүү явахын тулд илүү их мөрөөдөх хэрэгтэй. 
Дээхнэ үед Солонгосын Ерөнхийлөгчийн оффист долоо хоног ажиллах боломж тохиож байсан юм. Тэр үед олж харснаар Ерөнхийлөгчийн нэг номерын зорилго бол ард түмний оюун санааны бэлгэ тэмдэг байх ёстой. Тэр нь өөрөө гэсэн үг биш, оюун санааны тэр галыг манах ёстой гэсэн үзэл санаа. Энэ зүйл өнөөдөр манайд дутаж байгаа. Залуус шинэ улс төр, шинэ амьдрал, шинэ хэв маяг хүсэж байна. 
“Улс төр” гэж бичээд байгаа бүх зүйлд өнөөдөр мөрөөдөл алга. Хамгийн хурдан хөгжсөн 10 орныг харвал их мөнгөндөө биш, мөрөөдөлдөө байгаа юм. Бизнест байдаг хоёр чухал зүйл бол инновац, маркетинг. Бусад нь хар ажил. Үүсгэж буй үнэ цэн буюу инновац, маркетинг буюу хэрэглэгчдэдээ хэрхэн хүрч байгаагаараа л ялгардаг. Бусад нь ажил байдаг. Үүн шиг улс орны хөгжил бол мөрөөдөл, засаглал, бусад нь ажил. 
-Ардчиллын талаар барууныхан ирээд манайхыг ажлаа түүхий хийсэн байна гэж ярьдаг. Хоёрдугаарт, эдийн засгийн буруу тогтолцоо руу явсан. Манайх ямар замаар явах ёстой байсан бэ? 
-Харин ч монголчууд сайн явсан гэж хардаг. Гадаад орчин хамгийн таатай байсан үед ардчилалд шилжсэн. Миний бодлоор, ардчиллын замаар манай улс эхний 20 жил сайн явсан. Харин сүүлийн 10 жилд буруу замд орсон. 
Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай нефть дээлэндээ арчиж байсан тэр үед би Канадад байв. Энэ үйл явдлын зургийг Канадын Стратегийн хүрээлэнгийн захиралтай уулзахдаа үзүүлээд “Монгол гараад өглөө” гээд ярьтал тэр хүн надад “Юм хийж үзээгүй хүмүүст их мөнгө олдох шиг аюул байдаггүй. Монголд аюул одоо л эхэлнэ” гэж хэлж байсан юм. 
Мөнгөгүй байхад зөв байдаг. Бөөн мөнгө олоход эвдэрдэг, алалцдаг аж. Ингээд сүүлийн 15 жил яаж явж ирснийг бүх хүн мэдэж байгаа. 
 Миний бодлоор Монголд улс төрийн ардчилал бий болсон. Олон намын тогтолцоо, сонгууль бий болсон. Харин бодит ардчилал маань хөгжөөгүй. Бодит ардчилал бол нийгмийн бусад институтүүдийг байгуулах замаар, бүгдийн оролцоог хангаж байж бий болдог. Тэгвэл манайд мэргэжлийн салбарууд, төрөл бүрийн байгууллагууд нь үүсээгүй, хөгжөөгүй. Улстөрчид зөвхөн сонгууль дээр очоод гацсан. Улс орныг байгуулах процессыг улс төрийн хүрээнээс цааш бид хийж чадаагүй.
Салбарын холбоод ажиллаагүй, үйлдвэрчний эвлэлээ өөрчлөөгүй, эмэгтэйчүүдийн байгууллага нь өөрчлөгдөөгүй, залуучууд яах нь мэдэгдэхгүй үлдсэн. Ганц л юмтай. Тэр нь нам. Намаа л шийдчихвэл бусад юмаа шийднэ гэж боддог. Нам шийдэж чадахгүй зүйл хорвоод дүүрэн байна. 
 Товчхондоо манайд нийгмийн институтүүдээ байгуулаагүй. Одоо байгаа ганц нийгмийн институт нь фэйсбүүк. Тэнд л бүгд оролцдог, зодолддог болсон. Яагаад байгуулаагүй вэ гэвэл улстөрчид нь их эгойст. Тэд гурван сая хүний асуудлыг шийдье гэж зорилго тавиагүй, өөрсдийнхөө л асуудлыг шийдсэн.
Хуульч Б.Чимид гуайгаас би 1990 оны АН одоогийн АН хоёр ямар ялгаатай талаар асуухад “90 оны АН бол үнэхээр Монголын төлөө байсан. Одоогийн АН өөрийнхөө л төлөө болсон” гэсэн юм. Б.Даш-Ёндон гуай бас хамт байсан. Түүнээс МАН мөн ямар ялгаатайг асуухад “Ерөнхийдөө адилхан даа. Одоогийн МАН яг л үйлдвэртэй адилхан хувьчлагдсан нам. Өмнө нь хувьчлагдаагүй байсан” гэж хэлж байсан юм. 
undefined
 -Тэгвэл Монголын ардчиллын хамгийн том аюул нь юу юм бэ? 
-Чехийн анхны Ерөнхийлөгч Вацлав Хавел гэж драмын жүжгийн зохиолч хүн байсан. Манай “Хонхны дуу” шиг Чехийн ардчиллын тунхаглал болсон түүний нэг өгүүлэл байдаг юм. Тэр өгүүлэл их энгийн. Прага хотын захад байх нэгэн дэлгүүрт ажилладаг хэсэг хүн ажлын цагаар Чехийн коммунист нам мандтугай гээд, зурагт хуудас наачихсан ажилладаг бол орой нь дэлгүүрээ хаачхаад “Нам ёстой хэрэг алга” гэхчлэн өдөр ярьсныхаа эсрэг бүгд зогсдог. Хоёр амьдралтай, өдрийн амьдрал нь шөнийн амьдралынхаа эсрэг. Өөрийнхөөрөө амьдрахаас айж байна гэсэн санаа. Нэг амьдралаар амьдрахаас айхыг боочлол гэнэ. Вацлав Хавелын гол томьёолол нь, муу ч, сайн ч нэг амьдралаар амьдрах боломж олгодогоороо ардчилал социализмаас давуу гэдэг санаа. Энэ бол монголчуудын одоогийн хамгийн том дутагдал. 
Дунд сургуулиудад сонгодог уран зохиол заахаа больсон. Уран зохиол бол хүн төрөлхтний түүхийг, сэтгэлгээг заадаг. Шекспирийн Гамлет жүжгийн зохиолд Гамлетад “Орших уу, эс орших уу” гэсэн асуулт тулгардаг. Энэ бол маш энгийн ойлголт. Түүнийг ордондоо ирэхэд аав нь алагдсан, ээж нь нагац ахтай нь хуйвалдсан байдаг. Гамлетад хоёр зам байсан. Нэг нь тэр бүхнийг хараагүй царай гаргаад ханхүүгийн амьдралаар амьдрах, эсвэл шударга бус хуйвалдааныг хараад өөрөө үрэгдэх. Эцэст нь өөрийнхөөрөө яваад үхэж байгаа юм. 
Философийн нэг асуултыг Гамлет асуудаг. Яг чин үнэнээрээ байх уу, эсвэл дүр эсгэх үү? Вацлав Хавел мөн энэ асуултыг асуудаг. Хэрэв бид дүр эсгэвэл хэзээ ч хөгжихгүй. Дүр эсгэж хөгжиж болдоггүй. Хөгжлийн ганцхан шалтгаан бол үнэнээрээ явах. 
Өнөөдөр Монголд ардчиллын хамгийн том аюул бол шүүхээр орсон ч урд хаалгаар орох, ард хаалгаар орох хоёр өөр. Цагдаад очсон ч, татвар төлсөн ч хоёр өөр. Чехийн ерөнхийлөгч Вацлав Хавелын тодорхойлолтоор Монголд эрх чөлөө ирээгүй. Яагаад гэвэл хүн хоёр амьдралаар амьдрахаас аргагүй орчин бол эрх чөлөөгүй орчин. Тэгэхээр манайд суурь түвшиндээ эрх чөлөө ирээгүй. Сонгууль байгаа, олон нам байгаа. Яг амьдралын түвшинд бид ахиад хоёр нүүр гаргаж байгаа юм. Хараагүй царай гаргаж байна. Нийгэм, улс үндэстэн энэ асуултандаа хариулаагүй цагт дараагийн зам олдохгүй гэж Вацлав Хавел хэлсэн байдаг. 
Үнэнээрээ явах нь дээр гэдгийг ойлгосон цагт ард түмэн гэгээрдэг. Тэрний төлөө ядуу байсан ч явдаг, тэмцдэг цагт улс орон хөгждөг. Харин дүр эсгээд явбал хөгжлөөсөө ухардаг. Энийг ганц л аргаар өөрчилнө. Тэр бол оролцоо. Манайд яагаад ардчилал явахгүй байна гэхээр сууриараа бол ардчиллыг улстөрчид хийнэ гэж хүлээдэг. Ардчиллыг улстөрчдөөс хүлээж байгаа цагт үргэлж гацна, дутна. Оролцоог хангаж байж ардчилал хөгжинө. 
-Монголд шинэ үеийн лидер хэрэгтэй байна гэж байна. Оролцоо, манлайллыг хэн нэгэн лидер хийдэг гэж ярьдаг. Ардчиллын үед нь хэсэг залуус манлайлж байсан. Одоо тэр үе нь ирсэн үү?
 -Данзан гуай 1922 онд “Бүгдээрээ баяжагтун” гэж хэлж байсан. Дэн Сяопин яг тэр үгийг давтаж хэлж байсан. Тэгээд Хятадад бүгд бужигнасан. Хятадын өөрчлөлт бол тус улсын коммунист намын ухаантайнх мөн байж болох ч үндсэн өөрчлөлт бол хүн болгон оролцсон явдал. Коммунист нам юугаараа ухаантай вэ гэвэл хийх замыг нь, хүн болгон баяжих боломжийг нь нээж өгсөн. Харин Монголд сүүлийн 10 жилд үүний яг эсрэгээр явж байгаа юм. Том дарга гарч ирээд, том нам асуудлыг шийднэ, та нар хүлээж бай гэдэг хандлага. Ардчилал ухарч байгаагийн гол шалтгаан энэ. Бид хүүхдээ “Сууж бай, аав нь бүх юмыг чинь шийднэ” гэвэл яах вэ. 
 Өнөөдөр яагаад удирдагч төрөхгүй байна вэ? Монголд яавал хөлбөмбөгийн сайн баг бүрдэх вэ гэвэл бүх хүүхэд тоглодог болсон үед шүү дээ. Ямар ч элит сургууль байгуулаад төрөхгүй. Түүнтэй адилхан удирдагчид бол олон түмний оролцооноос төрдөг. Удирдагч төрүүлэхгүй байх ганцхан арга нь оролцуулахгүй байх. Үүнийг өнөөдөр хэрэглэж байгаа. “Удирдагчийг томилсон. Та нарын үүрэг бол мөргөх” гэсэн аяс. Оролцоо байхгүй. Монголд удирдагчид ямар үед төрөх вэ гэвэл оролцооноос төрнө. Гэтэл оролцоо нь байхгүй болохоор тэр хүн өөрийгөө удирдагч болно гэдгээ ч мэдэхгүй өнгөрч байгаа гэж боддог. 
 Би коммунизмыг гурван жил судалдсан. Лениний нэг үг байдаг юм. Удирдагч хувьсгал хийдэг юм биш. Олон түмэн бухимдахаар хувьсгал бий болдог. Хувьсгал нь удирдагчаа төрүүлдэг. Тэр ард түмний тэмцэлд хариулж чадсан хүн удирдагч болдог гэж. Миний баримталдаг зарчмаар бол удирдагч хэн болоход битгий санаа зов, олон түмний оролцоо, ардчиллыг хөгжүүлбэл хэн нэгэн болж л таарна. Яагаад гэвэл энэ бол байгалийн хууль. Үүнтэй адил би өдөр бүр ажлаа сайн хийвэл жилийн дараа сайн байж л таарна. Жилийн дараа ямар байхыг яг одоо бодоод сэтгэлээр унах шаардлагагүй. Амжилттай яваа хүмүүсийн нууц нь үр дүн биш, процесстоо итгэдэг. Үүн шиг ардчиллын системээ ажиллуулж чадвал хөгжинө.
-Гадаад орчин бас хөгжихөд нөлөөлж байгаа шүү дээ?
-Монгол шиг жижигхэн оронд гадаад орчин их нөлөөлдөг л дөө. Гэхдээ гадаад орчныг бид хянаж чадахгүй. Тэрийг бодохоор шийдэл ч байхгүй, бодох ч хэрэггүй. Ганцхан дүрэм бол өөрөөсөө хамаарах бүх юмыг л хийх. Ялах, ялагдахыг мэдэхгүй. Ялагдсан ч сэтгэл тэнүүн ялагдана. 
Намайг сонгуульд нэр дэвшиж байхад "МАН тэртэй тэргүй ялна шүү дээ" гэж байсан. Тэр бол надаас хамаарахгүй, ард түмэн шийднэ биз. Энхбатаас хамаарах юу байна, чадах юмаа л хийх хэрэгтэй. Эргээд харахад би жаргалтай үлдэж байгаа юм. Хийх цагтаа хийхгүй яавдаа гэж бодох шиг зовлон байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо миний барьсан зарчим ердөө тэр.
Бөмбөг ирсэн үед өшиглөх л хэрэгтэй. Орох уу, үгүй юу хамаагүй. Хэрэв чи тэр зовлонг түрүүлж бодвол чи хэзээ ч цохихгүй. Ганцхан чиний үүрэг бол чиглүүлээд л хамаг чадлаараа цохих. Хэрэв цохихгүй өнгөрөөчихвөл харамсана. Түүнтэй адил чадах бүхнээ л хийх ёстой. 
Дээр ярьсанчлан, мөрөөдөл, зарчим гээд зөв зам дээр гарчихвал удаан ч гэсэн бид урагшилна. Буруу зам дээр хэчнээн хурдлаад хэрэг байхгүй.
Бид хорвоог өөрчилж чадахгүй. Ганцхан хүмүүс хоорондын харилцаа, системийг өөрчилж чадна. Баруунд хүн нь биднээс хөгжиж гэгээрсэн юм байхгүй. Төр нийгмийнхээ системийг зөв хийгээд байгаа юм. Яагаад зөв хийгээд байна вэ гэвэл хүн нийгмийн, системийн институтээ томоор харж чадаж байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн гэнэт гэгээрээд Монгол Улс араас нь хөгжихгүй. Монгол Улс бүгд оролцож, институтүүдээ зөв байгуулах ёстой. Сурах ёстой, мэдлэгээр явах ёстой. Энэ процесс явбал бид Япон, Солонгосоос алинаас нь ч дутахгүй. 
 -Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн