Open iToim app
Нийтлэл | 7 мин уншина

Томилолт: Уурхай хаагдах айдас холдсон ч алс ирээдүйгээ бодсон "Эрдэнэт"-ийн нүүдэл

Томилолт: Уурхай хаагдах айдас холдсон ч алс ирээдүйгээ бодсон "Эрдэнэт"-ийн нүүдэл
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 21
Зэсийн үнэ өсөж л байвал Монголын эдийн засаг гал алдахгүй, улсын төсөв орлоготой, орлогоор нь улсаа тэжээж, тэтгээд байж болдог. Байгалийн баялаг байхад амь тавихгүйгээр амьжиргаагаа залгуулж дөнгөнө. Харин зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унавал урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхөд хүрдэг. Ийм зовлон үүрдийнх биш, зуурдынх голдуу байдаг. Учир нь байнга үнэ уруудаад байдаггүй, өсөх цаг ирдэг. Эдийн засгийн хямрал ч холдож, эрэлт, нийлүүлэлт зөрдөг, тэнцдэг.
Харин олборлох уурхайгүй, зарах зэсийн баяжмал, нүүрсгүй болсон цагт гар хоосон, хамаг байдгаа барах аюултай. Энэ нь уурхай дагасан хот суурин, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс орнуудад хүндхэн тусдаг шок. Налайхын нүүрсний уурхай, Бэрхийн хайлуур жоншны уурхай үүний тод жишээ. Гунигтай түүх. Ар амьдралаа авч явдаг аав нар, ах нар гэнэт л нэг өдөр ажилгүй болох. Зарим нь архинд орж, ахуй амьдрал нь доройтох.
Зөвхөн Монголд гэлтгүй хойд хөршид, холын Англид хүртэл ийм асуудал бий. Урьдчилж тооцсон уурхайн хаалтын менежмент байхгүй, уурхайчдад өгөх нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үгүй учраас тэнд тэнгэр хөмрөх шиг бараан өдрүүд үргэлжилсэн гэдэг. Одоо ч үүний ул мөр арилж амжаагүй байгаа.
Манай улсын экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамаардаг. Гэхдээ ухах, тээвэрлэх, борлуулах баялаг нь одоогоор бидэнд бий. Байхгүй болчихвол яана гэх айдас мэдээж төрнө. Эрдэнэтийн зэс молибдений ордыг түшиглэсэн Орхон аймгийн хувьд одоо биш ч ирээдүйд бодох эрсдэл энэ юм. Байгалийн нөөц баялаг шавхагддаг. Тэр тусмаа уул уурхай баялаг цаг хугацааны эрхээр дундарч, эдийн засгийн үр ашиг нь багасаж, уулын техникийн нөхцөл нь хүндэрдэг. Ашигт ажиллагаа, өгөөж нь буурна, эрдсийн агуулга нь багасна. Дундардаггүй, дуусдаггүй баялаг гэж үгүй.
“Эрдэнэт үйлдвэр” зургаан талбайд нэмэлт хайгуул хийнэ
undefined
100 гаруй мянган хүн амтай, уурхай, үйлдвэр дагасан 10 мянга орчим ажилтантай, уурхайгаас хамааралтай аж ахуйн эрхлэх нь дэндүү олон, том үйлдвэр түшсэн Орхон аймгийн хувьд төсвийн орлогоо өөрөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг нь. Улсын төсөвт ч жинтэй орлого төвлөрүүлнэ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүлийн арван жил тогтмол тэргүүлж ирсэн аж үйлдвэрийн хот. “Эрдэнэт үйлдвэр”-ийн  бий болгосон төвлөрсөн хот суурин. Монгол хүний сэтгэлд хот хэмээн дархлагдсан аж үйлдвэрийн бүс юм.
Эрдэнэтчүүд 40 гаруй жилийн турш том уурхайн хаялга дор амар амгалан аж төрсөн ч алс ирээдүйгээ одооноос бодох цаг иржээ. Эрдэнэт үйлдвэр 40, 50 жилийн дараа магадгүй түүнээс арай хол хаагдах үед хэрхэн хэвийн амьдрах, цаашаа орших тухай юм. Орон нутагт өгөх өгөөж орлого буурах, ажиллах уурхайчдын тоо цөөрөх гээд эрсдэл их.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах хэлэлцээрийн үед 30 жилийн нөөцтэй гэж тооцолж байсан бол өнгөрсөн хугацаанд нэмэлт хайгуул хийж, нөөц баялгаа нэмэгдүүлсээр өдгөө 45 дахь жилтэйгээ золгож байна. Уул уурхайн үйлдвэр цаашид оршин тогтнохын тулд эрдэс баялгийн нөөц арвин байх учиртай. Тиймээс үйлдвэрийн зүгээс хайгуулын ажилд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулж, 70 орчим жил тасралтгүй ажиллах баялаг үүцээ баталгаажуулжээ. Үүнийг олж нээхэд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Хамгийн багадаа л хагас зуун жил ажиллах баталгаатай нөөцтэй болсон нь “Эрдэнэт үйлдвэр” зогсох нь, уурхай хаагдах нь гэсэн айдас холджээ.
Олж ирүүлсэн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдахгүй дахиад ч нэмэлт хайгуул хийхээр зургаан зөвшөөрөл авч, шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх юм байна. Тэгэхээр нөөц нэмэгдэх, агуулга сайжрах, ууган үйлдвэр удаан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ жил Эрдэнэт үйлдвэр байгуулах тухай анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, үйлдвэр анхны баяжмалаа экспортод ачуулж, уурхайн он тоолол албан ёсоор эхэлсний 45 жилийн ой тохиох аж. 
Г.Ёндон: Үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлаа бууруулахад анхаарч байна
undefined
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон “Жил болгон түүхэн амжилтаа үйлдвэр ахиулж  байгаа. Олборлолт, экспорт, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого гээд. Өнгөрсөн онд гэхэд 33.6 сая тонн хүдэр боловсруулж, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс болон орон нутгийн төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэнд тэмдэглэх өндөр үзүүлэлт. Энэ онд мөн адил хүдэр боловсруулалт, экспортын хэмжээгээ ахиулахаар зорьж байна. Хүдрийн биет дэх агуулга буурч, уулын  техникийн нөхцөл хүндэрч, уурхай улам гүнзгийрч, тэр хэрээр зардал нэмэгдэж байгаа. Цахилгаан, дизель түлш мөн орно. Хэдий ийм боловч илүү ихийг боловсруулах, баяжуулах, өртөг зардлаа бууруулах, өргөтгөл, шинэчлэлийг тасралтгүй хийхээр зорьж, ажиллаж байна. Ингэснээр үйлдвэрийн ашигт ажиллагаа хэвийн, эдийн засагт, төсөвт гүйцэтгэх үүрэг, ачааллаа хадгална” гэлээ.
Г.Ёндон даргын хувьд мэргэжлээрээ уурхай дамжин ажилласан, уурхайчдын зовлон, жаргалыг сайн мэдэх, тэр тусмаа Зөвлөлт, Монголын хамтарсан уурхайгаас ажлын гараагаа эхлүүлсэн түүнд “Эрдэнэт үйлдвэр”-т ирж ажиллах нь цоо шинэ орчин нөхцөл биш юм.
undefined
2022 оны байдлаар улсын төсвийн орлогын 10.5 хувь, ДНБ-ий 6.3 хувийг бүрдүүлэх “Эрдэнэт үйлдвэр” хайгуул, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, техник технологийн тасралтгүй найдвартай ажиллагаанд хөрөнгө харамлахгүй. Харин ч уурхайн насжилтийг уртасгах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжүүлэхээс гар татахгүй гэдгээ хэлж байна. Тэгж байж л “Эрдэнэт үйлдвэр”, Орхон аймаг, улмаар улсын эдийн засагт ирэх өгөөж, орлого тогтвортой байх нь. Энэ онд ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төдийгүй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барьж, дуусгах юм байна.
Уулын цулын тээвэрт авто болон туузан тээврийг хослуулан хэрэглэх нь дэлхийд шалгарсан технологи аж. Дэлхийн уул уурхайн практикт ил уурхайн гүн 150 м-ээс хэтэрсэн тохиолдолд мөчлөгт урсгалт тээврийн технологийн нэвтрүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн гүн 195 метрт хүрч, уулын цул тээвэрлэлтийн зай жил ирэх тусам нэмэгдэж байна. Уулын цулыг тээвэрлэх техникийн элэгдэл ч ил уурхайн зардалд нөлөөлж эхэлсэн аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 16 сая орчим ам.доллараар зардлыг бууруулах төдийгүй улс болон орон нутгийн төсөвт 6 сая орчим ам.доллар нэмж төвлөрүүлэх, үйлдвэрийн газрын цэвэр ашиг 10.2 сая ам.доллараар нэмэгдэж, нэг тонн хүдэр олборлох зардал 20 хүртэл хувиар буурахаар байгааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж-үр ашиг” бүтээлдээ онцолжээ.
undefined
Мөн үйлдвэр технологийн паркийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто зам бүхий дэд бүтцийг байгуулах, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр барих ажлаа эрчимжүүлэх аж. Эдгээрийн үр дүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өртөг зардлаа бууруулж, ашиг орлогоо өсгөхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр зорьж байна. Тус үйлдвэр 2017-2022 онд 2.3 их наяд төгрөгийн техник, технологийн шинэчлэл хийж, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангажээ. 2031 он хүртэл 22 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 21-ийг нь эхлүүлж, гурван төслийг нь бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээн авчээ.
undefined
Хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлж байж, орлогоо хадгалах сорилт
Монголын эдийн засаг гурван уурхай дээр тогтож байгаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, дараагийнх нь  саяхан гүний уурхайн тасралтгүй олборлолтоо эхлүүлсэн “Оюу толгой”.  “Оюу толгой”-н олборлолтын оргил үе 2030 оноос яригдаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” оргил үе нь хөрөнгө оруулалтын үр дүнд үргэлжилж байна. Жилээс жилд хүдрийн боловсруулалт нэмэгдэж, борлуулалтын орлого өсөж байгаа. Энэ үйл явц байнга энэ чигээр хадгалагдах боломжгүй. Гэхдээ хайгуулын үр дүн, түүнээс олох хүдрийн агуулга, техник технологийн шинэчлэлээс хамаарч оргил цагийг уртасгах боломжтой. Уурхайн амьдралын горим энэ. “Эрдэнэт үйлдвэр”  үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулахгүй, энэ хэвээр хадгалах, хоёр сая тонноор хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлж, 40 сая тонн болгохоор төлөвлөжээ. Хэрэв хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд хийгээгүй байсан бол хүдэр боловсруулалт 36.7 сая тонн бус 30-аас доош орж ирэх байсан судалгааг үйлдвэрийн зүгээс хийсэн байна лээ. Нөөцийн чанар, агуулга муудаж байгаа учраас хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх замаар баяжмалын хэмжээгээ хадгалахад тус үйлдвэр ач холбогдол өгч байна.
Ухдаг уурхайгаас ургадаг бизнес рүү шилжиж байна
undefined
 “Эрдэнэт үйлдвэр”-гүйгээр улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн орлогыг төсөөлөх боломжгүй. Энэ үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт хоногт л 4.9 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Эндээс ямар их ачаа үүрч байгаа нь харагдах биз ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгойн ордыг олж нээсэн, олборлож эхэлсэн орчин цагийн уул уурхайн салбар 100 жилийн настай. Үүний 40 гаруй жилийн түүх нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамт. Үйлдвэрийн түүх үндэсний эдийн засгийн сэргэлт байсан гэж хэлж болно.
Уул уурхайн баялаг мөнх биш. Харин хүн төрөлхтний хэрэгцээ дуусашгүй. Тиймээс тус үйлдвэр ногоон хөгжлийн цогцолбор төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэлж байна. Номин ногоон зэсийн баяжмал олборлодог “Эрдэнэт үйлдвэр” дунд хугацаанд нов ногоон ой үелэн сүндэрлүүлж, ургадаг, төлждөг баялаг “үйлдвэрлэдэг” тэр цаг үе рүү гүн гүнзгий шилжих аж. Үүнийгээ үр ашигтай бизнес, тогтвортой орлогын эх үүсвэр, шавхагддаг баялаг бус үл шавхагдах эко систем болгох нь ээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уул уурхайн компаниуд түүчээлэн дэмжсэн. Үүний 100 саяыг нь “Эрдэнэт үйлдвэр” тариалах амлалт өгсөн. Тэгвэл тэд 100 саяар тогтохгүй нь. Хангайн бүсийн шилмүүст ойг хамгийн ихээр тариалах, брэнд болгох, чанаржуулахад түлхүү анхаарч эхэлсэн байна. Ойн инновацын “Эрдэнэт” паркийн хүрээнд генетик нөөцийн төв, хөрсний биотехологийн төв, мод үржүүлгийн цогцолбор, ногоон хөгжлийн төв байгуулахаар бүтээн байгуулалт нь урагшилж, зарим нь үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Уурхайчид зөвхөн ухдаг, уул уурхай байгаль орчныг сүйтгэдэг гэдэг ойлголт өөрчлөгдөж байна. Тэд ухдаг, бас ургуулдаг, арчилж чаддаг гэдгийг бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс тод харах нь.
Б.Баяртогтох нь iToim сайтад 2023 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Эдийн засаг, уул уурхай, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Bayartogtokh Batbayar-facebookБ.Баяртогтох-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн