Монголын эдийн засаг, бизнесийн орчны “итгэлийн индекс” болсон “Оюу толгой” төслийн гүний уурхайн олборлолтыг өчигдөр эхлүүллээ. Гүний уурхай эдийн засгийн эргэлтэд орж, үйлдвэрлэлд шилжиж байгаа нь эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд ямар нөлөөлөх үзүүлэх вэ. Энэ талаар эдийн засагчдаас болон МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тодрууллаа.
Ч.Отгочулуу: Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олох боломж
-Гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд чухал эерэг нөлөө үзүүлнэ. Төсвийн орлого, татварын хураамж, төлбөр цаашид жилээс жилд нэмэгдэнэ. Экспортын хэмжээ ч дунд хугацаанд өсөж таарна. Хөрөнгө оруулалтын орчинд төдийгүй эдийн засаг таатай байдал үүснэ. Хэт их өндөр хүлээлтээр өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлох бус эдийн засгийн байдал дунд хугацаанд сайжрах нь, дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олох боломж, үүд нээгдэх нь гэж харвал онох байх аа. Шууд нөлөө гэхээс илүү үйлдвэрлэл жигдэрч, гүний уурхайн бүрэн хүчин чадлаараа ажиллах цаг үеэс эдийн засагт хаялга нь томоор мэдэгдэж, үр нөлөө нь тодорхой харагдана.
Б.Лакшми: Эдийн засагт үр нөлөө нь шууд бус аажмаар ирнэ
/Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал/
-Гүний уурхайн олборлолт эхэлсэн нь хөрөнгө оруулалтын орчинд, хөрөнгө оруулагчдад эерэг дохио. Төслийн бүтээн байгуулалт урагшилж, үйлдвэрлэлд шилжиж байна. Хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид эхлүүлсэн төслөө дуусгалаа. Урт хугацаанд хөрөнгө оруулалт татахад “Оюу толгой”-н гүний уурхай түлхэц болохуйц дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр гүний уурхай ашиглалтад орсноор шууд үр дүнгээ өгөх боломжгүй, бага багаар үр өгөөж нь ирнэ гэж харж байна. Олборлолт эхэлснээр эдийн засагт шууд огцом өсөлт гарахгүй. Харин дунд хугацаанд, гүний уурхайн олборлолт жигдрэх үед нөлөө нь илүүтэй бодитой харагдана. Төслийг энэ хүргэх хугацаанд жижиг асуудлууд байсныг үгүйсгэхгүй. Үүнийгээ талууд дор бүрнээ засаад, сайжруулаад сайн туршлага болон үлдэж байна. Ямар ч байсан монголчууд том төслөө тогтвортой хэрэгжүүлж, ард нь гарч байгаа нь шинэ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна.
Ц.Түмэнцогт: Төслийг өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
/Монголын бизнесийн зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга/
2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш “Оюу толгой” төсөлд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ хугацаанд олон зуун бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч үйл ажиллагаа явуулж байна, үндэсний компаниуд чадавхжсан. Олон мянган залуучууд дэлхийн хэмжээний орчин үеийн уул уурхайн мэдлэг, ноу хау, ажлын арга барилд суралцсан байна. Цаашид том уурхайг дагаад ажлын байр шинээр бий болж, өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчээ дотоодоос нийлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутгийн хөгжил, хот байгуулалтад хувь нэмрээ оруулна гэж харж байна. Зэсийн хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа. Үнэ харьцангуй тогтвортой өсөх, цаашид улам их боломж нээгднэ гэж харж байна.
Г.Жавхлантөгс: Оюу толгой шиг шилдэг технологийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой
/Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал/
Дэлхийн зэс үйлдвэрлэлд Монгол Улс томоор хувь нэмрээ оруулах үүд хаалга нээгдлээ. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Цаашид хөрөнгө оруулалт нэмэгдэх, дараа дараагийн шинэ төслүүд хэрэгжих боломж бий болно. Зөвхөн улу уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн салбарт Оюу толгой шиг хөрөнгө оруулалт татах, дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлэх боломжийг бид эрэлхийлэх ёстой. “Оюу толгой” төсөл хэрэгжсэнээр манай уул уурхайн салбарынхан илүү мэргэшиж, АНУ, Австралийн уул уурхайд хүртэл ажиллаж эхэлсэн. Уул уурхайн хөгжлийг ахиулахад энэхүү төсөл томоохон түлхэц болсон. Засгийн газар цаашид бодитой хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх юм байна гэсэн хүлээлттэй байна.
Б.Мөнхсоёл: Засаглал муу байвал орлого нэмэгдээд ч ард иргэдэд нөлөөлөхгүй
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг, бизнесийн орчин сүүлийн жилүүдэд төдийлөн сайн байж чадсангүй. Харин гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засаг, нийгмийн уур амьсгалд ихээхэн эерэг өөрчлөлт авчирна гэж харж байна. Хөрөнгө оруулалтын орчинд ч нөлөө нь гарна. Монголын эдийн засгийг уул уурхайн салбар ойрын жилүүдэд тодорхойлохоор байна. Тиймээс баялгийн засаглалыг сайжруулах, төсөвт төвлөрөх орлогын менежментийг зөв хийж, бусад салбараа ч хамт хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр төрийн бодлого, хөтөлбөр чиглэх ёстой. Эдийн засгийн төрөлжилт гэж бид ярьдаг. Засаглал муу байвал орлого нэмэгдээд ч нийгэмд, ард иргэдэд үр нөлөө нь мэдрэгдэхгүй.
Ж.Дэлгэрсайхан: Оновчгүй төсөвт, мөнгөний бодлого хэрэгжүүлбэл эдийн засагт ач холбогдол нь харагдахгүй
/СЭЗИС-ийн багш, эдийн засагч/
-Төслийн үр өгөөжийг сайжруулах, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөллийг дээшлүүлэхэд бид илүүтэй анхаарч ажиллах хэрэгтэй. “Оюу толгой” бол нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх төсөл. Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр, татвар, хураамж цаашид нэмэгдэх төдийгүй туслан гүйцэтгэгч компанид ч энэ нь эерэг үр дүн авчирна. Огцом гэхээс илүү 2028 оноос үр нөлөө нь нэмэгдэнэ. Төсөвт төвлөрөх татвар, хураамж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдрэх хэрээр нэмэгдэнэ. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг мессеж болно. Гол нь их хэмжээний олборлолт, их хэмжээний орлого олох хүлээлт дор оновчгүй төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлбэл эдийн засагт ач холбогдол нь харагдахгүй. Халамжийг угтаж хавтгайруулж болохгүй. Орлогыг үр ашигтай, хүртээмжтэй зөв хуваарилахад анхаарах нь чухал.
Н.Энхбаяр: Экспорт болон валютын орох урсгал нэмэгдэх эерэг үр дагавартай
“Оюу толгой”-н танилцуулснаар , 2028 онд гүний уурхайн үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн. Юуны өмнө экспорт болон валютын орох урсгал нэмэгдэх эерэг үр дагавартай. Засгийн газрын зүгээс “Оюу толгой”-н цахилгаан, шатахуун түлшийг дотоодоос ханган нийлүүлэх гэрээ байгуулах шаардлагатай. Хэдий Хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчний асуудлыг дэд бүтэц хэсэгт тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжиж чадаагүй. Шатахууныг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж байгаа Газрын тосны үйлдвэрээс дунд хугацаанд нийлүүлэх тухай гэрээ байгуулах нь эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмнэ. Уул уурхайн болон гүний уурхайн шинэ технологиудыг Монголд анх удаа “Оюу толгой” нэвтрүүлж, дэлхийн түвшинд ажиллах ур чадвар олгож байна. Төслийг дагасан үр нөлөө их байсныг энд тодотгоё.
Г.Батжаргал: Эдийн засгийн тусгаар тогтнол бэхжихэд сайнаар нөлөөлөх үйл явдал
-Хамгийн чухал давуу нь монголчуудын гуравдагч хөрштэй хамтарсан хамгийн том бүтээн байгуулалт болох “Оюу толгой” төслийн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь эдийн засгийн тусгаар тогтнол бэхжих, Үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх үйл явдал. Уурхайн нээлт болсон ч зэсийн баяжмалын олборлолт огцом нэмэгдэхгүй, тодорхой үе шаттай цаашид нэмэгдэхээр байгаа. Аливаа эрсдэл гарахгүй нөхцөлд 2028-30 онд олборлолт оргил үедээ хүрч, 3-4 дахин нэмэгдэнэ. Бүрэн хүчин чадалдаа хүрэхэд дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно. Зах зээлийн дунд хугацааны эрэлт, хэрэгцээ нь тийм ч муу биш байна. Зэсийн зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээс ойрын 5-10 жилд их байхаар байгаа. Гүний уурхайн олборлолтын үйл явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх ач холбогдолтой.
О.Амартүвшин: Хөрөнгө оруулалт сэргэхэд нөлөөлнө
Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад өнөөдөр зэсийн эрэлт хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байна. Цаашдаа ч үнэ, хэрэгцээ нь улам өснө. Энэ үед “Оюу толгой”-н далд уурхай ашиглалтад орсноор дэлхийн хэмжээнд 4 дэх том уурхай болно гэж байна. Энэ төсөл дан ганц эдийн засгаар хэмжигдэхгүй Монгол Улсын тусгаар тогтнол, дэлхий даяар Монголыг таниулах, сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах маш том алхам болсон. Эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь маш их. “Оюу толгой”-д ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, тэнд ажиллагсад, татвараар дамжаад Монголын нийт ард түмэнд шууд болон шууд бусаар өгөөж нь ирнэ. Гадны хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд зогсонги байсан. Энэ бүхнээ засаж залруулах, сэргээх боломж, гарц гэж гүний уурхайг харж байна.