Стратегийн чухал ашигт малтмалаас Уурхайн хаалт хүртэл...
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр, маргааш болно. Энэхүү арга хэмжээг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд санал авах ажлыг эхлүүлжээ. Уул уурхайн салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох эрх зүйн баримт бичиг удаан хугацааны турш яригдсан. Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун сэдэв тус хуулийн төсөл болж мэдэхээр байна.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсэг салбарын сайдын тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 25-нд байгуулагдаж байлаа. Тухайн үед уул уурхайн салбарыг одоогийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүлж байв. Түүний сайдаар ажиллах хугацаандаа зүтгүүлсэн эрх зүйн шинэчлэл дараагийн сайдын бүрэн эрхийн хугацаанд биеллээ олж магадгүй нь. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ч ийм итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа биз ээ.
Эргэн сануулахад, 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчилсэн. Энэ найруулгаар өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Уул уурхайн салбарын “малгай” хуульд нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж, шинэчилсэн байдаг. 1997 оны хууль харьцангуй либерал үзэл санаатай гэдгээрээ түүхэнд үлдсэн. Том үр дүн нь Оюу толгой орд гэж хэлж болно. 2006 оны хуульд онцлох тодотгол бага. Либерал үзэл санаа нь илүүтэй хумигдсан гэж салбарынхан дүгнэдэг.
Тэгвэл байгалийн баялаг, түүний хуваарилалт, уул уурхайг харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 бүлэг, 77 зүйлтэй Ажлын хэсэг боловсруулжээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд “Чухал ашигт малтмал” хэмээх шинэ нэр томьёо оруулж ирсэн байна. Энэ нь салбарын эрх зүйн харилцаанд урьд өмнө байгаагүй ойлголт. “Чухал ашигт малтмалын жагсаалт”-ыг Засгийн газар батлах бөгөөд эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг АМГТГ жил бүр төлөвлөх үүрэг хүлээжээ. Стратегийн орд гэж ярихгүй, харин Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж ярьж, хэлдэг болох нь. Шинэчилсэн найруулгын шинэ зүйлийн нэг нь энэ.
Стратегийн ордод бүртгэх, түүнийг тодорхойлох процесс их улс төрийн гадна үлдээгүй. “Стратеги” гэх үг өөрөө тухайн асуудлаа улам ярвигтай болгодог ч талтай. Энэ зовлонг бид туулаад гарсан. Дахиад бас туулж ч магадгүй байна. Шинэчилсэн найруулгын удаах онцлог гэвэл уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааг хуульчилж өгчээ. Хаах зардлаа даахгүй уурхайг нээх ёсгүй гэсэн зарчим дэлхийн зарим улс орнуудад үйлчилж байна. Манайд гэхэд уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж БОАЖЯ-ны тооллогоор, нийт 8 мянган га талбай эвдэрчээ.
Шинэчилсэн найруулгын 7 дугаар бүлэгт дээрх зохицуулалтыг бүрэн тусгасан гэдгийг хэлье. Уурхайн хаалтын санхүүжилтийг мөн авч үзсэн байна лээ. Хуулиар зохицуулаагүй, журмаар өдий хүртэл энэ харилцаа явж ирсэн. Тэгвэл шинэчилсэн найруулгаар ашиглалт болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг заавал боловсруулж, баталгаажуулахаар заасан. Урьдчилсан хаалтын төлөвлөгөөг уурхайн олборлолт болон баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш таван жил тутам нарийвчлан тодотгох юм байна. Тэрчлэн ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд өөрчлөлт орсон бол мөн л хоёр жилийн дотор тэр даруй тодотгох аж.
Байнга хардлага дагуулдаг хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгохоор байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар 3 удаа сунгах эрхтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэх, хайх, ашиглах, баяжуулах харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгийн харилцаа, олон нийтийн оролцоог мөн бүлэг болгон хуульчилжээ. Энэхүү бүлэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг 3 жил тутам гаргах юм байна. Шинэчилсан найруулгын шинэ шаардлагуудын нэг нь.
Орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг нийтлэг бэрхшээлтэй харилцаа тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээ. Шинэчилсэн найруулгаар Засаг даргын эрх хэмжээг танилцуулах, тайлагнах, мэдээлэх, зохион байгуулах гэсэн үгээр түлхүү тодорхойлжээ. Жич тодотгох заалт гэвэл, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын үед орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй гэв. Харин ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах бол орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулна гэж тусгаж. Мөн орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэхэж шаардахыг хоригложээ. Орон нутагтай тухайн аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээ байгуулах журмыг Засгийн газар батлах юм байна.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, орон нутаг, иргэний нийгэм, төр засгийн байгууллага, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хууль болж гарах хүртлээ хэрхэн өөрчлөгдөж, яаж хувьсахыг таашгүй. Ямар ч байсан удаан хугацааны турш “дарагдсан” шинэчлэл хөдлөх нь. Газрын хэвлийн баялгийг хөндөх бүхий л харилцааг удирдан зохицуулах, манлайлан дэглэх учиртай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас дараа дараагийн Эрдэнэт, Оюу толгойг олж илрүүлэх, ашиглах, баяжуулж боловсруулах, уул уурхайн салбарын “хувь заяа” хамаарна.
Монгол нүүрс ассоциаци “Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нийт дүнгээс биш нэмэгдсэн зөрүүгээс бодох, орон нутагт хуваарилах хувийг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг зөвхөн төрийн компаниудын дунд зарлах хувилбар байж болно гэж тусгасан, тусгай зөвшөөрлийн хугацааг ихээхэн богиносгосон, хаалтын хуримтлал үүсгэх, төрийн өмчийн судалгаа хөгжлийн төв байгуулж, аудит хяналт хийх, уурхайн ашиглалтын зөвшөөрөлгүй байгууллага баяжуулах үйлдвэр ажиллуулбал тусгай зөвшөөрөл авах гэх мэт эерэг болон эргэлзээтэй олон заалтууд орсон байна. Төр, хувийн хэвшилд жигд хандах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, боловсруулах үйлдвэрийг дэмжих заалтууд дутмаг байгаа нь анхаарал татав” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, бусад иргэний нийгмийн байгууллагууд энэ мэтчилэн өөрсдийн эрх ашиг, байр суурь, үнэлгээ дүгнэлтээ өгөх байх.
Уул уурхайн “хувь заяа”, түүний хуваарилалт, засаглал нь Монгол Улс цаашид хэрхэн хөгжих, хөлжих эсвэл бусдын ард үлдэх эсэхийг шийдэх томоохон хүчин зүйл. 100 жилийн настай уул уурхайн салбарт эрх зүйн цоо шинэ тохиргоо хийх шинэчлэл санал авах хэлэлцүүлгээр ийнхүү эхэлж байна. УИХ-аар батлах хүртэл олны санал, шүүмжлэл, эсэргүүцэлтэй нэлээд тулах нь дамжиггүй.
Улстөрчид Ашигт малтмалын тухай хуулийг “Галтай хууль” гэж нэрийддэг. Зарим нь халгаж, дөлдөг. Үе үеийн сайдууд нь хүртэл ихэд болгоомжилдог. Энэ нь олон талын өнцөгтэй, том, жижиг ашиг сонирхол ч байнга дагадаг, дагалддаг, их мөнгөний эргэлтийг зохицуулдаг учраас тэр болов уу гэж таана. Уул уурхайн ирээдүйн хандах зүгийг тодорхойлох хуулийн шинэчлэл “Баялагтаа эзэн монгол” байхыг том зургаараа харуулах, эдийн засагт “Шинэ сэргэлт” гарахад нөлөөлөх тулах цэг нь байгаасай. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хөгжлийн түгжээ хууль бус түлхүүр хууль болох, үгүйг та бидний сонгосон 76 шийднэ. Хаврын чуулган эхэлмэгц тэд “гялалзуулах” биз ээ. Харах л үлдлээ.