Гэр бүл төлөвлөлтийн талаарх Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна.
Залуус ихэнхдээ гэр бүл төлөвлөлтийг найз залуу, бүсгүйтэй болсон эсвэл гэрлэх хүнээ олсны дараа л бодолцож үзэх ёстой гэж ойлгон хойш тавьдаг. Тэр ч бүү хэл гэр бүл төлөвлөлтийн талаар ямар ч ойлголтгүй яваа хүмүүс ч олон байгаа нь нууц биш юм.
Ихэнх гэр бүлийн хосууд анх гэрлэхдээ дараах хэдэн зүйлсийг огтхон ч анхаардаггүй нь цаашид хамтран амьдрахад олон талын саад бэрхшээлтэй тулгардаг. Юу гэвэл хосуудад хамтын амьдралын төлөвлөгөө байдаггүй. Энэ төлөвлөгөө нь аз жаргалтай, тайван, тогтвортой амьдрахад туслах юм.
Ганц бие залуус өөрийн болон гэр бүлийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Харин найз залуу, бүсгүйтэй болоод хувь хувийн төлөвлөгөөгөө бие биедээ танилцуулж, ярилцаад ирээдүйн амьдралаа бүр нарийн төлөвлөх хэрэгтэй. Ингэж залуус маань ирээдүйнхээ гэр бүлийн үндэс суурийг бат бөх тавих нь маш чухал асуудал юм.
Гэр бүлийн гишүүд бие биедээ сэтгэл хангалуун байж, харилцан бие биенээ хайрлаж хүндлэж, амьд харилцаатай байж, зарчмын хувьд тогтвортой амьдрах нь чухал юм.
Гэр бүлийн амьдралд эхнэр хүний хайрын хэрэгцээ нь эр нөхрөөс халамж анхаарал, ойлголцол, үнэнч байх, сонсох, гэр орны ачаалалаас хуваалцах гэсэн хэрэгцээнүүд байдаг билээ.
Нөхөр хүний хайрын хэрэгцээ нь урам зориг авах, тайван байх, хүлээцтэй сонсох, бусадтай харьцуулахгүй байх, магтаж урамшуулах гэсэн хэрэгцээнүүд байдаг.
Гэр бүлийн аз жаргалыг аав, ээж хэрхэн бүтээх вэ?
Гэр бүлийн гишүүд нь гэр бүлийн амьдралдаа, хадамууддаа, өөртөө, ажилдаа, хамт олон найз нөхөддөө, нийгэмдээ, цахим орчинд “зорилго, үнэт зүйл, зарчим, төлөвлөгөө, дүрэм”-тэй байж, ирээдүйд тогтвортой, аз жаргалтай, сайхан амьдардаг билээ. Гэр бүлийн гишүүд нь бие биенээсээ хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх, харилцан бие биенээ хайрлах, ойлгож хүндлэх, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван байж гэмээнээ тогтвортой амьдрах боломжтой юм.
Эхнэр, нөхөр хоёр үнэт зүйлээ огт тодорхойлоогүй байдаг. Үнэт зүйлийг баримжаалан амьдралын зорилгоо тодорхойлох билээ. Үнэт зүйл гэдэг нь хүнд удаан хугацааны турш тогтвортойгоор оршин байдаг итгэл үнэмшил юм. Жишээ нь хувь хүний нэн тэргүүний үнэт зүйл нь эрүүл мэнд юм. Аав ээжүүд стресс, уур бухимдал ихтэй байхаас гадна гэр бүлүүд нойрны асуудалтай байдаг нь ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдаж ирдэг. Нойр нь эргээд таны эрүүл мэндэд заналхийлдэг. News сайтад “Алт Болд” эмнэлэгийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр өгсөн ярилцлагандаа “Дэлхий дээр жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байгаа бөгөөд сэтгэцийн эмгэгт багтдаг. Нойргүйдэлд хүргэдэг маш олон шалтгаанууд байдаг хувь хүний эрүүл ахуйн дэглэмтэй ч бас холбоотой” гэсэн байна. Сүүлийн үед ихэнх хүмүүс нойрны талаар мэдлэггүйн улмаас зориудаар өөрийнхөө эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж байна. Бага насны хүүхэд 21 цагт унтаж байж 24-02 цагийн үед өсөлтийн гармон ялгарч, хангалттай унтаж амарсан хүүхдийн анхаарал, ой тогтоолт сайжирч, эрүүл байх үндэс нь болж байдаг байна.
Хосууд зорилго дээр санаа нэгдэж чадахгүй бол ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж чадахгүй. Ерөнхий зорилго нь Тайван Тогтвортой Сэтгэл хангалуун байх нь чухал. Үүнд тулгуурлан эхнэр нөхөр амьдралдаа ойрын болон холын зорилтоо тодорхойлж, түүнийхээ төлөөх өөрсдийн хүч, нөөц бололцоо, өрхийн санхүүгээ зөв хувирлаж, дайчлах нь чухал. Гэр бүлийн гишүүд зорилгодоо эд хөрөнгийг ихэвчлэн томьёолж ярьдаг.
Өөрийн гэсэн зарчимтай үүнийгээ үргэлж санаж явдаг хүмүүсийн амьдрал хамгийн тогтвортой байдаг. Хүн бүрт өөрийн зарчим гэж бий. Гэхдээ үүнийгээ яг таг баримтлах хүн ховор байна. Өөрөөр хэлбэл яавал сэтгэл ханамжтай байх вэ? Яавал сэтгэл ханамжийг хамгийн удаан эдлэх вэ? Хариулт нь ердөө л зарчмыг удирдлагаа болгож амьдрахад л хангалттай. Учир нь тэр зарчмууд чинь олон хүний амьдралаар шалгарсан батлагдсан байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр эдийн засгийн хувьд бие биенээсээ хамааралтай эсвэл өөр өөрсдийн орлогоо нуудаг нь гэр бүлд багагүй асуудал үүсгэдэг. Эхнэр нөхөр хоёр мөнгөнд зарчим барьдаггүй болохоор биенийхээ олсон мөнгийг хайрлахгүй, тооцоог нь хүлээн зөвшөөрөхгүй байх, бусадтай харьцуулах зэрэг сөрөг асуудлууд гардаг байна. Мөнгөнд зарчим барьдаг гэр бүлүүд бие биендээ орлогоо илэн далангүй хэлэх, хүүхдэд болон гэрийн хадгаламж хэрэглээндээ хувиарлах, ойр зуурийн зардал, том зардалуудаа тооцон ярилцах, зарцуулах, хуримтлуулах, хэрэглээгээ хязгаарлах, хяналт тавих, зарцуулалтаа ухаалаг болгодог байна.
Ганц хайраар хэн ч амьдрахгүй билээ. Хайраас гадна үүрэг хариуцлага буй. Хэн хэнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байж аз жаргалтай амьдарна. Үүний тулд зорилго, үнэт зүйл, зарчим дээрээ тулгуурлан төлөвлөгөө гаргах нь чухал. Өөрийн сонгосон амьдралын байдалдаа тохируулан “ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ”-ийг хийх нь чухал. Жишээ нь төлөвлөгөөгүй, үүрэг хариуцлагаа хүлээхгүй асуудалд эхнэр нөхөр байнга хэрүүл хийх ба энэ нь даамжирсаар нөхөр намайг ойлгодоггүй, сонсдоггүй, ярилцдаггүй гэдэг. Энэ нь эхнэр гэр бүийн харилцаанд нөхрийн үгийг хүлээж авахгүйгээр хэт их өөрөөрөө зүтгэдэг, уйлан хашигчан дайрдагаас болон эцэс сүүлдээ нөхөр дуугаа хурааж эхэлдэг нь байнгийн хэрүүлтэй байдалд хүргэдэг. Залуу хосууд хүүхэдгүй байхаасаа л гэрийн ажлаа хуваан хийж сургах нь чухал. Хүүхэдгүй үедээ эхнэр нөхрөө үүрэг хариуцлагыг нь хүлээлгээгүй сургаснаас олон хүүхэдтэй болох үедээ гэрийн ажлын ачаалалаа даахгүй үргэлж үглэж, яншдаг. Мөн урдуур нь орж хийдэг нь хожим ойлголцохгүй олон асуудлын суурь болж байдаг. Нөхрийн хувьд энэ шаардлагыг хүлээн ойлгохгүй урьд нь гэрийн ажлаа амжуулаад байсан одоо яагаад байгаа юм бэ гэж гайхдаг.
Дээрх зүйлүүдэд суурилан гэр бүлийн гишүүд дүрэм огт баримталдаггүй. Аливаа давж болохгүй хил хязгаарыг бий болгох нь хүүхдэд болон гэр бүлийн гишүүдэд маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл үүнээс хүүхэд дэг журамд суралцаж, үүнийг амьдралынхаа хэм хэмжээ болгож чадвал олон буруу зүйл, аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Тэгэхээр дэг журам нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн эрүүл саруул, аюулгүй өсөлт хөгжилд нэн чухал. Хариуцлагаа хүлээж дүрэм журмыг дагах нь гэр бүлийн хүмүүс гэртээ болон бусад газар эмх цэгц, ёс журмыг бүрдүүлж, цаашлаад нийгэмд ийм байдлыг бүрдүүлхээс гадна аав ээжийн үлгэр дуурайлалаар хүүхэд үүнийг цаашдын амьдралынх нь хэв маяг, хөтөч болгон хүлээн зөвшөөрч хоногшуулдаг.
Аав ээжүүд маань хүүхдийг ирээдүйд эхнэртэй нөхөртэй болно гэж хүмүүжүүлэх нь чухал. Энэ тал дээр ч өөрсдөө хүүхдэд үлгэр дуурайлал болж нөлөөлөх нь чухал. Учир нь хүүхэд аав ээжээсээ ирээдүйн хань ижилээ харж төлөвшиж байдаг билээ. Шинэхэн аав ээжүүдэд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар мэдэхгүй болон эхнэр нөхөртэйгөө хамтран амьдрахад олон олон төсөөлөн бодоогүй асуудлууд байдаг талаар ойлголтгүй байх нь тэдний хувьд бэрхшээл болох билээ.
Мөн аав ээжүүд хүүхдэд багаас нь хэрхэн яаж амьдрах талаар хувь хүний ирээдүйн амьдралын зураглал, төлөвлөгөөг бий болгодоггүй зэрэг нь мөн л олон асуудал дагуулдаг. Хүүхдэд бага нас, өсвөр насны амьдралын туршлагаа орчны нөлөөгөөр баяжуулан бие хүний амьдралын ирээдүйн төлөвлөгөөтэй болох нь чухал. Үүнд ирээдүйд гэр бүлийг хэрхэн төлөвлөдөг вэ, би хэн бэ, миний эхнэр нөхөр ямар хүн байх вэ, хэдэн жилийн зайтай хэдэн хүүхэдтэй болох вэ, хувийн сонирхол хобби, бидний хувь хувийн ажил амьдрал карьер юу вэ гэх мэтчилэн ойлголтыг өгөх нь зүйтэй. Үүнийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах зайлшгүй шаардлагатай.
Эхнэр нөхөр бие биенээ хүмүүжүүлнэ. Өөрийн бүтээсэн амьдралдаа сайн сайхан амьдрах нь таны хүсэл зоригоос л шалтгаална. Гэр бүлийн амьдралд тохиолдох элдэв асуудал, харилцааны асуудлууд, бэрхшээл, өвчин зовлон, хагацал, гуниг гээд сэтгэл харлуулж, эмзэглүүлэн шаналгасан бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд магадгүй юу ч тохиолдсон даван туулахад гэр бүлийн хамтын санаа, үйл ажиллагаа нэн чухал юм.