Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяртай Монголд анх удаа түнхний үеийг мөчтэй нь хамт солих мэс засал хийсэн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн ням гаригт танай төв түнхний үеийг мөчтэй хамт солих хагалгааг Монголд анх удаа хийсэн байна. Хагалааны бэлтгэл ажлыг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Ер нь хагалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллээс ярилцлагаа эхлэе?
-2008 оноосманай эмнэлэг үе солих хагалгааг хийж эхэлсэн юм. 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Хэрх, үе судлал, үе сэргээхтөв байгуулагдсан. Нэгдүгээр эмнэлэг дээр тусгай үений төв байгуулснаас хойш үе солих хагалгаа хийлгэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Монголд манайхаас гадна ГССЗЭ мөн хувийн 2-3 эмнэлэг энэ чиглэлийн хагалгаа хийж байгаа. Манай эмнэлэгт өвдөгний үе солих хагалгаа хамгийн их хийдэг. Хоёрт нь, түнхний үе солих хагалгаа орж байна. Үе солих хагалгаанд олон янзын хиймэл үе буюу тухайн үений бүтцийг хадгалсан тусгай протез хэрэглэдэг. Харин өнгөрсөн даваа гаригт хийсэн хагалгаа бол өмнөхөөсөө тэс өөр юм. Тодруулбал, өмнө нь зөвхөн гэмтсэн үений гадаргууг авч оронд нь яг тэр үений бүтэц, хэмжээ, үйл ажиллагааг хадгалсан хиймэл үе тавьж байсан бол өнгөрсөн даваа гаригт манай төв Монголд анх удаа хавдартай түнхний үеийг, дунд чөмөгний дээд хэсэгтэй хамт бүхэлд нь солих хагалгааг амжилттай хийлээ. Өвдөгний үеийг дунд чөмөгний ястай нь, өвдөгний үеийг шилбэ ястай нь бүхлээр нь солих хагалгааг өнгөрсөн онд дөрвөн удаа хийсэн. Энэ удаа түнхний үеийг дунд чөмөгний ясны дээд үетэй солилоо.
-Энэхүү хагалгаа нь үе солих хагалгаанаас ямар ялгаатай вэ. Хүний мөчийг солиод хиймэл эрхтэн оруулсан гэсэн үг үү?
-Ясны том хэмжээний хавдар, эсвэл бусад шалтгаанаас болж ясны их хэмжээний дутагмагшил үүссэн хүний үеийг мөчтэй нь солих хагалгааг нь энгийн үе солих хагалгаанаас хэцүү бөгөөд тэс өөр хагалгаа. Дээр хэлсэнчлэн хавдартай мөчийг, үетэй нь хамт тайрч оронд тухайн тайрсан үе, мөчний бүтэц, үйл ажиллагааг хадгалсан тусгай имплант тавьдаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн үеийг солиод зогсохгүй эмгэг чөмөгт ясыг хамтад нь солих гэж ойлгож болно. Бид өвдөгний үеийг мөчтэй нь солих хагалгааг урьд нь хийж байсан боловч энэ тухай мэдээлэл муу өгснөөс дээрхи төрлийн ясны хавдартай өвчтөн гадагшаа явж асар өндөр өртгөөр дээрхи хагалгааг хийлгэх, эсвэл хөлөө тайруулах нь их байна. Тиймээс эдгээр чиглэлийн хагалгааг Монголдоо хийж эхэлсэн гэдгийг олон нийтэд хүргэж, мэдээлэх чухал байна.
-Монголд ясны хавдар, дутмагшилтай хүн хэр олон юм бол?
-Үеийг мөчтэй нь солих хагалгааг хийж эхэлсэн хамгийн гол зорилго бол иргэдийг хөлөө тайруулж, тахир дутуу болохоос хамгаалж байгаа юм. Идэр залуу насандаа хөлөө тайруулж байна шүү дээ. Тэгэхээр заавал хөлөө тайруулахгүйгээр хавдартай хэсгийг нь авч хиймэл эд суулгах боломжтой болж байгаа юм. Хүний дунд чөмөг, шилбэ ясыг бүхлээр нь солих хиймэл эдүүд нэвтэрсэн байгаа.Тэгэхээр энэ чиглэлийн үеийг мөчтэй нь солих хагалгааг Монголдоо хийлгэх бүрэн боломжтой болсон гэдгийг иргэддээ дахин сануулж, дуулгамаар байна. Ясны хавдар, дутмагшлын улмаас хөлөө тайруулсан иргэдийн тоог нарийн сайн мэдэхгүй байна. Хавдар дээр бүртгэгдээд явж байгаа. Манай улсад ясны хавдрын тохиолдол харьцангуй бага. Харин ясны дутмагшлын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Ихэвчлэн залуу хүмүүст тохиолдож, хийж бүтээх залуу насандаа үе мөчөө тайруулна гэдэг чинь үнэхээр харамсалтай шүү дээ.
-Ясны дутмагшилд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?
-Төрөл бүрийн ясны идээт үрэвслээс үүдэж удаа дараа хагалгаа хийлгэсний дараа яс, үений том хэмжээний дутмагшил үүсдэг.
-Энэ чиглэлийн хагалгааг хийхийн тулд эмч нараа хэрхэн бэлдсэн бэ. Өмнө нь үе солих хагалгааг хийж байсан болохоор илүү туршлагатай байсан уу?
-Үе солих хагалгааг хийх эмч нараа бүгдийг Өмнөд Солонгост бэлтгэсэн. Ихэнх нь залуу эмч нар байгаа. 2008 оноос 1500 гаруй иргэнд үе солих хагалгааг хийсэн нь өөрөө үеийг, мөчтэй нь солих хагалгааны бэлтгэл болсон. Мөн энэ хугацаанд манай эмч нар Солонгосын ясны хавдрын эмнэлэгт урт богино хугацаагаар дадлагажиж, сураад ирсэн. Энэ хагалгааг хийхэд хамгийн гол зүйл хиймэл эдийн хангалт байдаг. Сүүлийн үед шилбэ, чөмөгний яс солих хиймэл эдийг манай томоохон компаниуд оруулж ирж эхэлсэн. Харин хавдрын хиймэл эд нь үнийн хувьд асар өндөр зардалтай байдаг.
-Ойролцоогоор хэчнээн төгрөгийн өртөгтэй вэ. Ер нь үеийг мөчтэй солих хагалгааг гадаадад хэчнээн төгрөгөөр, Монголд хэчнээн төгрөгөөр хийлгэх боломжтой вэ?
-Өнгөрсөн онд шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулиар энэ чиглэлийн хагалгааг нь өндөр өртөгтэйд багтсан учраас тал зардлыг улсаас даана. Үлдсэн хувийг хувь хүн өөрөө төлөхөөр зохицуулагдана, өөр арга байхгүй. Гэхдээ энэ чиглэлийн хагалгааг Монголдоо хийснээр гадаадад хийлгэснээс гурав дахин хямд тусч байгаа. Учир нь, эмчилгээ үйлчилгээ, хагалгааны бүх процессыг Монгол эмч нар өөрсдөө хийж байгаа. Дээр нь, хагалгааны дараа Монголдоо байнгын хяналтад байна. Сая анхны хагалгаанд орсон өвчтөн Солонгост энэ чиглэлийн хагалгаа хийлгэхээр судлахад 36 сая вонын үнийн санал тавьсан байгаа юм. Энэ бол зөвхөн хагалгаа болон тусгай имплантын төлбөр. Олон хоног хэвтэн эмчлүүлбэл үүнээс илүү зардал гарна гэсэн үг.
-Түнхний үеийг чөмгөний ястай хамт солих хагалгааг хийлгэсэн өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ. Алхаж чадаж байгаа юу?
-Өвчтөн маань даваа гаригт хагалгаанд орсон. Өнөөдөр /03.02-ны өдөр/ босоод хэвийн алхаад явж байгаа. Хагалгаанд орохоосоо өмнө суга таягтай явдаг байсан. Ер нь ясны хавдрын томоохон хагалгааг эх орондоо хийж эхэлснээр гадагш урсах валют тодорхой хэмжээгээр буурна, мөн энэ хэрээр эмч нарын ур чадвар сайжирч, гадагшаа өрсөлдөх чадвартай болно.
-Түнх, өвдөгнөөс өөр үений ойролцоо ясны хавдартай байвал яс солих хагалгааг хийх үү?
-Мөчний ясыг тайрч аваад оронд нь хиймэл эд суулгах хагалгаа анагаах ухаанд нэвтрээд нэлээд хугацаа өнгөрлөө. Ер нь хүний мөчийг солиход заавал үе оролцдог. “Үе мөч өвдөөд байна” гэж монголчууд ярьдаг даа. Өөрөөр хэлбэл, мөчний үзүүрт нь үе байгаа учраас ихэвчлэн үетэй нь хамт мөчийг солих хагалгаа хийдэг.
-Төрөлхийн түнхний мултралтай хүүхэд гэж яриад байдаг. Үүнийг үе солих хагалгаагаар эмчилж болох уу?
-Төрөлхийн түнхний мултрал бол үений дутуу хөгжлөөс болдог. Чөмгөний тогоо хэсгийн дутуу хөгжил, чөмгөний толгой хэсгийн дутуу хөгжлөөс үүдэж төрөлхийн түнхний мултрал үүсдэг. Энэ өвчлөлийг аль болох эрт оношилж, эмчилбэл зарим тохиолдолд хагалахгүйгээр засах боломжтой.