Өнгөрсөн ням гаригийн үүрийн 04 цагийн орчимд Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшлийн газарт “Баянгол” эмнэлгийн захилгаар барилга барихаар төмөр хаалт, хаашаа барьж эхэлжээ. Үүнийг нь Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн харуул хамгаалалтынхан өчигдөр өглөөний 06 цагийн орчимд мэдэж, удирдлагууддаа мэдээлж барьсан хашааг нь буулгуулсан байна. Гэтэл өчигдөр үдээс хойш 16 цагийн орчимд дахиад хашаа хатгахаар завдсан байна. Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчдыг дуудаж, барилгын ажлыг буулгуулжээ.
Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвөөс өөрийн эзэмшлийн барилга дээрээ “Баянгол” эмнэлгийн барилгыг бариулахгүй гэж мэдэгдсэн ч амралтын өдөр эсвэл оройн цагаар барилгын ажлыг эхлүүлэх гэж удаа дараа оролдож байгаа юм байна. “Баянгол” эмнэлгийн барилга барих гэж байгаа талбай нь Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшлийн газарт багтдаг бөгөөд тус эмнэлгийн цахилгаан, дулааны гол магистраль шугам байрласан, барилга барих боломжгүй онцгой бүс юм байна.
Энэхүү эрчим хүч, дулааны төв сүлжээнээс ганц эх нялхас ч биш “Баянгол” эмнэлэг ч мөн дулаан, усаа авдаг байна. “Баянгол” эмнэлэг Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн хооронд дахь газрын маргаан 2013 оноос өдийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Тус онд хоёр удаа оройн цагаар хашааг нь эвдэж хүнд даацын машин оруулж, газар ухахаар оролдож байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Баянгол” эмнэлгийн удирдлагын заавраар барилгын ажилчид Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу хэд хэдэн удаа тайраад байгаа нь энэ. Улсын эзэмшлийн газарт барилга барих гээд зүтгээд байгаа учир нь 2012 онд Хотын дарга байсан Мөнхбаярын гарын үсэгтэй газар эзэмших бичигтэй холбоотойг эх сурвалж хэллээ. Геодези газрын алба дээр “Баянгол” эмнэлгийн барилга барих гээд байгаа талбай нь Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшилд бүртгэлтэй байдаг байна. Харин Баянгол эмнэлгийн удирдлагууд 2012 оны Хотын даргын уг газрыг ашиглахыг зөвшөөрсөн газрын бичгийг харуулж барилга барихаар удаа дараа оролджээ.