“Нисванис” хамтлаг энэ онд 20 нас хүрч байна. Хамтлагийн дуучин Л.Энх-амгалантай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ойн мэнд хүргэе. “Нисванис” хамтлаг анх байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?
-Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Нисванис” хамтлаг Соёл-Эрдэнэ хамтлагийн өрөөнд бэлтгэлдээ хийж эхэлснээр хамтлаг маань байгуулагдсан түүхтэй. Тэр үеийг тод санаж байна. Мягмар гараг байсан. Соёл-Эрдэнэ хамтлагийн Даймаа ах бидний анхны бичлэгийг хийж өгч байлаа. Тухайн үед Хүчилтөрөгч, Би тамхиа татаад дуусч байна, Эсрэг утгаар минь зэрэг дуунууд төрчихсөн байсан. Хамтлаг анх Пост гранд, пост танк, альтернатив металл чиглэлээр уран бүтээлээ туурвиж олон шүүмжлэлүүдтэй тулгарч байлаа. Хамгийн ойрын маань хүмүүс хүртэл ямар гээчийн хачин юм хийгээд яваад байна гэж шүүмжлэлтэй ханддаг байсан. /инээв/
-Хамтлагийн нэрийг хэн өгсөн бэ. “Нисванис” гэдэг үгийн цаана ямар утга агуулагддаг вэ?
-Нэрийг модернест яруу найрагч Галсансүхтэйгээ ярилцаж байж өгсөн. Анх “шимнус” гэж өгөх гэж байлаа. Ингээд нэрлэчих гэхээр арай панк урсгал руу орчих гээд болдоггүй. Тэгээд пост гранат, альтернатив металл чиглэл буюу “Нисванис” гэдэг нэрийг бодож олсон. “Нисванис” гэдэг үгний утга нь “буруу сэтгэл” гэсэн үг. Үгийн утга ч гэсэн манай хамтлагийн чиглэл, зорилготой таарч байгаа юм.
-“Нисванис” хамтлаг 20 жилийнхээ ойд зориулж дөрөв дэх цомгоо гаргалаа. Цомгийн нэрээс эхлээд хүмүүсийг маш их гайхшируулж байна. Цомгоо яагаад “Гар хангалга” гэж нэрлэв?
-“Нисванис” хамтлагийн хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтдээ гурван цомог гаргалаа. 20 жилийн ойдоо зориулан дөрөв дэх цомгоо өлгийдөн аваад байна. Цомгийн нэрийн хувьд цомогт багтсан “Гар хангалга” гэсэн дууныхаа нэрээр нэрлэсэн. Энэхүү дууны үгийг яруу найрагч Галсансүхээс авсан. Хүмүүсийн хувьд шууд утгаар нь ойлгоод байх шиг байна. Манай хамтлагийн хувьд нийгмийн болж бүтэхгүй байгаа эмзэг сэдвүүдийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог. “Нисванис”-ын уран бүтээлүүд хүн бүхэнд таалагдах албагүй. Гэхдээ нуулгүй хэлэхэд энэ удаагийн цомгийн нэрийг их маапаантай өгсөн. Би хувьдаа цомгоо “Сэтгэл хөдөлнө” дууныхаа нэрээр өгөх гэж байсан. Харин манай продюсер найз “сэтгэл хөдөлнө” гэдэг нэрийг бол “Номин талст” зэрэг поп хамтлагууд өгвөл зохимжтой. Цомгоо “гар хангалга” гээд нэрлэчих. Тэгвэл би цомгийг чинь продюсерлэж өгье”гэсэн юм. Нуулгүй хэлэхэд, ийм л шалтгаанаар өгчихлөө.
-Амгааг сонсогчид нь мэднэ. Хамтлагийнхаа зарим дуунуудыг өөрөө бичдэг . Энэ удаагийн цомогт орсон дуунуудаа өөрөө бичсэн үү. Ямар яруу найрагчидтай хамтран ажилласан бэ?
- Хамтлаг анх байгуулагдахад би хамтлагийн залуустайгаа нэг зүйлийг тохирсон. Дуунуудынхаа үгийг би хариуцна гэж. Манай хамтлагтай байнгын хамтран ажилладаг яруу найрагч нар байдаг. Модернист яруу найрагч Галсансүх, Эрдэнэсолонго зэрэг уран бүтээлчид. Энэ хоёрын маань шүлгүүд “Гар хангалга” цомогт дуу болсон байгаа.
-“Нисванис” хамтлаг 20 насныхаа ойд зориулж, өөр ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
-Тав дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Эхний дуугаа эхлүүлчихсэн. Мөн цомгийнхоо нэрийг “Сэтгэл мэдрэлийн өвчтөн” гээд өгчихсөн. Энэ цомог маань ирэх ёсдүгээр сард гарахаар төлөвлөж байна. Харин энэ зургадугаар сард тоглолтоо хийнэ.
-Энэ сарын 9-нд уламжлал ёсоороо нисванис “нис нис фэст” рок тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын талаар яривал?
-Бид хамтлаг байгуулагдсан цагаас эхлээд хамтлагийнхаа төрсөн өдрийг фенүүдтэйгээ, рок хөгжим сонсдог залуустайгаа жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тэмдэглэж ирсэн. Харин 2007 оноос эхэлж илүү олон хүний хамруулах зорилготой “нис нис фэст” зохион байгуулж ирсэн. “Нис нис фэст” өөрийн гэсэн өнгө төрх, мөн сонсогчидтой. Тоглолтод 1000 гаруй хүн тогтмол ирдэг. Энэ жилийн хувьд Харанга, Хурд, Аясын салхи, Шар айраг зэрэг хамтлагууд урилгаар дуулна. Мөн шилдэг 20 хамтлаг оролцож байгаа.
-Танай хамтлагийн дуунууд их хүнд сэдэвтэй. Зарим уран бүтээлийн чинь нэр хүртэл их эсэргүү. Жишээлбэл, “Сургууль нураасай” юм уу. Уран бүтээлээ өмөөрч яривал юу хэлэх вэ?
-Хамтлаг анх байгуулагдахад сөрөг дайралтууд их байсан. 1990-ээд оны үед чинь шар хэвлэлүүд их ч байлаа. Нийгэм бидний эсрэг байсан ч бид зөв юм хийж байна гэдэгтээ бат итгэлтэй байсан. “Сургууль нураасай” дууны хувьд бид тэр уран бүтээлээрээ сургууль нураасай гэж илэрхийлээгүй. Тухайн үеийн оюутны нэг амьдрал, боловсролын системийг шүүмжилж гаргасан дуу. Гэхдээ ер нь ийм нэртэй дуу, ийм нэртэй цомог гаргах хамтлаг нисванисын тэнэгүүдээс өөр байхгүй шүү. /инээв/
-Таныг төгөлдөр хуурын багш мэргэжилтэй гэж сонсож байсан. Тэгээд яагаад рок хөгжмийг сонгосныг чинь гайхаж байна?
-Чи гайхах нь аргагүй. Аав ээж маань хүртэл анх сонсоод ухаан алдах дөхөж байсан юм. Би багшийн сургуулийг төгөлдөр хуурын багш мэргэжлээр төгсөн. Дараа нь СУИС-ийн найрал дууны ангид сурч байгаад гэнэт л рок болохоор шийдсэн дээ.
-Рок хөгжмийг хамгийн товчоор илэрхийлбэл?
-Рок хамтлагийнхан үсээ урт ургуулдаг нь ямар учиртай юм бол?
-Имиж гэж хэлж болно. Миний хувьд бол олон талын ашигтай. Нэгдүгээрт, сүрийг үзүүлнэ. Хоёрдугаарт, би их ичимхий учраас нүүрнийхээ урдуур үсээ унжуулаад гитараа тоглож, дуугаа дуулдаг даа.