Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно.“Эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар зөвлөмжийн дагуу зєв хэрэглэхийгхэлнэ.
Эмч эмийг хэрэглэх үед тухайн эмийн талаар зайлшгүй мэдэж байвал зохих зүйлүүдийг танд зөвлөгөөгөөр хүргэх гэж байна. Эмийг ямар тунгаар хэрхэн, яаж /өдөрт хэдэн удаа, хэдэн өдрийн туршид / хэрэглэх, хоол унд, бусад эмүүдтэй хэрхэн уялдуулах, хориглох заалт, гаж нөлөөний илрэл, авах арга хэмжээ, хэрэглэж байх үедээ анхаарвал зохих дэглэм, эмийг зөв хадгалах тухай өгүүлнэ.
Нэг. Эмийг зөвхөн эмчийн заасан зааврын дагуу хэрэглэж суръя!
Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаар - Ууж хэрэглэх эмүүд өлөн үедээ уух нь зөв байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий. Зарим эм өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос шалтгаалж дотор муухайран огиулах, бөөлжүүлэх Жишээ нь: /доксициллин, метронидазол, төмрийн бэлдмэлүүд/ аспирин, диклофенак, хавдрын эсрэг эмүүд. Ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвх нь сулардаг эмүүд ч бий. Ийм эмийг ямагт хоолны дараа уух хэрэгтэй. Харин фестал, трифермент, панзинорм, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хэрэглэнэ. Бүрээстэй шахмал болон капсултай эмийг бүхлээр нь залгиж усаар даруулан уух хэрэгтэй. Эмийг 100-200 мл стакан буцалсан бүлээн усаар даруулж ууна. Харин цай, сүү, жимсний шүүс, газтай ундаагаар эм ууж болохгүй.
Хоёр: Эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас авч суръя!
Эмийн жор гэж юу вэ - “Эмийн жор” гэж Эмчийн зүгээс эм зүйч, эм найруулагчид хандан бичсэн, эмийг тухайн өвчтөнд зориулан хэрхэн бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг хэлдэг.
Эмч нь аливаа өвчин эмгэгээрөвчилсөн тухайн хүнд бүрэн тохирох эмийг сонгож, хэрэглэх аргыг зөв тодорхойлсноор эмчилгээ үр дүнтэй болдог тул эмийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой байдаг. Эмчийн бичсэн жорын дагуу эмийг зөв хэрэглэснээр өвчин эмгэг түргэн илааршиж, үлдэгдэлгүй эдгэх нөхцөл бололцоо бүрддэг юм. Эмийн “хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.
Эмийн санд бэлтгэж буй эмүүдэд чанарын шинжилгээ хийгдсэн баталгаатай байдаг. Эм хэрэглэх явцад эрсдэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээх хуулийн этгээдийг тогтоох бололцоотой. Иймд баталгаатай эмийг та зөвхөн эмчийн зааврын дагуу эмийн сангаас авах нь найдвартай юм. Жирэмсний эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй. Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Нярай болон бага насны хүүхдэд тун хэмжээг маш сайн шалган өгч байх (парацетамолын хордлого). Мөн том хүний тунтай шахмал болон капсултай эмийг хувааж өгөхөд гашуун амттай тул амны салстыг гэмтээн, огьж, бөөлжин хэрэглэхэд тохиромжгүй.
Гурав. Ядаргаа тайлах зорилгоор аминдэм, дусал тариа хийлгэдгээ болъё!
Амин дэм нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангаж, өвчин эсэргүүцэх чадварыг нь дээшлүүлэгч онцгой хүчин зүйл юм. Хүн нийтдээ 16-18 төрлийн амин дэм хэрэглэдгийн ихэнхийг хоол хүнсээр дамжуулан авдаг. Тиймээс хоол тэжээл дэх амин дэмийн хэмжээ хангалттай бус байвал хүний бие махбодын үйл ажиллагаанд эмгэг шинжтэй өөрчлөлт гарна. Үүнийг ерөнхийд нь “амин дэмийн дутагдал” гэж томьёолдог байна. Хүн өдөрт хангалттай хэмжээний 2л шингэн уух, амин дэм, эрдэс бодисоор баялаг, чанартай сайн хоол хүнс хэрэглэх нь судсаар хийх ямар ч шингэнээс илүү сайн нөлөө үзүүлэх болно.
Өвчтөн ухаангүй байх тохиолдолд, ууж хэрэглэх боломжгүй үед, цус алдалт, хордлого тайлах, шингэн сэлбэх, яаралтай тусламжийн үед хэрэглэнэ. Гэхдээ тухайн өвчтөний биеийн байдал, онош, бусад эрхтэн системийн өвчин, эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай тул өөрөө дур мэдэн хэрэглэх нь эрсдэлд хүргэнэ.
Дөрөв. Антибиотикыг шаардлагагүй үед хэрэглэдгээ зогсооё!
Антибиотикыг буруу хэрэглэвэл өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикаар эмчлэгдэхгүй нян үүсгэдэг. Антибиотикыг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход түвэгтэй байдлыг бий болгох, өвчин архагшихад хүргэнэ.
Антибиотикын дасал: Бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос, эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикын дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.
Тав. Эмч бичиж өгөөгүй бол өөрсдөө дур мэдэн эм хэрэглэдгээ зогсооё!
Та юуны урьд эмийн шаардлагагүй хэрэглээнээс зайлсхийж сурах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүмүүс ийм тохиолдолд анальгин гэх мэт өвчин намдаах эм уусаар улмаар түүндээ дасал болж цүнхэлж явдаг болсон байдаг.
Бодит байдал дээр юу болж байна вэ
Хүмүүс зөвхөн сурталчилгаанаас эмийн талаар мэдээлэл авч байна. Эмийн сурталчилгаанд үндсэн үйлчлэгч бодисын талаар дурсдаггүй. Эмийн сурталчилгаанд үзүүлэх нөлөөг л тусгадаг зэргээс бодит мэдээллийг авч чадаагүйн улмаас хүмүүс өөртөө хор хөнөөл учруулж болохуйцаар бие даан эм хэрэглэх ба энэ үедээ: Эмээ давхардуулах, давхардсан тун авах, буруу эм хэрэглэх, буруу тунгаар уух, мөнгөө үр ашиггүй үрэхэд хүрч байна.
Эмийг баталгаатай газраас худалдан авч байя. Чанарын баталгаагүй эм авахаас сэргийлэхийн тулд чанартай эмийг зөвхөн эмийн сангаас авах нь зүйтэй.Хүмүүс эмийн сангаас эм худалдаж авахдаа хүчинтэй хугацааг харах. Энэ нь тухайн эмийн чанарыг мэдэхэд хангалтгүй. Иймээс савлалтын бүрэн бүтэн байдал, өнгө, хэлбэр, гадаад байдал зэргийг шалгаж авч байх нь чухал. Мөн эмийн чанар эргэлзээтэй санагдвал чанарын баталгаажилтыг эмийн санчаас лавлан үзэж болно.
Зургаа. Нэр хаяг нь тодорхойгүй, хуурамч, хугацаа нь дууссан эм хэрэглэхгүй байх
Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.
25 хүртэл хэм тасалгааны, ердийн нөхцөлд/шахмал, бүрхүүлтэй капсжилтай эм, дотуур уух гадуур хэрэглэх болон ургамлын гаралтай эм/
15 хэм хүртэл болон шилэн хаалгатай хөргүүр /био бэлдмэл, тосон түрхлэг, лаа хэлбэрийн эм/
2-8 хэм хөргөгчний хаалганд /спиртийн найрлагтай нүд, чихний дусаалга, сироп найрлагатай эм, цус, цусан бүтээгдэхүүн/
Хүүхдийн гар хүрэхгүй өндөр газар эсвэл далд шүүгээнд хадгалах
Эмийг сэрүүн, нарны гэрэл шууд тусахгүй харанхүй газар хадгалах
Эмийн санд найруулсан уусмалыг 3 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа дууссан эмийг бүү хадгал, шууд устга.
Эмийн хүчинтэй хугацааг хянах, шаардлагатай мэдээллийг эргэн харахын тулд өөрийнх нь хайрцаг саванд хадгалаарай.
Цаасан болон полиэтиленд хадаатай эмийг хэрэглэх үед дууссан хоосон хэсгийг хайчилж хаядаг. Ингэхдээ эмийн нэр, тун, хүчинтэй дуусах хугацаатай хэсгийг заавал үлдээгээрэй. Учир нь дараа нь ямар эм болохыг мэдэхэд хялбар байх болно.
Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг