УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлт нь жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх зохицуулалт юм. Ингэхдээ хуулийн зохицуулалтад дөрвөн салбарыг хамруулахаар тусгасан.
Оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл
Барилгын материалын үйлдвэрлэл
Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл
Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг хувиар орлогын албан татвар ногдуулах буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад дахин таван чиглэл нэмсэн. Тодруулбал, “Нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, “Мэдээллийн технологийн үйлчилгээ”, “Программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, “Мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах саналууд дэмжигдээд байгаа юм. 1.5 тэрбумаас доош орлоготой, дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулснаар төсвийн орлого 1.3 тэрбум төгрөгөөр тасрана гэсэн мэдээлийг өгөөд байсан. Гэтэл нэмээд таван чиглэл нэмчихээр нийт есөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх юм. Ингэснээр ирэх жилийн төсвийн 9.9 их наядын алдагдал бүр нэмэгдэнэ гэсэн үг.
Хуулийн төсөлд ашигт ногдох татвар нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-үүдэд уг хууль үйлчлэхээр өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь жилийн орлого нь 100 тэрбумаас дээш орлоготой томоохон аж ахуйн нэгжүүд ашигт ноогдох татвараа 1.5 тэрбум гэж мэдүүлээд л тус хуульд хамрагдах боломжтой болно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, анх ярьж байсанчлан жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих бус төсвийн орлого бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг хамруулах өөрчлөлт болоод байгаа юм. Үүнийг Сангийн сайд ашиг сонирхлын үүднээс намын бүлгийн байр сууриас тэс өөр өөрчлөлт хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн.
Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нараас байр суурийг нь тодруулсан юм.
"УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиа ойлгохгүй байна. Манай намын мөрийн хөтөлбөр дээр энгийн үгээр 1.5 тэрбумаас доош орлогтой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоно гэсэн заалт орсон. Энгийн ярианы хэллэгийг хуулийн хэллэгт шилжүүлэхээр татвар ноогдох орлого гэж бичиж байгаа юм. Энэ нь энгийн үгээр борлуулалтын орлого гэж ойлгож болно. Ж.Энхбаяр гишүүн нэр томьёог хольж хутгаад будилаад байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварт ноогдох орлого, татвар ногдуулах орлого гэсэн хоёр ойлголт байгаа. Татварт ноогдох орлого гэдэг нь бидний энгийн хэллэгээр борлуулалтын орлого гэсэн үг. Харин татвар ногдуулах орлого гэж байгаа. Энэ нь татварт төлөхийн өмнөх бохир ашиг гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүн татварт ноогдох орлого, татвар ноогдуулах орлого гэдэг хоёр томьёоллыг хольж хутгаад хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд борлуулалтын орлого гэдгийг 7.3-т нь тодорхойлсон. Хүмүүс хуулийн төслөө олж үзэх хэрэгтэй. Ж.Энхбаяр гишүүн намайг ашиг сонирхолын зөрчилтэй хууль өргөн барьсан гэсэн. Гэхдээ надад биш өөрт нь л хувийн сонирхол байх шиг байна. Ямар шалтгаантай тийм мэдэгдэл хийснийг би мэдэхгүй. Энэ хуульд хамрагдаж байгаа долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани надад байхгүй. Би хувийн компаниудтай. Гэхдээ миний хувийн компаниуд барилгын материалын үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэл гээд бусад дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Миний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Сонгуулийн үеийн МАН-ын амлалт, хуулийн анхны үзэл санаа нь 1.5 тэрбум хүртлэх борлуулалтай жижиг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татаврыг нэг хувь болгох байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-аар тус хуулийг хэлэлцэхэд татварт ноогдох орлого нь 1.5 тэрбум гэдэг утгатай болгосон байсан. Ингэснээр борлуулалтын орлого нь 100 тэрбумаас буюу том аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг. Тэгээд хамгийн түрүүнд барилгын салбар гэж оруулж ирсэн нь Сангийн сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг асуудлыг хөндөх шалтгаан болсон. Татварт ноогдох орлого гэдэг нь өндөр боруулалттай компаниудыг дэмжих, хэт өргөн салбарыг хамрах, татварын суурь баазыг хөндөх зүйл болж байна. Тиймээс үүн дээр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Төсвийн байнгын хорооны дарга нь үг хэлж, асуудлыг гаргаж тавьсан. Татвар ноогдох орлого гэдэг нь ямар утгатайг хүн бүхэн мэднэ. Ашгаас л татвар авдаг. Төр татвар хураагаад эргээд нийгэмдээ хуваарилах гэж оролдож байгааг төсөв гэж байгаа. Гэтэл хуваарилалтан дээр алдаа гараад байна. Төр алдаатай хуваарилалт хийхийн оронд татвар хурааж авахгүй байсан дээр. Орлого нь тухайн салбартаа үлдэж байвал илүү өгөөжтэй байж мэднэ. Нөгөө талаар хямралын үед ажлын байраа хадгалж үлдэх, өнөөдрийн хүрсэн үйлдвэрлэл үйлчилгээний төвшингөө хадгалж үлдэх хэрэгтэй байна. Ингэхдээ дөнгөж үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй” гэсэн юм.