Түүх судлаач, эрдэмтдийн төлөөллүүд Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүллээ. Эрдэмтэд Чингис хааны нэрээр архи тамхи нэрлэх нь түүх соёлоо умартсан, их хаанаа үл хүндэтгэсэн, Монголын ард түмний бэлгэдэл, соёл уламжлалыг үгүйсгэж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар “Төрт Ёс, Хаадын сан”-ийн тэргүүн Д.Гүн-Үйлс хэлэхдээ “Чингис хаан маань Монголын ард түмэнд архийг бага шиг хүрт, болж өгвөл огт бүү амс” хэмээн зарлиг үлдээсэн байхад бид өнөөдөр үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг Чингис хааны нэртэй архи ууж, хэрэглэж, уусан архины шилээ хог дээр чулуудаж, хүний хөлийн гишгүүр болгож байгаа нь маш буруу үйлдэл төдийгүй их хаан, төрт ёсоо үл хүндэтгэсэн, түүх соёлоо умартсан үйлдэл. Зөвхөн түүх соёлоор зогсохгүй Чингис нэртэй архинаас болж хэчнээн амьдрал сүйрснийг хэн ч таашгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж Ерөхийлөгчид хүсэлт гаргаж байгаа юм” гэлээ.
Түүнчлэн Өвөр Монголд Чингис хааны нэрээр архи тамхи нэрлэхийг хориглосон заалт гаргасан гэдгийг тэд хэлж байв. Монголчууд л өнөөдөр Чингис хаанаа уландаа гишгэн түүнийг үл хүндэтгэж байна. Чингис хаанаар нэрлэж байсан талбайг Сүхбаатар болгоод өөрчилчихлөө. Тэгвэл одоо Чингисийн нэрээ архи тамхи овоглохыг болиулаад өгөөч хэмээн хүсмээр байна хэмээн эрдэмтэн судлаачдын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийллээ.