Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Цөлжилтөөс болж шар шороон шуурганы давтамж огцом нэмэгджээ

Цөлжилтөөс болж шар шороон шуурганы давтамж огцом нэмэгджээ
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 7
Өнгөрч буй долоо хоногт Бээжин хот битүү шар тоосонд дарагдлаа. Энэ талаар BBC болон Хятадын хэвлэлүүд мэдээлэхдээ Монгол Улсаас эхэлсэн шороон шуурга Өвөр Монголын нутгаар дайран хүчтэй шуурч байгааг онцлов. Гэхдээ энэхүү үзэгдэл нь зөвхөн энэ жил тохиолдож байгаа үзэгдэл огт биш. Сүүлийн жилүүдэд Азид түйрэн дэгдлээ гэдгийг мэдээлж ард иргэддээ эрүүл мэндээ анхаарахыг байнга сануулдаг болсон.
Монголын говиос гаралтай шар шороон шуурга буюу “түйрэн”-гийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үүнд цөлжилт, ой модны доройтол, мал аж ахуй гээд олон хүчин зүйл нөлөөлж буй юм. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд нэрвэгдэж, 1200 нуур цөөрөм, 870 гол горхи, 2300 булаг шанд ширгэсэн тухай тайлангийн дүгнэлт гарсан. Баримтаас үзвэл, 1950-иад оны үед жилдээ таван удаа түйрэн дэгдсэн бол өнөөдөр энэ тоо 40 хол гарсан байна.
Гэтэл Монголд түйрэн дэгдсэн ч асуудал болгон хэлэлцэлгүй “пүү паа” болоод өнгөрдөг. Уг нь нарийн ширхэгтэй тоосонцор ходоод, уушгинд орж гэмтээдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Тодруулбал, хөрсөнд агуулагдах төрөл бүрийн нян, вирус агаараар дамжин цусанд шингэдэг байна.
Шороон шуургатай өдөр гадагш гаралгүй аль болох дотор байх, гарах шаардлагатай үедээ маск зүүж өөрийгөө хамгаалах, хортой тоосонцроор амьсгалахаас сэргийлэх, нурах, хийсэх магадлалтай зүйлтэй ойр явахгүй байх хэрэгтэй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд “Дэлхий дахинд агаарын бохирдлоос болж, жилд хоёр сая хүн нас бардаг. Үүнээс тал хувь нь химийн элементээр бохирдсон тоосонцроос үүдэлтэй. Тоосонцроос үүдэн элэгний үйл ажиллагаа нэн түрүүнд алдагддаг” гэж бичжээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн