Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

​Цэций салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулж, 10 аймагт дулааны станц барина

​Цэций салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулж, 10 аймагт дулааны станц барина
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 22
Манай iToim агентлаг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор салбар тус бүрээр хаврын бүтээн байгуулалтын ажлыг тоймлон хүргэж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт авто замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан. Энэ удаа эрчим хүчний салбарт 2017 онд үргэлжлэх болон шинээр эхлүүлэх төслүүдийг онцолж байна.
Энэ онд эрчим хүчний салбарт нийтдээ таван төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх бөгөөд шууд тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр тендер зарлаж төслийг түлхүүр гардуулах зарчмаар хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг шалгаруулна гэсэн үг. 2017 онд гүйцэтгэгчийг шалгаруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх таван төсөл жагсаалтад багтсанаас одоогоор гурван төслийн тендер зарлагдаж, гүйцэтгэгчийг шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж.  
                   -Танилц, эрчим хүчний салбарт хийх томоохон бүтээн байгуулалтууд-
1. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл /тендер зарлагдсан/
2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл /тендер зарлагдсан/
3. Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл /тендер зарлагдсан/
4. Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл /тендер зарлагдаагүй/
5. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл /тендер зарлагдаагүй/
Түүнчлэн, “Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл”-ийн концессын шууд гэрээний хэлэлцээг сонирхсон хуулийн этгээдтэй үргэлжлүүлж, төслийг эрчимжүүлэхээр 2017 оны эрчим хүчний салбарын төлөвлөгөөнд тусгажээ.
2017 оны эцэст “Клин энержи Ази” компанийн Өмнөговь аймагт барьж буй 50 мегаваттын хүчин чадалтай Цэций салхин цахилгаан станцын төслийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчид мэдээлж байна. “Клин Энержи Ази” компани өмнийн говьд 50 мегаваттын салхин цахилгаан станц барих төсөлд нийтдээ 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, 2016 оны ёсдүгээр сард санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагч талуудтайгаа үзэглэсэн.
Тус салхин цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчээ төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэхийн зэрэгцээ "Оюутолгой", "Тавантолгой" зэрэг төслийг эрчим хүчээр хангах байршлын давуу талтай юм.
Солонгосын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 аймгийн дулааны станцыг барихаар бэлтгэл ажил хангагдсан. Зээлийн гэрээг хаврын чуулганаар оруулж, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ингэснээр 2017 оны гуравдугаар улирлаас бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2018 он гэхэд бүрэн ашиглалт оруулахаар төлөвлөжээ.
2017 онд “Эрдэнэт дулааны цахилгаан станц”-ын 35МВт-ын өргөтгөлийг БНХАУ-ын Засгийн газрын 53.8 сая ам.долларын төсөвт өртгөөр хийж гүйцэтгэнэ. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэж буй эрчим хүчний үнэ өртөг буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдрийн хувьд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 36 МВт байгаа. Өргөтгөл ашиглалтад орвол хүчин чадал хоёр дахин нэмэгдэх учраас Эрчим хүчний яам дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа аж.
Цаашид Монгол Улсын төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулах олон төсөл, хөтөлбөр хүлээгдэж байна. Тухайлбал, төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, Багануур, Бөөрөлжүүт, Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Тавантолгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн