Ухаалаг утас нь өсвөр насныхны амьдралын хэв маягт өөрчлөлт оруулаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ. Сэтгэцийн өвчлөлийн ихэнх тохиолдол нь гар утаснаас хамааралтай болохыг Сан Диегогийн Их сургуулийн Сэтгэл судлалын профессор Жен М.Твенге өнөөгийн өсвөр насныхны ухаалаг утас болоод сошиал медиагийн хэрэглээ тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаандаа дурджээ.
Нийгмийн амьдралд амьд харилцаа үүсгэхээс илүү ухаалаг утастайгаа цаг өнгөрүүлэх нь тэр хэмжээгээр ганцаардлын мэдрэмжийг өсгөж байна гэж судалгаандаа дурджээ. Түүнчлэн дэлгэцийн ард хэдий хэмжээг зарцуулна тэр чинээгээрээ сэтгэл гутралд өртдөг болох нь харагдаж байгаа юм.
СЭМҮТ-ийн Хүүхэд Өсвөр Үеийн Клиникт сүүлийн үед өөрийн зургаа авах ч юм уу, фэйсбүүк, инстаграмм, сошиалыг хэтрүүлэн хэрэглэсэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь ихэсч байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Цахим орчныг хэтрүүлэн хэрэглэдэг хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд өөрчлөлт гарч, дийлэнх нь их ядардаг, нойргүйддэг гэсэн шалтгаантай ирдэг аж. Харин нэлээд хүндэрсэн хүүхдийн төрөлх зан авирт нь өөрчлөлт орсон байдаг аж.
Өвсөр насны хүүхэд юунаас болж, сошиал медиаг хэтрүүлэн хэрэглээд байгаа болон үүнээс шалтгаалсан эрсдэлт алхам хийхээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн Хүүхэд Өсвөр Үеийн Клиникийн их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим хэрэглээнээс үүдэж, танай эмнэлэгт эмчлүүлэх нь хэр байна вэ. Тэдгээр хүүхдүүдэд юу нөлөөлж байна вэ?
-Сүүлийн үед фэйсбүүк, инстаграмм, сошиал медиаг хэтрүүлэн хэрэглэсэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь ихэсч байгаа. Уг хүүхдүүд чөлөөт цагаараа байнга утас, таблет, компьютерээр интернэт орж, цагаа үр дүнгүй өнгөрөөсөн байдаг. Энэ талаар эцэг эх нь ямар нэг шаардлага тавихаар эсэргүүцэж, шаардлагыг нь биелүүлдэггүй байдлаас гэр бүлийн зөрчилдөөн гарна. Энэ үед эцэг эх хүүхэдтэйгээ эхлээд ярилцах хэрэгтэй. Учир нь хүүхэд ямар нэг шалтгаанаас болоод гэр бүлтэйгээ харьцахын оронд цахим хэрэглээг сонгож байгаа юм. Тухайлбал, өсвөр насны хямрал явагддагаас сэтгэл гутралд орох, түгших гэх мэт өөрчлөлтүүдтэй холбоотойгоор цахим орчинд байнга байж, өөрийгөө тайвшруулах нь бий. Эсвэл ар гэрийнхэн нь тухайн хүүхдэд анхаарал халамж тавьдаггүй бол хүүхэд өөртөө цаг зарцуулж байгаа байдал нь ердөө цахим хэрэглээ болж байгаа юм. Ингээд хүүхэд удаан хугацаагаар утас оролддог, компьютер тоглоом тоглодог эсвэл зурагт үзэж, фэйсбүүк мессенжерээр чаталж эхэлдэг. Тэгэхээр ийм үйлдэл гаргаж байгаа хүүхдийн цаана ямар нэг нийгмийн асуудал байна гэсэн үг.
-Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд хэтэрсэн хугацаагаар байх нь тэдний сэтгэл зүй, бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?
-Цахим хэрэглээнээс үүдсэн өвчин, эмгэгийг эмчлэх эмчилгээ ямар байдаг юм бэ?
-Манай эмнэлэгт эмчлүүлдэг хүүхдүүдийн дийлэнх нь их ядардаг, нойр хүрдэггүй гэсэн шалтгаан хэлж ирдэг. Харин цахим орчны нөлөөлөл хүндэрсэн хүүхдийн төрөлх зан авирт нь өөрчлөлт орсон байдаг. Энэ нь цахим орчныг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой юм. Үүнийг эмчлэх хамгийн чухал эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ юм. Харин ядрал, сульдалт, нойрны өөрчлөлтөд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Сэтгэл засал, шинж тэмдгийн эмчилгээг хавсарч байж тодорхой хэмжээний өөрчлөлт ахиц гарна. Гэхдээ тухайн хүүхдийн гэр бүлийнхэнд маш сайн зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл хүүхэд эмчлэгдээд явсан ч цахим орчныг хэлтрүүлэн хэрэглэх, шалтгаан, орчин нөхцөл нь өөрчлөгдөхгүй бол хүүхэд дахин хэрэглэж эхэлнэ. Иймээс тухайн хүүхдийн гэр бүлийнхэн нь цахим хэрэглээний тал дээр хязгаарлалт тавьж, эцэг эхчүүд өөрсдөө зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Хэрэв хүүхдийнхээ цахим хэрэглээг хориглосон хэрнээ эцэг эхчүүд өөрсдөө орой кино үзэх эсвэл цахим орчинтой холбоотой асуудал гаргаад байвал хүүхэд үүнийг даган дуурайна. Мөн хүүхдийн сургуулийн орчинд ямар асуудал байна вэ гэдгийг тодруулах ёстой. Тухайн хүүхэд ямар хүүхдүүдтэй найзалж, нөхөрлөж байна вэ гэдгийг сайн судалж, анхаарч багштай нь хамтрах хэрэгтэй. Энэ бол дан ганц хүүхдээ хориод өөрчлөгдөх асуудал биш, эмч, багш, эцэг эх хамтарч байж тэмцэнэ. -Тэгвэл цахим хэрэглээнд донтсон хүүхэд эмчлэгдэх үү?
-Аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь дон болж байгаа хэрэг юм. Дон гэхээр тархинд бичил хэмжээний голомт үүссэн гэж үздэг. Энэ голомтыг тайвшруулах идэвхгүй байдалд оруулж байж дахин сэдрэхгүй байх ёстой. Ингэхдээ хүүхдийн сэтгэл зүйн хувьд анхаарч, халамжилбал дахихгүй байх боломжтой . Мөн амьдралын зөв зорилготой болж, цагийг зохистой өнгөрөөгөөд эхлэх юм бол цахим орчныг хэтрүүлэн хэрэглэдэг хүүхдүүд засардаг. -Та ярилцлагын эхэнд “хүүхэд өөртөө дурлах гэж байдаг” гэсэн. Энэ нь юутай холбоотой юм бэ?
-Зарим хүүхдүүд өөрөө өөртөө дурлах нь байдаг. Энэ нь өөрийн байгаа байдал, дүр төрхдөө сэтгэл ханамжтайгаас үүнийг бусдад үзүүлэх, харуулах гэсэн хүсэл эрмэлзэл маш их төрдөг. Иймд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор өөрийн мэдээллийг нийтэлдэг юм. Гэхдээ хүүхэд байнга зургаа авах нь сэтгэл зүйн хувьд ямар нэг асуудал үүссэн гэж ойлгож болно. Тухайн хүүхдийн ар гэрт ямар нэг асуудал байж болно. Эсвэл хайр халамжаар дутагдалтай өссөнөөс бусдын хайр халамж, анхаарлыг татахыг хүсэх тохиолдол байдаг. Хүүхэд гэр бүлээсээ хайр халамжийг авч чадахгүй бол өөр зүйлээс хайр, халамж хүсч эхэлдэг. Ингээд ойрын хэрэглээ болох фэйсбүүк чатаар бусадтай харилцах, танилцах, найзын хүрээгээ нэмэхийг хүсдэг.
-Яагаад өсвөр насны хүүхдийн цахим орчны хэрэглээ ихсээд байна вэ?
-Өсвөр насны хүүхдүүд аливааг сонирхож үздэг сониуч байдаг. Иймээс найз нөхөд, бүлгээрээ цагийг өнгөрөөж, аливааг хийж, аль болох найз нөхдийн хүрээнд цагийг өнгөрөөхийг хүсдэг байна. Мөн энэ насныханд өсвөр насны хямрал гэж тохиолдоно. Зарим хүүхдүүд хямралыг даван туулах гэж эсвэл сэтгэлээ тайвшруулах гэж тоглоом тоглох, цахим орчинд удаан суух нь байдаг.
-Өсвөр насны хүүхэд цахим орчинг хэтрүүлэн хэрэглэхээс хэрхэн сэргийлэх вэ. Эцэг эхчүүд юу хийвэл дээр вэ?
-Хүүхдүүдэд эцэг эх нь маш сайн анхаарал тавих ёстой байдаг. Эцэг эхчүүд өөрсдөө зөв үлгэр дуурайллыг үзүүлэх ёстой. Цахим ертөнц бол зөвхөн хэрэглээ гэдийг хүүхдэдээ багаас нь ойлгуул. Хүүхдийнхээ чөлөөт цагт анхаарал хандуулах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийг хэнтэй найзалж, нөхөрлөж, хаагуур явж байна гэдэгт анхаарал хандуулна гэсэн үг. Мөн хүүхдийнхээ сонирхолд нийцүүлсэн дугуйлан, секцэд хамруулах, хүүхэдтэйгээ ярилцах талаас анхаарах хэрэгтэй. Хүүхэд чөлөөт цагаа зөв өнгөрөөж, дуртай зүйлээ хийвэл төдийлөн муу зуршилд автах нь бага байда