Эцэг, эхчүүдийн олонхи нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэднийг сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр бидний ирээдүй болсон хүүхдүүд юу хүсдэг, тэднийг хэрхэн хөгжүүлэх ёстой, цаашлаад хүүхдийн нас насны онцлог, эрүүл мэнд, хөгжлийг эцэг, эхчүүдэд танин мэдүүлэх, зөвлөх зорилготойгоор “ХҮҮХЭД-ИРЭЭДҮЙ” буланг цувралаар хөтлөн явуулахаар боллоо. Бид энэ булангаараа хүүхдийн өсөлт, хөгжилд шаардлагатай зүйлс, тэднийг хэрхэн зөв чиглүүлж, зөв өсгөн хүмүүжүүлэх, тэдэнтэй хэрхэн ойлголцох талаар зөвлөгөө, мэргэжлийн хүмүүсийн яриаг нийтлэх болно.
Эцэг, эхчүүд та бүхэн хэзээ нэгэн цагт өөрөөсөө эсвэл бусдаас би хэр сайн аав, ээж вэ гэж асууж байсан уу. Энэ асуултын хариултад зөвхөн хүүхэд тань л хариулж чадна. Тэгвэл хариулт нь хүүхдийн тань зурсан зурагт бий.
Хүүхдийн зурсан зураг заримдаа хүүхдийнхээ талаар илүү ихийг мэдэх боломж байдаг. Тодруулбал, хүүхдүүд үгсээр дамжуулан өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй тул зураг зурдаг байна. Тиймээс ч хүүхдүүд бага насандаа зураг зурах дуртай байдаг аж. Тэд зургаараа дамжуулан өөрсдийн айдас, баяр баясгалан, мөрөөдөл, итгэл найдвар, зүүд гээд маш их зүйл өгүүлж байдаг. Мөн хүүхдийнхээ зурсан зургаар та гэр бүлийн байдал, тэдний зан чанар болон өөрийнхөө тухай дүгнэлт хийж болох юм.
Олон орны сэтгэл судлаачид хүүхдийг оношлох, тэдний дотоод ертөнцийг олж мэдэх зорилгоор хүүхдийн зурсан зурагт дүн шинжилгээ хийдэг байна. Хүүхэд зөвхөн харж байгаагаа зураад зогсохгүй хүрээлэн байгаа орчноосоо мэдэж авсан эд юмс, үзэгдлийг зурагтаа тусгадаг аж. Цагийн турш суугаад зураг зурахдаа хүүхэд зөгнөлт, гайхалтай, ер бусын болон зарим үед айдас хүрэм янз бүрийн л зургуудыг зурж, түүндээ томчуудын асуудал, тэдний харьцах харьцаа, хандлага энэ бүхий л зүйлийг дүрсэлж байдаг байна.
Тиймээс хүүхдээрээ зураг зуруулж хүүхдээ илүү их ойлгож, өөртөө болон гэр бүлдээ дүгнэлт хийгээд үзээрэй. Ялангуяа гэр бүлийн сэдэвт зураг зуруулах нь хүүхэд гэр бүлийнхээ гишүүдийг хэрхэн бодож, дүгнэж явдгийг мэдэж болох юм. Мөн хүүхдээрээ зурсан зургийнх нь талаар тайлбарлуулж, тэднийг урамшуулан дэмжих хэрэгтэй.
Энэ насандаа хүүхдүүд зурах биш ихэнхдээ цаасан дээр сараачиж байдаг. Гэхдээ зурагт зүгээр нэг сараачсан эрээн мяраан зүйл байна гэж анзааралгүй орхиж болохгүй. Заримдаа зургийг сайн ажиглавал олзуурхууштай зүйлс ажиглагддаг. Жишээ нь, хүүхэд машин эсвэл байшинтай төстэй дүрс гаргасан байдаг.
Хүүхэд хамгийн эхлээд эмх замбараагүй муруй шугамыг сараачдаг. Хүүхэд хэрэв хоёр нас хүрээгүй бол тэдэнд анх харандаа бариулахад харандаа нь гараас нь хальтран унана. Тэрээр гарынхаа хөдөлгөөнийг удирдан залж харандаагаар зурах чадвар сул байдаг. Хоёр насны орчимд хүүхдийн жижиг булчингуудын хөгжлийн үр дүнд харандаагаа эзэмшиж сурдаг. 2.5-3 насны үед хүүхдийн зурагт нь дугуй дүрс бүхий хэлбэртэй зүйлс ажиглагддаг. Энэ дүрс нь тасралтгүй үргэлжилсэн дүрснээс дугуйран гарсан ээдрээтэй хэлбэртэй байна. Удалгүй хүүхэд тусгай дугуйнуудыг зурж эхэлнэ. Энэ нь хүүхэд зураг зурах том амжилтад хүрч байгаа хэрэг юм. Зарим судлаачид хүүхдийн дугуй дүрс зурж эхэлдэгийг мэдрэлийнх нь системтэй холбон тайлбарлаж байхад зарим нь хүүхэд анх хүртэн мэдэрсэн зүйл, өөрөөр хэлбэл эхийнхээ хөхийг илэрхийлэн зурж байна гэж үздэг. Ер нь дугуй дүрс гэдэг бол хамгийн энгийн, байгальд хамгийн элбэг байдаг дүрс бөгөөд хүүхэд дугуй дүрсийг бүхий л зүйлийг дүрслэхдээ ашигладаг байна. Үүнд толгой, нүд, ам, их бие, чих, тэр ч бүү хэл үсийг ч зурахдаа зарим хүүхдүүд ашигладаг байна. Гэхдээ хайш яйш зурсан бүхэн нь хүүхдийн хувьд томчууд бидэнд өөрийгөө илэрхийлж буй захиа гэж ойлгож болно.
Гурван насанд хэмнэлтэй зураас татан, үргэлжилсэн дугуй зурдаг. Дараа нь хүний дүрс, толгой, гар хөл, ам нүд гэхчлэн хүний биеийн хэсэг, гэр, байшин, үүл, цэцэг, амьтан, нохой зэрэг өөрийн хамгийн ойр, сай мэдэх зүйлээ төсөөлүүлдэг.
Сэдэвчлэн зурах үе (3-5 нас)
3-4 насандаа хүүхдүүд өөрийн нүдээр харсан зүйлсийг сэдэвчлэн буулгаж эхэлдэг. Тэд мод, машин, орон сууц, цэцэг, хүн зэргээр бага багаар өөрийн харсан зүйлсийг дүрсээр буулгаж эхэлдэг байна. Гэхдээ хүүхэд аажим аажмаар байшингийн урд цэцэг зурах, хувцсан дээрээ цэцгэн чимэглэл тавих зэргээр зурган дээрээ тодорхой зүйлсийг нэмж эхэлдэг. Тэдний зураг нь утга агуулга, өргөн сэдэвтэй болж ирдэг.
Дүрслэн зохиомжлох зурах үе (5+ нас)
Энэ үед хүүхэд аливааг системтэй зурж эхэлдэг. Өөрөөр хэлбэл аливааг дүрслэн зохиомжлон зурж эхэлдэг байна. Тухайлбал, далай зурахдаа далайн од, бөмбөг, усны хувцастай хүмүүс зэргээр аливааг бүтэцтэй зурж эхэлнэ. Заримдаа аливаа нэг тэмдэг болон үсгээр зурж буй зургаа орлуулах, зурснаа тайлбарладаг. Жишээ нь, “V” үсгийг ашиглан шувуу, өвс зэргийг зурах, зайрмагны мухлаг зурахдаа дээр нь зайрмаг зурах зэргээр зурснаа тайлбарлаж, дүрсэлж байдаг.
Охид, хөвгүүдийн хувьд зургийн дүрс, өнгөний сонголт ихэнхдээ өөр, өөр байдаг. Тухайлбал, охид ихэнхдээ дугуй дүрс ашиглан цэцэг, зүрх зэргийг зурдаг бол хөвгүүд өнцөг, шулуун шугамыг ашиглан машин, автобус зэргийг зурдаг байна. Мөн хөвгүүдийг бодвол охид зурагтаа илүү их өнгө хэрэглэх хандлагатай байдаг бөгөөд охид илүү дулаан өнгө тухайлбал ягаан, хөвгүүд илүү хүнд өнгө, тэр дундаа цэнхэр өнгийг түлхүү хэрэглэдэг.
Хар болон үзмэн ягаан өнгийг түлхүү хэрэглэж байвал тухайн хүүхэд өөрийн байгаа байдалдаа тааламжтай байдаг бөгөөд харьцангуй
Цэнхэр өнгө түлхүү ашигладаг хүүхэд халамжтайгаас гадна өөрөө анхаарлын төвд байхыг хүсч байдаг.
Улаан өнгө бол сэтгэл хөөрлийн илэрхийлэл. Хүүхдүүд аливаа зүйлээс хоцрохыг хүсэхгүй, анхаарлаас гадуур байхыг хүсэхгүй байгаагаа энэ өнгөөр илэрхийлдэг. Хүүхдүүдийн олонхи нь энэ өнгийг түхлүү ашигладаг.
Ягаан өнгө их ашигладаг бол тухайн хүүхдүүд хайр, халамж, өөрийг нь хүлээн зөвшөөрч магтаж байх хэрэгтэй байдаг. Энэ өнгийг охид түлхүү ашигладаг.
Ногоон өнгийг түлхүү ашигладаг хүүхдүүд бусдаас өөр байхыг илүүд үздэг, тэдэнд хувийн орон зай хэрэгтэй байдаг. Энэ өнгийг түхлүү ашигладаг хүүхдүүд уран бүтээлч сэтгэлгээтэй, ухаалаг, бие даасан хүүхэд байх нь элбэг.
Шар өнгийг ашигладаг хүүхдүүд ухаантай, тайван зан чанартай байдаг.
Түүнчлэн хүүхэд өөрт илүү дотно хүнийг тод өнгөөр буддаг аж. Хэрвээ хүүхэд хэн нэгнийх нь цамцыг хөх өнгөөр будсан бол энэ хүнтэй амар тайван харилцаатайг илэрхийлдэг. Хэрвээ ногоон өнгөөр будвал энэ хүнийг хүүхэд хүндэлдэг, чухал хүн болохыг харуулдаг байна. Аливаад сэтгэл хөдлөлөөр ханддаг түргэн зантай хүнийг шар өнгөөр, улаан өнгөөр түрэмгий зантайг, харин хар өнгөөр гэр бүлийн аль нэг гишүүний таагүй зан авирыг илэрхийлдэг байна.
Зургийн байрлал, зай талбай ашигласан байдал
Энэ нь тухайн хүүхдийн амьдралыг хамрах хүрээ ямар хэмжээнд байгааг заадаг. Зурагт дүрсэлсэн хүмүүсийн өнгө, төрхөөс хүүхэд эдгээр хүмүүстэй ямар харилцаатай байдаг, өөрийгөө энэ гэр бүлд ямар байр суурь эзэлдэг зэргийг дүрслэнэ.
Хэрэв зураг цаасны дээд хэсгийг эзлээд харин үлдсэн ихэнхи хэсэг нь хоосон байвал хүүхэд одоогийн байгаа байдалдаа сэтгэл дундуур явдаг, үүнийгээ засч залруулахыг эрмэлздэг гэсэн үг.
Цаасан дээрх зайг сайтар ашиглан зурж чаддаг хүүхэд тэнцвэртэй байж чаддаг, харин эсрэгээрээ цаасны доод ирмэг эсвэл буланд зургаа байрлуулдаг хүүхэд байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус эсвэл аливаа нэг зүйлээс айж явдагаа илэрхийлдэг байна. Тиймээс энэ тохиолдолд хүүхэдтэйгээ ярилцах шаардлагатай.
Харин цаасны зүүн талд зурсан байвал энэ нь хүүхдийг хүмүүжүүлэх арга барилтай холбоотой байдаг байна. Өөрөөр хэлбэл, ээж нь хүүхдэдээ анхаарал бага тавьдаг эсвэл хэтэрхий их шаардлага тавьдаг гэдгийг илэрхийлдэг байна. Тиймээс энэ тохиолдолд хүүхдийн ээж хүүхэдтэйгээ илүү харилцах шаардлагатайг илэрхийлж байгаа аж.
Харин цаасны баруун талд зургаа бөөгнөрүүлэн зурж байвал тухайн хүүхэдтэй харилцах шаардлагатай, эцэг эхийн анхаарал халамж сул байгаагийн илэрхийлэл болдог байна. Цаасны баруун талд зурвал хүүхдийн эцэг нь түүнтэй илүү их харилцах шаардлагатайг харуулдаг байна.
Хэрвээ тухайн айл гэрт амар амгалан оршдог бол хүүхэд гэр бүлийнхээ гишүүдийг бараг наалдуулах шахам зурдаг байна. Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй нь хэр ойртуулж зурна төдий чинээ энэ хүнд дотно байдаг гэдгийг харуулдаг. Харин тухайн хүмүүсийн хооронд зурсан ямар нэг эд зүйл гэр бүлийн гишүүдийн хооронд саад тотгор болж байгааг илэрхийлдэг байна. Цаасны буланд нарыг байрлуулан зурах нь энгийн зохиомж хэдий ч нар бол тайван байдал, халуун дулааныг бэлгэддэг. Хэрэв хүүхэд нар хоёрын хооронд хэн нэгэн илт онцгойрч байрласан бол тэр хүн амьдралд нь саад болж байгаагийн шинж.
Мөн хүүхэд аав, ээжийгээ өөрөөсөө хол хамтад нь дүрсэлж, харин бяцхан амьтдыг өөрийнхөө ойролцоо дүрсэлсэн байвал тэд хүмүүсийн хайр халамжийг үгүйлж, олон цагийг ганцаардаж өнгөрөөдөгийг харуулна. Энэ байдал удаан үргэлжилж болохгүйг анхаарч хүүхдэдээ илүү цаг зав гаргах хэрэгтэй. Ялангуяа гэрийн тэжээмэл амьтангүй хэрнээ өөрийнхөө хажууд амьтан зурсан байвал тухайн хүүхэд хэн нэгэнд хэрэгтэй байхыг хүсч байна гэсэн үг. Түүнд хэн нэгний хайр халамж дутаж байгааг илэрхийлж байдаг.
Хүүхэд хэнийг эхэлж зурж байгаагаараа гэр бүлийнхээ гишүүнд ханддаг хандлагаа илэрхийлдэг. Ихэвчлэн хамгийн хайртай, хамгийн чухал хүнийг түрүүлж зурдаг байна. Мөн өөрийнхөө хажууд зурсан хүн нь түүнд хамгийн их халамж тавьж, хайрладаг гэж үздэг. Зарим тохиолдолд хүүхдүүд ээжийгээ өөрийнхөө хажууд зураад, аавыгаа ээжийнхээ хажууд зурах тохиолдол байдаг бөгөөд энэ нь эцэг нь түүнд бага цаг зарцуулдаг, хайр халамжаа төдийлөн мэдрүүлдэггүйн илэрхийлэл юм.
Зурагт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь байхгүй бол зай талбай үлдээгүй, эсвэл хүүхэд түүнийг мартчихсан хэмээн тайлбарлаж болох юм. Гэвч энэ нь өөр зүйлийг өгүүлдэг. Учир нь, хүн дутуу зурсан бол тийм ч таатай дүр зураг биш гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд сайнгүй ханддаг, таагүй харилцаатай байдаг аж. Тиймээс яагаад түүнийг зурахаа мартсаныг асууж, ярилцах хэрэгтэй. Ихэвчлэн хүүхэд өөрийгөө голд нь зурдаг бөгөөд үүгээрээ аав ээж нь түүнийг хайрладаг гэдэгт итгэдгийг илэрхийлдэг байна. Эсрэгээрээ өөрийгөө огт зураагүй бол ганцаардмал хүүхэд байж болох юм.
Хүүхэд өөрт нь таалагддаг, хайрлаж хүндэтгэж явдаг хүмүүсээ зурагтаа бусдаас илүү том, тодоор дүрсэлдэг. Өөрөөр хэлбэл, зурж байгаа хүнээ хэдий чинээ томоор зурна, төдий чинээ тухайн хүн өөрт нь анхаарал тавьдаг, чухал хүн болохыг илэрхийлдэг байна. Гадуурхагдсан хүүхэд өөрийгөө жижиг, харин хайранд умбасан хүүхэд өөрийгөө томоос том зурах нь элбэг.
Хүүхэд өөрийгөө зураагүй байвал маш муу. Гэр бүлийн амьдралд тэр яахаа мэдэхгүй байгаа бөгөөд хөндлөнгийн гадны хүн шиг байдаг гэсэн үг. Ийм хүүхдэд тэр ч гэсэн энэ гэр бүлийн чухал гишүүн гэдгийг ойлгуулаарай.
Эд зүйлсийг хангалттай дүрсэлсэн хэрнээ гэр бүлийнхнээ зураагүй бол аюулын дохио. Хүүхдийн хувьд гэр бүлийн харилцаанаас илүү эд материал чухал байр суурь эзэлдэгийг илэрхийлж байгаа юм. Түүнд хайр халамж дутагдаж байна.
Заримдаа гэр бүлийн зурагт үлгэрийн амьтад, шидтэнүүд дүрслэгдсэн байдаг. Хүүхэд ямар нэгэн зүйлд хангалуун бус байгаагийн илрэл. Хүүхэдтэйгээ ярилцаж, юу хүсч байгааг нь мэдэхийг хичээх шаардлагатайг анхааруулж байгаа дохио гэж болно. Хаалттай хаалга, цоожтой авдар сав зэрэг нь хүүхэд гэр бүл дотроо ямар нэгэн нууцлаг зүйл байгааг мэддэг бөгөөд түүнийг илрүүлэхийг хичээж байгааг харуулна.
Та хүүхдийнхээ зураг зурж байх явцыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Зарим сэтгэл судлаачид хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлөө зураг зурж байх явцдаа илэрхийлдэг хэмээн үздэг.
Аливаа зүйлийг нарийвчлан зурдаг хүүхэд аав, ээждээ хайрлуулахаар маш их хичээдэг гэдгийн илрэл.
Харин аливааг бүдүүн зураасаар, ялангуяа тэдгээр нь ойрхон давтамжтай байвал стресс, уур уцаартай байгаагийн илрэл. Харин эсрэгээрээ нарийн зурдаг бол тайван байгаагийн илрэл.
Түүнчлэн шугам, зураасаа тасалдуулан зурсан байвал хүүхэд өөртөө эргэлздэг, аливаа нэг зүйлээс айж явдгийн илрэл. Харин шугамаа урт, таслалгүй зурж байвал өөртөө итгэлтэй байдлын илрэл.
Түргэн зантай, бусдын нөлөөнд амархан автдаг хүүхэд: Аливааг маш томоор дүрслэн зурдаг, мөн хүн зурахдаа хүзүүгүй зурахаас гадна аливааг тэгш бус хэмжээстэй зурдаг. Тухайлбал маш том толгойтой жижигхэн биетэй, жижиг толгойтой хэрнээ маш том биетэй зурдаг. Харин ам зурахдаа шүдтэйгээр зурсан бол тухайн хүүхэд түрэмгий зантай байж болно.
Сэтгэлийн зовиуртай, аливаа зүйлд сэтгэл санаа нь зовж явдаг хүүхэд: Зургандаа үүл их зурдаг. Ялангуяа үүлнээсээ бороо орж байгаагаар дүрсэлбэл энэ нь таагүй байдлын илрэл. Мөн сэтгэлийн зовиуртай хүүхэд хүн зурахдаа нүдгүй зурах нь элбэг.
Ичимхий хүүхэд: Аливааг маш жижиг зурдаг, хүн зурахдаа хамар амгүй эсвэл хэт жижиг ам, хамар зурсан байвал тухайн хүүхэд сэтгэл хөдлөлөө нуудаг байж болох юм. Биеийн хэсгүүдийг маш ойрхон, богино зурсан бол сул дорой байдлыг илэрхийлнэ.
Ууртай хүүхэд: Хүн зурахдаа том гартай, том шүдтэй эсвэл урт гартай зурахаас гадна хүний нүдийг хол зурдаг.
Анхаарал шаардлагатай хүүхэд: Хүн зурахдаа гаргүй зурахаас гадна зургаа налуу байрлалтай зурдаг бол энэ хүүхдэд анхаарал шаардлагатайг илэрхийлж байдаг.
Гэр бүлийнхнийхээ нүүр царайг ихэд хичээнгүйлэн зурсан бол хүүхэд хайранд умбаж буйг илэрхийлдэг. Харин бяцхан зураач өөрийнхөө нүүр царайг илүүтэй тодотгон зурсан бол өөртөө их хайртай, анхаардаг болохыг баталдаг байна. Хэрвээ хүүхэд аав ээжийнхээ хэн нэгний амыг хэтэрхий томоор зурсан бол энэ хүн хүүхдийг байнга шүүмжилдэг байж болох юм. Гэр бүлийн гишүүдийнхээ нэгийг том нүдтэйгээр зурсан тэр хүнээс айдаг болохыг, жижигхэн нүд ямар нэг зүйл нуудаг болохыг илэрхийлнэ. Хэрвээ хэн нэгнийг илүү урт гартайгаар, эсвэл бүр гаргүйгээр зурвал энэ хүн хүүхдэд сэтгэлзүйн дарамт өгдөг байж болно. Хэрвээ хүүхэд өөрийгөө гараа өргөж байгаагаар зурсан бол түүнд анхаарал дутаж байгааг харуулж байгаа гэнэ.
Зураг зурах ач холбогдол:
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтээс гаргасан зөвөлгөөгөөр гурван настай хүүхэд дугуй дүрс зурж, хүүхдэд зориулсан хайч барьж сурсан байх ёстой юм байна. Харин дөрвөн настай хүүхэд дөрвөлжин дүрс зурж, яг шугамын дагуу хайчилж сурдаг байна. Ирээдүйд хурдан бичих чадвар суухад маш тустай байдаг тул цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хайч хэрэглэж сургах нь чухал юм. Зураг зурдаг балчир үрс өнгө, хэлбэр дүрс болон үйл хөдөлгөөн суралцаж хэл ярианы хөгжилд нь үнэтэй хувь нэмэр болдог байна. Мөн зургийн боловсрол нь хүүхдүүдийн асуудал шийдвэрлэх чадвар суулгаж, аливаа юмыг олон талаас нь харж сурахад тусалдаг. Зураг зурах нь хүүхдүүдэд танин мэдэхүй, тунгаан бодох болон туршилт хийх, шинэ зүйл бодож олох чадварыг нь хөгжүүлж бүтээлч байдалд сургадаг тул зургийн хичээлийг тоохгүй өнгөрч болохгүй.
Зураг зурах үед хүүхдүүд гаргасан алдаанаасаа суралцаж энэ нь цаашид өсч том болоод шинийг санаачлах чадвар, бүтээлч сэтгэлгээнд нь маш том сургамж болж байдаг тул
Зурах нь бусад чадвартай харилцан хамааралтай байдаг байна. АНУ-д хийсэн судалгаагаар, өдөрт гурван цагаар долоо хоногийн гурван өдөр зургаар хичээллэдэг хүүхдүүдийг зургаар огт хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулан судалжээ. Үр дүнд нь зургаар хичээллэдэг хүүхдүүд нь хичээллэдэггүй хүүхдүүдээс математик болон бичгийн хичээл бусад хичээлүүд дээр илүү сайн байсан байна.
Хүүхдийнхээ зурж байгааг ямарч тохиолдолд шүүмжлэх хэрэггүй. Харин эсэргээрээ аливаа зурсан зургийг нь сайшаан магтаж урам зориг өгч байх хэрэгтэй. Хүүхдийг зураг зурахад нь харандаа, цаас, фламастер зэргээр нь бүрэн хангах хэрэгтэй, харин цаас үрлээ гэх мэтээр шүүмжлэх хэрэггүй. Зураг зурж дууссаных нь дараагаар хамтран уг зургийнх нь талаар ярилцах, асуулт тавих гэх мэтээр анхаарлаа хандуулахад хүүхэд маш дуртай байдаг. Зурсан зургийг нь хананд өлгөж бусдад сонирхуулах зэрэг нь хүүхдийн өөртөө итгэх итгэл болон бусад чадвар хөгжихөд сайн нөлөөтэй.
Хүүхдээ зураг зурж байхад нь хэзээ ч алдааг нь засаж бүтээлийг нь засварлаж болохгүй. Өөрийнх нь зурж урласнаас илүү болсныг харсан хүүхдийн урам хугарч цаашдаа харандаа цаас нийлүүлэх хүсэлгүй болдог. Тэднийг хүссэн үед нь ямар нэг сэдвийн дагуу зуруулаад байвал хүүхдийн бүтээлч чанарыг төлөвшүүлж, сэтгэн бодох чадварыг нь эрс дээшлүүлдэг.
Зарим хүүхдийн дүрслэн зохиомжлох чадвар илүү байхад, нөгөөгийнх нь өнгө төсөөлөл сайн, бас нэг нь харандаагаар биш усан будгаар ажиллах сонирхолтой байдаг. Усан будгаар зурах үед нь нэг өнгөөр дагнуулж байгаад улмаар баяжуулан, олон өнгөөр зурахыг дэмжин урамшуулах хэрэгтэй. Мөн өнгө, өнгийн толбо, зураасыг хүүхдүүд ажиглан хараад бодит зүйлтэй холбон бодож, янз бүрээр сэтгэн зохиомжилж бүтээл хийх дуртай байдаг.
Хялбар зохиомжтой, тэгш хэмтэй янз бүрийн чимэглэл ажиглуулан зуруулах нь хүүхдийн сонирхлыг татаж урмыг сэргээдэг. Зарим хүүхэд тохиолдлын байдлаар ямар нэг зүйлийг удаан хугацаагаар зурдаг. Тийн оролдсоор дүрслэх чадвар нь огцом сайжирч зурах сонирхол нь улам бүр нэмэгдэх нь бий. Хүүхэд зурах тусам дүрслэн урлах хэв маяг, арга ухаанд улам бүр дадлагаждаг.
Бүтээлдээ сэтгэлээ өгч улам бүр зурах, урлах сонирхлыг нь хөгжүүлэхэд багш, эцэг эх, томчуудын харилцан яриа маш чухал байдаг тул тэдэнтэй ярилцаж, зургийг нь тайлбарлуулж анхаарал хандуулах нь маш чухал.