Open iToim app
Таны сонорт | 9 мин уншина

Ч.Хүрэлбаатар: "Монгол шуудан" ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ...

Ч.Хүрэлбаатар: "Монгол шуудан" ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ...
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 11
2017 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, өчигдөр баталлаа. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд оруулсан өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-УИХ 2017 оны төсвийг баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас анх оруулж ирснээсээ хэр өөрчлөгдсөн бэ. Ямар ч байсан Хүүхэд харах үйлчилгээний зардлын мөнгийг нэмж тусгахаар болсон?
-2017 оны төсвийг баталлаа. Үндсэндээ Засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барихдаа алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь, харин төсвийн алдагдлыг хоёр их наяд 580-аад тэрбум төгрөг байна гэж оруулж ирсэн. Үүнийг Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үед төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувь болгож буюу 0.8 пунктээр сайжруулсан. Өөрөөр хэлбэл, 200 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулж баталлаа. Нөгөөтэйгүүр төсвийн зардал талд нэлээд шинжилгээ хийж үзсэн. Хамгийн ихээр санаа зовоож буй зүйл нь зээлийн хүүд төлж байгаа мөнгөний хэмжээ байна. 1.3 их наяд төгрөгийг зээлийн хүүд зарцуулж байна. Гэтэл Монгол Улс дөрөвхөн жилийн өмнө авсан зээлийнхээ хүүд 32 тэрбум төгрөг төлдөг байсан бол өнөөдөр нэг их наяд 346 тэрбум болсон байна. Тиймээс зээлийн хүүгийн зардлыг яаж буруулах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллаж, зээлийн хүүгийн төлбөрийг 50 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Мөн шинээр гаргах үнэт цаас, зээлийн хэмжээг ч  300-гаад тэрбумаар бууруулж тооцсон. Ер нь эдийн засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгж, ард иргэд бүсээ чангалж байгаа үед төр хэмнэлт хийх ёстой гэж үзээд төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу төрийн байгууллагуудыг нэг хувийн хэмнэлт гаргах санал гарч дэмжигдсэн.
-Төсвийн ерөнхийлөн захирагч нар нэг хувийн хэмнэлт хийвэл нийт хэдий хэмжээний хэмнэлт хийж чадах вэ?
-Улсын төсвөөс 30-аад тэрбум, орон нутгийн төсвийг оруулаад үзвэл нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийг хэмнэхээр байгаа.
-Уг нь төсвийн алдагдлыг ДНБ-ий зургаан хувьд оруулах боломж байна гэж Байнгын хорооны хуралдааны үеэр ярьж байсан. Энэ санал юу болсон юм бэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 330 тэрбум төгрөгийг бид өндөр хүүтэй зээлээ хаах, гаргаж байгаа үнэт цаасыг орлуулах зорилгоор ашигласан. Тэгэхээр энэ мөнгийг орлого дээр дахиж бүртгэж болохгүй байгаа юм. Учир нь өмнө нь нэг удаа орлогод бүртгэчихсэн хөрөнгө учраас дахин бүртгэж болохгүй. Хэрвээ орлогод энэ мөнгийг нэмчихвэл төсвийн алдагдал 6-7 хувьд буух боломж байсан л даа. Гэхдээ яг бүртгэлийн дүрмээр энэ нь орлого талдаа бүртгэхгүйгээр зардал санхүүжүүлэх хэлбэрээр төсвийн шугамын доорх санхүүжилтээр орж байгаа юм. Ингээд үзэхээр үндсэндээ Монгол Улсаас гарах зардлын хэмжээг нийт 550-аад тэрбум төгрөгөөр буюу төсвийн тэнцлийг ерөнхий утгаар нь сайжруулсан гэж ойлгож болно.
-Орлогыг ямар байдлаар нэмэгдүүлэхээр ярилцаж байна вэ. Төсвийн орлого бүрдэхгүй байгаа учраас төрийн өмчийн  компаниудыг хувьчилж 100 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан?
-Хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулчихсан учраас тэдний анхаарлыг эргүүлж татах ёстой байна. Тэгэхээр өмч хувьчлалыг үргэлжлүүлж хийх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийг биш гаргаж өгсөн тайлан дээр нь голдуу ажиллалаа. Ингээд үзэхээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орон тоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 5000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. Орон тоо нэмэгдэхийн хэрээр ашигт үйл ажиллагаа нь нэмэгдэж байх ёстой байтал төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр 3.5 их наяд байснаа 10.5 их наяд болж, гурав дахин өссөн байх жишээтэй. Эдгээр аж ахуйн нэгж нийт 180-аад тэрбум төгрөгийн ашигтай байсан бол одоо 11 тэрбумын алдагдалтай гараад байна. Тэгэхээр төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулъя, улсын төсөвт төвлөрүүлдэг ашгийнх нь хэмжээг нэмэгдүүлье гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төлдөг ашгийн хэмжээг 10 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсөвт суулгалаа.
-Эдийн засгийн хүндрэл нэрийн дор төрийн өмчит компаниудын хувьчлалыг үндэслэлгүй явуулж байна гэж үзэх хүмүүс байна. Тухайлбал, “Монгол шуудан” компани 10 тэрбумын ашигтай ажиллаж байгаа атал 20 тэрбумаар хувьчлах гэж байгаа нь буруу гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Үнэхээр эдийн засгийн хямралаар далимдуулж ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчлах лобби яваад байгаа юм биш биз дээ?
-Энэ бол худлаа мэдээлэл. “Монгол шуудан” компани бага зэргийн ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ алдагдалтай болгоныг хувьчилна гэсэн үг биш шүү дээ. Энд нэг зүйлийг хэлэхэд, хэн нэг нь төрийн өмчит компанийн захирал болж болно, гэхдээ хувийнхаа компанид очиж байгаа мэт ханддаг байдлыг зогсоох ёстой гэж үзэж байгаа. 2012-2016 онд төрийн өмчийг хувьчилж, бүтцийн өөрчлөлт хийнэ гэж 20-оод обьектыг жагсаасан ч үндсэндээ нэгээс бусдыг нь хэрэгжүүлж чадаагүй. Энэ юуг харуулж байна гэхээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид хийсэн шалгалтын дүнг л харуулах ёстой юм. Баахан өр үүсгэдэг, дараа нь дарга нь ажлаа өгөөд явчихдаг. Тэр өрийг нь эргээд яах вэ гэдэг асуудал үүсдэг. Тиймээс хэвлэлээр кампанит ажил явуулдаг, феодаль болж хувирдаг ажиллагааг бага явуулаасай гэж хүсч байна. Эцэстээ энэ чинь Монгол Улсын хөгжлийн асуудал шүү дээ. Төр өмчдөө эзэн байх ёстой болохоос шинэ захирлын хувийн асуудлыг шийдэх газар биш. 20 тэрбум бол зөвхөн дуудах үнэ шүү дээ. Борлуулах процессыг нээлттэй явуулах учраас бүх зүйл нээлттэй өрнөнө. Хэн нэг хүн төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирал болохоороо тэнд хаан, ноён, феодаль болох гэж оролдоод байдгийн жишээ л энд өрнөөд байгаа юм.
-Ер нь жил бүрийн төсөвт хэмнэлт хийх санал оруулж ирж байгаа. Энэ жилийнх ч мөн ялгаагүй байсанГэтэл зарим сайдын багц нэмэгдсэн байх юм. Тухайлбал, ХНХЯ-ных бараг нэг их наядаар нэмэгдсэн нь байна?
-Бид энэ талаар нэлээд тогтож ярилцсан. Тухайлбал, ХНХЯ-ны тухайд хоёр яамыг нэгтгэсэн учраас зардал нь нэмэгдсэн харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Баярсайхан, С.Эрдэнэ гээд хоёр сайд тусдаа яамтай байсныг нийлүүлж нэг яам болгосон шүү дээ. Түүнээс 2017 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт ерөөсөө тусгаагүй. Дээрээс нь төсвийн ерөнхийлөн захирагч нарыг нэг хувийн хэмнэлт гарга гэдэг чиглэлийг өгч байна.
-2016 оны аг төсөвт тодотгол хийгээд, төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь байна гэж тооцоолсон. Гэвч Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь гэж тусгасан бол ирэх оны төсөвт энэ тоо 3 хувь болж мөн өөрчлөгдсөн. Өөр хэд хэдэн зөрүүтэй тоо ч байсан. Энэ тоонууд ижил болсон уу. Яагаад ингэж өөр өөрөөр тооцоолсон юм бол?
-Одоо бол ижил болсон. Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлогын үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн төсөл гээд бодлогын гурван баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшин зөрүүтэй байгааг шүүмжилсэн. Яагаад гэвэл, Засгийн газар эдийн засгийн бодлогын нэг болох төсвийн бодлогоо боловсруулахдаа эдийн засгийн хоёр дахь бодлого болох мөнгөний бодлоготойгоо уялдуулах учиртай. Эдийн засгийн хоёр том бодлогыг хариуцаж байгаа хоёр байгууллагаас зөрүүтэй бодлого битгий хэл зөрүүтэй тооцоо ч орж ирэх учиргүй юм. Ийм учраас би УИХ-ын чуулганы хуралдаан дээр тоонууд зөрүүтэй байгааг анхааруулж хэлсэн. Өөрийн чинь эдийн засгийн өсөлттэй холбоотой асуултад хариулахад, Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжилнэ, Тавантолгойн гэрээ хэлцэл хийгдэж, төмөр зам баригдана, Тавантолгойн асуудал цогц байдлаар шийдэгдэнэ зэрэгт үндэслэж эдийн засаг гурван хувиар өснө гэж тооцоолсон. Хэрвээ дээрх төслүүд хэрэгжихгүй бол эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй. 
-Олон улсын валютын сангийн төлөөлөл манай улсад ирж ажиллаад буцлаа. Ажлын үр дүн ямар байсан бэ. Хэлэлцээр ямар шатанд явж байна вэ?
-Олон улсын валютын сангийнхантай бид өмнө нь хамтарч байсан. Хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр маань ч амжилттай хэрэгжиж байсан удаатай. 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын үед Монгол Улс Олон улсын валютын сантай хамтарч ажилласан. Нэгдүгээрт, үүний дүнд, хоёрдугаарт манайх бодлогоо зөв хэхрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлтийг 2010-2012 онд 12-оос дээш хувиар өсгөж чадсан шүү дээ. Зарим хүний байр суурийг харахаар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг маш муу гэж яриад байгаа юм. Гэтэл яг ярьж байгааг нь сонсохоор үнэндээ Валютын сан гэдэг байгууллагаа муухан мэдэж байна уу гэж харагдаад байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн талаар ойлголтгүй шахуу байж шүүмжлээд байгаа зүйл ажиглагдсан. Тэгэхээр Олон улсын валютын сан бол дайсан биш гэдгийг хэлье. Тиймээс ч энэ сантай хамтарч ажиллах эрмэлзэл УИХ-д байгаа, Засгийн газарт ч байгаа гэж найдаж байна. Энэ сантай хамтарвал эдийн засаг дахь үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулна, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Ийм үүднээс л бид хандаж байна. Олон улсын валютын сан бол манай эдийн засгийг муутгах гэж орж ирэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан гэрээ хэлцэл үргэлжилж байна.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болбол эхний ээлжид хэчнээн төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар вэ?
-Хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Нэг нь “Стэнд бай” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлдэг. Нөгөөх нь арван жилийн хугацааны хөтөлбөр л дөө. Манайх “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэхэд хоёр төрлийн санхүүжилт авна. Эхнийх нь Олон улсын валютын сангаас Монгол Улсад төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгаж, валютын ханшийн огцом хөдөлгөөний эрсдэлээс хамгаалах санхүүжилт орж ирэх юм. Хөтөлбөр зурагдлаа л бол маргааш нь Монголбанкинд шууд мөнгө нь байрших юм. Энэ нь 400-500 сая ам.доллар байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк болон хамтрагч орнуудын зээл зэргийг оруулаад тооцвол 1.5-2 тэрбум ам.долларын зээл авах боломжтой байна. Эдгээр зээл мэдээж хүү багатай, хөнгөлөлттэй байх юм.
-Зээл авсан тохиолдолд өрийн тааз нэмэгдэх үү?
-Гадаад, дотоодоос авсан зээл эдийн засгийн болон төсвийн маш том дарамт болж хувирсан гэдгийг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа мөнгөнөөс харж болно. Ирэх онд зөвхөн хүүнд 1.3 их наяд төгрөг төлнө гэж Засгийн газар оруулж ирж байна. Энэ нь төсвийн орлогын тавны нэг гэсэн үг. Иймээс өрийн дарамт хэрээс хэтэрч байна гэж хэлээд байгаа юм. Төрийн байгууллагын ажиллагсдын цалинтай, эсвэл тэтгэвэр, тэтгэмжтэй бараг тэнцүү хэмжээний мөнгийг зээлийн хүүнд төлж байна. Энэ их зээлийн ихэнх нь өнгөрсөн дөрвөн жилд бий болсон. Энэ Засгийн газар одоохондоо зээл аваагүй байна. Гэтэл одоо байгаа зээлийн босго нь ДНБ-ий 82 хувьд хүрчихсэн байж байна. 
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг өргөн барьснаар УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна. Хямралын үеийн төлөвлөгөө гэхэд хангалтгүй, эдийн засгийн нарийвчилсан тооцоолол муутай гэх шүүмжлэлийг гишүүд хэлсэн. Та Байнгын хорооны даргын хувьд энэ хөтөлбөрийг хэр сайн боловсруулсан гэж үзэж байна вэ?
-Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөний хүрээнд том төслүүдээ хөдөлгөе гэдэг зарчмыг хатуу суулгасан байна лээ. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хувийн хэвшлийг хэрхэн дэмжих юм бэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Энд тэндээс зээл авч, цахилгаан станцуудыг өргөтгөнө гээд байгаа. Гэтэл энэ ажлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийчих бүрэн боломжтой юм шүү дээ. Хувийн хэвшил өөрөө хийх боломжтой байтал төр өмнөөс нь зээл авч, улсын өрийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх гээд байгаа нь буруу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл биш хөрөнгө оруулалтыг бүх талаас нь дэмжсэн хөтөлбөр байвал хэрэгжинэ. Түүнээс биш ихээхэн хэмжээний зээл авч асуудлыг шийдэх гэсэн оролдлого нь үр дүнд хүрэхгүй. Хямралыг давах хөтөлбөрийн гол амин сүнс нь хөрөнгө оруулалтыг дэмжих тухай байгаасай гэж хүсч байгаа. Хямралаас гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах үр дүн нь эрт тусмаа л сайн. Хэрэв хүслээр болдог бол жилийн дотор үр дүнг нь гаргачих юмсан гэж бодож байгаа. Ажлаа сайн зохион байгуулаад явчихвал уг нь болох ажил. Гэхдээ жижиг эрх ашгуудаа, найз нөхдөө хамгаалахгүй том эрх ашиг буюу улс орныхоо байдлыг бодчихвол хямралаас богино хугацаанд гарах боломжтой. Найз нөхдийнхөө эрх ашгийг хамгаалаад асуудалд хааны сэтгэлгээгээр хандаад байвал хямралаас гарах хугацаа уртасна. Нөгөө талаар зээлд анхаарал хандуулаад байвал эргээд эдийн засагт дарамт болно. Энэ сэтгэлгээг ч мөн өөрчлөөд хувийн хэвшлээ дэмжээд хөрөнгө оруулалт татчихвал эдийн засгийг сэргээхэд их хугацаа шаардахгүй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн