Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь сэтгэлийн бэлгэдэл бөгөөд хүндэтгэлийн илэрхийлэл юм байна. Хүмүүс хоорондоо хөөрөг зөрүүлэхдээ хөөрөгнийхөө амсарыг бага зэрэг суллалаад тамхиладаг уламжлалтай. Хөөрөгний амсрыг суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй” тухайн хөөрөглөж байгаа хүндээ илэрхийлж, хүндэлж буй илэрхийлэл юм. Хөөрөг авч байгаа хүн яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцаж болно. Хөөрөг авсан хүн нь хөөрөгний амсарыг жаахан чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг байна. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог.
Битүүний өдөр хөөргөдөг ёс нь Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Өндөр гэгээн эвцэж өгөхгүй дайн байлдаан, яриа таарахгүй үед хөөрөглөж, тамхилаж бай гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тэр үеэс л хөөрөглөх ёс дэлгэрч, монголчууд хоорондоо эвцсэн гэдэг. Тиймээс хэн нэгэнтэй түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зүйлээ шинэ гарч буй жилдээ авч орохгүй гэж битүүний өдөр хөөрөглөдөг байна. Шинэ жилд орохдоо “сэтгэлийн ямар нэгэн хиргүй боллоо шүү” гэсэн эвцэл найрамдлын бэлгэдэл болгож хөөрөглөх уламжлал бий болжээ.
Монголчууд хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ. Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.