Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Хуурай, батгатай арьстай хүн вакс хийлгэвэл арьс гэмтэж, эмзэг болдог

Хуурай, батгатай арьстай хүн вакс хийлгэвэл арьс гэмтэж, эмзэг болдог
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 16
Зуны дэлгэр цаг ирж охид бүсгүйчүүд гоо сайхандаа илүү анхаарал хандуулах цаг болжээ. Сүүлийн үед нүүрний арьсаа жигд, өнгөлөг толигор байлгахын тулд бүсгүйчүүд вакс маш их хийлгэдэг болсон. Иймээс бид "Med Esthetica" клиникийн арьс гоо заслын их эмч Л.Байгалмаатай ярилцлаа. 
-Нүүрэнд вакс хийлгэх нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Вакс хийлгэснээрээ арьсны өнгө жигд харагдана. Эмэгтэйчүүд будалт хийхэд шар үс ихтэй бол арьс гоё харагдахгүй. Ийм учраас вакс нь гоо сайхан талдаа илүү давуу талтай гэж ойлгож болно. Мөн арьсан дахь үсний нүх сүв нарийсан, үс ургалт нь багасдаг.
-Хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалаад ваксны үйлчилгээ өөр, өөр байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Вакс хийлгэж байгаа хүнээсээ шалтгаалж байгаа юм. Хүн болгон харилцан адилгүй арьстай. Зузаан нимгэн, тослог чийгшүүлэлт тэнцвэртэй эсвэл хуурай, эмзэгшсэн, үрэвссэн гээд янз бүрийн шалтгаантай байдаг. Вакс нь өөрөө халааж хэрэглэдэг бүтээгдэхүүн шүү дээ. Халуун байдлаар нь арьсандаа түрхээд, түүнийгээ хуулж авахад нүүрний үсийг арьсны угт байгаа шар үсийг сугалж авч байгаа үйлдэл.
Хэт хуурай арьсанд вакс хийхэд арьс гэмтэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хуурай арьстай хүмүүс вакс хийлгэхийн өмнө зөөлөн гуужуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их гуужуулж, дээрээс нь вакс хийлгэх юм бол арьсыг арчлахаасаа илүү гэмтээх эрсдэл өндөр байдаг.
Мөн ваксны найрлагаас хамаарч хүний арьсанд үзүүлэх нөлөөлөл нь өөр, өөр байна. Вакс дотроо байгалийн гаралтай зөөлөн эдээр хийсэн ч гэдэг юм уу, ер нь ваксанд зөгийн лав, давирхайлаг бүтээгдэхүүн их ордог. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн илүү орсон бол хүний арьсанд цочрол өгөх нь бага байдаг. Химийн найрлагатай бүтээгдэхүүнд харшилдаг хүнд тухайн вакс харшил үзүүлнэ.
-Вакс хийлгэх нь үрчлээ үүсэхэд нөлөөлөх үү?
-Ер нь вакс хийлгэснээр арьс суларна гэсэн ойлголт байхгүй. Хэт хуурай арьстай хүн вакс ойр ойрхон хийлгэвэл арьсны өнгөн хөрс гэмтэх, цочромтгой эмзэгшилтэй болох тал байдаг.
-Нас нэмэх тусам хүний арьс сулардаг. Хэдэн насныхан вакс хийлгэвэл тохиромжтой вэ?
-Шар үсний хамгийн идэвхтэй үе нь залуу нас шүү дээ. Ерөнхийдөө 17-30 хүртэлх нас байдаг. 40 наснаас дээш болоод ирэхээр дааврын өөрчлөлтөөс хамааран эмэгтэйчүүдийн шар үсний ургалт харьцангуй буурч эхэлдэг.
-Нүүрний шар үсийг утсан эрчлээсээр авах арга бас байдаг. Вакс хийлгэснээс ямар ялгаатай вэ?
-Цавуу шиг нааж байгаад хуулж авах хэлбэрийг нь вакс гэж байгаа юм. Харин утсаар авахыг вакс гэж хэлэхгүй. Ваксын найрлагад шар үсийг үхжүүлэн хуулж авах хүчтэй бодис байдаг. Иймээс арьсанд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь утаснаас арай илүү. Утсан эрчлээсээр шар үсийг авахад арьс гэмтэх нь харьцангуй бага байдаг. Яагаад гэвэл арьсны бүх гадаргууд түрхэж, түүнийгээ хуулах шаардлагагүй зөвхөн шар үсийг зулгааж авдаг учраас арьсыг гэмтээх цочроох нь бага байдаг.
-Түрүүнд хэт хуурай арьстай хүн вакс ойр ойрхон хийлгэвэл арьс гэмтэж, эмзэг болдог гэж хэлж байсан. Ваксыг хэд хоногийн давтамжтай хийх ёстой байдаг вэ?
-Ер нь 2-3 сардаа нэг удаа вакс хийлгэж болно. Гэхдээ тухайн хүний нүүрний шар үсний ургалтаас хамаарна.
-Вакс хийлгэхийн өмнө болон дараа юу анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Вакс хийлгэх талбай буюу арьсаа цэвэрлэнэ. Вакс хийлгэхийн өмнө арьс нь цочроогүй, үрэвсэлгүй мөн идээт халдваргүй байх ёстой.
Харин вакс хийсны дараа шар толгойтой идээт зүйл гарч байвал тухайн хүний нүүрний арьсны нян бактериар бохирдсон гэсэн үг юм. Тэгэхээр вакс хийлгэсний дараа арьсыг тайвшруулах, нян бактериас хамгаалах арга хэмжээ авах ёстой. Вакс хийлгэснээр арьсны нүх сүв нээгдэж халдвар авах эрсдэл нээгддэг.
-Батгатай бол вакс хийлгэх хэрэггүй гэсэн үг үү?
-Батгатай үед вакс хийлгэхэд идээт халдвар явагдаж байгаа учраас их төвөгтэй. Тиймээс тухайн идээт үрэвсэл ямар үе шатандаа явж байна гэдгээс хамаарна. Батга, үрэвсэл сэдрэлтийн үед вакс хийж болохгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн