Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

​О.Хонгорзул: Эрүүл байх нь зөв хооллолт, зохистой хооллолтоо ялгахаас эхэлнэ

​О.Хонгорзул: Эрүүл байх нь зөв хооллолт, зохистой хооллолтоо ялгахаас эхэлнэ
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 21
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээний хоолзүйч О.Хонгорзултай ярилцлаа.
-Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?
-Яг ийм тийм хүнсийг зөв хооллолт гэнэ гэсэн тодорхойлолт тохиромжгүй. Хүн өөрийн биед шаардлагатай шим тэжээлээ зохистой хэмжээгээр хоол хүнснээсээ авахыг зөв зохистой хооллолт гэж болох юм. Харин зөв хооллолт нь хоолоо сойх, зарим хэсгийг нь хязгаарлахыг хэлэхгүй.
-Сүүлийн үед хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байна. Энэ зохисгүй хооллолттой холбоотой юу?
-Насанд хүрэгчдийн таргалалт их байгаагийн дээр хүүхдүүдийн дунд бас таргалалт ихэсч байгаа нь санаа зовоох асуудлын нэг болоод байна. Бага насандаа хэт их таргалбал өсвөр наснаас эхлэн халдварын бус архаг өвчин тусах магадлал өндөр болдог. Ерөнхийдөө таргалалтын гол шалтгаан нь хооллолт, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж байна. Мөн шаардлагатай шим тэжээлээ авах олон төрлийн хоол хүнс буюу мах, үр тариа, хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхгүйгээс халдварын бус архаг өвчлөл үүсдэг. Тухайлбал, даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин зэрэг халдварын бус архаг өвчнүүд нь хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүсдэг.
-Чихрийн шижинтэй хүн заавал хоолны дэглэм барих ёстой юу?
-Юуны түрүүнд хүн өөрийнхөө эрсдэлийг мэдэж байх ёстой. Энд, удам нь сахартай хүн байсан уу, өөрийн жин нь хэвийн байна уу, илүүдэл жинтэй байна уу, амьдралын хэв маяг зохистой байна уу гэдгээ мэдсэний үндсэн дээр урьдчилан сэргийлэх боломжтой. Чихрийн шижин өвчний эмчилгээ нь зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ (инсулин) гэсэн хэсгээс бүрддэг. Хоолны дэглэм баримтлах нь эмчилгээний суурь болдог тул ЧШӨ оношлогдсон л бол хоолны дэглэм баримтлах нь чухал юм.
-Ер нь сахартай хүн ямар хоол хүнс хэрэглэх шаардлагатай вэ?
-Чихрийн шижинтэй хүн хэт хатуу хоолны дэглэм баримталдаггүй. Үндсэндээ зохистой хооллолтын дэглэм байдаг. Хүн өдөрт хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ заавал авч байх ёстой учраас бага багаар ойр ойрхон буюу хоол хүнсийг зохистой хэмжээгээр, өдөр бүрийнхээ амьдралд тогтмол, тэнцвэртэй хэрэглэхийг зөвлөдөг. Зохистой хооллолтын дэглэм барьснаар цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахаас гадна, өөх тосны хэмжээг мөн хэвийн хэмжээнд барих, зохистой биеийн жинд хүрэх, шим тэжээлийн тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой. Хамгийн гол нь чихрийн шижин өвчний хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хувь хүн бүрт хоолоор авах илчлэгийн хэмжээ өөр учраас түүнд нь тохирсон зөвлөгөө өгч, хоол хүнсээ тохируулж хэрэглэхийг зөвлөдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) судалгаагаар Монголчуудын дийлэнх нь хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо бага хэрэглэж байгаа нь чихрийн шижний өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна гэж гарсан. ДЭМБ-аас хүн өдөрт багадаа 800-1500 грамм хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөдөг. Тэгэхээр үндсэн зургаан бүлэг хүнсний төрлүүдээ зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Эдгээр зургаан төрлөөс түлхүү хэрэглэх төрөл бол ислэгээр баялаг бүтэн үрийн бүтээгдэхүүн болох хөц будаа, гурвалжин будаа, хүнсний хивэг, бүтэн үрийн гурил болон төмснөөс бусад хүнсний ногоо юм.

-Тэгвэл сахартай хүний идэж болохгүй хүнс гэж бий юү?
-Сахар нь байх ёстой хэмжээнээс хэт их байгаа бол сахартай, чихэрлэг төрлийн хүнс, ундаа, халуун ногооноос татгалзана. Ялангуяа сахар ихээр агуулсан жүүс, хийжүүлсэн ундаа сахарын зохистой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. Мөн аль болох малын гаралтай өөх тос, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зохимжтой. Сахартай хүний хувьд татгалзах хүнсэнд чихэрлэг бүтээгдэхүүн, давс, давсалсан даршилсан хүнс, хэт боловсруулсан бүтээгдэхүүн болох цагаан гурил, цагаан будаа, хүүхдийн будааны каш, төмсний хэрэглээг хязгаарлаж (огт идэхгүй биш) сахараа зохистой хэмжээнд хүргэх боломжтой. Мөн энэ нь тухайн хүнийг дараагийн хүндрэлээс сэргийлэхэд маш том дэмжлэг болдог.
-Сахартай хүн тодорхой хоолны дэглэм баримтлахгүй, хүссэнээ идэж, уувал ямар эрсдэлд хүргэх вэ?
-Сахараа зохистой хэмжээнд байлгахгүй бол яваандаа хүний нарийн судсаар тэжээгддэг эрхтнүүдэд хүндрэл үүсч эхэлдэг. Нүд, бөөр, зүрх судас, мэдрэл, тэр дундаа захын мэдрэлийн өвчлөл буюу хөлний хүндрэл үүсгэж цаашлаад тайруулах хэмжээнд хүргэх аюултай. Тиймээс ийм хүндрэлд хүргэхгүйн тулд сахараа хэвийн зохистой хэмжээнд барих нь эмчилгээний гол зорилго байдаг.
-Чихрийн шижинтэй хүмүүс сүү цагаан идээг ихээр хэрэглэдэг. Учир нь сахар ороогүй учраас ямар нэгэн нөлөөгүй гэж ярьдаг. Энэ нь зөв үү?
-Сүү цагаа идээ хэрэглэж болно. Гэхдээ тослог ихтэй бүтээгдэхүүнийг сахараа зохистой хэмжээнд хүртэл хязгаарлах хэрэгтэй. Сүүнд бага зэргийн сахар агуулагддаг учраас бага хэрэглэх ёстой. Тараг, бяслаг, болсон сүүний ээзгий, бяслаг зэргийг зохистой хэмжээгээр хэрэглэж болно.

                                                                          /Хамгийн их өөх тос агуулдаг түргэн хоолнууд/
-Сахарын хэмжээ нь гэнэт багассан үед хоолоор ямар арга хэмжээ авч болох вэ?
-Инсулин тариа эсвэл сахар бууруулах эмийн тун хэтэрсэн, богинын болон холимог инсулин тариулаад хооллоогүйгээс, инсулин тарианд хэт мэдрэг байх, спиртийн төрлийн ундаа хэрэглэснээс, биеийн хүчний хэт ачааллын улмаас чичрэх, гэнэт огцом өлсөх, их хөлрөх, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрч цусан дахь сахрын хэмжээ огцом багасч болдог. Сахарын хэмжээ багадах ийм үед сахарын хэрэглээг зохих хэмжээгээр хэрэглэж болно. Ийм тохиолдолд нэн даруй зөгийн бал 15 гр амны том халбага, хатуу чихэр 2-3 ширхэг, шоколад 4-5 нүд /25гр/ зэрэг чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэвэл сэргэхдээ амархан байдаг.
Өдөржин гадуур ажилтай, хооллох завгүй явж байгаа тохиолдолд халаасандаа 2-3 ширхэг хатуу чихэр, эсвэл ёотон сахар цүнхэндээ авч явж байх хэрэгтэй. Сахарын хэмжээ огцом буувал комд орох эрсдэлтэй. Тиймээс сахар багассан үед ямар арга хэмжээ авахаа иргэд мэддэг байх ёстой.
-Даралт өндөр хүн хоолны дэглэм барих ёстой юу?
-Цусны даралт ихтэй хүн аль болох давс, өөх тос багатай, ислэгээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн далд өөх тос, давс, сахар агуулагддаг хүнсний бүтээгдэхүүний тухай зайлшгүй мэддэг байх ёстой. Малын махнаас хамгийн өөх тос багатай нь үхэр, адууны өөхгүй мах байдаг. Тахианы мах хэрэглэж байгаа бол аль болох гадна хальсыг авч эсвэл цээж махыг нь идэх хэрэгтэй. Хонь, ямааны махаа аль болох хязгаартай хэрэглэх хэрэгтэй.
-Хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч ядарч сульддаг. Энэ нөхцөлд хоол хүнсээрээ яаж нөхөж авах бололцоотой вэ?
-Монголчуудын хувьд хамгийн их тэжээл, уураг агуулагддаг бүтээгдэхүүн бол мах. Гэхдээ ганц мах хэрэглээд шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чадахгүй. Тиймээс хүнсний ногоо, жимс жимсгэнийг нэмж хэрэглэх хэрэгтэй. Гол амин дэм, эрдсүүд ихэвчлэн хүнсний ногоо, жимсэнд агуулагддаг. Хүнсний ногоо нь аминдэм А, С, фолийн хүчил, магни, кали, эслэг, нүүрс усны эх үүсвэр болно. Тиймээс олон төрлийн хүнсний ногоо жимсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал,
  • Байцаа: эслэг ихтэй тул бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх,  хоолны шингэцийг сайжруулах ачх олбогдолтой.
  • Лууван: А аминдэмээр баялаг тамир тэнхээг сэргээх, сайжруулах ашиг тустай байдаг бөгөөд ходоод гэдсэнд ялзрал явагдахаас сэргийлдэг.
  • Хүрэнманжин: Хүрэнманжингийн эслэг нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг.
  • Алим: Найрлаганд байдаг пектин нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хэвийн байлгах, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
  • Улаан лооль: хүчтэй антиоксидант, мөну ушиг, ходоод, улаанхоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах ач тустай.
-Сүүлийн үед Улаанбурханы халдвар авсан хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Халдвар авсан хүүхдэд ямар хоол хүнс өгвөл зохих вэ?
-Өвдсөн хүүхдэд ойр ойрхон бага багаар аль болох тэжээллэг, шингэц сайтай хоолыг өгч байх нь зүйтэй. Мөн халуун бүлээн аньс, чацаргана, үзэм зэрэг аминдэм эрдсээр баялаг шүүс зэрэг шингэнийг уулгаж болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн