Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Хлорфенамин бол харшлын эхэн үед л уудаг эм

Хлорфенамин бол харшлын эхэн үед л уудаг  эм
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 22

                               -Монголчуудын дунд илүү зонхилон тохиолдож байгаа нь амьсгалын замын харшил-
“Эозинофилая” харшил-астмын эмнэлэгийн их эмч Д.Батжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үед хотжилт, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан харшилтай болох иргэдийн тоо улам л олширч байна. Харшил дотроо олон төрөл. Монголчуудад ихэвчлэн ямар төрөл нь илэрч байна вэ?
-Ер нь харшлийн илрэл нь улирлын чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, улирлын тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Манай улсад хог ургамал, шаралжны харшил илүү давамгайлдаг. Мөн модны тоосжилт буюу хус, улиас бургасны тоосноос харшилж байна. Үүний дараагаар үет ургамал буюу арвай, буудайнаас харшилдаг. Гэхдээ эдгээр төрлөөс хамгийн илүү давамгайлдаг нь ургамлын тоосны харшил. Энэ төрлийн харшил нь хамар битүүрэх, нүд загтнах, тууралт өгөх хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг. Мөн хүнд хэлбэрээр амьсгал боогдох, бачуурах байдлаар илэрдэг. Ургамлын тоосны харшлыг амьсгалын замын харшил гэж үздэг. Судалгаанаас харахад монголчуудын дунд илүү зонхилон тохиолдож байгаа нь амьсгалын замын харшил .
-Амьсгалын замын өвчин гэхээр ихэвчлэн хүнээс хүнд халдварладаг. Харин амьсгалын замын харшил нь хүнд халдварладаг уу?
- Амьсгалын замын харшилд хамгийн их хамаарч байгаа нь ургамлын тоосны харшил буюу ханиалгах, найтайх, хамар битүүрч байгааг хэлж байгаа юм. Амьсгалын замын харшил нь хүнээс хүнд халдварладаггүй. Харин хүнд удамших хандлага байдаг. Ялангуяа эцгийн талыг дагаж удамших магадлал элбэг болоод байна. Өөрөөр хэлбэл, аав, ээж нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал өндөр байна үг шүү дээ.
-Иргэдийн дунд зөв ч юм уу, буруу юм уу нэг хандлага бий. Энэ нь хамар нь битүүрч, нүд нь улайж, найтайлгаад л эхэлбэл харшил гээд эм ууж, дусаалга хэрэглэдэг. Уг нь харшлийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодорхой болгож л эм уух ёстой байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Зуны гурван сар нүд нь улайж, хамар битүүрэхэд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас хамар, нүдний тусаалга, эм уугаад л зүгээр болчихно гэсэн хандлага бий. Олонхи иргэд нүд загтнаж, хамар битүүрэхээр ургамлын харшил гэж ойлгодог. Гэтэл үнэхээр харшилтай байна уу, үгүй юү, харшил нь ургамлаас, тоосноос, эсвэл өөр төрлийнх байна уу гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид зайлшгүй хандах ёстой. Ямар төрлийн ургамлаас харшилтай байгаа, тэр нь хэдээс хэдэн сарын хооронд үргэлжлэх үү, үүний тулд ямар эм тан хэрэглэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэхгүй удвал харшил хэрхэн хүндэрч болохыг мэргэжлийн эмчид хандсанаар мэднэ шүү дээ. Харин зуны гурван сар дур мэдэн эм хэрэглэснээр түр зуурын шинж тэмдэг, хүндрэлийг л дарна. Дараа жил дахиад харшил нь илэрнэ. Дахиад дур мэдэн эм хэрэглэх үү. Ингэж явсаар харшил нь хүндэрч астма болсон хүн олон бий.
-Ер нь харшил бүрэн эмчлэгдэх үү?
-Эмчлэгдэнэ. Хүмүүс ямар төрлийн харшил гэдгээ мэдэхгүй дур мэдэн эм, эмчилгээ хийгээд явж байх хооронд нь аль хэдийнэ тухайн хүний харшил хүндэрч астма үүссэн хойно нь эмчид ханддаг. Дур мэдэн эмчилж явсаар байгаад ийм байдалд хүрдэг. Энэ өөрөө эмчлэхэд хүндрэлтэй болсон байдаг.
-Харшлаа аль болох эрт оношлуулах нь зөв юм байна. Тийм үү?
-Эрт оношлуулбал цаашид харшлаа яаж хүндрүүлэхгүй байхаас сэргийлж чадна. Юу идэж, юу өмсч, ямар орчинд яаж ажиллаж, амьдрах уу гэдэг талаар зөвлөгөө авч өөрийгөө аливаа хүндрэлээс сэргийлж чадна шүү дээ.
-Зарим хүн хамар нь битүүрч, найтайлгаж эхэлбэл Холорфинами гэдэг харшлын эмийг ихэвлэн уудаг. Энэ эмийг ямар ч төрлийн харшилтай хүн ууж болдог юм уу. Харшил дарах хэмжээний эм нь яг мөн үү?
-Холорфинамиг хэрэглэж болно. Гэхдээ харшлийн хүндрэлээсээ шалтгаалан нэг, хоёр гурав, дөрөвдүгээр үеийн эмнүүд гэж байдаг. Хлорфенамин бол харшлийн нэг, хоёрдугаар үеийн эхэнд уух эмэнд багтдаг . Тэгэхээр харшлийн эхэн үед хэрэглэж болно гэсэн үг. Харин Холорфинами уугаад байхад зовиур нь дарагдахгүй байвал дараагийн шатны сүүлийн үеийн эмийг хэрэглэх шаардлага гарсан гэсэн үг. Тиймээс дур мэдэн эмчлэхээс илүү мэргэжлийн эмчид хандаж үе шаттайгаар эмчилгээ хийлгэх нь зөв арга.
-Харшил хүндэрвэл ихэвчлэн ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Сүүлийн үед амьсгалын замаас үүдэлтэй харшил олширч байгаа. Тэгэхээр амьсгалын замын гол хүндрэл нь уушгины багтраа буюу астма гэдэг өвчин тусна. Астматай болбол насан туршдаа л өвдөнө шүү дээ.
-Астма бүрэн эмчлэгдэхгүй гэсэн үг үү?
-Эмчилж болно. Эмчилгээ байгаа. Гэхдээ эмчлээд  астма гэдэг өвчнөөс 100 хувь салгана гэсэн ойлголт байхгүй. Харин тухайн хүнд астматай болсон хойноо мэргэжлийн эмчит хандсанаараа тохирсон эмээ хэрэглэж өвчний зовиургүйгээр амьдарч болно. Гэхдээ хамгийн гол нь астма мөн үү үгүй юү, өөр төрлийн уушгиний өвчин үү гэдгийг ялгаж салгахын тулд заавал эмчид хандах хэрэгтэй.
-Тавдугаар сарын сүүлээс эхлэн модноос цагаан хөвөнгө хийсч эхлэхээр хүмүүс харшил хөдөллөө гэж ярьдаг. Модны хөвөнгөөс харшилтай боллоо хүн олон ирдэг үү?
-Зургаадугаар сар гараад олон хүн улиас модны үр хөврөлийн үед ялгардаг хөвөнгөөс харшил авсан гэж ярьдаг. Гэтэл модноос ялгарч байгаа хөвөнгийн бүтцээс нь хүний биед харшил өгөөд байна уу гэдгийг Анагаахын дээд сургуулийн эрдэмтэд судлахад модны хөвөнгийн ургийн бүтэц нь хүнд харшил төрүүлэх боломжгүй гэдгийг нотолсон. Харин тэр үетэй зэрэгцэн модны тоосжилтийн үе эхэлдэг гэж үзсэн. Тэгэхээр хүнд харшил өгч байгаа зүйл нь хөвөн биш модны тоосжилт.
- Ер нь иргэд харшил гэдэг зүйлээс анхан шатанд байхад сэргийлэхийн тулд яах хэрэгтэй гэж та зөвлөмөөр байна вэ?
-Хэзээ ч харшилтай болохгүй гээд маск, нүдний шил зүүгээд явсан ч тухайн хүний харшилтай болох магадлал нь өндөр болсон. Хотжилт, байгаль цаг уурын байдал ихээхэн нөлөөлж байгаа. Тиймээс аль болох харшлаас урьдчилан сэргийлэх анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. Жишээ нь, хөдөө амрахаар явж байхдаа хог ургамлын харшилтай бол аяллын майхнаа шарилжин дотор, салхин дээрээ барих уу хэр зөв вэ гээд зэрэг наад захын урьдчилан сэргийлэх ойлголттой байх ёстой.
ЗӨВЛӨГӨӨ:
Харшил тавдугаар сараас эхэлж есдүгээр сард саардаг
-Ургамлын тоосны харшил тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10 хүртэл
-Модны тоосжилт тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20
-Үет ургамал зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20
-Хог ургамал долдугаар сарын 20- есдүгээр сарын 20 хүртэл
Мэргэжлийн эмчид хандахын давуу тал:
-Юунаас харшил авсанаа тодорхой болно
- Харшлийн талаар ойлголт, мэдлэгтэй болно
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно
-Арьсны өвчин үү, харшил уу гэдгээ тодорхойлуулна
Та ургамлын харшилтай бол...
Хэрвээ та болон таны хүүхэд ургамлын харшилтай бол бороо орж байхад цонхоо болоо хаалгаа хаалттай байлгавал зүйтэй ажээ. Учир нь хөрсөн дээр буусан тоос бороо орохоор ууршиж, ургамлын харшил сэдэрдэг байна. Бороо орж байхад болон орсны дараа 20-30 минутын турш цонх, хаалгаа хаалттай байлгах хэрэгтэй аж. Модны тоосны харшилтай хүмүүс ч мөн адил. Цонхных нь дэргэд мод байдаг бол бороотой үед ойнгорхой байлгах хэрэггүй юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн