АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр "МАН, "Шударга ёс эвсэл"-ийг багтааж хамтарсан Засгийн газар байгуулсан. Харамсалтай нь, эдийн засгийг сайжруулах дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл авахгүй байна. Жишээ нь, МАН-тай байгуулсан гэрээний зөвхөн албан тушаалын хуваарилалтын заалт л биелэсэн" гэж мэдэгдсэн.
Харин МАН-ынхан болохоор хамтарсан засагт орохгүй байсан юм, АН гуйсан болохоор хамтарсан гэж тайлбарлах хүн ч бий. АН-ынхан ч МАН-тай хамтраад манай намын рейтинг унасан гэж ярьдаг. Ямартай ч засаг барьж буй хоёр том намын хоорондын маргаан даамжирах хандлагатай боллоо.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр засагт хамтарсан гэрээгээ МАН-ын биелүүлэхгүй байна, гэрээг эргэн харж дүгнэе гэсэн бол түүний мэдэгдлийг АН Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр баталгаажууллаа.
Өнөөдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан улстөрийн намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгтээ даалгажээ. АН-ын бүлгийн дарга бол нам дотроо бол гуравт жагсах өндөр албан тушаалтан. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөл гэдэг бол МАН-ын удирдах зөвлөлтэй дүйх бүтэц. Тэгэхээр АН-ынхны дээд төвшинд Шийдлийн Засгийн газрыг ганхуулах сонирхол байгаа бололтой. Эс бөгөөс МАН-д үзүүлэх улс төрийн шантааж, "МАН-аас бүх юм боллоо" гэж наадмын өмнө нэрээ цэвэрлэх зорилготой PR-ийн нэг хэсэг ч байж болох юм.
Өнөөдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралд намын дарга З.Энхболд оролцоогүй. Учир нь, тэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа юм байна.