Open iToim app
Таны сонорт | 9 мин уншина

​Э.Ууган-Эрдэнэ: Ээж болсон бүх хүн надад үзэсгэлэнтэй харагддаг

​Э.Ууган-Эрдэнэ: Ээж болсон бүх хүн надад үзэсгэлэнтэй харагддаг
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 11
“Авьяаслаг монголчууд” шоугаар бүжгийн урлагийн гайхамшгийг таниулсан Э.Ууган-Эрдэнэтэй ярилцлаа. “Уран биеийн гоо сайхан” хэмээн нэрлэгдэж шоуны шилдэг гурван оролцогчийн нэг болсон тэрбээр одоо СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд суралцаж байна.
-Бүжгийн урлагаар хэзээнээс хичээллэж эхлэв. Энэ урлагт чин сэтгэлээсээ дурласан нь хэзээ вэ?
-Миний хувьд цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн. Хамгийн анх Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын “Улаан малгайт” бүжгийг цэцэрлэгийнхээ тайлан тоглолтод бүжиглэж байснаа тод санадаг. Багадаа тийм ч сайн бүжиглэдэг байгаагүй. Бөөрний өвчтэй байсан учраас тарган хүүхэд байлаа. Сургуульд орсныхоо дараа Дорноговь аймгийнхаа “Говийн уянга” хамтлагт орж хоёр, гурван жил олны хэсэгт бүжиглэдэг байсан. Дараа нь гоцлол бүжигчин болсон. Төгсөн төгстөлөө хамтлагийнхаа гоцлол бүжигчнээр бүжиглэж байгаад одоо СУИС-д суралцаж байна. Бага ангид бүжиг сонирхол төдий байсан бол дунд ангид ороод, бүжгийн заалнаас салахаа больсон. Магадгүй тэр үеэс л бүжигт дурлаж эхэлсэн байх.
-“Авьяаслаг монголчууд” шоунд яагаад оролцохоор болсон бэ?
-Ингэж ярих нь зохисгүй ч байж мэднэ. Тэгэхдээ хамгийн анх энэ шоунд “Говийн уянга” хамтлагийн Д.Саранцэцэг багш маань бүртгүүлж оролцуулсан. Хэрвээ би энэ шоунд ороогүй бол мэргэжлээ сонгох тал дээр алдах байсан гэж боддог. Багшдаа маш их баярлаж явдгаа хэлье. Хичээлдээ гайгүй сурдаг байсан болохоор аав, ээж минь урлагийн хүн болгох дургүй байсан. Харин “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоны дараа аав, ээжийн бодол бага зэрэг өөрчлөгдөж, сонирхолтой зүйлээр нь явуулах хэрэгтэй гэж шийдсэн.
-Анх шоунд оролцохдоо шилдэг оролцогчдын нэг болно гэж төсөөлж байв уу?
-Эхний шатнаасаа хасагдах байх гэсэн бодож байсан. Гэхдээ миний хувьд аав, ээжийнхээ нэрийг муугаар дуудуулах дургүй. Тиймээс орон даяар гарч байгаа энэ нэвтрүүлэгт аав ээж, нутаг усны минь нэр гарна гэж бодож маш их хичээсэн.
Шилдэг 32 оролцогчийн нэгээр шалгарсан үед элсэлтийн ерөнхий шалгалт давхцаж байсан болохоор хурдан хасагдах юмсан гэж бодож байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөхгүй бол СУИС-д орж чадахгүй учраас “Хурдан хасагдаасай” л гэж бодсон. Харин наймд үлдээнэ гэж ёстой бодоогүй. Хүссэн сургуульдаа орж, “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцсон гээд 2016 он миний хувьд үр бүтээлтэй, сайхан жил болж өнгөрсөн.
-Энэ шоунд оролцсоноор амьдралд тань гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?
-Маш их зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ хувь хүн талаасаа тийм ч их өөрчлөгдөөгүй. Энэ нэвтрүүлэгт оролцсоноор хүнтэй, камертай харилцах соёлд маш сайн суралцсан. Шоунд оролцохоосоо өмнө бүрэг хүүхэд байсан бол шоуны дараагаар өөрийгөө хүнд зөв ойлгуулж, бусадтай нээлттэй харилцдаг болсон. Мэргэжлийнхээ хувьд бага ч гэсэн ахиж дэвшсэн болов уу гэж бодож байгаа. Хүрээлэн байгаа орчинд өөрчлөлт орж, маш завгүй болсон.
-Шоунд оролцож, бүжгийн урлагийн гайхалтайг мэдрүүлэхээс гадна эмэгтэй хүний гоо сайхан байдлыг мэдрүүлж, харуулж чадсан гэж бодож байна. Эмэгтэй хүний гоо сайхан юунд оршдог гэж боддог вэ?
-“Авьяаслаг Монголчууд” шоунд орохоосоо өмнө би өөрийгөө эршүүд гэж боддог байсан. Гэтэл шоу дууссаны дараа маш олон хүн “Яасан сайхан эмэгтэйлэг юм” гэж хэлэхэд эвгүй байсан. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэхээр хамгийн түрүүнд ээжүүд санаанд ордог. Ээж болсон бүх хүн надад үзэсгэлэнтэй харагддаг. Үр хүүхдээрээ бахархаад сууж байгаа эмэгтэй хүнийг харахаар эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн гэж үүнийг л хэлэх байх даа гэж боддог. Яг л миний эмээ, ээж, багш шиг минь. Тэд минь цаанаасаа л эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг өөртөө шингээсэн байдаг. Ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлж байгаа би хамгийн азтай.
-Шоунд толиуулсан бүжгүүдийг Үндэсний урлагийн их театрын бүжигчин, бүжиг дэглээч О.Ууганбаяр дэглэн тавьсан гэсэн. Түүний талаар яриач?
-Ууганаа багштайгаа 2012 онд бүжгийн уралдаанд оролцохоор ирэхдээ танилцаж байсан. Тэмцээнд орохын өмнө бүжгээ харуулж байсан юм. Түүнээс хойш маш сайн багш, шавийн барилдлагатай болсон. Одоо миний бүжиглэж байгаа бүх бүжгийг Ууганаа багш дэглэсэн. Цаашдаа багшийнхаа олон бүжгийг бүжиглэх байх гэж итгэдэг. Багш эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь заавал үзэж, чанар, чансаатай бүжиг гаргадаг. Багшийг ер нь бүжгийн төлөө төрсөн хүн гэж хэлж болно. Олон ч газар ажилладаг. Ийм жижигхэн турьхан биетэй байж энэ олон ажлыг хэзээ нь амжуулдаг байна аа гэмээр. Багшаасаа сурах зүйл асар их бий. Ямартай ч манай багш залхуурна гэдгийг хэзээ ч мэддэггүй. Хүүхдүүдээсээ илүү шавь нартаа цаг гаргадаг. Шавь нарынхаа төлөө маш их сэтгэл гаргаж, итгэл хүлээлгэдэг. Итгэлийг нь алдахгүй юмсан гэж маш их хичээдэг байсан.
-Танд хаягласан хүмүүсийн сэтгэлийн үгсийг уншиж байхад “Хүнд байх ёстой хамгийн эрхэм чанаруудын нэг болох чин сэтгэл энэ охинд байна” гэж бичсэн нь сайхан санагдсан. Таны бодлоор хүнд байх ёстой хамгийн эрхэм чанар юу гэж боддог вэ?
-Сэтгэл. Би хүмүүст маш их сэтгэл гаргатал зөрүүлээд огт сэтгэл гаргадаггүй. Хүн чамд сэтгэлээсээ хандаж, туслахад сэтгэл зүрхээ зориулдаг л байх ёстой гэж боддог. Манай аав шударга хүн байдаг. Бага байхаас минь эхлэн “Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хий. Хоёрын хооронд хуурамч зүйл бүү хий”, “Бүх хүнтэй чин сэтгэлээсээ харилцаж бай” гэж сургасан.
-Шоуны үеэр олон сайхан урмын үг сонссон байх. Таны сэтгэлд хамгийн их үлдсэн нь ямар үг байна вэ?
-Багшийн үг. Манай Ууганаа багшаас барагтай л бол магтаалын үг гарахгүй. Багшаасаа магтаал сонсохын тулд их хичээдэг. “Авьяаслаг монголчууд” шоуны дараа багш өөрөө ирээд “Мундаг байсан шүү” гэж хэлэхэд маш их баярласан. Хэр баргийн зүйл багшийн сэтгэлд нийцэхгүй. Ер нь багшийн сэтгэлд нийцэж байвал бусад хүний сэтгэлд нийцнэ ээ л гэсэн үг. Багшийн маань үг миний хувьд хамгийн үнэтэй.
-Шоуны шүүгч, хөтлөгч, нэвтрүүлэгч С.Чимгээ “Бүжиг хараад анх удаагаа миний самсаа шархирлаа” гэж байсан. Энэ үгийг сонссоны дараа чамд юу бодогдсон бэ?
-Шоуны үед ярьсан зүйлээ санадаггүй. Бичлэгээс хараад тэгж хэлсэн юм байна гэж боддог. Тухайн үед бүхий л зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Ямартай ч дараагийн шатандаа хичээж оролцох ёстой юм байна гэж бодсон. Эхний шатны шалгаруулалтад оролцохдоо бүжиг маань хүнд хүрнэ гэсэн бодолгүй, өөртөө жаахан итгэлгүй байсан. “Энэ бүжиг хүнд хүрэх болов уу”, “Хэр их хүн үзэх бол”, “Багшийнхаа бүжгийг бусдад ойлгуулж чадах уу, үгүй юу”, “Ойлгуулж чадахгүй бол багшийн минь нэр хамт унана” гэж их олон зүйл бодож байлаа.
-Нэгдүгээр шатны үзүүлбэрийг тань хараад олон үзэгч Монголоороо бахархах, эх орноо хайрлах мэдрэмжийг олж авлаа гэж байсан. Таны хувьд монгол хүн болж төрснөөрөө хэзээ хамгийн их бахархдаг вэ?
-Гаднын улсуудад болж байгаа дайн байлдаан, байгалийн гамшиг, өлсгөлөнг хараар “Ямар сайхан тайван газарт төрсөн юм бэ” гэж боддог. Гаднын орныхонд хэл сурахад хэцүү байдаг бол бидний эргэн тойронд олон орны гадаад хэл эзэмшсэн мундаг залуус цөөнгүй байдаг. Дэлхийд Монголынхоо нэрийг таниулсан маш олон хүнээр бахархдаг. Ийм мундаг хүмүүстэй цус нэгтэй гэж бодохоор баярладаг. Монголыг дэлхийд таниулсан олон хүмүүсийн үргэлжлэл нь залуус бид учраас маш их хичээх хэрэгтэй гэж боддог.
-Шүүгчдийн зүгээс “Хүсэл зорилгоо Монголоор битгий хязгаарлаарай” гэж хэлж байсан. Бодож төлөвлөсөн зүйл байгаа л байх?
-Бодож төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ биелсэн хойно нь хэлье. Удахгүй сайхан мэдээгээр уулзах байх.
-Цаашдаа бүжгээрээ юуг илэрхийлэхийг хүсч байна вэ?
-Хамгийн эхлээд мундаг бүжигчин болохыг хүсч байна. Өөрийгөө хөгжүүлснийхээ дараа багшийнхаа мэргэжлийг өвлөнө. Бүжиг дэглээч болохын тулд соёл судлаачдаас илүү их зүйл мэдэх ёстой гэж боддог. Тиймээс олон зүйлийг судалж мэдмээр байна. Их юм үзэж, нүд тайлсныхаа дараа олон санаа гарч ирэх байх. Түүний дараа л бүжгээр илэрхийлэхийг хүсч буй зүйлээ хэлэх байх. Би одоо дөнгөж 18 настай. Надад сурах, мэдэх зүйл маш их байна.
-Шоунд оролцсоны дараа хамтран ажиллах санал их ирж байна уу?
-Кинонд тоглох хоёр санал ирсэн. Өөрийгөө кинонд тоглох болоогүй гэж бодоод аль алинаас нь татгалзсан. Реклам, клипийн санал ирдэг. Хамгийн их ирдэг нь дууны клипнийх байдаг.
-Дүү чинь бас бүжиглэдэг, авьяастай охин байдаг гэсэн?
-Дүү маань 12 настай хэрнээ надтай өндөр намаараа чацуу. Маш гоё биетэй, авьяаслаг мундаг охин байдаг. Би бүжиглэхээс гадна зурах, шүлэг бичих бага зэргийн авьяастай. Гэтэл дүү маань сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож, зураг зурна, дуулна, хөгжимдөнө. Маш их авьяастайгаас гадна бүх хичээлдээ сайн хүүхэд бий.
-Бүжгээ орхимоор санагдаж, шантарсан үе бий юу?
-Загнуулах үед орхимоор болдог. “Болих юмсан”, “Яах гэж бүжгээр хичээллэв дээ” гэж бодогдох үе бий. Гэхдээ аав ээж минь миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамаг бүхнээ зориулсан байхад “Би ингээд бууж өгч болохгүй” гээд л бүжгээ давтдаг.

-Аав, ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулж байв?
-“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож хамгийн их баярлуулсан гэж бодож байна. Шоунд орж шилдэг гуравт шалгарснаар миний нэртэй хамт ээж, аавын минь нэр гарч байгаа нь хамгийн сайхан. Хүмүүс надад баяр хүргэхээсээ илүүтэй аав, ээжид баяр хүргэж байсан. Энэ шоунд амжилттай оролцсоноор бага ч болов баярлуулсан гэж найддаг.
-Мөрөөдөл тань юу вэ?
-Бүжигчин болох. Ингэж хэлэхээр хүмүүс инээгээд байдаг юм. Миний хувьд бол бүжигчин гэдэг маш их үнэ цэнэтэй, уйгагүй хөдөлмөрийн дүнд олж авдаг нэр юм шиг санагддаг. Миний хувьд “Энэ охин бүжигчин байх” гэж хэлүүлэхээр тийм гоё болмоор байна. Бүжигчин хүнд байх ёстой бүхий л зүйлийг бүрдүүлэхийн төлөө хичээх болно. Намайг ч гэсэн бүжигчин Э.Ууган-Эрдэнэ гэхээр би өөрөөсөө ичдэг. Мэргэжлийн болоогүй байж ингэж дуудуулах нь эвгүй байдаг. Тийм учраас миний мөрөөдөл бүжигчин болох.
-Бүжиглэхээс өөр хобби бий юу?
-Манай аав зургийн авьяастай хүн байдаг. Надад энэ авьяасаас нь бага зэрэг өвлөгдсөн гэж боддог. Арван жилд байхдаа загвар зохиож загварын тэмцээнд ордог байсан.
-Маш олон медальтай зургийг тань фэйсбүүкээс олж харсан. Энэ олон медалийг зөвхөн бүжгээр хүртсэн үү?
-Би одоогоор 50 гаруй медальтай. Ихэнх нь бүжгийн медаль. Үлдсэн медалиудыг нь олимпиад болон спортын тэмцээнээс хүртсэн.
-Хэрвээ “Авьяаслаг монголчууд” шоунд орж чадаагүй бол бүжигчнээр суралцаж чадах байсан болов уу?
-Зөрүүдлээд ч гэсэн болох л байсан байх. Гэхдээ энэ шоунд оролцсоноор СУИС-ийн багш нартаа бага ч гэсэн танигдсан. Тиймээс “Авьяаслаг монголчууд” шоу надад асар их өөрчлөлт авчирсан.
-Сурагчийн ширээнээс оюутан болоод удаагүй ч залуусын эгнээнд шилжсэн. Үе тэнгийн залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?
-Соёлтой, боловсон байгаасай гэж боддог. Яагаад гэвэл улс орны ирээдүй, хүрээлэн буй орчин ямар байх нь залуусаас хамаардаг. Би гадуур алхах дуртай. Алхаж явахдаа олон зүйлийг ажиглаж дүгнэлт хийдэг. Анзаараад байхад бидний үеийн охид тамхи их татаж байна. Хамгийн муухай зүйл болох архи, тамхитай нөхөрлөж, шоу цэнгээний газраар их явдаг болсон санагддаг. Залуусыг өдөр өдрийг аргацаалгүй, өмнөө зорилготой, ухаантай, ухамсартай байгаасай гэж боддог. Бас аав, ээжийнхээ хайран мөнгийг урсгаж, хичээлдээ суухгүй байгаа хүүхдүүдийг хараад харамсмаар санагддаг. Миний хувьд аргагүй тохиолдолд л багшаасаа чөлөө авдаг болохоос биш бусад тохиолдолд хичээлдээ суудаг. Би сургалтынхаа төлбөрийн талыг нь өөрөө олсон. Яаж зовж мөнгө олдгийг мэддэг болохоор хичээлээ таслахаар хайран санагддаг.

-Найз залуутай юу?
-Одоохондоо энэ талаар бодохгүй байгаа. Найз залуутай болохоор мэргэжилдээ зарцуулах цаг зав багасах учраас эхлээд зорилгодоо хүрнэ гэж бодож байна. Түүний дараа найз залуутай болно.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоны дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Энэ ярилцлагадаа эмээгээ ярихгүй өнгөрвөл гомдох байх. Миний эмээ надтай найзууд юм шиг л байдаг. Миний бие өвдөхөд өмнөөс минь өвдөж, асарч халамжилдаг. Намайг бүжигчин болно гэхэд хамгийн их дэмжиж байсан хүн бол миний эмээ юм. Тандаа маш их хайртай шүү. Тантайгаа хамт байхад охин нь тайван, жаргалтай байдаг. Таныхаа итгэлийг алдахгүйн тулд охин нь маш их хичээх болно, үргэлж тандаа баярлаж явдаг гэдгээ танай сониноор дамжуулан хэлмээр байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн