Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг ингэж бууруулна

Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг ингэж бууруулна
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 31
Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцсон.  Төрийн улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Цалин бууруулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд 19 болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй дүйцүүлэх бусад албан тушаалтнууд буюу нийт 256 албан тушаалтан хамрагдаж 557.9 сая төгрөгийн зардал буурна гэж тооцоод байгаа юм. Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас дээш Улс төрийн бүх шатны албан хаагчид, төрийн өндөр болон тэдгээртэй дүйцэх бусад албан тушаалтны цалин, хөлсийг 2016 оны 9 сарын 1-ээс эхлэн 30 хувь бууруулахаар төсөлд тусгажээ. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах: Төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид буюу аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын сарын цалин хөлсийг 20 хувиар бууруулах, үүнд 1977 албан тушаалтан хамрагдаж, цалингийн санг нийт 1,593.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцов.
Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газрын удирдах ажилтны цалингийн дээд хэмжээг тогтоож, мөрдүүлнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн 51 ба түүнээс дээш хувийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газруудын удирдах ажилтны цалингийн дээд хязгаарыг тогтоож мөрдүүлэх замаар удирдлагын зардлыг хэмнэх бөгөөд тухайн аж ахуйн нэгж зөвхөн ашигтай ажилласан нөхцөлд үр дүнгийн урамшуулал олгодог тогтолцоонд шилжүүлнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн