Улаанбаатарчуудын амралт зугаалгаар хамгийн их очдог газар бол Тэрэлжийн бүс нутаг билээ. Улаанбаатар хотоос зүүн тийш 50-76 км зайд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд зэрэг 300 орчим аж ахуйн нэгж байрладаг юм байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатарчуудын хамгийн их зугаалдаг Тэрэлжийн бүс нутагт заавал үзэх дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.
МЭЛХИЙ ХАД: Эл хадны өндөр 24 метр бөгөөд урьд өмнө “Мөнгөт хад” гэдэг нэртэй байжээ. Домогт өгүүлснээр, Зуун модны тулалдаанд Галдан бошигт Манжтай хүч тэнцвэргүй тулалдаан хийж ихээхэн хохирол амсаж бүслэлтээс гаран зугтаж Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, хэдэн тэмээнд ачаалсан алт, мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжийн хаанаас бэлгэнд ирсэн хатан нь алт мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь нуусан мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш Мэлхий хадыг Галдан бошготын мөнгийг хадгалж буй Мөнгөт хад гэж нэрлэдэг болжээ. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс Мөнгөт хадыг хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн хурайлж, мөнгөжин баяжихыг хүсэж дээдэлдэг аж.
ХҮҮХЭН УУЛ: Галдан бошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирсан гэж домоглох бөгөөд Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй догшин уул хэмээх боловч эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.
ЗУУН МОД: Улаанбаатараас зүүн тийш 50 км зайд Налайхын зүүн талд орших хэсэг модтой газрыг Тэрэлжийн зуун мод гэдэг. Эл газарт 1696 оны 5 дугаар сард Ойрадын Галдан хаан Манжийн баруун замын цэрэгтэй тулалдаж ялагдаад дахин сэхэл авч чадаагүй билээ.
АРЪЯАБАЛЫН СҮМ: Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Түвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг. Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээн бэлгэдэг байна.
ХАРДАГ ХАД: УБ хотоос 82 км зайд, Горхи Тэрэлжийн бүсийн Туул голын хөндий, Ар Өгөөмөрийн зоо хэмээх газарт байдаг байгалийн үзэсгэлэнт газар. Уулсын дундах хотгор дотор байх толгойн орой дээр тогтсон өвөрмөц хадан тогтоц юм. Эргэн тойрондоо уулын бэл хормойн налуу хажуу, хөндийгөөр хүрээлэгдсэн, сийрэгхэн ой мод, жижиг горхи булаг, намгархаг нуга гээд аялагчдын сэтгэлийг татахаар нам гүм сайхан газар бөгөөд морин аялал их хөгжсөн газар юм байна.
ЧИНГИС УУЛ: Урд хошуу нь битүү бүрхсэн хад чулуутай байдаг нь алсаас харахад хуяг дуулга агссан баатар цэргүүд нь хүрээлэн зогссон мэт харагдана. Домогт, Чингис хаан баруун зүг аян дайн хийхээр явах замдаа энэ уулын бэлд цэргээ түр буудаллахыг зарлиглаж өөрөө уулын орой өөд авирч гарсан гэдэг. Орой дээр нь нэгэн дөрвөлжин чулуу байх бөгөөд түүн дээр залран сууж эргэн тойрноо хараа бэлчээн ажиглан суугаад зүүнтээ орших уулын нэгэн хадыг олж харжээ. Чингис хаан өөрийн цэц мэргэнийг шалган тэр хад руу сум тавьсан гэдэг. Харвасан сум нь очиж оносон газрыг Чингисийн сумны ор гэх болж, суусан чулууг нь Чингисийн суудал гэж нэрлэжээ.
ГҮНЖИЙН СҮМ: УБ 2 зочид буудлаас зүүн тийш Баянгийн талаар гарч 37км зам туулан Хан Хэнтийн дархан цаазат газарт байх Гүнжийн сүмийн тууринд хүрдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нарс модон ойд Манж Чин улсын гүнжид зориулан босгосон сүмийн үлдэгдэл байдаг.
ХАГИЙН ХАР НУУР: Гүнжийн сүмээс зүүн хойш 60 орчим км зайд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос 180 км зайд оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур. Уулын тагтад д.т.д 1817 метр өндөрт оршдог. Нуурын талбай 2.7 км.кв, урт нь 2.5 км, өргөн нь 1 км. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрнэ. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж замагтай ус харлан харагдах нь эл нуур нэлээд гүн болохыг илтгэж байдаг.