Нойр булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Гранд мед” эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Анагаах ухааны доктор, профессор Н.Туул эмчийн зөвлөгөөг Эрүүл монгол буландаа онцолж байна.
Нойр булчирхайн үрэвсэл нь цочмог, архаг гэсэн хоёр хэлбэртэй. Цочмог үрэвслийн үед хэвлийн тодорхой нэг хэсэгт биш, хэвлий нилэнхүйдээ өвдөж, маш их зовиур, хордлого өгч илэрнэ. Зуны улиралд хүмүүс өдөр тутамдаа идэж хэвшсэн хоол хүнснээсээ өөр хоол хүнс идэх нь бий. Энэ үед аялаж зугаалахдаа хорхог, хонины мах, гэдэс дотор идэх, айраг, архи хольж хэрэглэснээс нойр булчирхайн цочмог үрэвсэл хүнд хэлбэрээр илэрдэг юм.
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь хүнд, хөнгөн, дунд гэсэн гурван хэлбэрээр явагдана. Хүнд хэлбэр нь маш цочмог, богино хугацаанд хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, дотор эвгүй болох хордлогын шинж даамжрах юм бол бөөрний дутагдал болох, элгэнд нөлөөлөх шинжээр илэрнэ. Харин хүнд хэлбэр нь яагаад амь насанд аюултай байна вэ гэхээр нойр булчирхайн ялгаруулж байгаа шүүс нь шүлтлэг шүүс байдгаас нойр булчирхайн эдийг уусгаад, хайлуулах ч тохиолдол байдагт юм. Эрт, хожуу үеийн хүндрэл гэж гарна. Эрт үеийн хүндрэл нь хэвлийгээр маш их өвдөнө. Шокноос болж, даралт унах, ухаан алдах, цус алдах нь бий. Мөн уушгинд хүндрэл өгч амьсгалын дутагдалд орох нь байдаг. Энэ гурван шинж тэмдэг эмчлэгдэхэд хожуу үеийн хүндрэл илэрдэг. Энэ үед нойр булчирхайн суваг, эд гэмтдэг. Ингэснээр нойр булчирхай идээлж, уйланхай үүсч болно.
Харин нойр булчирхайн архаг үрэвслийн үед хэвлийн зүүн талаар өвдөж, ар нуруу руу дамжиж өвдөх шинжээр илэрдэг. Үүнд ажлын стресс, хэт ачаалал, хөдөлгөөний хомсдол зэрэг нөлөөлнө. Өөрөөр хэлбэл амьдралын буруу хэв маягаас үүдэж, цөс буруу ажиллахад нойр булчирхайн архаг үрэвслээр өвдөж болдог.
Нойр булчирхайн үрэвслийн гол нь цөс чулуужих өвчин юм. Үүний цаана бодисын солилцооны хам шинж буюу хөдөлгөөний хомсдол, таргалалт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, чихрийн шижин зэрэг нь өвчний суурь болдог. Цөс нь хоол тэжээлийг боловсруулж, өөх тосыг задлахаар нарийн гэдсэнд хоол ирсэн үед тодорхой хэмжээтэйгээр төв мэдрэлийн системээр зохицуулагдаж ялгардаг. Гэтэл ялгарах үедээ ялгарахгүй хоцорч ялгарах, эсвэл өлөн ходоод гэдсэнд түрүүлж ялгарах зэргээс болж нойр булчирхай буруу ажиллаж, цочирч, хэвлийн зүүн сүврэгдсээр өвдөж, ар тийшээ дамжиж өвдөх нь байдаг. Энэ үед эмчийн заавраар эмчилгээ хийлгэж, тохирсон эмийг ууна. Өөрөөр хэлбэл ходоодыг тайван байлгах ёстой. Ингэхдээ ходоод цочирдог халуун ногоо, амтлагч, чихэр, шоколад, архи, пивоноос татгалзах юм.
Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвсэл нь цөс, цусны замын эмгэг. Өөрөөр хэлбэл, цөс чулуужилт, цөсны ялгарал буруу ажиллах нь нойр булчирхайн үрэвслийн гол шалтгаан болдог. Мөн вирусийн, эмийн хордлогын шалтгаантай байж болдог. Тэгэхээр нойр булчирхайн үрэвсэл нь зөвхөн хоол тэжээлээс бус вирусийн халдвараас өвчилж болдог байна.
Нойр булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маягтай болох юм. Хэт өөх тос, давс ихтэй хоол хүнснээс татгалзаж, архи, дарсыг хэтрүүлэхгүй байхаас гадна хэт оройн цагаар их хэмжээний хоол идэхгүй байх хэрэгтэй. Мөн ажил амралтаа зөв тохируулах нь чухал.
Цээж хорсох нь цөс бүрэн ажиллаж, ходоод улаан хоолой руу сөргөж ороод байна гэсэн үг. Энэ үед гурилан бүтээгдэхүүн, халуун ногоо, архи, тамхи, цагаан будаанаас гадна шарсан хайрсан хоол нь ходоод цочроодог учраас хэрэглэхгүй байх нь зөв. Харин тамхи ходоодыг их ажлуулж, улмаар ходоод их ажиллахаар нойр булчирхай дагаж цочирдог.