Нэг хоногийн дараа хуанлийн хуудас эргэхэд хуучин он ард үлдэж, шинэ оныг угтан авна. Түүх болон үлдэх 2016 он үйл явдал, өрнөлөөр дүүрэн өндөрлөх гэж байна. Гэхдээ цав цагаан цаас шиг нэг ч мөр бичигдээгүй байгаа шинэ оны түүхийн хуудас ч биднийг хүлээж байна.
Ирээдүйд болох үйл явдлыг таамаглах аргагүй байдаг. Үүнтэй адил 2016 он ч мөн адил урьдчилан таамаглахын аргагүй үйл явдлаар дүүрэн “дэлхийн улс төрийн эрс өөрчлөлтийн жил” байлаа. Үүнийг 2016 онд болж өрнөсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Их Британи Европын холбооноос гарах санал асуулгын дүн зэргээс тодорхой харж болно.
Зарим шинжээч 2016 онд Хүйтэн дайны дараахь нэгэн үе өнгөрч, дэлхийн улс төрийн цоо шинэ эрин эхэллээ хэмээн онцлон тэмдэглэж байв. Учир нь, Хүйтэн дайны дараа үйлчилж байсан барууны улсуудаар гол болгосон АНУ төвтэй дэлхийн улс төр шинэ шатанд гарсан юм. Үүнийг таамаглаагүй, гэнэтийн үйл явдлууд үүнийг гэрчлэх бөгөөд энэ бүхэн биднийг өөр зүг чиглүүлэв.
Ерөнхийдөө 2016 оны дэлхийн улс төрийн нүүр царайг Филиппиний Ерөнхийлөгч Дутерте Родригогоор төлөөлүүлж болох юм. Филиппинд өнгөрсөн зургадугаар сард явагдсан сонгуульд ялалт байгуулсан тэрээр албан тушаалаа авснаас хойшхи анхны айлчлалаа арлын маргаантай БНХАУ-аас эхлүүлсэн төдийгүй удаан хугацаанд сайн холбоотны харилцаатай байсан АНУ-д ар нуруугаа харуулж, тус улсын цэргийг эх орноосоо гаргана гэх зэргээр гэнэтийн эргэлтүүдийг хийсэн юм. Популист хэмээн нэрлэгддэг Дутерте Родригог сонгуульд ялалт байгуулна хэмээн хэн ч таамаглаагүй байсан билээ.
Үүний дараагаас л "популист давлагаа" үргэлжилсэн юм. АНУ-ын бизнесмэн Доналд Трамп болон Их Британийг Европын холбооноос гаргах “Brexit” хөдөлгөөнийг удирдагчид улс орны хувь заяаг шийдэх сонгууль, олон нийтийн асуулгад ялалт байгуулсан зэргээс харахад энэ жил “популист улстөрчид” дэлхийн чиг хандлага, олон нийтийн сонголт байсан гэж болно. Энэ мэтчилэн саяхныг болтол популист улстөрчид улс төрийн тавцанд тийм одтой байгаагүй ч, 2016 онд энэ бүх зүйл өөрөөр эргэсэн юм. Эдгээр үйл явдлаас олон нийтийн үзэл бодол болон удирдагчдын хүчний баланс хэрхэн өөрчлөгдөж байгааг дүгнэж болох юм.
Ямартай ч 2016 оныг удаан хугацаанд хуримтлагдсан дэлхийн улс төрийн сөрөг үр дагавар гадагшилсан, гэнэтийн эргэлтийн эхлэл болсон, өөрчлөлт дүүрэн жил байсан гэж болно.
2016 онд дэлхий дахинд нийтлэг ажиглагдсан бас нэг зүйл бол олон нийтийн санаа бодлыг хэн таамаглах боломжгүйг нотолсон явдал байв. Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон болон Италийн Ерөнхий сайд Маттео Ренци нар улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг ардчилсан зарчмыг баримтлан сонгогчдын саналаар шийдэж, өөрсдийгөө зөвтгөхөөр оролдсон нь маш том алдаа байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, холбогдох шинжээчид санал асуулгаар тэд өөрсдийн рейтингийг өсгөж, ялалт байгуулна хэмээн үзэж байсан юм. Дэвид Камерон, Маттео Ренци нар ч ялгаагүй ингэж бодож байсан төдийгүй ард түмэн тэдний талд гэдэгт итгэлтэй байв.
Заримдаа таамаглал болгон нүдээ олдоггүй, тодорхой гэгдэж буй зүйл тодорхой бус байдгийн жишээ нь энэ байв. Дэлхий даяар эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед олон нийтийн саналыг асуусан нь улс төрийн намуудын хувьд эрсдэлтэй, буруу алхам байсан ч, ард иргэдийн хувьд санал асуулгын дүнг ялагдал гэж хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Ард иргэд улс орны ирээдүйн төлөө бус зөвхөн засаглалд үнэлгээ өгч шийдвэрээ гаргасан бөгөөд эдгээр засгийн тэргүүн нар олон нийтэд өөрсдийгөө огцруулах боломж олгосон нь энэ юм. Энэ нь улс төрийн намууд, эдгээр улстөрчдийн хувьд томоохон ялагдал болсон, тэд ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Европын холбооноос гарах саналыг дэмжсэн британиуд, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас татгалзаж барууны үзэлтэй намд итгэл хүлээлгэхээр болсон италиудын зөв, буруу байсан, эсэхийг ирэх онд, магадгүй бүр хожим дүгнэх боломжтой.
Түүнчлэн “азгүй”-чүүдийн эгнээнд Хиллари Клинтоныг багтааж болно. Түүнийг сонгуульд нэр дэвшихээ зарласан цагаас эхлэн хүн бүр ялна гэх итгэлтэй байсан юм. Тэрээр ч мөн ялгаагүй ийм бодолтой байснаа сонгуулийн дараа илэрхийлсэн. Харин таамаглал гэдэг зүйл таамаг төдий байдаг гэдгийг Их Британийн жишээгээр сургамжлаагүй Хилларигийн хувьд Трампыг дэмжигчдийг хангалттай үнэлээгүйнхээ төлөө ялагдсан юм.
Харин дэлхий дахинд, тэр дундаа Европ, эх орондоо эерэг болон сөрөг аль аль шүүмжлэлтэй нүүр тулсан ч улс төрийн хувьд тогтвортой байдалтай байсан хүн бол Германы канцлер Ангела Меркель. Тэрээр улс төрийн давлагаанд жолоогоо алдалгүй атгаж, нөхцөл байдлыг хянаж чадсан нь Германы улс төрийн байдалтай холбоотой юм. Тэрээр өнгөрсөн сард Христийн Ардчилсан холбоо намын даргаар дахин сонгогдож, бүрэн эрхийнхээ хугацааг дөрвөн жилээр сунгасан нь сүүлийн 11 жил улс орноо залж, удирдсан түүнд намынхан нь дахин итгэл үзүүлсэн явдал байв.
Гэхдээ 2017 он түүний хувьд их сорилтын жил байх юм. Учир нь, Ирэх онд Германд Бундестагийн сонгууль болно. Намын даргаараа улиран сонгогдсон Ангела Меркель Германы Канцлерт дахин өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Харин энэ удаагийн сонгууль бол Германы их нэгдлээс хойшхи хамгийн төвөгтэй сонгууль болох магадлалтай юм. Учир нь олон нам бүлгийн шаардлагад зохицуулах, дүрвэгсдийн асуудлыг зөв бодлогоор шийдвэрлэх шаардлагатай тулгараад байгаа. Ангела Меркелийн цагаач дүрвэгчдийг хүлээж авахад хязгаар тавихгүй байсан бодлого Германы ард иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй, орон нутгийн сонгуулиар барууны популист үзэлтэй намын нэр хүнд өсч буйтай холбоотой Меркель цагаачдын талаарх баримтлах бодлогоо чангатгаж магадгүй юм.
Хэрэв Ангела Меркель “мөнхийн канцлер” болох хүслээ биелүүлж чадалгүй, сонгуульд ялагдвал Герман төдийгүй, Европын холбоо хүнд сорилттой тулгарах юм. 2017 онд популист давлагаа, тийм гэхийн аргагүй үйл явдал үргэлжлэх, эсэхийг хэн ч таашгүй.
Түүнчлэн 2017 оны эхний сард багтаан АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөн, бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээр дэлхийн улс төрийн нэгэн шинэ үе эхлэх юм. “Нэг Хятад” бодлогыг баримтлах, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, эхний 100 өдрийн төлөвлөгөөндөө цагаачдыг хөөн гаргах, Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах талаар мэдэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаглалын багт Иракийн дайнд оролцож, дайнч бодлого баримталдаг цэргийн хүмүүс багтсан нь олон улсад асуултын тэмдэг үлдээгээд байгаа юм. Түүнчлэн Доналд Трампын Ази руу чиглэсэн бодлого тус бүс нутаг дахь АНУ-ын хүчийг сулруулна хэмээн шинжээчид үзэж буй. Мөн Ираны талаар баримтлах түүний бодлоготой зэрэгцэн, тус улсын шинэ Ерөнхийлөгч 2017 онд сонгогдох юм.
Харин 2017 онд Доналд Трампын нэрийг байнга дагалдах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд энэ онд дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчийн байр сууриа бэхжүүлж чадсан. Гэхдээ энэ нь улс орных нь байдлаар бус түүний хувийн карьерын талаархи дүгнэлт юм. 2016 оны зунаас хойш АНУ-ын сонгуулийн үйл явцад оролцож, үр дүнд нөлөөлсөн гэгдэж байгаа түүнийг 2017 онд ч сэжиглэх магадлал өндөр юм. Учир нь, нэгэн үе Европ дахь хамгийн том түнш нь байсан ч “урвасан” Германд 2017 оны намар Бундестагийн сонгууль болно. АНУ-ын сонгуульд Хиллари Клинтоны эсрэг ажиллаж, Доналд Трампыг дэмжсэн гэх Путиний хувьд ирэх онд болох Бундестагийн сонгуулиар Ангела Меркелийн эсрэг ажиллах, эсэхийг ирэх онд л харах боломжтой.
Үүнээс гадна 2016 онд гаргасан зарим шийдвэрийн явц 2017 онд үргэлжилнэ. Энэ нь Их Британи Европын холбооноос салан тусгаарлах үйл явц юм. Европын холбооны зүгээс Их Британийг үдэж өгөх бүх бэлтгэлээ хангасныг мэдэгдсэн ч, ниргэсэн хойноо хашгирсан британиудын хувьд бэлэн биш байгаа юм. Европын холбооны мэдэгдсэнээр хэрэв Их Британи ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд амжиж "Лиссабоны гэрээ"-ний 50-дугаар заалтын дагуу хэлэлцээ тохирвол 18 сарын хугацаанд буюу 2018 оны аравдугаар сар гэхэд Их Британи Европын холбооноос тусгаарлах боломжтой болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Их Британи Европын холбооноос салан тусгаарлах үйл явц одоо зөвхөн Их Британийн зүгээс шалтгаалах болоод байгаа бөгөөд хэлэлцээрийг ирэх онд эхлүүлэх эсвэл сунжруулах, эсэх нь тэднээс өөрсдөөс нь шалтгаалах болоод байна.
Ерөнхийдөө Европын хамгийн том эдийн засагтай гурван улсад ийм маягаар тогтворгүй байдал үүссэн бөгөөд үүнийг товчоор дэлхийн улс төрийн системийн цөмд өөрчлөлт гарсан жил байсан хэмээн тодорхойлж болох юм. Тиймээс Европын орнуудад гарсан эдгээр улс төрийн өөрчлөлтийг ухамсарлан, урьдчилан сэргийлэлт хийж чадвал популист давлагааг зогсоож, улс төрийн эмх замбараагүй байдлыг сааруулах боломжтой юм. Ирэх жил болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний фронт намын эсрэг өрсөлдөх, Бүгд найрамдах намаас нэр дэвших Франсуа Фийоныг энд жишээлэн нэрлэж болно. Түүнийг сонгогдох, эсэхээс шалтгаалан Францын хувь заяа шийдэгдэх төдийгүй 2016 онд гарсан таамаглах аргагүй үйл явдлууд үргэлжлэх магадлалтай юм.
Түүнчлэн ойр дотнын хүнтэй холбоотой дуулианд нэр холбогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн түүхэн нэр хүнд огцом унаж, тэрээр огцрохоор болсон юм. Парламент нь итгэл үзүүлэх асуудлаар санал хураасны дүнд тэрээр Ерөнхийлөгчийн үүргээсээ татгалзахаас өөр аргагүй болж, ирэх гуравдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болов. Энэ нь мөн л Ази төдийгүй олон улсад “олон нийт хүчтэй байгаа”-г харуулсан явдал, том сургамж байлаа.
Ямартай ч 2016 онд болж өрнөсөн үйл явдлууд ирэх оны зүгийг альхэдийнэ чиглүүлжээ. Харин 2017 онд дэлхийн улс төрийн шинэ эрин эхэлнэ.
Олон нийтийн санал асуулга, сонгууль ба таамаглаагүй үр дүн
Их Британи олон нийтийн санал асуулгын дүнгээр Европын холбооноос гарахаар болов
Итали улсад Үндсэн хуулийн шинэчлэл хийх, эсэх талаар олон нийтийн дунд санал асуулга явуулж, ард иргэд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас татгалзсаны дүнд Италийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах нам найман жилийн дараа дахин ялалт байгуулж, Доналд Трамп шинэ төрийн тэргүүнээр сонгогдов
Удаан царцсан харилцааг сэргээв
Тогтоол ба улс орны хувь заяа
Томоохон үйл явдал ба өөрчлөлтийн эхлэл
ОХУ-ыг төлөөлөн Туркт суурин байсан Элчин сайдын амь насыг олны нүдэн дээр буудан хөнөөв.
Курдын салан тусгаарлагч дайчид болон Туркийн Засгийн газрын хооронд өрнөж буй хүчирхийллийг эцэс болгохыг шаардсан иргэдийн жагсаал хүчээ авсан 2016 онд ийм хэрцгий аллага болсон нь ОХУ, Туркийг террорист халдлагын эсрэг хамтрахад хүргэлээ.
Арабын хавраас эхлэлтэй үйл явдал Ойрхи Дорнодоос хальж дэлхийн улс орнуудын харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, олон улс терроризмын эсрэг хүчээ нэгтгэн хэт даврагч бүлэглэлүүдэд цохилт өгөв. Орос тэргүүтэй улс орнуудын эхлүүлсэн террористуудын эсрэг ажиллагаа амжилттай болж, алан хядагчдын гол түшиц газар болох Сирийн Алеппо хотыг чөлөөллөө.
Хятад улс олон улсын нөөц валют болж, АНУ бодлогын хүүгээ дахин өсгөв.
Нэгдүгээр сар: Английн дээд шүүх Их Британийг Европын холбооноос гарах талаар хуралдана
Нэгдүгээр сарын 20: АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөнө
Дөрөвдүгээр сарын 23: Францын шинэ Ерөнхийлөгчийг сонгоно
Гуравдугаар сарын 31: Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээрийг эхлүүлэх сүүлийн хугацаа дуусна
Тавдугаар сарын 19: Ираны Ерөнхийлөгчийн сонгууль болно
Долдугаар сарын 7: “Их-20”-ийн чуулган эхэлж, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анхны уулзалтаа хийнэ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 26-нд “Их-7”-гийн чуулган нээж, Тереза Мэй болон Ангела Меркель зэрэг удирдагчид Доналд Трамптай Ерөнхийлөгчийн хувиар анхны уулзалтаа хийнэ.
Есдүгээр сар: Бундестагийн сонгууль болж, Меркель дөрөв дэх удаагаа Канцлераар сонгогдох, эсэх нь шийдэгдэнэ