Банкны тухай хууль, Харүмафүжи Д.Бямбадорж, утаа, цаазын ялыг сэргээх, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. iToim агентлаг эдгээр болон бусад онцлох үйл явдлыг тоймлоё.
Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд лхагва гаригийн 08 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ.
Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Нэг сартай байхдаа гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай 2 ахтай юм байна.
Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол. Үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан юм. Мөн 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржаад байна.
Дашрамд дурдахад, Гурван ихэр төрсний маргааш нь буюу 11-р сарын 30-ны өглөө Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хоёр ихэр хүү мэндэлжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилуулах саналыг УИХ-д хоёр долоо хоногийн өмнө хүргүүлсэн билээ. УИХ-ын Ж.Батзандан нарын 21 гишүүн Б.Хурцын томилгоогоор нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасан. Харин УИХ нийтийн сонсгол явуулах эсэх нь тодорхойгүй, Б.Хурцын томилгоо гацаанд оров. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ирэх долоо хоногт томилгооны сонсгол хийнэ гэж мэдэгдсэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Банкны тухай хуулийг дагалдан хэлэлцэх хуульд арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болох заалт оруулсан байна. Уг заалтыг арилжааны банкууд дэмжихгүй байгаа бол олон нийт, улстөрчдийн хувьд зээлийн хүүг бууруулахад гол хөшүүрэг болох учраас дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн хуулийн өөрчлөлтөд арилжааны банкууд охин компанитай байхыг хориглох заалт оруулах асуудал нэлээд хүчтэй яригдсан юм. Харин Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголбанкны хараат бус байдлыг сайжруулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх асуудлууд багтсан байна. Түүнчлэн, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн долоон гишүүний дөрвийг нь УИХ-аас томилох саналыг оруулсан нь нэлээд маргаан дагуулсан юм. Ирэх долоо эдгээр хуулиудын анхны хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороод хийх бөгөөд зарим эргэлзээтэй асуудал хэлэлцүүлгийн үед тодорхой болох болов уу.
Засгийн газар өнгөрсөн тав дахь өдөр ээлжит бусаар хуралдаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдсэн шүүх хурлын процессыг ил болгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн юм. Мөн Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн архивт шилжүүлэх болсон. Харин гүйцэтгэх ажлын захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцтай хэвээр үлдэж байгааг Ц.Нямдорж сайд хэлсэн. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлнэ гэв. Түүнчлэн, Ц.Нямдорж нь Хуульзүй дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Засгийн газрынхаа 100 хоногт багтааж С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана, Эрдэнэтийн асуудлыг шийднэ” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Хэрвээ Ц.Нямдорж сайдын мэдэгдэл үнэн бол С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. /У.Хүрэлсүхийн Засгийн газар аравдугаар сарын 20-нд бүрдсэн бөгөөд яг нэг сар 15 хоног өнгөрөөд байна/
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүллээ.
Уг албан бичигт “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.
Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллахыг хүсье” гэжээ. Ерөнхийлөгчийн гаргасан цаазын ялыг сэргээх саналыг хуульч, эрхзүйчид дэмжихгүй гэдгээ сошиалаар мэдэгдсээр байгаа юм.
Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Таканоиватай холбогдох хэргийн хариуцлагыг хүлээн, өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдөл гаргаж байгаагаа пүрэв гаригт мэдэгдлээ.
Японы сүмогийн холбоо цагдаагийн байгууллагатай хамтран холбогдох хэргийг шалгаж байсан бөгөөд, цагдаагийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэр гаргах хүлээлттэй байсан боловч холбооны шийдвэрийг хүлээлгүйгээр Харүмафүжи ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан байна.
Японы сүмогийн сүүлийн 67 жилийн түүхэнд “Зодог тайлуулах” шийтгэл оноосон ганцхан бөх байдаг. Тэр нь 2004 онд согтууруулах ундаатай холбоотойгоор өөрийн танилаа гэмтээсэн хэрэгт холбогдсон 68 дахь их ёкозүна Асашёрюү юм.Тиймээс энэ шийтгэлийг хүлээлгүйгээр, өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтээ өгсөн хэмээн холбогдох хүмүүс үзэж байгаа аж.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, тодорхой шийдвэр гаргаж, үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа. Мөн иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт /маск/ зүүж хэвших, маск зүүх аяныг өрнүүлж, зохион байгуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзлээ.