МУИС-ийн сэтгэл судлалын багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Сагсан бөмбөгийн спортын дэд мастер, Сэтгэл судлалын ухааны магистр Б.Золзаяатай ярилцлаа. Тэрээр 2008, 2012, 2016 оны олимпд Монголын баг тамирчдын сэтгэл зүйчээр ажиллаж, спортын сэтгэл зүйн салбарт 17 жил тасралтгүй судалгаа, шинжилгээ хийж байна. Тамирчин хүний сэтгэл зүй ямар байх ёстой, сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэсэн тамирчин амжилтад хүрдэг вэ, дасгалжуулагч, багш тамирчны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болон спортын сэтгэл зүйгээр ажиллах сонирхолтой бол юунд анхаарах ёстой зэрэг олон асуудлаар бидний яриа өрнөлөө.
-Спортын сэтгэл зүйн онцлог юу вэ?
-Олон улсын тэмцээнд оролцож байгаа тамирчин бүр л идэж байгаа хоол, бэлтгэж байгаа техник, авч байгаа мэдээлэл буюу ямар орон зай, нөхцөлд бэлтгэгдсэн нь ижил төвшин байна. Спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэг төвшинд ирсэн өнөө үед сэтгэл зүйн асуудал чухал. Нэг техник, нэг тактик бэлтгэхдээ сэтгэл зүйг хамтад нь суулгаж өгснөөр богино хугацаанд илүү сайн үр дүн гарна гэдгийг ойлгох ёстой. Ёс зүйтэй, шаргуу хөдөлмөрч тамирчин амжилтад хүрдэг. Шаргуу хөдөлмөр ч гэдгийн утга учрыг ойлгож, ухамсарласан хүн амжилтад хүрнэ. Шагнал урамшуулал, материаллаг зүйл рүү тамирчид харах шаардлагагүй. Тамирчин хүн зорилго, мөрөөдөл хүрэх гэж байгаа зүйлийнхээ ялгааг сайн мэдэх хэрэгтэй. Утга агууламж, үнэ цэнийг ялгаж сурах ёстой. Үүнийг сэтгэл зүйн боловсрол суусан гэж үзнэ. Мөн төрөлхийн зоригтой, айдас гэдгээ ардаа хийсэн тамирчин өндөр амжилтад хүрдэг. Тэгэхээр мэргэжлийн, өндөр төвшний тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдад айдас байх шаардлагагүй. Ийм байж өрсөлдөгчөө, сэтгэл зүйн дайн тулааныг давж гарна. Спортын сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар өндөр зэргийн тэмцээнд оролцох тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл зайлшгүй шаардлагатай. Америк, Монгол хоёр тамирчин барилдахад улсын хөгжил ямар ч хамаагүй болчихсон . Хэрвээ өндөр хөгжилтэй орны тамирчид ялах ёстой гэж бодвол үгүй юм. Монгол тамирчин гадаад тамирчин авч байгаа мэдээллийн хувьд тэнцээд ирж байна гэдэг энэ төвшинд өрсөлдөөн болохгүй гэсэн үг. Дасгалжуулагчид тамирчиддаа мэдээ, мэдээллийг өгч чадаж байна. Олон улс ын хэмжээнд бэлтгэж байна. Спортын анагаах ухааны хувьд ч бид хоцрогдоогүй адилхан л байна. Тэнд тэр хоёр хүний төрөлх араншин, бодгаль хүний асуудал яригдана. Тэрийгээ хэн нь илүү олж харж байна гэдэг амжилтад хүргэнэ . Одоо яах вэ гэвэл хувь хүнд байгаа натур, жинхэнэ мөн чанар, чи хэн бэ гэдгийг харуулах юм. Үүнийгээ олж харвал тамирчин ялна. Үүнийг олж харахад сэтгэл зүйч тусална. Дасгалжуулагчид тамирчы сэтгэл зүйг давуу тал гэж харах нь чухал. Ямар ч нөхцөлд түүнийг давуу тал гэж хараад түүн дээр суурилах хэрэгтэй. Өнөөдөр олимпийн аврага, дэлхийн аврага, азийн аврагууд Монголоос төрөн гарсан байна. Бид хаана хүрч чадах вэ гэдэг тодорхой болсон. Дараа дараагийн залуучуудад өндөр хариуцлага, өргөн боломж байгаа гэдгийг ойлгох нь чухал. Тамирчин хүн юмыг олон талаас нь боддог хардаг, оюун ухааны талаасаа хөгжүүлэх шаардлагатай. Ингэж хөгжүүлэх ажлыг сэтгэл зүйч нар хийдэг. Биеийн хөгжил талаас нь дасгалжуулагчид ажилладаг. Тэр тамирчинд юу дутагдалтай, ямар сул талтай гэдгийг шинжлэх ухаанч байдлаар мэдэх арга зам сэтгэл зүйч хүний ажил болчихсон. Үүнийг танин мэдэж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд ашиглах нь сайн үр дүнтэй. -Таны хувьд спортоор хичээллэдэг байсан. Тиймээс энэ салбарыг сонирхон судлах болсон уу?
-Долдугаар ангиасаа хойш шигшээ багт тоглодог байсан. Дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш багшаар сагсан бөмбөгийг анх заалгасан. Багш минь тамирчин хүнд байх ёстой ялалт, ялгадлын сэтгэл зүйг сургаж чаддаг байсан. 2001-2004 оны хооронд МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байлаа. Их сургуулийн сэтгэл зүйн ангид суралцдаг, өөрөө спортоор хичээллэдэг байсан учир спортын сэтгэл зүй гэж байдаг гэдгийг анзаарч, сонирхон судлах болсон. Яг л энэ талбарт тамирчид ялахын тулд юу хийдэг вэ, багш тамирчны харилцаа хэрхэн нөлөөлдөг вэ, бид спортоос юуг суралцах ёстой байдаг, бидний амьдралд энэ ямар ач холбогдолтой байдаг гэдгийг би өөрийн туршлагаасаа мэднэ.Миний спортоос авч байсан мэдрэмж миний туршлага. Нөгөө талаасаа спортын сэтгэл зүйч хүн бэлтгэж буй тамирчиндаа 100 хувь итгэх ёстой гэж боддог. Энэ бол бидний мэргэжлийн мөн чанар. Энэ хүн ч дээ, амжилт үзүүлэх юм болов уу даа гэж бэлтгэх ёсгүй. Тамирчин хүн ч сэтгэл зүйчдээ итгэх ёстой. Спортын сэтгэл зүйч хүн ямар ч нөхцөлд тамирчиндаа 100 хувь итгэх чадамж чухал. Мөн тамирчны хувийн мэдээллийг нууцлах нь чухал. Спортын сэтгэл зүйчээр суралцах, ажиллах хүнд би нэг л зүйлийг хэлнэ. Спортод зүрх сэтгэлийн угаас хайртай байх хэрэгтэй. Үүнийг мэдэрч ойлгосон байж ажиллах ёстой. Тэгж байж хүнийг амжилт үзүүлэхэд нь туслаж чадна.
-Монгол тамирчид тэмцээниий үр дүнд сэтгэл зүй нөлөөлнө гэдгийг хэр хэмжээнд ухамсарладаг вэ?
-Манайд уламжилж ирсэн арга зүй өөрөө сэтгэл зүйг агуулсан байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөөнүүдийг өгөх, тамирчидтай ажиллах үеэр “Таны хэлсэн зүйлийг бид бас тамирчиддаа хэлдэг байсан юм байна” гэж хэлдэг багш, дасгалжуулагчтай олон таарсан. Бид нар яг чиний сэтгэл зүйг бэлдээд байна гэж салгаж хэлдэггүй ч гэсэн тамирчдын сэтгэл зүйг багш, дасгалжуулагчид хангалттай бэлддэг. Харин үүнд юу дутуу байдаг гэвэл төлөвлөгөө, систем, дарааллын хувьд яаж бэлтгэх вэ гэдэг асуудал харьцангуй бага байна. ШУ-ы хувьд энэ зүйлсийг оруулж, илүү ойлгомжтой болгож өгвөл Монгол тамирчны сэтгэл зүйг маш сайн бэлтгэх боломжтой. Энэ нөхцөл байдалд сэтгэл зүйн бэлтгэл шаардлагатай гэж харж байгаа тамирчдын дийлэнхи хувь нь өндөр зэрэглэлийн тамирчид байгаа юм. Өндөр зэргийн тэмцээн уралдаанд өөрсдийгөө сорьж үзээд, түүнд сэтгэл зүйн бэлтгэл шаардлагатай байсан гэдгийг ухамсарласан тамирчид өөрийн хүсэлтээр хандаж буй тохиолдол байдаг. Харин бусад төвшинд байгаа тамирчдад сэтгэл зүй яригдахаасаа өмнө техникийн бэлтгэл хангахад илүү анхаардаг буюу тэмцээнд оролцоогүй туршлага багатай тамирчид сэтгэлзүйн гэхээсээ тактикийн бэлтгэл харж байна. Гэтэл сэтгэл зүй гэдэг нь энэ бэлтгэлтэй зэрэгцээд явах юм бол, бага наснаас, өсвөр наснаас хэзээ тэр хүн тамирчин болж спортод хөл тавьж байгаа вэ? тэр цагаас системтэй, дараалалтайгаар, тухайн тамирчны онцлог руу төвлөрч бэлдэж өгвөл илүү сайн, бүх талаараа тэгш тамирчныг бэлтгэн гаргах боломжтой. Тэгэхээр тамирчид хэзээ хойно, амжилтад хүрсэн эсвэл алдсан хойноо сэтгэл зүйг таниад, энэ нь нэг талаараа оройтсон байдаг. Үүнийг бид маш зөв ухамсарлах хэрэгтэй. Эртнээс өөрийн сэтгэл зүйг холын зорилгодоо бэлтгэх ёстой. Олимп, тив дэлхийн аварга болох хүсэлтэй тамирчин сэтгэл зүйн тулаанд орох бэлтгэлтэй байх ёстой. -Спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа сэтгэл зүйгээ бэлтгэх нь чухал байх нь ээ. Гэтэл сэтгэл зүйчид төдий л хандах боломж нөхцөл бүрдээгүй байж болох юм. Энэ хүүхдүүдэд, хүмүүст хандаж хэлэхэд тамирчид сэтгэл зүйн ямар чиглэлдээ хамгийн анхаарах хэрэгтэй вэ?
-Монгол тамирчин сэтгэл зүйн хувьд хамгийн чухал байлгах ёстой зүйл нэгдүгээрт цаг баримтлах асуудал юм. Тухайн цаг мөчид хийх ёстой зүйлээ хугацаанд нь хийж гүйцэтгэж чадах нь маш том сэтгэл зүйн сургуулилт. Спортоор хичээллэж буй хүүхэд бүр сэтгэл зүйчид ханддаггүй юмаа гэхэд нэн түрүүнд баримтлах дүрэм бол цаг баримтлах чадварыг эзэмших. Монгол хүнд бусад чадварууд төрөлхийн заяагдсан байдаг. Анзаарч байхад өөртөө хатуу шаардлага тавьдаг, урт хугацааны зорилготой, зорилгоо богино хугацаанд гүйцэтгэж чадахуйц байна гэдэг том сэтгэл зүй. Магадгүй би арван жилийн дараа олимпийн аврага болъё гэж бодож байгаа бол энэ урт хугацааны зорилго. Манай монголчуудын хувьд урт хугацааны зорилгынхоо төлөө явахгүй байна. Урт хугацааны зорилгын төлөө явна гэдэг өсвөр насны тамирчинд хаана хүрэх гэж байгаа гэдгийг нь сануулж, юу хийх ёстой гэдгийг нь хэлж өгөх юм. Нэг тэмцээнээс дараагийн тэмцээнд оролцоод явахад амжилт ахидаг. Тэр хүүхэд ахих явцад олимпийн авара болох мөрөөдөл хамт явж байдаг. Гэтэл энд яаж аврага болох вэ гэдэг төлөвлөгөө, систем байдаггүй. Тив дэлхийн тэмцээнд оролцоод сэтгэл зүйн бэлтгэл хийх нь чухал гэдгийг ухамсарлах бус эртнээс үүнд бэлтгэх боломжийг хэрхэн хангах вэ, ямар арга зам байна вэ гэж бодож үзсэн. Ялангуяа сэтгэл зүйчид хандах боломжгүй байгаа тамирчдад хэрхэн энэ талаар хүргэх вэ гэдэг их чухал. Тиймээс ойрын хугацаанд интернетэд спортын сэтгэл зүйн хичээлүүдийг байршуулахаар ажиллаж байна. Ажил эхэлсэн. Тамирчин хүн бүр ирээд зөвлөгөө авч чадахгүй ч видео хэлбэрээр өөрөө сонгож сонсоод, шинжлэх ухаанч мэдээллиийг илүү хүртээмжтэй авч, амжилт гаргахад нь нөлөөлөөсэй гэдэг миний мөрөөдөл. Миний мэргэжил бол миний хобби учраас энэ зүйлийг хийж байгаа. -Онлайн хичээл хэдийд бэлэн болох вэ?
-Гол зорилго Токио-2020. Онлайн хичээлүүдийн сэдэв бэлэн болсон. МУИС-д сэтгэл зүйн чиглэлээр 11 жил хичээл орсон учир тодорхой хэмжээнд заах арга барил, багахан туршлага бий. Харин видео хичээл хийх туршлага байхгүй. Техникийн тал дээр хүлээгдэж байна. Хоёр жил тамирчдад хичээл ороход сэдэв давхардаагүй гэдэг нь энэ сэдэв маш өргөн хүрээг хамардаг гэдгийг харуулж буй юм. Энэ олон зүйлээс ядаж л онцлох, чухал хэсгийг нь тамирчдад хүргэх сонирхол надад бий.
-Спортын сэтгэл зүйн салбарт 17 жил судалгаа хийж, 3 олимпд ажиллаж байсан хүний хувьд Монгол тамирчин бусад орны тамирчдаас юугаараа ялгардаг вэ, энэ нөхцөлд сэтгэл зүйн талаас ямар бэлтгэл хийх нь чухал санагдсан бэ?
-Олон төрлийн спорт дээр Монгол тамирчдыг харж байхад сэтгэл зүй гэхээсээ монгол хүний оюун ухаан, юмыг бодож задлан шинжилж, дүгнэлт хийх, шийдвэр гаргах, айдсаа даван туулж байгаа зэрэг чадвар болон хатуужлаараа бусад орны тамирчдаас ялгардаг. Харин хэн тэр давуу талаа мэдэрч, ойлгож байна гэдэг тэмцээний үр дүнд нөлөөлнө. Тэгэхээр дээр дурдсан зүйлээр бид ялгарах боломжтой. Монгол хүнд бяр байна, ухаан байна, зориг байна. Энэ чадамж Монгол хүнд төрмөл байгаа. Монгол хүний сэтгэл зүйг бэлтгэх нэг онцлог нь үүнийг таних, үүнийг нь мэдрүүлэх, харуулах юм. Харин барууны улс орнуудад үүнийг бий болгох сэтгэл зүйн бэлтгэл хийж байна. Ийм том ялгаа бий гэдгийг тамирчид өөрөө ухаарах ёстой. Өндөр хөгжилтэй орны тамирчинтай нүүр тулаад, амжилт үзүүлсэн тамирчны хувьд өөрийн сэтгэл зүйн онцлогоо мэдэрч чадсанд амжилтын нууц нь бий.
-Сэтгэл зүйн бэлтгэл өөрөө ялгаатай арга барилаар явагддаг юм байна. Тэгвэл үүнийг ухамсарлуулахын тулд та ямар арга барилаар ажилладаг вэ
-Сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй гэдгийг тамирчин өөрөө ухамсарласан цагт л сэтгэл зүйн бэлтгэл ач холбогдолоо өгдөг. Жишээлбэл, нэг мэх, нэг техникийг сурахад тамирчин хэчнээн мянган удаа давтдаг вэ, хэдэн зуун сая удаа бэлдэж, автомат үйлдэл болгодог, үүнийг эзэмшдэг вэ гэдэгтэй нэгэн адилаар сэтгэл зүй бол олон мянган удаагийн давтамж юм. Үүнийг бид мэх, техникийн бэлтгэл шиг адил хэмжээнд бэлтгэх нь чухал асуудал. Сэтгэл зүйгээ ийм байлгах ёстой юм байна гээд нэг удаа сонсоод хийчихдэг зүйл биш. Тамирчин өөрөө гүнзгий сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж үзсэн үед үр нөлөөтөй. Үр дүнтэй. Сэтгэл зүйч хэрэгтэй байна, сэтгэл зүйгээрээ ялагдлаа гэдэг хэдэн зуун мянган хүн байгаа. Тэрийгээ яах вэ гэдэг асуудлыг мэргэжлийн хүний зөвлөгөө авахаасаа түрүүлээд өөрийн гэсэн арга барилуудаар бэлтгэх гэж хичээдэг. Дасгалжуулагчидаасаа зөвлөгөө авдаг. Хамтран амжилт үзүүлэхээр бэлтгэж байгаа тамирчдаасаа туслалцаа авах ч тохиолдол бий. Харин мэргэжлийн хүний зөвлөгөө энэ нөхцөлд ялгардаг гэдгийг тамирчид ухамсарлах хэрэгтэй. Гэхдээ тамирчин болгонд сэтгэл зүйн бэлтгэл шаардлагатай гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл сэтгэл зүйн байдлаа удирдаж, зохицуулж чаддаг төрөлхийн чадвартай тамирчид бий. Харин тамирчин сэтгэл зүйн тал дээр дутагдалтай байна гэж мэдэрч байвал энэ зүйлийг хийх нь сайн зүйл.
-Томоохон тэмцээн уралдаан үзэж буй үзэгчид баярладаг, уурладаг гээд сэтгэл зүй тогтворгүй байдаг. Гэтэл оролцож буй тамирчин сэтгэл зүйн тал дээр тогтвортой байна гэж өөрийгөө үзэх боломж хэр өндөр вэ. Ер нь ямар нөхцөлийг сэтгэл зүй бэлтгэгдсэн гэж үзэх вэ?
-Сэтгэл хөдлөлөө хянах, хэвийн байлгах нь тухайн тамирчны онцлогоос хамаардаг. Тэгэхээр хувь хүний сэтгэл зүйн онцлог тамирчны давуу тал болж байна уу, би үүнийгээ засах ёстой гэж харж байна уу гэдгээс их зүйл хамаарна. Жишээлбэл сэтгэл зүйн эмоци их гаргадаг тамирчин үүнийг сул тал, давуу тал гэж харж байна уу гэдэг ондоо асуудал. Хэрэв энэ эмоцийг давуу тал гэж, эерэгээр харж байвал болно. Харин сөргөөр харж, үүнийгээ засаж чадахгүй байгаа бол таны амжилтад сөргөөр нөлөөлнө. Ер нь тамирчин бүр өөрийн хувийн онцлогоо сул тал гэж харахгүй байх нь зөв. Тамирчин бүрт эзэмшсэн байх ёстой чадварууд гэж бий. Тухайн сэтгэл зүйн чадваруудын дэлхий дахинд судалгаа хийж, тухайн тамирчинд байх ёстой гэсэн үзүүлэлттийг гаргачихсан. Та ямар спортоор хичээллэж байгаа вэ, та чадварынхаа хаана яваа вэ гэх мэт зүйлиийг тодорхойлох нь спортын шинжлэх ухааны судлагдахуун юм. Жишээлбэл, Сагсан бөмбөгийн спортод багаар ажиллах чадвар яригдана. Багийн тамирчдын ур чадвар дараа нь яригдана. Ерөөсөө л хэчнээн сайн лидер манлайлагч, чинхүү сайн тоглогч багт байгаад сагсан бөмбөг багийн спорт. Тиймээс сагсан бөмбөгийн багийн сэтгэл зүйг бэлтгэх нь чухал. Тухайн багт чиглэгдсэн зөвлөмжөөр баг бэлтгэгддэг болохоос багийн зөвлөмж арга барил өөр багт хэрэгжих үндэслэлгүй. -Тамирчдын сэтгэл зүй ямар байгаасай гэж боддог вэ?
-Тамирчид өөрийгөө таних, онцлог давуу талыг бодитоор үнэлэх, мэдэх нь нэгдүгээр асуудал. Тамирчин хүн холын зорилготой байх ёстой. Чи өнөөдөр хэн байгаа юм, маргааш хэн болох юм гэдгээ гүнээ ухамсарлаж зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөр байх ёстой. Энэ шаргуу хөдөлмөр дээр анхаарал төвлөрөл дээд зэргийн байх ёстой. Ийм нөхцөлд амжилт ирэх нь тодорхой. Мэдээж тамирчин хүнд зан чанарын хувьд маш олон зүйл бүрэлдэх чухал. Жишээлбэл өрсөлдөгч тамирчнаа үзэн ядаж болохгүй. Өс санаж болохгүй. Харин бид тэднийг яах ёстой вэ гэдэг асуултын хариуг мэддэг байх ёстой. Тэгэхээр бид асуудалд яаж хандах өөрийгөө яаж үнэлэх, өрсөлдөгчөө хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр шинжлэх ухаанчаар хандах болж байна. Бүх тэмцээн уралдаан оноотой, цаг хугацаатай. Тиймээс тэр хэмжигдэхүүнийг бодитоор үнэлж тооцоолох нь их чухал. Монгол тамирчид цагийн төгсгөлд ялагдаж байгаа нь орон зай, цаг хугацааны баримжаа дутмаг учраас тэр шүү дээ. Яг нарийн ярих юм бол спортын төрөл бүрт онцлог бий. Тэр бүхнийг тусгаж ямар зөвлөмжүүдийг өгөх вэ гэдэг тамирчин бүрт ялгаатай. Гэхдээ хамгийн чухал зүйл нь тамирчин өөрийн буюу хувийн сэтгэл зүйн онцлогоо мэддэг, таньсан байх ёстой. Сэтгэл зүйн бэлтгэлд үнэ цэнэ өгсөн тохиолдолд илүү том үнэ цэнийг бүтээнэ.
-Яагаад өрсөлдөгчөө үзэн ядах ёсгүй вэ?
-Өрсөлдөгчөө үзэн ядах нь сэтгэл зүйн хувьд хүчтэй хөшүүрэг биш . Харин өрөвдөж болохгүй. Учир нь үзэн ядаж эхлэхээр тамирчин бүх хүчээ үзэн ядалтандаа төвлөрүүлж эхэлдэг. Харин өрөвдөхгүй байх сэтгэл зүйг бид суулгаж өгдөг. Тулааны үед үзэн ядалт гэдэг чамд байгаа дотоод хүчийг үгүй хийдэг зүйл. Харин өрөвдөж болохгүй гэж бодсон үед хүчээ зөв гаргаж чаддаг. -Сошиал хөгжсөн өнөө үед тамирчин амжилт үзүүлээгүй тохиолдолд хүмүүс шууд хандах, шүүмжлэх тохиолдол их болсон. Энэ нь тамирчинд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ гэж хоёр зүйл бий. Сэтгэл зүйч хүний хувьд хэлэхэд бидэнд бүтээлч бус шүүмжлэлт сэтгэлгээ давуу харагддаг. Арван хүн эерэг зүйл, хоёр хүн сөрөг зүйл бичсэн байлаа гэхэд сөрөг хандлагыг хараад эмзэглэх зүйл байгаа. Нийгмийн сэтгэл зүй ийм байгаа учир тамирчин хүний амжилтад үүнийг хүлээж авах нь сайн зүйл биш. Тухайн хүний талаар үнэлэлт дүгнэлт сайн талаараа байсан ч, сөрөг талаараа байсан ч гэсэн тамирчин хүн бусад намайг юу гэж харж байгаа бол гэхээсээ илүү өөрийгөө үнэлж дүгнэх нь амжилтад чухал. Нийгмийн сэтгэл зүйд тамирчин үнэлэлт дүгнэлт өгөх нь бага байгаасай гэж бодож байна. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байвал энээ зүйлээс хараат бус байх хэрэгтэй. -Булган сүүлтэй тамирчин, муу өдөр, сайн цаг, сугалааны дугаар гэх мэт нь тамирчны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Энэ нь огт нөлөөлөхгүй байна гэж үгүй. Тодорхой хэмжээнд сэтгэл зүйд нөлөөлдөг. Их эсвэл багаар хэнд нөлөөлж байна вэ гэдэг л чухал. Энэ нөхцөлд тамирчин сэтгэл зүйн бэлтгэл хэр хэмжээнд бэлтгэгдэж ирсэн гэдэг тодорхойлно. Ямар өдөр барилдах, ямар сугалаа сугалах, өмнө нь барилдсан хүн амжилттай байсан эсэх зэрэг асуудал, эрсдэлийг сэтгэл зүйч тооцоолж тамирчнаа 100 хувь бэлтгэх юм. Би хоёрдах өдөр барилдахаараа муу барилддаг гэсэн бодол ч сэтгэл зүй. Спортын сэтгэл зүйч хүний тооцоолон гаргах ёстой эрсдэлүүд дотор энэ нь орсон байдаг. Ялалтад хүргэх сэтгэл зүйг шинжлэх ухаанчаар бэлтгэх, ялагдсаны дараах сэтгэл зүйг ч хамтад нь бэлтгэх юм. Дан ганц ялалтад бэлтгэх гэсэн үг биш. Ялагдалтай нүүр тулж, түүнийг даван туулах сэтгэл зүй ч чухал. Спорт насны асуудал цаг хугацааны зүйл. Нэгэн цаг үед тэр спортоор хэдэн мянган хүүхэд хичээллэж байгаа. Эдний нэг нь л олимпийн аварга болно. Энэ том өрсөлдөөний дунд шинжлэх ухаанчаар асуудалд хандах нь зөв хэрэг. Яагаад гэвэл өрсөлдөөний талбар дээр сэтгэл зүй чухал. Хэрэв хэнд хандахаа мэдэхгүй бол интернет ашиглаж болно. Мэдээллийг олж авахад шүүлтүүртэй хандаж шинжлэх ухаанч зүйлийг өөрөө олж мэдэж болно. Түүнээс тамирчин хүн хэрэггүй олон мэдээлэл, дээр дурдсан нийгмийн сүлжээн дэх замбараагүй мэдээллээр толгойгоо дүүргэж сэтгэл зүйн байдлаа тогтворгүй байлгах хэрэггүй . Хувийн зохион байгуулалт сайтай бай. -Томоохон тэмцээн уралдаанд оролцох тамирчны сэтгэл зүйг хэдий хугацаанд бэлтгэх вэ?
-2008 онд олимпийн аварга төрснөөс хойш спортын сэтгэл зүй арай өөр төвшинд ярих болсон. Барилдах бөхөд тэмцээний өмнө шинэ мэх заах нь үр дүнгүйтэй адил, богино хугацаанд сэтгэл зүйтэй нь ажиллах нь эрсдэлтэй. Ямар ч спортод урт хугацаанд тамирчин өөрийгөө хэрхэн бэлтгэсэн гэдгээс л тэмцээний үр дүн харагдана. Дөрвөн жил олимпд бэлтгэж байгаа бол дөрвөн жилийн хугацаанд сэтгэл зүйгээ системтэй бэлтгэх нь чухал. Нэгэнт бэлэн болчихсон сэтгэл зүй юуг ч даваад гарна. Богино хугацаанд бэлтгэх боломжгүй зүйл. Хамгийн багадаа гурван сарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөвлөгөө байж болох юм. Эерэг сэтгэлгээтэй, бүтээлч, шаргуу тамирчинд сэтгэл зүйн суурь сайн байдаг. Ер нь аливаа зүйлийг сөргөөр харсан, өөрийн чадамжаа доогуур үнэлдэг, өрсөлдөгчөө өндрөөр үнэлдэг, тэмцээнд өндөр ач холбогдол өгдөг, материаллаг зүйлийг зорилго болгосон тамирчинд урт хугацаанд бэлтгэл хийгээд ч суурьгүй учир бэлтгэл хангагдах боломжгүй. Гол нь хамгийн багадаа гурван сар, болж өгвөл дөрвөн жил гэдэг нь тамирчин бүрээс л шалтгаална. Өөрийн үзэл бодолд хатуу, өөрчлөлтийг хүлээн авах чадамжгүй тамирчинтай харилцахад урт хугацаа шаардлагатай.
-Ялсан, ялагдсан тамирчны сэтгэл зүй ямар болдог вэ?
-Спортын сэтгэл зүйч тамирчнаа ялалтад ч, ялагдалд ч бэлдэх ёстой. Сүүлийн жилүүдэд ялагдалд бэлтгэх нь сайн зүйл гэж үзэж байна. Гэхдээ ялагдлын дараах сэтгэлийн хатыг суулгаж өгөх ёстой болдог. Хэт холын мөрөөдөл нь олимп байгаад, түүнийгээ биелүүлсэн хүний цаашдын зам юу вэ, ялагдаж байгаа тамирчны хувьд энэ нь сүүлийн тэмцээн байсан бол яах вэ гэдэг нь сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Ялагдсан тамирчидаас хамгийн их анзаарагддаг зүйл нь хүчний спорт бол залуу насны зүйл. Оюуны спорт бол арай өөр. Би хөгширч байна, сүүлийн боломж энэ гэдэг зүйл тэмцээнд өндөр ач холбогдол өгөхөд нөлөөлдөг. Тиймээс л сэтгэл зүйч тэмцээнд өгөх ач холбогдлыг бууруулж, өөрийгөө хөгжүүлэх, нээхэд нь төвлөрөх хэрэгтэй. Тэмцээнд заавал түрүүлэх ёстой гэсэн бодлыг бага зэрэг хойш тавих ёстой. Ялалт, ялагдал хоёр адилхан сэтгэл зүйгээ бэлтгэсэн тамирчин амжилтад хүрдэг.