Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжлага: Цагаан сарын дээл, хонины ууц хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ

Сурвалжлага: Цагаан сарын дээл, хонины ууц хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 25
Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ баяраар бид үндэсний хувцсаа өмсөн гангардаг. Тиймээс үндэсний дээл хувцас, хонины ууц ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Нарантуул захыг зорилоо. 

Хүйтэнд даарсан хүмүүс сонирхсон зүйлээ их л яаруухан сураглаж байх нь Нарантуул захын зүүн хойд хаалгаар ороход анзаарагдсан дүр зураг. Олны хөл ихтэй байдаг энэ зах биднийг очиход хүн багатай байлаа. Гэсэн ч захын баруун хойно байрлах үндэсний дээл хувцас борлуулдаг хэсэг олон хүнтэй харагдана. Худалдан авагч залуухан хос “Энэ жил хоёулаа дээлээ заавал ижилсүүлнэ шүү” гэцгээгээд өнгөрлөө. Зах дотроо хамгийн олон хүн бужигнасан хэсэг рүү очлоо. Жил бүрийн нэгдүгээр сарын дунд үеэс үндэсний дээл хувцасны эрэлт эрс нэмэгддэг билээ. Үүнийг дагаад дээлний үнэ сар шинэ дөхөх тусам улам нэмэгддэг.  Ингээд энэ жил дээл ямар үнэтэй байгааг сонирхлоо. Дээлнүүд материалаас хамаарч янз бүрийн үнэтэй байна. Тухайлбал, кашмерин дээл 280-300 мянган төгрөгийн үнэтэй бол нэг хэсэг моод болсон хүннү захтай, булган эмжээртэй дээл 350-500 мянан төгрөгийн үнэтэй. байна. Энэ жил хүмүүс ямар загвар, хийцтэй дээл сонирхож байгаа талаар худалдагч И.Баасанжаргалаас тодруулахад, “Хүмүүс хүннү захтай тод өнгийн дээл сонирхож байна. Хүмүүсийн сонирхол хэрэгцээнд тохируулан хүннү дээл худалдаалж байна. Мөн хүмүүс хурган дээл их сонирхож байна. Гэхдээ хурган дээл бусад дээлнээс арай үнэтэй болохоор худалдаж авах нь ховор байна. Хурган дээлний хувьд бусад дээлтэй харьцуулахад өндөр үнэтэй, тэгээд ч хурганы арьсны олдоц муу учраас бусад дээлтэй ижил хэдхэн хоногийн дотор захиалгаар хийдэггүй”гэлээ. Хурган дээл нэг сая 200 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.  
Харин энгийн торгон материалтай дээл хамгийн хямд нь 210-250 төгрөгийн үнэтэй байна. 400 мянган төгрөгтэй байхад хоёр даавуун материалтай дээлтэй болох боломжтой аж . Хүүхдийн дээлний хувьд энгийн загвартай доторгүй дээл 40-85 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол эмэгтэй хүрэм 200-240 мянга, эрэгтэй хүрэм 280-320 мянган төгрөгийн үнэтэй байна. Эрэгтэй хүрмийн тухайд хээ угалз хийц загвараасаа шалтгаалаад арай үнэтэй байдаг аж.
Бид дээлний лангуунаас гарч малгайн тасгаар орлоо. Үнэгэн лоовууз 80 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг байна. Ховд аймгийн Манхан сумаас ирсэн 60 гаруй настай их л чамин хээ угалзтай хантааз өмссөн ээтэн Монгол гуталтай Ханджав гуай хөөрөгний уут сонирхож байгаатай таарлаа. “Эхнэр маань залуудаа бидний өмсөх гутал, дээл, малгайг, хөөрөгний даалинг өөрөө оёчихдог байсан. Харин одоо насны жамаар хараа нь муудаад юм оёж дийлэхгүй боллоо. Хот орж ирснийх нэг мөсөн өөрт хэрэгтэй зүйлээ цуглуулаад л явж байна. Энэ хүрмийг хүртэл эмгэн маань оёсон шүү” хэмээн ярилаа. Түүнийг хамгийн том хөөрөгний уут тийш заахад курткин дээрээ нэхий дээл давхарласан ахимаг насны худалдагч “Наадах чинь 20 мянга. Энэнээс арай жижиг нь 15 мянга” гэлээ. 
Үндэсний баярын хамгийн чухал зүйлийн нэг бол тавгийн идээ цагаагаа бэлдэх байдаг. Манайхан тухайн жилд “Өнгөтэй өөдтэй байвал тэр жилдээ л элбэг дэлбэг,бүх зүйл өөдрөг сайхан болно” гэж бэлэгшээдэг. Иргэдийн хувьд  сар шинийн баяр ойртохоос өмнө дундаж, түүнээс том хэмжээтэй ууцыг 120 мянгааас 180 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой байна. Эмээгийнхээ ширээнд тавих ууцыг худалдаж авч байгаа залуу хостой таарлаа. Тэд “Баяр дөхчихөөр юмны үнэ тэнгэрт хадчихдаг. Тэрнээс нь арай өмнө гээд эмээдээ ширээндээ тавих ууцыг нь бэлдэж байна. Урьдчилаад бэлдчихвэл өөрт ч амар. Мөнгөнд ч хэмнэлттэй ” хэмээн ярьж байлаа. 
Т.Өлзийбаяр
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн