Шинэ жилийн баяраар үзэх дуртай, “гоё” кинонуудын нэг бол яах аргагүй найруулагч Б.Балжиннямын “Би чамд хайртай”. Энэ жил ч рейтингээ алдсангүй, суваг бүхнээр гарч байна. Үе үеийн залуусын сэтгэл зүрхэнд хоногшиж, өөрийн мөрөө үлдээсэн энэ киног тоогоо марттал үзсэнээ мэднэ. Тэгэхдээ энэ жилийн шинэ жилээр үзэхдээ ямар зохиолоос сэдэвлэж, гайхамшигтай аялгууг нь хэн зохиосон юм бол, “Анхны хайр” дууг нь анх хэн дуулж байсан бол, олон залуус дундаас Үрлээ, Баяраа, Дэлгэрийг хэрхэн сонгосон бол гэх олон асуултыг өөртөө тавьж бага ч болов хариулт олж авлаа.
Ерөнхий найруулагч: Бэгзийн Балжинням
Зохиолч: Ичинхорлоогийн Нямгаваа
Зураглаач: Гэнэнгийн Цэрэн, Бэгзийн Балжинням
Зураач: Батдэлгэрийн Төмөрбат
Хөгжмийн зохиолч: Нацагийн Жанцанноров
Дууны найруулагч: Ц.Должинсүрэн
Дэлгэр: Лувсанжамцын Эрдэнэбаяр
Үрлээ: Сэрчмаагийн Пүрэвмаа
Баяраа: Нямдаваагийн Бадрал
Жигмэд (ангийн багш): Банзарын Дамчаа
Самбуу (Баяраагийн аав): Заяатын Жарантав
“Би чамд хайртай” кинонд Дэлгэрийн дүрийг бүтээсэн жүжигчин Л.Эрдэнэбаяр 1974 онд найман настайдаа Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид элсэн орж, 1986 онд төгсчээ. Төгссөнөөсөө хойш Улсын филармонид ажиллаж байгаад 1989 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуульд суралцахаар явсан боловч жилийн дараа төгсөлгүй буцаж иржээ. Энэ талаар түүний ээж Д.Банзрагч “Хүү маань нөхдийнхөө өмнөөс хийсэн хэргээ хүлээгээд сургуулиасаа хөөгдөөд ирсэн. Сургуулийн дүрэм журам зөрчлөө гээд хурлаар орсон чинь бусад хүүхдийнхээ хэргийг өөр дээрээ хүлээгээд хэргийн эзэд нь мултраад үлдчихсэн. Би тухайн үед сургуульд нь үлдээчих санаатай хөөцөлдөөд сайдтай хүртэл уулзаад бүтээгүй. Яг л кинон дээр гардаг шигээ хийгээгүй хэргийнхээ төлөө сургуулиасаа хөөгдчихөөд ирсэн. Хэрвээ хүү минь бусдын өмнөөс хэрэг хүлээж буцаж ирэхгүйгээр сургуульдаа үлдсэн бол өнөөдөр амьд сэрүүн ээждээ үнсүүлээд явж байх ч байсан юм бил үү” хэмээн өгүүлжээ. Тэрбээр 1990 онд 25-хан насандаа автомашины ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. “Би чамд хайртай” кинонд бүтээсэн Дэлгэрийн дүр нь түүний амьдралдаа тоглосон ганц кино юм.
“Би чамд хайртай” кинонд Үрлээгийн дүрийг бүтээж, олон залуусын хайрыг булааж байсан жүжигчин С.Пүрэвмаа одоо таван сайхан хүүхдийн ээж болжээ. Тэрбээр “Би чамд хайртай” кинонд тоглохдоо 22 настай байсан бөгөөд тухайн үедээ Хүүхэлдэйн театрын жүжигчин байсан юм. Дунд сургуулиасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан тэрбээр сургуулиа төгссөнийхөө дараа ОХУ-ын театр урлагийн их сургуульд шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Тиймээс эмнэлэгт асрагч хийх болсон ч мөрөөдлөө орхихгүй хичээсээр 1984 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж, 1996 оныг хүртэл 12 жил театртаа ажиллажээ. С.Пүрэвмаа “Би чамд хайртай” кинонд тоглосноосоо хойш “Амьдралын урсгал”, “Манай цүндгэр” зэрэг кинонд тогложээ.
Жүжигчин Н.Бадрал “Би чамд хайртай” кинонд Баяраагийн дүрийг бүтээхдээ Монголын үндэсний телевизийн уурын зуухны галч байсан гэдэг. 1985-1986 онд Беларуссын Урлагийн академид суралцаж, 1989-1993 онд Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1993-1997 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллахдаа “Ричард ван”, “Оршуулаагүй үрэгдэгсэд”, “Хүн бүгд-Би” жүжгүүдэд тоглосон юм. Сонирхуулахад, Н.Бадралын гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс. Түүний аав Н.Нямдаваа “Гарын таван хуруу” киног найруулж, алдарт “Тунгалаг тамир” киноны Хонгорын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн бол түүний ээж гавьяат жүжигчин Ш.Цэцэгийг “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр нь мэднэ. Харин түүний дүү Н.Бат-Амгалан нь “Гарын таван хуруу” киноны бага хүү Идэр юм.
“Би чамд хайртай” киног урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч И.Нямгаваагийн “Сондгой тоо” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн. “Би чамд хайртай” кино зохиолоосоо нэг их зөрөөгүй ч харин төгсгөл нь өөр байдаг. “Сондгой тоо” өгүүллэгт Дэлгэр, Баярааг ноцтой гэмтээсэн хэргээр шийтгүүлж, шоронд хоригддог. Таван жилийн дараах ангийн уулзалтад сэтгүүлчийн ангийг амжилттай төгссөн Баяраа анхныхаа номоо хэвлүүлэхээр болсон тухайгаа ярина. Харин Үрлээ хоёр хүүхэдтэй болсон байх бөгөөд Дэлгэртэй уулзахдаа “Би том охиндоо сайн эцэг олсон. Тэр маань энэ сургуульд багшилдаг” хэмээн хэлдэг. Үүнийг сонссон Дэлгэр Үрлээгийн өгсөн боодолтой юмаар нүүрээ даран, “Зөвхөн энэ удаа тонгойлоо. Одоо би юунд ч тонгойхгүй, гудайхгүй явна” гэж нулимстай нүдээрээ өөртөө шивнэдэг. “Сондгой тоо” өгүүллэг зохиолч И.Нямгаваагийн 1985 онд хэвлүүлэн гаргасан “Сондгой тоо” өгүүллэгийн номонд багтсан юм.
1. “Уулын нугад чамтайгаа
Уруул шиг навчаар үнсэлцээд
Урьд шөнө чи зүүдлэв үү” гэх “Өргөө” хамтлагийн “Зүүд” дууны аянд сурагчид бүжиглэснээр “Би чамд хайртай” кино эхэлдэг. Тэгвэл энэхүү дууны шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бичжээ.
2. 1985 онд “Би чамд хайртай” кино үзэгчдийн хүртээл болсны дараа Дэлгэр, Үрлээ хоёрт гадаадаас, хөдөө орон нутаг, цэргийн ангиудаас бөөн бөөнөөрөө захиа ирдэг байсан гэсэн. Харин Баяраад ганцхан захидал иржээ.
3. “Би чамд хайртай” кино хүүхэд, залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлж, тэдэнд сургамж болох зорилготой. Гэвч тухайн үеийн үзэл сурталд нийцэхгүй, 10 жилийн сурагчдад буруу үлгэр дуурайлал өгнө гэж үзээд, яамны зүгээс гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан удаатай. Энэ талаар киноны найруулагч Б.Балжинням “Намайг ч нэлээд тарчлааж л байсан. Би ч гэдийсэн л дээ. Хийснээрээ л гаргавал гаргана гэж. Тэгээд нэг их засаад ч байсан юмгүй, тэгсгээд гаргаж байсан” хэмээн өгүүлжээ.
4. Кинонд Баяраа мотоцикльтойгоо унадаг хэсэг байдаг. Тухайн үед Н.Бадрал мотоцикль унаж чаддаггүй байсан учир түүнийг тусгай сургалтад суулгаж мотоцикль унаж сургажээ.
5 “Би чамд хайртай” киноны хөгжмийн зохиолчоор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан бөгөөд тэрбээр “Гарьд магнай” (1983), “Гарын таван хуруу” (1983), “Хүн чулууны нулимс” (1990), “Хачин хүн” (1989), “Мандухай сэцэн хатан” (1988), “Бүлээн нурам” (1990), “Мөнх тэнгэрийн хүчин дор” (1992), “Тод магнай” (1990), “Цэц магнай” (1995), “Хааны сүүлчийн хатан” (2000), “Догшин хутагтын сахиус” (1998) зэрэг нийт 19 киноны хөгжмийн зохиолчоор ажиллажээ. “Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв бичиж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров аялгууг хийжээ.
6 Н.Бадрал кинонд тоглохдоо анх удаа үнсэлцэж үзсэн бөгөөд Үрлээ түүний анхны үнсэлт байв.
7 Киноны зураг авалтыг III, IV хорооллын сургуульд хийжээ.
8 Баяраагийн дүрд тоглосон Н.Бадрал, Дэлгэрийн дүрийг бүтээсэн Л.Эрдэнэбаяр хоёр кинонд тоглосныхоо дараа хамгийн сайн найзууд болсон гэдэг.
9 “Би чамд хайртай” киноны дуу “Анхны хайр” дууг хамгийн анх гавьяат жүжигчин, дуучин Д.Хоролсүрэнгийн охин Л.Оюун-Эрдэнэ дуулж, олны хүртээл болгож байсан. Тэрбээр их эмч мэргэжилтэй бөгөөд одоо нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны албаны даргын алба хашихаас гадна “ТВ5” телевизийн “Эрүүл амьдарцгаая” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг.
10 “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг “Монгол кино” нэгтгэл, “Hero” энтертайнмент, “B” продакшн хамтран бүтээж, найруулагчаар Б.Баатар ажиллаж байв.
Дэлгэр: “Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлдэг юм гэж үү”.
Баяраа: “Ганц удаа ойртуулснаа чи юу гэж бодоод байгаа юм. Чи наад үгээ Дэлгэртээ л хэл. Би бол өөр хүн шүү”
Сургуулийн захирал: “Сухомлинский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүхэн математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг эх болох ёстой гэдгийг мартаж болохгүй” гэж. Мэргэн үг шүү.
Дэлгэрийн аав Дамба: “Ер нь бол Баяраа өөрөө ширээн дээрээс унаад бэртсэн юм байна лээ ш дээ”
Үрлээ: “Анхныхаа хүүхдийг эрэгтэй эмэгтэй аль нь байсан хамаагүй Золбоо гэж нэрлэнэ ээ”