Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “Панамын баримт бичиг”-ийг олон нийтэд дэлгэсний дотор Монгол Улстай холбоотой 49 компани бүртгэлтэй байгаа юм. Эдгээрийн 49 компанийг Монгол Улсын 28, гадаадын долоон иргэн хуваан эзэмшиж байна. Тэдгээрийн ихэнх нь Их Британийн Виржинийн арлууд, Их Британийн Ангилья, Сейшелийн аралд бүртгэлтэй оффшор компанид хувь эзэмшиж байгаа юм. Тэгвэл оффшор данс, оффшор компани гэж юу вэ. Оффшор бүс буюу татварын диваажингууд хаана байрладаг талаархи мэдээллийг хүргэе.
Улстөрчид яагаад оффшор данстай байж болдоггүй вэ
Оффшор (off-shore) хэмээх англи үг нь монголчилбол эргийн цаадах, эргийн гаднах гэсэн утга илэрхийлдэг. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, атвар маш бага буюу огт байдаггүй, нууцлал маш өндөр, төрийн хүнд суртал гэж байдаггүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшорын бүс нутгийг сонирхдог. Сүүлийн үеийн тооцоогоор оффшорын бүс нутгуудад 11.5 их наяд ам.доллар эргэлдэж байна гэсэн тоо баримт бий. Оффшор компани олноор байгуулагдаж, хүрээгээ улам тэлж буй нь улс орнуудын улс төр-эдийн засгийн тогтворгүй байдал, чөлөөт худалдааны хөгжил, олон улсыг хамарсан бизнесийн орчны бүрдэл, валютын чөлөөтэй хөрвөх чанар зэрэгтэй шууд холбоотой юм.
Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог. Гэхдээ улстөрчдөд бол байж боломгүй зүйл. Учир нь, тэд ард түмэндээ хөрөнгө орлогоо мэдүүлж байх үүрэгтэй тул ёс зүйн хувьд зөрчилтэй асуудал болно. Оффшор нь дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдогоороо ихээхэн давуу талтай. Ийм хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.
Хамгийн гол нь эх орноосоо олсон орлогоо гадаадад нууж байгаа асуудал нь томоохон авлига, гэмт бүлэглэл, улс төр, мөнгө угаах зэрэг гэмт хэргүүдтэй холбоотой байх тохиолдол нэлээд байдаг аж. Үүнээс гадна дэлхий нийтэд ч манай улсын хувьд ч тэр улстөрчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил гаргаж, хаанаас ямар ашиг олсон, ямар ямар хөрөнгөтэй юу эдэлж амьдардаг болохоо тайлагнан авлигатай тэмцэх газарт хянуулдаг ёстой. Гэтэл оффшор данс нээснээр хэнд ч хянуулах шаардлагагүйгээр эргэлдүүлэн хөрөнгө өсгөж, юу хүссэндээ зарцуулж болох бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг "татварын диваажин" гэж нэрлэдэг. Татварын диваажинд бүртгэлтэй оффшор компаниуд нь гадаадын зах зээлээс олсон орлогоосоо татвар төлдөггүйн зэрэгцээ ихэнх тохиолдолд тухайн бүртгэлтэй улсынхаа газар нутаг дээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй. Тиймээс оффшор компанийг гадаад худалдаа явуулах, хөрөнгө оруулалт хийх, усан болон нисэх онгоц бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, банк болон холдинг компаниуд байгуулах, хувийн өмчийн баталгааг хангах зэрэг зорилгоор гол төлөв байгуулдаг.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр оффшор компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг, татварын диваажин гэж нэрлэгддэг дөч орчим газар нутаг бий. Эдгээр газрууд нь гол төлөв арлын болон хүн ам цөөтэй жижиг улсуудад байрладаг. Жишээ нь: Их Британийн Виржинийн арлууд, Науругын бүгд найрамдах улс, Панам зэрэг газруудыг нэрлэж болно. Энэхүү улсуудын төрийн бодлого, хууль тогтоомж нь гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн газар нутаг дээр компани, аж ахуйн нэгж байгуулан ажиллуулахыг олон талаар хөхүүлэн дэмжихийн зэрэгцээ оффшор компанийн үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдал, тэдний нууцын хамгаалал зэргийг тусгай хуулиар баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл атвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад оффшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад сайхан боломж нээж өгсөөр нэлээн хугацаа өнгөрчээ. Мөн татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнд эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмшдэг болох нь илэрч хууль бус орлогоо нуух зорилготой нь илэрхий болжээ.
Их Британийн харьяа Виржинийн арлууд нь гаднын компаниуд хамгийн ихээр төвлөрсөн орнуудын нэг бөгөөд энд 500 мянга орчим компани албан ёсоор бүртгэлтэй байдаг аж. Харин хүн ам нь ердөө л гучхан мянга.
Оффшор компани нь хаана, ямар улсад байгуулагдсанаасаа хамаарч харилцан адилгүй татвар, хураамж төлдөг. Жишээ нь, Виржинийн арлууд, Бахама, Велизе гэх мэт газруудад оффшор компаниудын гадаадын зах зээлээс олсон орлого нь татвараас 100 хувь чөлөөлөгддөг бөгөөд тэд жилдээ зөвхөн нэг удаа бүртгэлийн хураамж төлдөг. Панам болон Хонконгийн оффшор компаниуд гадаадаас олсон орлогынхоо дараа татвараас чөлөөлөгчдөж, зөвхөн дотоодын vйл ажиллагааны орлогоосоо татвар төлдөг. Тиймээс тухайн улсын оффшор компаниуд нь дотоодын орлогынхоо талаар санхүүгийн тайлан бүртгэл зайлшгүй хөтлөх шаардлагатай болдог.
Мөн оффшор компанийн захирал болон хувь нийлүүлэгчдийн талаар улс болгонд харилцан адилгүй хууль эрхзүйн зохицуулалт байдаг. Бахама, Виржинийн арлууд болон Велизед оффшор компанийн захирал, хувь нийлүүлэгчидтэй холбогдох ямар нэгэн хууль эрхзүйн хязгаарлалт байдаггүй. Энд ямарч улсын иргэн, ганцаараа бие дааж оффшор компани чөлөөтэй байгуулах бүрэн эрхтэй. Харин Брит Виржинийн арлуудад компани байгуулахад шаардагдах үндсэн хөрөнгө нь 1000 орчим ам.доллар болдог. Yүнийг ч бас бэлнээр төлөх шаардлагагүй.