Open iToim app
Дэлхий | 8 мин уншина

Олон улс ба Монгол: ​Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн хэрхэн явагддаг вэ

Олон улс ба Монгол: ​Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн хэрхэн явагддаг вэ
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 16
Ердөө сар гаруй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ жил УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчид өрсөлдөх бөгөөд сонгууль ирэх сарын 26-ны өдөр явагдана.
Энэ удаагийн сонгууль олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаагийн хувьд нэр дэвшигчдийн дунд явуулдаг халз мэтгэлцээн хэрхэн явагдах вэ гэдэг нь сонгогчдод сонин байна.

Дэлхий дахинд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөө үзүүлэх чухал үйл ажиллагаа нь нэр дэвшигчидийн дунд явагддаг халз мэтгэлцээн. Мэтгэлцээн барууны соёлын чухал элемент бөгөөд анх 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ. 
Халз мэтгэлцээн нь нэр дэвшигч өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж, бодлогын мэтгэлцээн явуулж, өрсөлдөгчийн байр суурийг няцаан өөрийн байр суурийг чухал гэдгийг олон нийт, сонгогчдод ойлгуулж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг учраас сонгогчдын санаа бодолд нөлөө үзүүлэх чухал алхам, үйл ажиллагаанд тооцогддог. 
АНУ-ын Пенсильвани мужийн 30-40 насны иргэдийн дунд улс төрийн судалгаа явуулахад, судалгаанд оролцогчдын 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцыг сонголтоо хийх гол түлхүүрээ болгож, нэр дэвшигчид өгөх үнэлэмж, санал өгөх хүнээ мэтгэлцээний үр дүнгээр тодруулдаг” гэсэн дүгнэлт гарчээ.
Зарим улс оронд мэтгэлцээнийг нарийн тодорхойлсон байдаг бөгөөд мэтгэлцээн явагдах газрын агаарын температурыг хүртэл нарийн тооцдог байна. 
Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг Монголд болоод бусад улс орнууд хэрхэн явуулдаг талаар авч үзье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний тухайд
Манай улс Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарийн хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулж байсан. Үүнээс хойш өнөөг хүртэл халз мэтгэлцээн зохион байгуулж ирсэн ч АНУ гэх зэргийн барууны орнуудтай харьцуулахад мөн л зөөлөн өнгө аяс ажиглагдахын зэрэгцээ урьдаас бэлтгэгдсэн асуултуудад ээлж дарааллан хариулах замаар нэгэн хэвийн болж өнгөрдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хэдий тийм боловч Монголын сонгогчид халз мэтгэлцээнийг чухалд тооцдог талаар судалгаанаас харагддаг.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн дунд халз мэтгэлцээнийг зайлшгүй зохион байгуулах ёстой. Учир нь сонгуулийн сурталчилгааны хугацаа харьцангуй богино байгаа юм. Сонгуульд нэр дэвшигчид энэ богино хугацаанд бүх дүүрэг, аймаг, сумдаар явж сонгогчидтой уулзах боломжгүй учраас халз мэтгэлцээн зохион байгуулах нь хамгийн оновчтой сонголт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн халз мэтгэлцээний үйл явцыг тоймлон харуулъя. 2013 оны сонгуулийн халз мэтгэлцээн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын хооронд болсон.
Хугацаа: 2013.06.24-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд 120 минут үргэлжилсэн.
Удирдан явуулагч: МҮОНТ-ын сэтгүүлч Б.Оюунчимэг, Б.Баярсайхан
Формат: Урьдаас бэлтгэсэн тодорхой асуултуудад хариулах замаар явагдсан бөгөөд халз мэтгэлцээнд зориулсан асуултыг зургадугаар сарын 21-ны өдрөөс 24-ны өдрийн 12 цаг хүртэл МҮОНРТ-ын Олон нийттэй харилцах албаар дамжин хүлээн авсан 373 асуултаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд тайлбарлах боломжтой гэж үзсэн асуултуудыг сонгон авсан. Асуултыг бэлтгэхдээ Сонгуулийн штабын ажиглагч нарын хяналт дор сонгож бэлтгэсэн. Нэр дэвшигчид асуултад 2 минутын хугацаанд багтаж хариулсан. Хамгийн эхний асуулт ОХУ-ын халз мэтгэлцээний эхлэл шиг 1 минутад багтаан нэр дэвшигчид сонгогчдод хандсан нээлтийн үгээр эхэлсэн юм.
Байрлал: Шодох замаар байршил болоод асуултад хариулах дарааллыг тогтоосон.
Олон нийтэд хүрсэн суваг: МҮОНТ-ын 1, 2-р суваг, МҮОНР
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн

АНУ-ын телевизийн халз мэтгэлцээн гурван удаа явагддаг бөгөөд үүнийг өнгөрсөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг жишээ татан тайлбарлая.
Өнгөрсөн удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп нарын хооронд болж өнгөрсөн бөгөөд хамгийн эхнийх нь 2016 оны есдүгээр сарын 26-д болсон ба энэ удаагийн мэтгэлцээн үзэгчдийн тоо нь 84 сая хүрч Америкийн түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоосон. Харин үүний дараа хоёрдугаар мэтгэлцээн аравдугаар сарын 9, харин сүүлийнх нь аравдугаар сарын 19-д явагдсан. Бүхий л мэтгэлцээний үед Хиллари Клинтон ялалт байгуулсан ч эцэст нь Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Эхний халз мэтгэлцээн- Хофстра Их сургууль 
Цаг: Орон нутгийн цагаар 21:00 цагт эхэлж, CNN болон бусад нөлөө бүхий гол мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулагдсан бөгөөд нийт 90 минутын турш үргэлжлэх мэтгэлцээний өмнө, хойно, дунд ямар ч зар сурталчилгаа, ямар ч завсарлага байхгүй.
Удирдан явуулагч: “NBC Nightly News”-ын Lester Holt
Формат: Эхний халз мэтгэлцээн 6 сегментэд хуваагдсан бөгөөд нэг бүр нь ойролцоогоор 15 минут хүртэл үргэлжилнэ. Мэтгэлцээнийг удирдан явуулагч сэдвийг танилцуулж, сэдвийн хүрээнд асуулт асууж нэр дэвшигч бүрт 2 минут үзэл бодлоо илэрхийлэх хугацаа өгөгдөнө. Ийнхүү ойролцоогоор нэг нэр дэвшигчид 10 минутын хугацаа өгөгдөж тэдний хооронд мэтгэлцээн явагдах юм.
Мэтгэлцсэн 6 сегмент:
  • -Эдийн засаг болон ажлын байр бий болголт
  • -Худалдаа, татвар
  • -Харилцаа холбоо, аюулгүй байдлыг сайжруулалт
  • -Терроризмын дайн
  • -АНУ-ын гадаад бодлого
  • -Нэр дэвшигч бүрийн улс төр, бизнесийн туршилга
Хэн эхлэх вэ?: Эхний удаад шодох замаар шийдэх бөгөөд энэ удаад Хиллари Клинтоноор эхэлж, дараагийн асуулт Доналд Трамп, үүний дараа Хиллари Клинтон гэх замаар үргэлжилсэн.
Байрлал: Мөн шодох замаар шийдсэн бөгөөд Хиллари Клинтоны дэмжигчид зүүн талд, Дональд Трампын дэмжигчид баруун талд суусан.
Нийт үзэгчдийн тоо: 13 сувгаар дамжуулсан халз мэтгэлцээнийг 84 сая хүн хүлээн авч үзэж Америкийн түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоосон. Үүнээс өмнө хамгийн дээд амжилт 1980 онд Жимми Картер, Роналд Рейген нарын хооронд болсон халз мэтгэлцээний үед тогтоогдсон бөгөөд үзэгчийн тоо 80.4 саяд хүрсэн юм.
Хоёр дахь халз мэтгэлцээн-Вашингтоны их сургууль   
Цаг: Орон нутгийн цагаар 21:00 цагт эхэлж, нөлөө бүхий гол мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулсан бөгөөд нийт 90 минутын турш үргэлжлэх мэтгэлцээний өмнө, хойно, дунд ямар ч зар сурталчилгаа, ямар ч завсарлага байхгүй.
Удирдан явуулагч: CNN-ын Anderson Cooper болон ABC-ын Martha Raddatz
Формат: Өнгөрсөн удаад тодорхой сегмент өгөгдсөн бол энэ удаад чөлөөт ярилцлага маягаар явагдсан. Ингэхдээ сонгогдсон асуултыг асуух замаар явагдсан бөгөөд асуултын хагасыг үзэгчдийн суудалд байгаа хүмүүсээс авсан бол үлдсэнийг нь олон нийтийн сүлжээ болон өөр бусад замаар ирсэн олон нийтийн сонирхсон асуултуудаас удирдан явуулагч сонгон асуув. Мэтгэлцээнийг удирдан явуулагчид хамгийн чухал гэсэн 30 асуултыг сонгон авсан.
Нэр дэвшигчидэд мэтгэлцээнийг хялбарчилахын тулд тус бүрд нь нэмэлт 2 минут өгөгдсөн.
Нийт үзэгчдийн тоо: 11 сувгаар 66.5 сая хүн хүлээн авсан гэсэн дүн гарсан.
Гурав дахь буюу сүүлийн халз мэтгэлцээн-Невадагийн их сургууль 
Цаг: Орон нутгийн цагаар оройны 9 цагт эхэлж, нөлөө бүхий гол мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулагдсан бөгөөд нийт 90 минутын турш үргэлжлэх мэтгэлцээний өмнө, хойно, дунд ямар ч зар сурталчилгаа, ямар ч завсарлага байхгүй.
Удирдан явуулагч: "Fox News Sunday"-ын Chris Wallace
Формат: Хамгийн эхний мэтгэлцээнтэй адил 6 сегмент өгөгдөж нэг бүр нь ойролцоогоор 15 минут хүртэл үргэлжилнэ. Мэтгэлцээнийг удирдан явуулагч сэдвийг танилцуулж, сэдвийн хүрээнд асуулт асууж нэр дэвшигч бүрт 2 минут үзэл бодлоо илэрхийлэх хугацаа өгөгдөнө. Ийнхүү ойролцоогоор нэг нэр дэвшигчид 10 минутын хугацаа өгөгдөж тэдний хооронд мэтгэлцээн явагдсан. Хамгийн сонирхолтой нь халз мэтгэлцээн эхлээд дуусах хүртэл үзэгчдийн суудалд байгаа хүмүүсийн алга ташилтыг хориглох заалттай байсан. 
Мэтгэлцсэн 6 сегмент:
  • Өр болоод туслалцаа
  • Цагаачлал
  • Эдийн засаг
  • Дээд шүүх
  • Олон улсын халуун цэг буюу аюултай бүс
  • Ерөнхийлөгч байх зохицол, нийцэл
Хэн эхлэх вэ: Энэ удаад мөн л Хиллари Клинтоноор эхэлж, дараагийн асуулт Дональд Трамп, үүний дараа Хиллари Клинтон гэх замаар үргэлжилсэн.
Байрлал: Хиллари Клинтоны дэмжигчид баруун талд, Дональд Трампын дэмжигчид зүүн талд суусан.
Нийт үзэгчдийн тоо: 13 сувгаар нийт 71.6 мянган хүмүүс эцсийн халз мэтгэлцээнийг үзжээ.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн

Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр тойрог явагддаг бөгөөд халз мэтгэлцээн нийтдээ гурван удаа явагддаг ба эхний тойрогт хоёр удаа, сүүлийн тойрогт нэг удаа болдог. Энэ жилийн хувьд сүүлийн халз мэтгэлцээн “Урагшаа” хөдөлгөөний Эммануэль Макрон, Үндэсний фронтын Марин Ле Пен нарын хооронд болсон.
Цаг: Орон нутгийн цагаар оройны 21:00 цагт мэтгэлцээн эхэлж нэр дэвшигчид нийт 160 минутын турш халз мэтгэлцсэн.
Удирдан явуулагч: “TF1”-ын Christophe Jakubyszyn, “France 2”-ын Nathalie Saint-Cricq
Формат: Удирдан явуулагчид үзэгчдийн сонирхсон асуултууд болоод бэлтгэсэн асуултуудыг нэр дэвшигчдэд тавьж асуулт бүр дээр нэр дэвшигч бүрт 2 минут өгөгдсөн.
Нэр дэвшигчдийн санал зөрөлдсөн асуудлууд
  • ОХУ-тай ойр дотно байх эсэх
  • Сири ба Башар Асадыг олон улсын шүүхэд очих эсэх
  • Франц улс Евро бүсээс гарах эсэх
  • Африкт үзүүлэх тусламж
  • НАТО ба батлан хамгаалах салбар
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн

Мэтгэлцээн Өрнөдийн соёлын илэрхийлэл хэдий ч Дорно дахины орнуудын улс төрд сүүлийн үед нэлээд нэвтэрч байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-тай адил сонгуулийн кампанийн үеэр гурван удаа нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн хийдэг болсон.
Өмнөд Солонгосын мэтгэлцээнийг АНУ-ы мэтгэлцээнтэй харьцуулахад суугаа байдалд, хурц зөрчил, өрсөлдөгчийн эсрэг ширүүн дайралт багатай, зөөлөн өнгө аястай байдаг нь ажиглагддаг. Магадгүй энэ нь нээлттэй биш, бүрэг соёлтой гэгддэг Дорнын соёлтой хамааралтай байж болох юм.
БНСУ-ын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд таван удаа халз мэтгэлцээн зохион байгуулагдсан. Тэд улс төр, гадаад бодлого, эдийн засгийн асуудлаар санал бодлоо илэрхийлцгээсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодит болон бэлэг тэмдгийн эрх мэдэл
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Энэ бол Ерөнхийлөгчийн нэг бодит эрх мэдэл юм.
  2. Сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдыг томилно. Энэ бол Ерөнхийлөгчийн бэлэгдлийн эрх мэдлийн нэг.
  3. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй.
  4. Гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй. Мөн УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй.
  5. Монгол Улсаас гадаад улсуудад сууж Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.
  6. Монгол Улсад суух гадаадын элчин сайд нарыг итгэмжлэх хүлээн авах, эргүүлэн татах эрхтэй.
  7. Улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй.
  8. Уучлал үзүүлэх
  9. Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох эрхтэй.
  10. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэх эрхтэй
  11. Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах эрхтэй
  12. Улсын нутаг нийт дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц буюу дайны байдал зарлах, мөн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй. Гэхдээ Онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална.
  13. Ерөнхийлөгч улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч
  14. Ерөнхийлөгч УИх-ын чуулганд өөрийн тааллаараа оролцох эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг, бүрэн эрх нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хуулиар бол УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг юм. Мөн Ерөнхийлөгчийг огцруулах эрх нь УИХ-д хадгалагдаж байдаг. Үндсэн хуульд заасан ёсоор бол Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулна хэмээн заасан байдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн