Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Олон Овоо өртөөнөөс Тяньжин руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлэв

Олон Овоо өртөөнөөс Тяньжин руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлэв
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 24
Манай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэллээ. Ингэснээр Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байгаа юм. Тодруулбал, Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг өнөөдрөөс эхлүүллээ. Өмнө нь Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь зардаг байсан бол өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдэж байгаа аж. Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоо өртөөнөөс пүрэв гаригт хөдөлсөн байна.
Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт бөгөөд ийнхүү терминал байгуулснаар олон шат дамжлагыг халж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Терминалын бүтээн байгуулалтын эхний хэсгийг хувийн хэвшилтэй хамтран нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас арванхоёрдугаар сар 21 хүртэлх хугацаанд барьснаар өдөрт 100-150 вагон нүүрс ачих боломжтой болжээ.
Ингэснээр урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө хэмээн албаныхан тодотголоо. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Эрээний биш Тяньжиний үнээр буюу өндөр өртөгөөр борлуулах боломжийг нээснээр валютын орлогыг өсгөх юм байна. Мөн тус терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай бөгөөд нэг ачилтаар 28 вагон ачих аж. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарсаар 20 гаруй мянган тонн ачаа ачжээ. Харин хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэх бөгөөд зургаадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үүнд 2.6 тэрбум төгрөг шаардагдах ажээ. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл хоногт 300 вагон буюу 19500 тонн ачаа тээвэрлэх юм байна.
Мөн үеэр "Олон Овоотын өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжин хүргэнэ. Энэ нь олон улсын боомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Мөн нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байр шинээр бий болно"Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат онцлов. Ийнхүү Монгол Улс бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэхээр боллоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн