Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай шинэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эл хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буюу жилд нэг удаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг шинэ тогтолцоо үйлчилж эхлэх юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баталгаажсан төлбөрийн баримтаар сар бүр сугалаанд оролцох эрх үүсч байгаа. Манай сайт шинэ хууль хэрэгжихээс өмнө иргэн, аж ахуйн нэгжид НӨАТ-ын мэдээллийг өгч байгаа билээ. Өмнө нь НӨАТ тухай хуулийн талаар албаны эх сурвалжийн ярилцлага, НӨАТ-ын төлбөрийн баримт өгөөгүй иргэн, компанийн хүлээх хариуцлагын талаар мөн иргэн аж ахуйн нэгж НӨАТ-ын урамшуулалд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаа НӨАТ-ын урамшууллын баримтаа иргэн аж ахуйн нэгж хаанаас, яаж авах талаар мэдээллийг www.ebarimt.mn сайтыг ашиглан бэлтгэлээ.
Иргэн, аж ахуйн нэгжийн жилийн орлого 50 саяас дээш төгрөгт хүрвэл автоматаар НӨАТ суутган төлөгч болно. Татвар суутган төлөгч, сайн дураараа НӨАТ суутган төлөгчид ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах, иргэн та худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж нээгдэж байгаа.
Ингэж иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжийг олгож байгаа. Иргэн аж ахуйн нэгж худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүн бүхий баримт дээрх сугалааны кодоор 100 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй сугалаанд сар бүр оролцох эрхтэй юм. Жилийн турш явуулах сугалаанд нийтдээ 22 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Сугалаа код нь хоёр латин үсэг, найман цифрээс бүрдэж байгаа бөгөөд сүүлийн гурван цифрээс эхлэн шагналтай. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн гурван оронтой тоо таны сугалаан дээр кодтой таарвал шагналын эзэн болно. Цаашлаад 4, 5 , 6, 7,8 орон таарснаар нь азтанууд тодрох юм байна.
Төлбөрийн баримт гэж юу вэ?
“Төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ.
Өнөөдрийн байдлаар нийт 738 төлбөрийн баримт хэвлэх цэгийг байгуулсан бөгөөд 427 мянган төлбөрийн баримтыг бүртгээд байгаа юм байна.
Сануулга: НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэн, аж ахуйн нэгж төлбөрийн баримтаа заавал авч байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь баталгаажсан төлбөрийн баримтан дээр сугалааны кодоор нээгдэх юм. Тэгэхээр үйлчилгээ бүрээс баримт авах ёстой гэдгийг иргэддээ сануулъя. Үсчин, таксинд суухдаа баримт шаардах эрхтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татварын нэгдсэн системд холбогдсон НӨАТ суутган төлөгч биш аж ахуй нэгж, борлуулагчаас худалдан авалт хийсэн бол төлбөрийн баримтаараа зөвхөн сугалааны урамшуулалд хамрагдах боломжтой.
Иргэд төлбөрийн баримтаа цаасан хэлбэрээр заавал цуглуулах шаардлагагүй. Харин www.ebarimt.mn сайт руу орж төлбөрийн баримтад дээр үнийн дүн, байгууллагыг кодыг бүртгүүлж, цахимаар бүртгүүлэх боломжтой юм байна. Гэхдээ бүртгүүлэхийн дээрх сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох ёстой байна. Төлбөрийн баримтаа бүртгүүлэх боломжууд