Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь байнга битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг. Нярай хүүхэд байнга хэвтээ байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэмээс хэтрүүлэхгүй байлгаж өвлийн улиралд утаа униар багассан өдрийн цагаар, урин дулаан цагт салхивчаа онгойлгож, агаарыг сайн сэлгэж байх хэрэгтэй. Яагаад хамар битүүрдэг вэ? Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй бол юунаас болоод битүүрч байгааг ажиглаж мэдэхийг хичээ. 2 сар хүрэхээрээ нярай хүүхэд баасаа хурааж, янцаглаж, гулгих нь ихэсдэг. Энэ нь хүүхэд тань мяраалж байгаагийн нэг хэлбэр юм. Харин ингэж гулгихаараа хэвтэж байгаа хүүхэд дээшээ харж байвал хамар луу ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг хаадаг. Мөн өрөө таслагаа хэт халуун, хуурай, тоосонцортой байгаагаас хүүхдийн хамар битүүрдэг. Яагаад гэвэл хүүхдийн хамар гүйцэт хөгжөөгүй, салстын хөгжил, дархлаа сул, учир элдэв тоосонцорыг шүүлгүй шууд хүлээж авдаг. Хамрын битүүг хэрхэн цэвэрлэх вэ? Гэрийн нөхцөлд нярай, бага насны хүүхдийн хамрыг цэвэрлэх хэд хэдэн арга байна.
1. Хүүхдийнхээ хамарт буцалсан бүлээн ус 1-3 дуслыг хамарын үүдэвчинд оруулан дусааж өгнө. Энэ нь хамрыг бүрэн чийглэж өгнө. Хэрэв шууд гэдийлгэж дусаах юм бол хүүхэд цочихоос гадна, хамрын хөндийн салст гүйцэт чийглэгдэхгүй.
Дусаасны дараа хэсэг хэвтүүлж байгаад хүүхдийг түрүүлэг нь буюу доош харуулан хэвтүүлнэ. Хүүхэд хэсэг хэвтээд тийчилж магадгүй уйлна. Бага зэрэг уйлуулсандаа ч гэмгүй. Ингээд нус бултайж гарч ирэхэд хөвөн болон сальфетикаар нусыг цэвэрлэнэ. Хамрын нүхийг ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй.
2. Доош харуулаад нус гүйцэт гарахгүй бол хөвөнг зулын гол шиг имрэн ороож, буцалсан бүлээн усандаа дүрж чийглээд хүүхдийнхээ хамарт ээлжлэн хөвөнгөө эргэлдэх хөдөлгөөнөөр оруулж, эргэлдэх хөдөлгөөнөөрөө буцаан гарган зунгааралдсан болон хатсан нусыг дэвтээн гаргаж авна.
Хориглох зүйлс: 1. Савх болон хатуу зүйл хэрэглэж хэрхэвч болохгүй. Цаашид нус гоождог болдог гэж үзээд зөвхөн буцалсан бүлээн ус дусааж дэвтээж өөрөөр нь гадагшлуулах хэрэгтэй.
2. Хуурай хөвөн болон бусад ( цаас, сонин, даавуу хатуу зүйлс) эд зүйлсээр хамарт хийж оролдох, цэвэрлэх хэрэггүй.
3. Зарим ээжүүд хүүхдийнхээ хамарт хөхнийхээ сүүг дусааж байгаа харагддаг. Энэ буруу. Яагаад гэвэл сүү уураг ихтэй учир бүр ч амархан хатаж битүүрдэг.
4. Хүүхдийнхээ хамрыг зөвхөн сэрүүн байх үед нь цэвэрлэж байх хэрэгтэй. Унтаж байхад цэвэрлэж болохгүй. Бага зэргийн дэр дэрлүүлж байгаарай. Мөн хүүхдийнхээ хэвтрийг аль болох амьсгалахад чөлөөтэй биед нь эвтэйхэн байхаар бага зэрэг хажуугаар нь хэвтүүлж байх. Мөн зарим ээжүүд хүүхэд тэврүүлж сурчихна гээд бараг авдаггүй. Энэ нь байнга хэвтээ байдалд байгаа нярай хүүхдэд тийм ч таатай зүйл биш юм. Дээр нь хамар битүүрэхэд ч нөлөөлдөг. Иймд хүүхдээ ялангуяа хооллож хөхүүлсний дараа хэсэг хугацаагаар /10-15 минут/ заавал босгож тэврэх, нурууг нь илж, хурууны өндөгөөр тогшиж өгөх хэрэгтэй. Өдөр болгон усанд оруулж зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүр битүүрээд байдаггүй.
Мэдээлэл бэлтгэсэн: Амбулаторийн сувилагч нар 1. Д.Должинсүрэн /Сувилагч/ 2.С.Эрдэнэцэцэг /Сувилахуйн ахлах зэрэгтэй/ 3.Ц.Отгонсүрэн /Сувилагч/