Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Нойр булчирхайн цочмог үрэвслийн гол шалтгаан өөх, тостой хоолны араас архи уух

Нойр булчирхайн цочмог үрэвслийн гол шалтгаан өөх, тостой хоолны араас архи уух
Нийтэлсэн 2017 оны 10 сарын 5
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд зонхилон тохиолдох болсон нойр булчирхайн төрөл бүрийн хүндрэл буюу цочмог, архаг үрэвсэл болон хорт хавдрын үед  илрэх шинж тэмдэг, эмчилгээ оношилгоо, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Гранд мед” эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Анагаах ухааны доктор, профессор Н.Туулын зөвлөмжийг хүргэж байна. 
Нойр булчирхай нь ходоодны ард орших 15 см орчим урт эрхтэн ба хоол боловсруулах гадаад болон дотоод шүүрэл болон цусан дахь сахарыг зохицуулах үүрэг бүхий бодисуудыг ялгаруулдаг. 

Нойр булчирхайн үрэвсэл нь цочмог, архаг гэсэн хоёр хэлбэртэй. Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ. Цочмог үрэвслийн үед хэвлийн тодорхой нэг хэсэгт биш, хэвлий нилэнхүйдээ өвдөж, маш их зовиур, хордлого өгч илэрнэ. Зуны улиралд хүмүүс өдөр тутамдаа идэж хэвшсэн хоол хүнснээсээ өөр хоол хүнс идэх нь бий. Энэ үед аялаж зугаалахдаа хорхог, хонины мах, гэдэс дотор идэх, айраг, архи хольж хэрэглэснээс нойр булчирхайн цочмог үрэвсэл хүнд хэлбэрээр илэрдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь хүнд, хөнгөн, дунд гэсэн гурван хэлбэрээр явагдана. Хүнд хэлбэр нь маш цочмог, богино хугацаанд хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, дотор эвгүй болох хордлогын шинж даамжрах юм бол бөөрний дутагдал болох, элгэнд нөлөөлөх шинжээр илэрнэ. Харин хүнд хэлбэр нь яагаад амь насанд аюултай байна вэ гэхээр нойр булчирхайн ялгаруулж байгаа шүүс нь шүлтлэг шүүс байдгаас нойр булчирхайн эдийг уусгаад, хайлуулах ч тохиолдол байдагт юм. Эрт, хожуу үеийн хүндрэл гэж гарна. Эрт үеийн хүндрэл нь хэвлийгээр маш их өвдөнө. Шокноос болж, даралт унах, ухаан алдах, цус алдах нь бий. Мөн уушгинд хүндрэл өгч амьсгалын дутагдалд орох нь байдаг. Энэ гурван шинж тэмдэг эмчлэгдэхэд хожуу үеийн хүндрэл илэрдэг. Энэ үед нойр булчирхайн суваг, эд гэмтдэг. Ингэснээр нойр булчирхай идээлж, уйланхай үүсч болно.
  • Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн 
  • Хоолны дэглэм алдах. Ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг. 
  • Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими, хэвлийн ЭХО, компьютерийн томографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Эрчимтэй эмийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ хийнэ. 
Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч, даамжрах явцтай гол төлөв үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатангиршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл. Түүний цоргоны бүтцэд уйланхайн, шохойжилт чулуу үүсдэг, нойр булчирхайн гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед хэвлийн зүүн талаар өвдөж, ар нуруу руу дамжиж өвдөх шинжээр илэрдэг. Үүнд ажлын стресс, хэт ачаалал, хөдөлгөөний хомсдол зэрэг нөлөөлнө. Өөрөөр хэлбэл амьдралын буруу хэв маягаас үүдэж, цөс буруу ажиллахад нойр булчирхайн архаг үрэвслээр өвдөж болдог.  
Өвдөлт намдаах, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг, архи хорих, нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ. Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй. Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх, дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг. Тэжээлийн дутагдлыг нөхөх, уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.
 Нойр булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн нойр булчирхайн сувганцрын эсээс үүсэлтэй ба цөөн тохиолдолд дотоод шүүрлийн эсүүдээс үүсэлтэй байдаг. Нойр булчирхайн хавдар нь цөсний замыг гаднаас нь шахсаны улмаас арьс, нүдний салст шарлах, шээс хар бараан өнгөтэй болох өтгөн цайрах шинж илэрдэг.Хавдар ургаж томорсноор хэвлийн хөндийн мэдрэлийн судлуудыг цочроон өвдөлт үүсгэдэг. Хавдар нь нарийн гэдэс рүү нэвчин ургах болон гаднаас нь дарснаар хоол, тэжээлийн дамжилт алдагдана. Хавдраас шууд шалтгаалсантай болон хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүй болсонтой холбогдон турдаг.

  • Тамхи
  • Илүүдэл жин
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл
  • Чихрийн шижин
  • Удамшлын өвчнүүд
  • Гэр бүлийн гишүүд нойр булчирхайн хорт хавдраар өвдөж байсан
Нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээ нь хавдрын үе шат, байрлал, өвчтөний нас, биеийн байдал, хавсарсан өвчлөлүүд байгаа эсэх зэргээс хамаарна. Нойр булчирхайн хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал эмчилгээ бөгөөд хавдрын 1 болон 2-р үе шатанд уг эмчилгээг хийдэг. Мэс засал эмчилгээ хийх боломжгүй үед хавдрын эсийн ургалтыг сааруулах үйлдэл бүхий эм болон тариагаар эмчлэх ба зарим тохиолдолд мэс засал эмчилгээтэй хавсран эмчлэх нь үр дүнтэй байдаг.Дээрх эмчилгээний аргуудаар эмчлэх боломжгүй үед хавдрын шалтгаант хүндрэл, зовуурыг багасгах зорилгоор хөнгөвчлөх эмчилгээг сонгодог.
Хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэхийн тулд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй ба шаардлагатай тохиолдолд ЭХО, Цусанд хавдрын маркер СА19-9 тодорхойлох, компьютер томограф болон MRI оношилгоог хийлгэх хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн