Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

​Монголбанкны ерөнхийлөгчийн 100 хоногийн бэлэг

​Монголбанкны ерөнхийлөгчийн 100 хоногийн бэлэг
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 24
Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 21-ний УИХ-ын анхдугаар чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдов. Тэрээр томилогдоод 95 хонож байна. Мэдээж тэр, бас түүний багийнхан ажлын өдрүүдэд өдрийн найман цагаар ажиллаж буй. Алдаа, оноо, бас амжилт ч буй нь тодорхой. Хэрвээ амжилт байдаг бол тэр нь лавтайяа Төв банкны байрнаас гадагш цухуйсангүй. Харин ажиллаж чадахгүй байна гэх үү, алдаа нь гэх үү, мэдэхгүй ам.долларын төгрөгтэй харьцах ханш өдөр бүр нэмэгдэж байлаа. Төв банк энэ хугацаанд бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж, таван хувийн хүүтэй орон сууны зээлийг зогсоов. Өөрөөр хэлбэл, долларын ханшийг тогтоож чадсангүй, ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг зогсоолоо, бодлогын хүүг огцом нэмэх замаар хэрэглээний болон бизнесийн зээлийг зогсоолоо гэдэг муу мэдээнээс өөр хүчтэй бөгөөд эерэг мессэж Монголбанкнаас гарсангүй явсаар ерөнхийлөгчийнхөө томилогдсон 100 хоногтой туллаа. Алдарт яруу найрагч П.Бадарчийн “…Хүний хүү ирж гэнэ, гол усаар л нэг найр..., миний хүү алга аа” гэдэг шиг томилгоотой болгон 100 хоногийн ажлаа дүгнээд сонины зай талбай болгоноор л нэг тайлан. Харин миний цалин, хэтэвчинд байгаа хэдэн бор төгрөгийн маань ханшийг чангаруулах үүрэгтэй Монголбанкны тайлан гэж алга аа. Өөрөө шүүж, түүж үзлээ.
2016.08.18: Мөнгөний бодлогын хүүг 4.5 пунктээр нэмж 15 хувь болгов
Долдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.9 хувиар огцом суларсан учраас төгрөгийн ханшийг хамгаалах үүднээс бодлогын хүүг огцом нэмснээ Монголбанкны шинэ удирдлага мэдэгдэв. Монголбанкны ерөнхийлөгчийг томилсны маргааш буюу долдугаар сарын 22-нд 2048 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2330 төгрөг давав. Монголбанкны удирдлагын багийн 100 хоногт төгрөгтэй харьцах ам.долларын ханш бараг л 300 төгрөгөөр нэмэгджээ.
2016.09.15: Монгол Улс инфляциас дефляци руу шилжив
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) сүүлийн 24 сар дараалан буурч, ХҮИ-ийн жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарлаа. Иргэдийн орлого худалдан авалт буурч байгааг илтгэж байна.
2016.09.25: Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл
-Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенц хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенц хийсээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенц хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
      Монголбанкны үндсэн үүрэг болтөгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн зохистой харилцааг дэмжиж, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах. Монголбанк өнгөрсөн гурван сарын хугацаанд хоёр зорилтынхоо нэг дэхэд нь буюу ам.долларын ханшийг онилсон бодлогын шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь бууруулдаггүй юмаа гэхэд долларын ханшийг барихаар онилж чадсангүй, харин ч өсгөхөөр онилчихож. Бодлогын хүүгээ 4.5 нэгжээр огцом нэмэгдүүлсэн ч төгрөгийн ханшийн сулрал зогссонгүй. Үүнийг ханшийн өсөлтөөс харж болно. Долоон сарын эцэст долларын ханшийн эсрэг төгрөг 7.9 хувиар суларсан бол өнөөдрийн байдлаар төгрөгийн ханшийн сулрал 15 хувьд хүрээд байна. Бодлогын хүүг огцом нэмсэн нь эдийн засгийн идэвхжлийг улам сааруулж, хэтдээ зээлийн хүү өснө гэсэн мессэжийг иргэн, аж ахуйн нэгжид өглөө. Бүр энгийнээр хэлбэл, бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь нэг талаар бизнесийн зээлээ хумих сайхан далимыг арилжааны банкуудад өгөв.
Ер нь өнөөдрийн эдийн засгийн хямралын нэг шалтгаан нь тухай үеийн Монголбанк, Засгийн газар хоёр нэг халаасанд орсны алдаа гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй хүмүүс тухайн үеийн Монголбанкны удирдлагыг Засгийн газрын кассын машин шиг ажиллаж байна гэж шүүмжилдэг байлаа. Зарим хүн болохоор Монголбанк нь Засгийн газраа удирдаж байсан ч гэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед одоо яриад байгаа ОУВС-гийн “Стэнд бай”-д Монгол Улс орох гэтэл нь Монголбанкны ерөнхийлөгч зөвшөөрөөгүйг тэр үеийн Засгийн газрын экс гишүүд дурсч байна. Зарим нь тэр үед “Стэнд бай”-ын хөтөлбөрт хамрагдсан бол эдийн засаг ингэтлээ дордохгүй байсан юм хэмээн харамссан ярилцлагыг ч уншив. Эндээс тэр үед Монголбанк наанаа “кассын машин” шиг ажиллах хэрнээ цаанаа Засгийн газрыг удирддаг байсан нь эндээс харагдана.
Тэгвэл өнөөгийн Монголбанкны удирдлагууд Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хэр нягт ажиллаж байна вэ. Доорх хоёрхон жишээнээс хариулт харагдана.
Засгийн газар: Бизнесийг дэмжиж, зээлийн хүүг бууруулна.
Монголбанк: Бодлогын хүүг нэмэгдүүлж, банкуудын зээл олголт хумигдав.
Засгийн газар: Ипотекийн зээлийг үргэлжлүүлж, 100 ам.метр болгоно. Санхүүжилтийг Сангийн яам, Монголбанк шийднэ.
Монголбанк: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой ч 100 байтугай 80 ам.метрээ ч санхүүжүүлэх боломжгүй. Засгийн газар эх үүсвэрийг нь шийдэх байх.
Энэ мэт зөрүүтэй байр суурийг нь олж харсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр Засгийн газар, Монголбанкийг бодлогын уялдаатай ажиллаж чадахгүй байгааг шүүмжлэв. Тэрээр “Төсвийн бодлого, мөнгөний бодлогод орсон тоонууд хоорондоо зөрөөд байна. Засгийн газар төсөвтөө ирэх оны эдийн засгийн өсөлтийг 3 хувь гэж тооцсон байна. Гэтэл Монголбанк нь мөнгөний бодлогын төсөлдөө эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь байхаар тооцож. Засгийн газар инфялцийг 6.5 хувь, Монголбанк инфляцийг 4.4 хувь гэжээ. Энэ тоонуудын аль нь зөв юм бэ. Засгийн газар Монголбанк хоёр эдийн засгийн гол тоонуудаа тулгаж чадахгүй байгаа юм чинь бодлогын уялдаа гэдэг зүйлийг яриад ч хэрэггүй биз дээ” гэжээ.
Дээрх жишээнээс харахад Монголбанк, засаг хоёр тусдаа явах нь зөв ч өнөөдөр бие биедээ хамгийн их дэмжлэг болох цаг үе нь гэдгийг мэргэжлийн эдийн засагчид онцолж байгаа. Энэ нь урьдын адил Монголбанк засгийн халаасанд ор гэсэн үг биш. Харин Засгийн газрынхаа зөв бодлогод Монголбанк нь, Монголбанкныхаа зөв бодлогод Засгийн газар нь дэмжлэг үзүүлэх ёстой юм. Яагаад гэвэл нэг нь мөнгийг удирддаг, нөгөө нь мөнгийг үрдэг газар учраас энэ хоёр бүтцэд хамтын ажиллагаа, харилцан хяналт, дэмжлэг хэрэгтэй.
Өнөөдөр УИХ, Засгийн газрын өмнө асуултын нэг л тэмдэг байна. Монголын ард түмэн тэндээс нэг л хариулт хүлээж байна. Тэр нь Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна уу, эсвэл БНХАУ-аас их хэмжээний зээл авах гээд байна уу гэдэг хоёр сонголт. Энэ хоёр сонголтын эрсдэлийг тооцож зөв хариулт өгөх, зөв сонголт хийлгэх мэргэжлийн байгууллага нь Монголбанк, гэтэл чимээгүй. Олон нийтэд л лав мэдрэгдэж байгаа юм алга. Магадгүй, Монголбанкны ерөнхийлөгчийн 100 хоногийнх нь ажлын хамгийн том гавьяа дээрх хоёр сонголтын хамгийн зөвийг олж сонгож чадсанаар үнэлэгдэж болох. Тэгж чадвал ноён долларын 300 төгрөгийн өсөлт цаашаа, эс чадвал намын томилгоотой ерөнхийлөгч нар цаашаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн