Цэргийн хүчин чадлын олон улсын индекс /PWRIndex/-ийг нийтэлжээ. Цэргийн хүчин чадлын олон улсын индекс нь дэлхийн улс орнуудын цэргийн хүчин чадлыг цэргийн төсөв, цэргийн тоо, танк, нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тооноос хамаарсан 50 гаруй хүчин зүйлийг нэгдсэн үзүүлэлтээр дүгнэдэг жагсаалт юм. 126 орныг багтаасан уг жагсаалтад манай улс дэлхийд 85-д, Азийн 33 орноос 29-д эрэмбэлэгджээ. Тайланд, Монгол Улс сүүлийн жилүүдэд хуурай замын цэргийнхээ чадавхийг нэмэгдүүлж, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болсон гэжээ. Монгол Улсын цэргийн боломжит хүн хүчийг 1.8 сая, жил бүр цэргийн насанд хүрэгчдийг 61 мянга, бэлтгэлтэй байгаа цэргийн тоо 10850, нөөц цэргийн тоо 137000 хэмээн тооцжээ. Түүнчлэн манай улсын танкны тоо 420, хуягт 640, их буу 300, олон ангиллын пуужин хөөргөх систем 130 байгаа хэмээн бичжээ. Харин цэргийн нисэх онгоц 10, нисдэг тэрэг 7 байгаа хэмээн тайланд бичсэн байна.
Уг жагсаалтын эхний 10-т Америк, Орос, Хятад, Энэтхэг, Их Британи, Франц, Өмнөд Солонгос, Герман, Япон, Турк улс багтжээ. Манай хойд хөрш ОХУ-ын хувьд цэргийн хүчин чадал нь 70 сая, үүнээс бэлтгэлтэй байгаа цэргийн тоо 766 мянга, нөөц цэргийн хүчийг 2.5 сая гэжээ. Мөн ОХУ 15938 танк, 31298 хуягт, өөрөө явагч буу 5972, 3547 нисэх онгоцтой байна. Харин дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдсэн манай урд хөрш БНХАУ-ын хувьд цэргийн хүн хүч нь 750 сая, үүнээс бэлтгэлтэй байгаа цэргийн тоо 2.3 сая, нөөц цэргийн тоо 2.3 сая, 9150 танк, хуягт 4788, 2942 цэргийн нисэх онгоцтой аж.
Харин жагсаалтын сүүлд Сомали, Мозамбек, Мали улсыг эрэмбэлжээ. Төв Азийн орнуудаас Казахстаны арми 66-д, Узбекистан 54-д, Киргиз 78-д, Тажикистан 81-д, Туркменистан 90-д жагссан байна.