Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

​Майкл Портер: Бизнес эхлүүлэхдээ олох ашгаас илүүтэйгээр өрсөлдөөнийг тооцох нь хамгийн чухал

​Майкл Портер: Бизнес эхлүүлэхдээ олох ашгаас илүүтэйгээр өрсөлдөөнийг тооцох нь хамгийн чухал
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 1
 Бизнес өрсөлдөөний онолыг боловсруулагч, бизнесийн өрсөлдөөний загалмайлсан эцэг гэгддэг профессор Майкл Портерын “Harvard Business Review”-д өгсөн ярилцлагыг танилцуулж байна.
Бизнесийн өрсөлдөөний онолоороо дэлхий нийтэд алдаршсан тэрээр өрсөлдөөн хэмээх ойлголтыг илүү өргөн цар хүрээнд авч үзэж, томоохон шинжлэх ухааны төвшинд аваачаад байгаа нэгэн юм. Түүний боловсруулсан бизнесийн таван өрсөлдөөний онолыг хэрхэн авч үзсэнийг сонирхолтой жишээн дээр тайлбарласнаар хүргэж байна.       
Өмнө нь бизнес эрхлэгчдийн хувьд өрсөлдөгч гэдгийг ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэгэн гэж ойлгодог байлаа. Харин миний гаргасан өрсөлдөөний таван хүчин зүйлийн онолоор тантай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй адил бүтээгдэхүүн үйлчилгээ явуулагч бол өрсөлдөөн хэмээх томоохон ертөнцийн ердөө нэгээхэн хэсэг төдий. Үүнээс гадна дөрвөн хүчин зүйлийг би онолоороо гарган тавьсан.
Жишээ татан тайлбарлах гээд үзье. Шинээр бизнес эхлүүлэгчид ирээдүйд бидний орлогыг зах зээлээс булаахаар бэлтгэн зэхэж байдаг. Мөн орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өрсөлдөөнийг бий болгодог. Та кофены бизнес эрхлэгч бол цайны бизнес эрхлэгч ямарваа нэгэн байдлаар таны бизнест нөлөө үзүүлж байдаг. Тиймээс өрсөлдөөний таван хүчин зүйлийг та ойлгосноор зах зээлийн орчинг одоо бодож байгаагаасаа илүү томоор харах хэрэгтэй болно. Түүний дээр ирээдүйд үүсч болох эрсдэлд бэлтгэлтэй болно гэсэн үг юм.

Бизнес өрсөлдөөний таван хүчин зүйлс
Аливаа бизнесийг эхлүүлэхдээ олох ашгаа тооцохоос илүүтэйгээр өрсөлдөөнийг тооцсон байх нь хамгийн чухал. Тиймээс өрсөлдөөний таван хүчин зүйлийг нэгийг нь ч орхигдуулах ёсгүй юм. Өмнөх жишээн дээрээ дахин тайлбарлая. Би нэгэн кофены брэндтэй гэж бодъё. Миний энэхүү бизнест нөлөөлөх таван хүчин зүйл байна.
1. Шууд өрсөлдөгчдийн хүч
Энэ тохиолдолд миний шууд өрсөлдөгч “Nescafe” брэнд. Тэд надтай яг адил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ мэт олон шууд өрсөлдөгч надад бий. Тиймээс хамгийн түрүүнд тэдний зах зээл дээр үүсгэсэн давуу талыг судлах ёстой.
2. Худалдан авагч нарын сонголт хийх хүч
Хүмүүсийн кофены талаарх мэдлэгийн төвшин хэр өндөр буйгаас хамаарч тэдний надад үзүүлэх хүч нэмэгддэг. Хэрэглэгчид кофены талаарх мэдээлэл олох боломж хэр өндөр байна тэр хэмжээгээр надаас илүү хүчирхэг болно гэсэн үг. Тэд надаас илүү мэдлэгтэй болбол би тэдний хүссэнээр бизнесээ өргөжүүлэхээс өөр аргагүй болох юм. Нэг үгээр хэлбэл, уналт босолт нь 100 хувь худалдан авагчдаас хамааралтай болно гэсэн үг.
3. Нийлүүлэгчдийн хүч
Кофены түүхий эд нийлүүлэгч ховор, ганц хоёрхон нийлүүлэгч зах зээл дээр байлаа гэж бодвол тэдний надад нөлөөлөх хүч их болно. Тэдний хүслээр бидний бүтээгдэхүүн өөрчлөгдөхөд хүрч надад түвэгтэй байдал үүснэ. Ингээд харахаар миний бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэгчдийн цар хүрээ ямар байна, хэр олон байна гэдгийг би судлах хэрэгтэй.
4. Орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүч
Кофег орлох цай, ундаа, усны бизнес эрхлэгчид бол миний өрсөлдөгч. Хүмүүсийн уух хэрэгцээг тэд хангаж байгаагаас хойш шууд бус утгаараа өрсөлдөгч болж таны орлогоос хойш татаж байдаг. Тийм учраас хэдэн амжилттай яваа брэнд байна, тэдний давуу талыг судлах шаардлагатай.
5. Шинээр нэвтрэгчдийн хүч
Яг одоо зах зээл дээр байгаа үйлдвэрлэгчид л миний өрсөлдөгч гэж харж болохгүй. Таны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа орчинд кофены зах зээлд шинээр нэвтрэхээр зэхэж байгаа ямар, ямар газар байна, хараахан нэвтрээгүй ямар брэнд байна зэргийг сайтар мэдэж, судалгаа явуулах ёстой.
Энэ мэт дээрх өрсөлдөөний таван хүчин зүйл аль ч зах зээл дээр хэрэглэгдэнэ. Миний энэхүү онол нислэгийн компаниуд дээр түлхүү харагддаг. Тухайлбал, “Air Asia”-ийн өрсөлдөгч зөвхөн авиа компаниуд биш, галт тэрэг, хувийн машин, автобус гээд хүн тээвэрлэх орлуулах өрсөлдөөний зах зээл асар өндөр. Тэднийг нэг бүрчлэн судлах хэрэгтэй.
Нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Өрсөлдөөний таван хүчин зүйл тавуулаа хүчтэй байгаа зах зээл бол муу зах зээл гэсэн үг огтхон ч биш. Харин бидэнд тактикийн хувьд илүү бодож, илүү сэтгэх нөхцөл үүсч байгаа юм. Таван талаас ирж байгаа хүчийг даван туулах эсвэл зайлсхийх тактикаа сайтар боловсруулна гэсэн үг.
Би өрсөлдөөний онолоо 30 жилийн өмнө боловсруулсан. Тэр үеийн зах зээл одоогийн зах зээлээс маш өөр хэдий ч энэ онолоо өдий хугацаанд өөрчлөх шаардлага нэг ч удаа тохиолдоогүй. Учир нь энэ таван хүчин зүйл аль ч цаг үед, ямар зах зээл дээр үйлчилдэг гэдгийг би олж харсан.
Харин сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг хүчин зүйл бол интернэтийн хүч. Интернэтийн хурд, сошиал ертөнцийн нөлөөлөл бизнесийн ашигт байдалд нөлөө үзүүлэх болсон.
Сонирхолтой нэг зүйл нь таван хүчин зүйлийн хамгийн анхдагч нь болох “шууд өрсөлдөөнийг” нэмэгдүүлэх тактикийн барьж ажиллах тохиолдол бий. Мэдээж та гайхах байх. Өрсөлдөөний хүчийг сааруулах тухай ярих байдал яагаад нэмэгдүүлэх талаар ярьж байна вэ гэж. Учир нь шууд өрсөлдөөн нэмэгдсэнээр таны бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирч байдаг. Та кофены зах зээлд хүчтэй өрсөлдөгчтэй болсон байхад өрсөлдөгч болон та хоёр зах зээлд байр сууриа илүү олохын тулд өөрсдийгөө чанаржуулж эхэлнэ. Энэ нь эргээд харахад та хоёр хоёул хөгжиж, улмаар орлуулах бүтээгдэхүүн болох цайны зах зээлээс дээгүүр гарна гэсэн үг юм.
Зарим нэгэн монополь компаниуд хэрэглэгчдэд юу хүссэнээ зардаг. Учир нь хэрэглэгчдэд өөр сонголт байхгүй бас түүний талаар хангалттай мэдлэггүй байдаг. Сүүлийн үед энэ байдлыг давуу тал гэхээсээ илүү сул тал гэж харах нь их болсон. Учир нь хэрэглэгчид мэдэхгүй зүйлээ авахаа больж эхэлсэн. Тиймээс томоохон компаниуд хэрэглэгчдийн авбал ав, боливол боль гэдэг хандлагаасаа илүүтэйгээр хэрэглэгчдийн боловсролд анхаарч, хэрхэн шинэ хэрэглээ үүсгэж өөрийн салбарын цар хүрээгээ тэлэх вэ гэдэг талаар ярих болсон.
Намайг энэхүү онолыг дэлгэн тавихаас өмнө амжилттай бизнес эрхлэгчид байсаар ирсэн. Гагцхүү энэ онол бизнес дэх илүү боломжийг нээсэн гэж би боддог. Бизнесийн ертөнцийг томоор нь харах боломжийг нээсэн.
Бизнес гэдгийг зөвхөн юм зарах гэдгээр ойлгож байвал та маш буруу бодож байна. Таны бизнес алсыг харсан зорилготой бол энэ онол заавал хэрэглэгдэх шаардлагатай. Манайх хямдхан, манайх сайн гэж орилох нь тийм ч үр дүнтэй биш. Хамгийн гол нь худалдан авагч боломжийн үнээр хамгийн зөв сонголт хийхийг л хүсдэг. Тиймээс тэр зөв сонголт болох стратегийг л та боловсруулах ёстой. Таны стратеги нээлттэй байж, таны компанийн ажилтан нэг бүр, хөрөнгө оруулагчдад, нийлүүлэгчид гээд бүгд мэддэг байх ёстой.
Бизнес эрхлэгчдэд өгөх миний зөвлөгөө бол стратегийг судалгаатай сайн гарга, түүнийгээ хэрэгжүүл, хамтран ажиллагсдадаа хэл, нээлттэй байлга, өрсөлдөгчдөдөө шударга ханд.
Бизнесийн стратегийг төлөвлөхдөө та юуг хийх вэ гэж бодохоосоо урьдаж юуг хийхгүй байх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулаарай.
Эх сурвалж: Harvard Business Review

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн