Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын ойролцоо 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк байгуулагдахаар боллоо. 128 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус станц жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх аж. 2017 оны сүүлчээр ашиглалтад орох салхин станц ойролцоогоор 120 мянган тонн нүүрс, 1.5 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй 180 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ "Оюу Толгой", "Таван Толгой" зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой юм байна.“Клин Энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Ганхуяг "Монгол Улс нар, салхины арвин их нөөцтэй орон. Өндөр өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр ангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор зорьж байна. Цэций салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний их потенциалыг асар их эрэлттэй нь холбох, Монгол Улсын эрчим хүч экспортлогч орон болох эхлэлийг тавьж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм.Дашрамд дурдахад Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй юм байна.