Open iToim app
Чөлөөт цаг | 4 мин уншина

​Иран эмэгтэйчүүдийн гивлүүр зүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчээ авч эхэллээ

​Иран эмэгтэйчүүдийн гивлүүр зүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчээ авч эхэллээ
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 15

Нийгмийн сүлжээ дэх гивлүүр зүүхийг эсэргүүцсэн Иран эмэгтэйчүүдийн хөдөлгөөн улам бүр хүчээ авч байна.
Иран улс 1979 онд эмэгтэйчүүдийг олон нийтийн газар гивлүүргүй явахыг хориглосон хууль гаргасан бөгөөд бүр цаашлаад гивлүүргүй зургаа авхуулахыг хүртэл хориглодог байна. Хэрвээ энэхүү хуульчлагдсан ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл хоригдох ялтай.
1979 оны Исламын хувьсгалаас өмнө Иран эмэгтэйчүүд барууны хэв маягийг агуулсан хувцас өмсдөг байсан ч Аяатоллах Хомейнигийн дэглэмийн нөлөөн дор энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Исламын хууль дүрэм ёсоор Ираны нэг ч эмэгтэй толгойгоо бүтээсэн гивлүүргүйгээр явах боломжгүй болсон төдийгүй тухайн үед газар шүргэсэн урт нөмрөгөөр биеэ битүү халхлах хэрэгтэй болсон байна.

2015 онд гэхэд тус хууль дүрмийг зөрчсөн хэргээр 50 моделийг баривчилсан талаар "www.theguardian.com" мэдээлж байсан. Моделиуд зураг авхуулах үедээ гивлүүр зүүгээгүй аж. Баригдсан эмэгтэйчүүдийн найм нь өөрийн инстаграмм хуудастаа гивлүүргүй зургаа нийтэлжээ. Цагдаагийнхан эмэгтэйчүүдийн инстаграммыг хаасан байна. Мөн тус онд гивлүүр өмсөөгүйнхээ төлөө 3.6 сая эмэгтэй баривчлагдаж, торгуулж, анхааруулга хүртэж байжээ.
АНУ-д амьдардаг Ираны сэтгүүлч Масих Алинежад энэ байдлыг өөрчлөхийг хүсдэг бөгөөд нийгмийн сүлжээгээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэрээр “Миний нуугдмал эрх чөлөө” нэрийн дор явагдаж буй уг эсэргүүцэлд Иран эмэгтэйчүүдийг нэгдэж, гивлүүргүй зургаа илгээхийг уриалаад байгаа юм.
Масих Алинежад “Хижаб” өмсөхийг эсэргүүцсэн гэхээсээ илүү эмэгтэйчүүдийг юу хүссэнээ өмсөх эрхтэй байлгахыг эрмэлзэж буй юм.
Түүний эхлүүлсэн уг хөдөлгөөний хүрээнд сүүлийн үед гивлүүр өмсөх явдлыг эсэргүүцэн цагаан гивлүүртэй эсвэл эсэргүүцлийн билэг тэмдэг болгон цагаан хувцас өмссөн эмэгтэйчүүд зураг, бичлэгээ цахим сүлжээд нийтлэх болсон “Цагаан лхагва гариг” хэмээх эсэргүүцлийн нэг хэлбэр бий болоод байна.
“Цагаан лхагва гариг” эсэргүүцлийн хэлбэр тав дахь долоо хоног дээрээ явагдаж байгаа ба эхний хоёр долоо хоногт гэхэд 200 гаруй бичлэг “Миний нуугдмал эрх чөлөө” хөдөлгөөний санаачлагч Масих Алинежадад ирсэн бөгөөд эдгээрийн заримыг хэдий нь 500 мянган хүн үзсэн ажээ.
Масих Алинежадад явуулсан нэгэн эмэгтэйн бичлэгт тэрээр гол замаар уруудан алхахдаа “би өөрийн эрх чөлөө боогдсон нөхцөл байдлынхаа тухай ярихыг хүсч байна... тэд “Хижаб” хэмээх ялыг долоон настайгаас минь хойш надад оногдуулсан” гэж тэр эмэгтэй хэлээд толгойн дээрх гивлүүрээ сэгсрэн унагаад “гэхдээ энэ зүйлийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, зөвшөөрөхийг ч хүсэхгүй байна” гэжээ.
Мөн толгойн гивлүүргүй хэсэг эмэгтэйчүүд хотын гудамжаар хамтдаа алхаж буй бичлэг мөн түүнд ирсэн ажээ.
Шинэлэг үзэлт залуу бүсгүйчүүдийн зарим нь цагдаагийн хараа анхаарлыг татахгүй гэж үсээ хүртэл тайруулан эрэгтэй маягаар засдаг болжээ. Нэгэн бүсгүй энэ тухайгаа “би цагдаа нарын хараанд өртөхгүй хэмээн үсээ тайруулан эрэгтэй хүн шиг хувцаслаад гудамжаар чөлөөтэй явдаг болсон” гэжээ. Өөр нэг нь “би ямар хувцас өмсөхөө өөрөө шийдмээр байна. Мөн юу хийхээ ч бусдаар заалгах хүсэл алга” гэсэн байна.
Түүнд илгээж байгаа зураг, бичлэгүүдийн ихэнх нь Иранаас ирж байгаа ч Саудын Араб болон алс холын Европ, Америк зэрэг орнуудаас өөрсдийн хувь нэмрийг оруулах үйл ажиллагаа явагдсаар байгаа юм.
Афганистан дахь нэгэн эмэгтэй гивлүүргүй зургаа нийтэд дэлгэх тал дээр айдастай хэвээр байгаа хэдий ч тус хөдөлгөөнөөр бахархаж байгаа тухайгаа бичсэн байв.
Гивлүүр өмсөх нь Афганистанд хуулиар заагдаагүй боловч Афганистан охид, эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн шахалт дор гивлүүр өмссөөр байдаг байна.
Масих Алинежадад хэлэхдээ “Энэ зүйлийг эхлүүлсэн нь намайг шоронд хоригдоход хүргэдэг байлаа ч энэ бүхэн дараагийн үед минь туслах болно гэж би итгэдэг” гэжээ.
Дагуулж буй эрсдэл

Түүний эхлүүлсэн хөдөлгөөн түүнийг хэцүү байдалд оруулж, дарамтлах явдал гарсаар байгаа. Масих Алинежадын сүүлийн компанит ажлын дараа Ираны Тасним мэдээллийн агентлагт түүний нөхөртэйгөө хамт авахуулсан зургийг нийтлэн, худалдагдсан завхай хүн гэжээ.
Мөн бас нэгэн мэдээллийн сайтад аав ээж хоёртойгоо авахуулсан эртний зургийг цахим орчинд тавьж “Масих чамд үхэл ирэх болно” гэж тодоор бичжээ.
Энэ мэтээр түүнд тулгарах асуудал олон байгаа хэдий ч бүгдийг үл хайхран эмэгтэйчүүдийн эрх чөлөөг буцаан авчрах тэмцэлд ялалт байгуулахаас нааш энэ тэмцлээ зогсоохгүй гэж буй юм.
Масих Алинежадын эхлүүлсэн хөдөлгөөн гурван жилийн дотор гивлүүр зүүгээгүй эмэгтэйчүүдийн 3000 гаруй гэрэл зураг, бичлэгийг хүлээж авсан байна.
Масих Алинежададын эхлүүлсэн тэмцэл одоо дэлхий дахины тэмцэл болж дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн дэмжлэгийг илэрхийлэн “Миний нуугдмал эрх чөлөө” хөдөлгөөн улам бүр хүчийг авч байгаа билээ.

Эх сурвалж: BBC news
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн